Categories
мэдээ цаг-үе

А.ЛХАГВА: Н.Норовбанзад гуайн хоолой хангинаж цангинаад, ярих нь хүртэл дуу шиг санагдаж билээ

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Аюурбуньяагийн Лхагватай уулзаж хөөрөлдлөө.

-Ерээд оны эхээр гарсан таны “Соёолон морьдын тоос” шүлгийн номыг Баянхонгорт байхдаа анх олж үзэж байлаа. Номын тань нэрнээс яриагаа эхлэх үү?

-Яахав, би өөрөө хурдан морь унаж өссөн хүүхэд. Жижигхэн биетэй байсан болохоор би бараг зургадугаар анги төгстлөө хурдан морь унасан. Нас насны морьдоос хамгийн иртэй, хамгийн хурдан нь соёолон морь гэсэн ойлголт бага байхад тогтчихсон байсан юм уу даа. Тэгээд ч хүмүүс наадмаар “Соёолонгийн тоосонд орно” гэж сүйд болдог доо. Тэр мэтээс үүдээд л энэ нэрийг өгсөн хэрэг. “Тэнгэр тэвхэдсэн их улаан гал

Тэр бол соёолон морьдын тоос оо” гэсэн мөр бүхий шүлэг бас надад байсан.

-Таны төрж өссөн Дундговийн Дэрэн сум ямархуу онцлогтой газар орон байна?

-Бөмбөгөр бөмбөгөр толгодтой сайхан тал хээр нутаг шүү дээ. Хурд ихтэй, айраг цагаагаа сайхан хийдэг, найрч наадамч, тэнүүн уужуухан сэтгэлтэй ард түмэнтэй. Их дуучин Намжилын Норовбанзадын нутаг гэхээр ямархан нутаг орон болох нь ойлгомжтой. Манай багш Цэндийн Чимиддорж нутгаа их алдаршуулсан хүн. “Дэрэнгийн хар азарга” гэсэн шүлгийг нь хүн бүхэн мэддэг.

-Хурд ихтэй гэлээ. Танайхаас улсад морио түрүүлүүлж, айрагдуулсан уяач хэр олон байдаг юм бэ?

-Байлгүй л яахав. Дундговиос улсад анх морь айрагдаж түрүүлгэсэн уяач гэвэл манай Дэрэнгийнхэн шүү дээ. 1930-1958 оны хоорондох хориод жилд улсын наадамд Дэрэнгийн уяачид есөн түрүү, таван аман хүзүү, 13 айраг авсан гэлцдэг. Хайнзан, Гармаа, Довуучий нарын лут сайн уяач олон байсан юм билээ.

-Одоо цагт ямар сайн уяачид байна вэ. Таныг хурдан морьд, уяачдын талаар их зүйл бичдэг болохоор онцолж асуугаад байна л даа?

-Ерээд оны дундуур миний нагац ах Гүрбазарын хүү Батчулуун их насны хоёр халзан морио түрүүлгэж, аман хүзүүдүүлэн ховор сайхан амжилт үзүүлж байсан. Төрийн наадмын их насны уралдаанд тийм амжилт ёстой хуруу дарам цөөхөн. Манлай уяач Батчулуун ах маань энэ цагийн цуутай уяачдын нэг. Бямбасүрэн гэж сайхан уяач хүрэн азаргаа хэд хэд айрагдууллаа. Тэднийх бол дөрвөн үеэрээ улсад морь айрагдуулж байгаа гэхчилэн ховор сайхан түүх зөндөө бий. Адууны салхитай тэр л нутаг орон, хүн зоноосоо уран бүтээлийн онгод хийморь авдаг юм даа.

-Та бол Дундговийнхоо тухай их олон ном бичсэн сэтгүүлч. “Миний Дундговийнхон” номын тань бичлэгийг нэрт сэтгүүлч Ш.Цэрэнпил агсан магтан сайшааж байхыг сонсч байлаа. Хөрөг нийтлэлийн хичнээн ном гаргачихаад байна?

-Хорь гаруй ном бий. Аймагтаа сумдын ном хийх салхийг намайг хагалсан гэж болно. Социализмын үед сумын танилцуулга гэж бичгийн цаасыг хоёр нугалчихсан юм байдаг байв даа. Манайх төчнөөн толгой малтай, тийм тийм алдар гавьяатан, ашигт малтмалтай гэсхийгээд л болдог. Тэр хэлбэрийг би Дундговь аймагтаа эвдэж, ном бүтээл болгосон юм. Тэр л нутаг орноо авч яваа жирийн сайхан хүмүүсийн дотоод сэтгэл, мөн чанар, хүн гэдэг амьтан ус нутагтайгаа ямар амин холбоотой байдаг зэргийг гаргахыг хичээсэн хөрөг, нийтлэлтэй ном хийлээ. Энгэртээ алтан гадас одонгүй ч сэтгэлдээ гэгээн сайхан одтой тийм хүмүүсийн тухай өгүүлсэн ном хийхийг зорьсон юм.

-Анх ямар сум орны тухай бичив. Та ч Дундговийнхоо сумдын түүхийг багцалчихсан юм байна л даа?

-Дэлгэрцогт сумынхны тухай “Нутгийн хоймор” нэртэй нимгэхэн цэнхэр ном гаргасан юм. Дараа нь өөрийнхөө сумын тухай “Хурд хургасан уяа”, Өндөршил, Баянжаргалын сумдын тухай “Өндөр газар”, “Тост боржигон” гээд номнууд хийсэн. Хамгийн гол нь судар шиг тэр л өвгөд хөгшдийн үг яриаг өөрөөс нь сонсч, бичиж тэмдэглэж авна гэдэг үнэ цэнэтэй юм. Одоо эргээд номоо харж байхад яриа хөөрөө өгч байсан сайхан буурлууд дийлэнх нь тэнгэрийн орноо морилсон байдаг. Ганцхан үг, өгүүлбэр, ганцхан агшин хором ямар үнэ цэнэтэй болохыг тийм үед илүү их ойлгодог.

А.Лхагва багш Цэндийн Чимэддоржийн хамт

-Их дуучин Н.Норовбанзад гуайтай та уулзаж, үг яриаг нь сонсч байв уу?

-Манай Дэрэн сумын ой болох гээд. Тэр ойн номыг нь би бичих болоод. Тэгж л анх их дуучинтай уулзсан юм. Ерэн гурван оны сүүлээр юм уу даа. Их дэлгүүрийн зүүн өмнөхөн гэрт нь очиж, яриа хөөрөөг нь авч байлаа. Хангинаж цангинаад, ярих нь хүртэл дуу шиг санагдаж билээ. Тэрнээс хойш гэрээр нь хааяа орж гардаг байсан. Өнгөрсөн зун Норовоо эгчийн мэндэлсний 85 жилийн ойг өргөн дэлгэр сайхан тэмдэглэлээ. Тэр үеэр гарсан “Уртын дууны хатан хаан” номын доторх зарим материал, хүмүүсийн дурсамж яриа хөөрөөг тэмдэглэж буулган, тэр номыг бүтээлцэхэд оролцсондоо их баяртай байгаа. “Норовбанзад сан”, СУИС хамтраад энэ төслийг хэрэгжүүлсэн юм. СУИС-ийн захирал Э.Сонинтогос энэ ажилд чин сэтгэлээсээ хандаж, маш сайхан ном бүтээсэн шүү.

-Таны бичсэн

“Норовбанзадыг дуулахад

Ногттой унага жингэнэтэл янцгааж

Ногоон талд цогин цогин дэгддэг

Ноотонд багтахгүй аялгуу

Тэнгэр, газрыг хуурдаад

Тал нутаг цэнхэртдэг” гэдэг мөрүүд ч бас сайхан шүү. Энэ шүлэг хэрхэн бүтэв?

-Их Монгол Улсаа байгуулсны 800 жилийн ойн тэр жил яагаад ч юм би их онгодтой байсан. Өвөг дээдсийн маань бүтээсэн том үйл хэрэг шинэ сайханд даллан дууддаг шид увдис байдаг байх. Тэр жилийн намар оройхон энэ шүлэг бараг өөрөө ороод ирсэн. Нэг суудал дээр, нэг амьсгаагаар л бичсэн санагдана. Оны төгсгөл рүү “Монгол туургатны яруу найргийн наадам” боллоо. Тэнд уншигдах шүлэгт шалгарч, Соёлын төв өргөөнд анх уншлаа. Хүмүүс нэлээд мэддэг юм билээ. Манай нутгийнхан бол уншуулах дуртай.

-“Засгийн газрын мэдээ”сонины сурвалжлагчаар нэлээд олон жил ажилласныг тань мэдэх юм. Сэтгүүлчийн гараагаа та хаанаас эхэлж байв?

-Ерээд оны эхээр Дундговь аймгийн “Хотол чуулган” сонинд анх ажиллаж, сонины ажлын хэцүү атлаа сайхныг мэдэрсэн. Дараа нь төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин, “МОНЦАМЭ” агентлагийн Дундговь аймаг дахь сурвалжлагчаар ажилласан юм. “Ардын эрх” тэр үед Төрийн ордонд байрладаг байв. Б.Лэгдэн, Ц.Балдорж зэрэг аваргууд удирдаж байсан үе. 1994 онд нийслэлд ирж төвхнөсөн. Хотод ирэнгүүт “МОНЦАМЭ” агентлагт сурвалжлагчаар ажилласан. Намайг ирэхэд “МОНЦАМЭ” шатчихсан, бид их сонин орчинд ажилладаг байсан. Манай дотоод мэдээний албаны дарга Л.Цагаандалай Сэлэнгэ явж, хоёр ч вагон мод авчирч, агентлагтаа хандивлаж байсан. Бас л сайхан сэтгэл шүү. Одооны нөхөд бол өөртөө хаус барихыг л бодох байх.

-Уран бүтээлийнхээ мөрийг хөөгөөд чөлөөт уран бүтээлч болов уу?

-Би цагт баригдаж, цалинд хавчигдаж суух дургүй хүн шиг байгаа юм. Сэтгэлийнхээ зоргоор юмаа хийгээд явах нь сайхан байдаг. “Засгийн газрын мэдээ”-д нэлээд хэдэн жил ажилласан. Тэгээд ерөнхийдөө чөлөөт уран бүтээлч болсон. 2003 онд “Leaders” сэтгүүлийг үүсгэн байгуулж, арваад жил гаргалаа. Тэр үед сар тутмын тийм сэтгүүл Монголд байгаагүй. Нисэх онгоцны зорчигчдод хүртэл хүргэдэг байлаа.

-“Монгол зураачид” нэртэй дөрвөн ч цуврал боть гаргачихав уу. Тэрхүү цувралд нийтдээ хичнээн уран бүтээлчийн хөрөг багтав?

-“Монгол зураачид” номынхоо эхнийхийг 2009 онд гаргасан. Нийт дөрвөн цуврал уншигчдын гар дээр очоод байна. 2015 онд гаргасан дөрөв дэх номондоо дан Өмнөд Монголын зураачдын тухай өгүүлсэн юм. Өмнөд Монголын зураачид ямархан чадал чансаатай юм бэ, тэдний үзэл бодол, үүц нөөц, мөн чанар нь хэр юм бэ. Ямар ямар сайхан зураач, уран бүтээлчид тэнд байдаг юм бэ гэдгийг манайхан бас төдий л сайн мэдэхгүй. Тэнд очоод зураач нэг бүртэй уулзаж, урлангаар нь явж, дэлгэрэнгүй сурвалжилсаан. Нэг ботид маань багцаагаар 100 орчим уран бүтээлчийн хөрөг нийтлэл ордог. Өмнөд монгол зураачдын тухай номонд маань арай цөөхөн, жар орчим хүн орсон. Учир нь номоо хөндлөн болон босоо монгол бичгээр хамтатган гаргасан болохоор хэтэрхий зузаан болчих гээд байсан юм.

-Морьтнууд, нүүдэлчид таны шүлэг найргийн тан гол сэдвийн нэг шиг анзаарагддаг. Энэ нь таны төрж өссөн нутаг устай чинь холбоотой юу, хийж бүтээж байгаа ажил үйлстэй холбоотой юу?

-Аль алинтай нь л холбоотой байх. Монголын малчин түмэн гэдэг Монголыг Монгол байлгах тэр л алтан тамгыг атгаж яваа улс гэж би боддог. Малаа маллаж, морио унахаа больчихвол, морио уралдуулахаа больчихвол биднийг монгол гэхэд бас хэцүү. Хэдэн жилийн өмнө “Би энэ ертөнцийн сүүлчийн нүүдэлчин” гэдэг шүлэг бичсэн юм. Тэнд

“Мөнгө төгрөг, алт эрдэнэсийг бус

Мөнх тэнгэр, нутаг усаа л шүтэж амьдардаг

Би мөхвөл энэ ертөнцийн хүн чанар мөхнө

Би мөхвөл энэ ертөнцийн амар амгалан мөхнө” гэсэн бадаг буй. Жинхэнэ сайхан гэдэг Монголын хээр талд л бий.

-Өөрөө морьтой холбоотой их олон дуу хийсэн байх аа?

-Хийсээн. “Ононгийн хээр”, “Босоо хээр”, “Наранхүүгийн шарга”, “Туулай хээр” гэхчилэн энэ цагийн цуутай хурдан хүлгүүдэд дуун хадаг өргөсөн. Хурдан морь гэдэг монгол хүний сэтгэлийг хөглөж байдаг, хийморьтой амьтан л даа.

-Ингэхэд та яруу найргийн хэдэн ном гаргачихав?

-Гуравхан ном гаргасан шүү дээ. Эхнийх нь “Соёолон морьдын тоос”, “Сарны дарс”, сүүлд “Нүүдэлчний тэнгэр” гэдэг ном гаргасан. Арав арван жилийн зайтай гурван ном гаргасан байна. Хөрөг нийтлэл, баримтат уран зохиолын чиглэлээр бол хорь гаруй ном хийжээ. Ном бүтээх нь сүм бүтээхтэй агаар нэг гэдэг. Ном, сүм хоёулаа хүнийг ариусган цэлмээж, амирлуулан жаргааж, ухаарал, сэхээрэл өгч байдгаараа адилхан.

-Өнгөрөгч баасан гарагт таны “Сэтэрт тал” цэнгүүн МҮЭ-ийн Соёлын төв ордонд боллоо доо?

-Миний дууны нэр л дээ. Хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат ая данг нь тааруулж, дуучин А.Түмэн-Өлзий олны хүртээл болгосон дуу. Малчин түмэн хайртай малаа сэтэрлэдэг. Сэтэрлэсэн тэр л мал буяндаа гар хүрдэггүй. Эрх зоргоор нь байлгадаг. Харин Монголын их хээр талыг тэнгэр сэтэрлэсэн, тэнгэрийн хөх сэтэртэй юм шүү. Түүнд хамаагүй хүрч болохгүй гэсэн санааг агуулсан бүтээл л дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *