Categories
мэдээ цаг-үе

Т.Энэрэл: “Хайр эргэсэн хавар” киногоор амьдралыг бодитоор нь, нэмэлт хачиргүйгээр хүргэхийг зорьсон

“Эцсийн зогсоол Э цэг”, “Гурван найз”, “Хайрын бэлэг” болон та бүхний хүртээл болж байгаа “Хайр эргэсэн хавар” зэрэг кинонд тоглоод буй жүжигчин Т.Энэрэлтэй ярилцлаа.


-“Хайр эргэсэн хавар” олон ангит уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод багагүй хугацаа өнгөрлөө. Таны хувьд Анка хэмээх гол дүрийн бүсгүйн дүрд тоглосон. Энэ дүрийн онцлог нь юу вэ?

-Өнгөрсөн оны хоёрдугаар сард “Хайр эргэсэн хавар” олон ангит уран сайхны кинонд тоглох санал ирсэн юм. Миний хувьд дуртайяа хүлээн авсан л даа. Харин кино зураг авалт дөрөвдүгээр сараас эхэлсэн. Зураг авалтын хувьд багагүй хугацаанд үргэлжилсэн. Миний дүр олон хүүхэдтэй залуу ээжийн дүр л дээ. Ер нь Монголд олон хүүхэдтэй залуу эхчүүд цөөнгүй байдаг. Тэдгээр бүсгүйчүүдийн үр хүүхдийнхээ төлөө бүхнийг даван туулж байгаа сэтгэлийн тэнхээг харуулсан нь миний дүрийн онцлог. Тухайн дүрийг үзэгчдэдээ ойлгуулахын тулд багагүй ажилласан. Үзэгчид жүжиглэлт сайн байна гэж хэлж байгаа. Мөн зарим хүмүүс Энэрэл амьдрал дээр ч тэр ийм л байдаг, жүжиглээгүй юм биш үү гэх ч хандлага байна лээ. Гэхдээ би өөрийгөө амьдрал дээр тийм чалчаа гэж бодохгүй байна. Миний хувьд цагаан цайлган сэтгэл, зарим үед хүмүүс бүдүүлэг ч гэж ойлгож болохоор бодлогогүй ярьдаг зан, харилцааг дүрдээ шигтгээ болгож өгөхийг хичээсэн. Түүнээс төмсчин, ногоочин, чалчаа нөхөр биш шүү гэж хэлмээр байна (инээв). Ямартай ч урьд урьдын дүрүүдээсээ илүү өөр, онцлог байлгахыг хичээсэн. Үзэгчдэд таалагдаж байгаад маш их баяртай байна.

-Энэхүү киногоороо үзэгчдэд юуг ойлгуулж, ухааруулахыг хүссэн юм бол?

-“Хайр эргэсэн хавар” кино маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл болсон. Кино маань нийт 25 ангитай. Одоо таван анги гарах дутуу байгаа болов уу. Киноны хувьд нас насны эмэгтэйчүүдийн төлөөллийг харуулсан гэдгээрээ онцлог. Түүнчлэн эмэгтэйчүүд бие биедээ тус дэм болж, асуудлыг хатан ухаанаар хэрхэн даван туулж чаддаг тухай болоод тэдний нөхөрлөлийн тухай үзүүлдэг. Бусад кинотой харьцуулахад амьдралд төдийлөн тохиолддоггүй хурц, хурц үйл явдал гэхээсээ илүү энгийн амьдралыг бодитоор нь нэмэлт хачиргүйгээр хүргэхийг зорьсон. Манай киноны гол зорилго нь зөвхөн үнэн амьдралыг харуулах гэдгийг үзэгчид маань сайн ойлгоосой. Ямартай ч “Хайр эргэсэн хавар” кино маань үзэгчдэд хүрээд багагүй хугацаа өнгөрч, үзэгчдээс ч тэр сайхан сэтгэгдлүүд хөвөрсөөр байгаад тун сэтгэл хангалуун байна даа.

-Орчуулгын киноны жүжигчин Д.Батцэцэг болон жүжигчин Р.Анхням нар мөн гол дүрийн бүсгүйчүүдийн дүрд тоглож байгаа. Таны хувьд эдгээр бүсгүйчүүдтэй хамтран тоглоход ямар байв?

-Би энэ кинонд маш мундаг хоёр жүжигчинтэй хамтран тоглосон гэж бодож байгаа. Д.Батцэцэг эгчийг орчуулгын олон сайхан кинонуудаас гадна дэлгэцийн хэд хэдэн уран бүтээлээр нь үзэгчид маань маш сайн мэдэх байх. Мөн Р.Анхням эгч бол Монголд төдийгүй гадны кино урлагт хөл тавьсан, туршлагатай сайн жүжигчин. Энэ хоёр маань мэргэжлийн болоод эмэгтэй хүнийхээ хувьд үлгэр дуурайл болсон үнэхээр сайхан бүсгүйчүүд.

Би өмнө нь Д.Батцэцэг эгчтэй кинон дээр хамтран ажиллаж байсан. Харин Р.Анхням эгчтэй анх удаа хамтарч уран бүтээл дээр ажиллалаа. Тэд чадварлаг, сайхан эмэгтэйчүүд хэрнээ маш энгийн. Яагаад ч юм, бид гурав маш олон зүйл дээр адилхан үзэл бодолтой, сонирхол нэгтэй юм билээ. Гурвуулаа урт ээмэг зүүж чаддаггүй, хэт чамин ээмэг зүүлтэд дургүй нь хүртэл адилхан. Бас бие биетэйгээ их амар ойлголцчихдог. Одоо хэдийгээр киноны зураг авалт дуусчихсан хэдий ч кинон дээр гардаг шиг л бие бие рүүгээ ярьж, халамжилж ойр дотно байгаа. Цаашид ч эгч дүүсийн энэ харилцаа тасарна гэж бодохгүй байна. Саяхан манай хоёр Д.Батцэцэг эгчийн зуслан руу явж, салхинд гарсан. Харамсалтай нь хүү маань жаахан учраас би явж чадаагүй.

-Та жүжигчний гараагаа хэрхэн эхэлж байв?

-Би хамгийн анх Соёл урлагийн их сургуулийн Ганхүү багшийн охиныхоо дурсгалд зориулан хийсэн “Амилсан хайр” кинонд тоглож байлаа. Гуравдугаар курстээ тоглож байсан санагдаж байна. Харин их сургуулиа төгсөөд ангиараа Төв аймгийн “Монгол туургатан” театрт ажилласан даа. Тус театрт ажиллаж байх үедээ буюу 2011 онд “Гэгээн Муза” авсан. “Гэгээн Муза” авснаас хойш кино саналууд маш их ирсэн шүү. Тухайн үед МҮОНРТ-ийн хамт олны туурвисан “Амьдрал чиний төлөө” гэх кинонд тоглож байлаа. Энэ нь миний тоглосон хамгийн анхны олон ангит кино байсан юм.

-Та одоог хүртэл “Монгол туургатан” театртаа ажиллаж байгаа юу?

-Тийм. Гэхдээ одоохондоо жирэмсний амралттай байгаа. Дээр хэлсэнчлэн манай оюутан ангийн 80 гаруй хувь нь тус театртаа ажиллаж, уран бүтээлээ туурвиж байна. Ангиараа нэг дор ажиллана гэдэг бас сайхан тохиол гэж боддог юм. Анх ангийнхантайгаа “Бүгдээрээ Төв аймгийг байлдан дагуулцгаая” гээд л очиж билээ. Түүнээс хойш долоон жил тасралтгүй ажиллацгааж байна даа.

Манай оюутан ангийн багшийг Хишигзаяа гэдэг. Биднийг оюутан байх үед СУИС цус сэлбэж, шинэ залуу боловсон хүчин ажиллуулж эхэлж байсан. Тиймдээ ч манай багш сургуулийнхаа хамгийн залуу нь байсан. Гэсэн ч маш олон шинэ программуудыг бидэн дээр туршиж, тэр нь маш үр дүнтэй болсон гэж боддог доо.

-Сүүлийн үед кино саналууд хэр их ирж байгаа вэ. Ер нь ямар кино санал ирээсэй гэж бодож байна?

-Жүжигчид эсрэг эсвэл түүхэн дүр гэх нь элбэг байдаг л даа. Миний хувьд сэтгэлзүйн тоглолт ихтэй, намайг сорьсон уран бүтээлд тоглох юмсан гэж их хүсдэг. Одоогоор кино санал ирээгүй байгаа.

-Та “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөөгийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Дашдаваагийн ач шүү дээ. Өвөө шигээ жүжигчин болох нь таны хүсэл байв уу?

-Би арван жилээ нэг ч сайн гэсэн үнэлгээгүй онц төгсч байлаа. Тийм учраас эмч эсвэл нарийн мэргэжил сонгоно гэсэн бодолтой л байсан юм. Харин аавын маань ах, дүү нар намайг жүжигчин болооч гэж их зөвлөдөг байлаа. Жүжигчин болно гэхээр аав, ээж хоёр тийм ч таатай хүлээж авдаггүй байсан л даа. Гэхдээ ямартай ч үзээд алдъя гэж бодоод СУИС-д бүртгүүлчихсэн юм. Мөн түүнээс өмнө яг 18 насныхаа төрсөн өдрөөр СУИС-ийн босгоор алхаж, жүжигчний сургалтад сууж байлаа. Тэр сургалт намайг жүжигчин гэх мэргэжил рүү эргэлт буцалтгүй татсан. Басхүү тухайн үед хамт байсан хүүхдүүдээсээ арай илүү байсан нь бүр ч урам өгч билээ. Ингээд СУИС-д ч тэнцэж жүжигчин гэх эрхэм мэргэжлээр суралцаж эхэлсэн дээ.

Хүмүүс миний өвөөг яалт ч үгүй “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөөгийн дүрээр нь андахгүй байх. Мөн түүнээс гадна өөрөө зохиолыг нь бичиж, найруулан гол дүрд нь тоглосон “Сахиуст цэрэг” гэх сайхан уран бүтээл нь бий.

-Гэр бүлд тань танаас өөр энэ мэргэжлийг эзэмшсэн хүн бий юү?

-Яг жүжигчин хүн бол байхгүй. Харин үеэл маань Хөгжим бүжгийн коллежид концертмейстрээр ажилладаг. Би өвөөгийнхөө тухай төдийлөн сайн мэддэггүй юм. Учир нь аавыг минь гурван настай байхад өвөө дөнгөж 30 гаруйхан насандаа бурхан болчихсон юм билээ. Тэгэхээр аавынхаа том ахын яриагаар, эсвэл гэрт үлдсэн хэдэн зургаар, өвөөгийн тухай бичсэн сонины хэдхэн хайчилбараар л өвөөгөө төсөөлдөг. Харин би жүжигчин болоод том, том уран бүтээлчидтэй уулзаж, ярилцаж байх үед өвөөгийн минь жүжиглэх арга ажиллагаа нь бусад хүмүүсийнхээс өөр гэж тэд хэлж байсан. Сонсоод байхад надтай адил төстэй зүйлүүд их байсан шүү. Ямар ч хүн тухайн дүрээ маш сайн бэлдэж, давтаж байж сайжирч, гартаа оруулдаг бол өвөө минь дотроо бодож тунгааж яваад эцсийн мөчид сайн жүжиглэлтээ гаргадаг байсан гэдэг. Тэгэхээр аливааг дотроо их бодож тунгааж, бясалгадаг, төлөвлөдөг хүн байж дээ гэж боддог юм. Миний хувьд ч гэсэн яг иймэрхүү аргачлалаар ажиллах дуртай. Гэхдээ мэдээж өвөөгийнхөө энд хүрэх болоогүй шүү дээ.

-Таны гэр бүлийн хүнийг мөн урлагийн хүн гэж сонссон. Гэр бүлээ танилцуулаач?

-Тийм шүү. Миний ханийг О.Итгэл гэдэг. 2009 онд анх танилцаж байлаа. Анх их сайн найзууд байсан. Харин их сургуулиа төгсөөд гэр бүл болцгоосон доо. Одоогоор Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байгаа. Урлагийн хүмүүс учраас бие биенээ ойлгож, нэг нэгнээ их дэмждэг. Мөн нэг жилийн өмнө бид хөөрхөн хүүтэй болсон. Хүүгээ төрснөөс хойш хэд, хэдэн уран бүтээлд тоглосон байна. Ингэхэд ар гэрийн ажил багагүй цалгарддаг юм билээ. Харин одоо бол сайн ээж, гэрийн эзэгтэй байх үүргээ гүйцэтгэж байна даа.

-Гэр бүлийнхээ хүнтэй хамт дуучин Э.Чинбаярын клипэнд тоглосон байсан. Ер нь хамтдаа уран бүтээлд тоглоод өгөөч гэх санал хэр их ирдэг бол?

-Дуучин Э.Чинбаяр бид хэд бол сайн найзууд. Тиймдээ ч бид хоёрын зүгээс найздаа нэг клип хийж өгнө гэж амласан байсан юм. Амлалтаа биелүүлж, зохиолыг нь өөрсдөө бичээд найзынхаа “Хайр амталсан өдрүүд” гэх дуунд клип хийсэн. Хүмүүст хүрсэн сайхан уран бүтээл болсонд нь баяртай байна. Мөн Болорцом, А.Хишигдалай нарын “Хайрын далавч” гээд дууны клипэнд тоглосон байгаа. Зохиолоо мөн л өөрсдөө бичсэн. Ер нь хосуудын амьдралд тохиолддог зүйлсийг клипэндээ тусгахыг хичээсэн гэж болно. Багахан маргаанаас л болж том асуудал үүсдэг шүү гэдгийг л хөндсөн дөө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *