Categories
мэдээ цаг-үе

Ч.Жавзан: Ус нөхөгддөг ч дуусашгүй баялаг биш

ШУА-ийн Газар зүй-Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын Усны шинжилгээний лабораторийн эрхлэгч, доктор Ч.Жавзантай ярилцлаа.


-Монголын ус судлалын салбарын сүүлийн үеийн сонин сайхныг дуулгахгүй юу. Та өөрөө ямар төрлийн судалгаа, бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Би усны чанар судлалаар ажилладаг. Бид Монголын бараг бүх томоохон голын усны чанарын судалгааг хийж байсан ба одоо ч судалгааны ажлаа үргэлжлүүлж байгаа. Говийн бүсийн усны чанараар мөн ажиллаж байна даа. Бас цэнгэг усны гол эх үүсвэр болсон Хөвсгөл нуурын өвлийн судалгаанд яваад ирлээ.

-Хамгийн түрүүнд нийслэлчүүдийн ундны усны чанар ба хатуулаг ямар байгааг асуух хэрэгтэй байх?

-Нийслэлчүүдийн ус хангамжийн эх үүсвэр нь Туул голын аллювийн хурдаст гаргасан олон цооногуудын ус юм л даа. Энэ ус бол маш сайн чанартай. Гэхдээ ус дамжуулах шугам хоолойн насжилттай холбоотой хэрэглэгчдэд очихдоо зарим тохиолдолд зэв зэрэг механик хольц илэрч байгаа нь нууц биш. Бид крантаа онгойлгохгүй олон хоносны дараа нээхэд зэв гардаг нь ийм учиртай. Шугам хоолойг солих замаар механик хольц, зэвийг арилгах, усыг халдваргүйжүүлэх ариутгах талаар гадны дэвшилтэт технологийг судлах ажил хийгдэж байна. Үүнээс гадна Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хатуулагтай усны судал нэлээдгүй тааралддаг. Гэр хороололд хүмүүс хувиараа худаг гарган ундны усны хэрэглээгээ хангаж байна. Ингэхдээ хатуулаг ихтэй, шүүж хэрэглэх шаардлагатай усыг ундандаа шууд хэрэглэх явдал их. Тиймээс төвлөрсөн шугамд холбох асуудал эн тэргүүнд байх ёстой. Энэ ажил нэлээд эрчимтэй хийгдэж байгаа юм билээ.

-Тэгвэл Монгол орны усны чанарын асуудал бүхэлдээ ямар түвшинд байна. Гадаргын болон гүний усны горим хэр өөрчлөлттэй байгаа юм бол?

-Манай орны Хангайн бүсийн усны чанар сайн, цэнгэг зөөлөн ус зонхилно. Харин Говийн бүсэд хатуулаг ихтэй уст цэгүүд олон бий. Зөөлрүүлж хэрэглэх шаардлагатай гэсэн үг. Шууд хэлбэл усны чанар байгалийн бүс бүслүүрээсээ хамаараад харилцан адилгүй. Нэг газар нутагт ч усны чанар өөр, өөр байх нь бий. Гадаргын ус нь ихэнхдээ өндөр уулын бүсэд бүрэлдэн бий болдог онцлогтой учир цэнгэг, зөөлөн байдаг. Түүнээс гадна манай орны голууд байгалийнхаа үндсэн голдрилоор урсаж байдаг учир усан орчны амьдрал унаган төрхөөрөө байгаа. Харин газар доорх усны хувьд хүн амын ус хангамжийн гол эх үүсвэр болдог онцлогтой. Чанарын хувьд ялангуяа говь хээрийн бүсэд тэр бүр ундны усны шаардлага хангахгүй, эрдэсжилт, хатуулагтай, зарим бичил элементүүдийн агууламж өндөртэй байдаг. Энэ үүднээсээ говийн бүсэд усны чанар ихээхэн асуудал дагуулдаг. Говьд бүрэлдэн бий болсон усны тэжээгдэл янз бүр. Ихэнхдээ тэжээгдэл муутай, насжилт өндөртэй ус байдаг нь нэгэнт тогтоогдож эхлээд байна. Бид энэ чиглэлийн изотопын судалгааг үргэлжлүүлэн хийж усыг ашиглаж болох экологийн боломжит хязгаарыг тогтоохоор ажиллаж байгаа. Үүний үр дүнд энэ районд арай ядан бүрэлдэн бий болсон усыг уул уурхайд ашиглах нь хэр зохистой вэ гэсэн асуултын хариултыг бодитоор гаргах боломжтой болно.

-Насжилт өндөртэй гэдэг нь унданд ашиглаж болохгүй гэсэн үг үү?

-Газрын давхаргын завсар, ус үл нэвтрүүлэх үеийн дунд үүсэн хуримтлагдсан ус олон мянган жилийн насжилттай байдаг юм байна. Харин газрын гадаргын усны нас жил, сараар яригдана. Мөн гүний ус нөхөгдөхдөө маш удаан бол гадаргын усны эргэлт хурдан. Үүний зэрэгцээ гадаргын ус ширгэж дундрах улмаар алга болдог бол гүний ус ямар байсан тэр хэвээрээ дахин хэдэн мянган жил ч хадгалагдах боломжтой. Тэгэхээр ямар ч тохиолдолд гүний усаа хамгаалж, гадагш урсан гарч буй усыг түлхүү ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй.

-Ус бохирдлоо, булингартлаа гэсэн мэдээллүүд их бий. Монгол орны аль хэсгийн ус юунаас болж бохирдоод байна вэ?

-Сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас ус булингартан бохирдож унаган төрх, шинж чанараа алдан, усан орчны экосистемд зарим өөрчлөлт орох хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, Туул гол Заамарын районоос доош, Орхон гол эхэн хэсэгтээ тунгалаг чанараа алдаж, усны амьтад загас жараахай хэвийн өсөж үржих нөхцөл алдагдаад байна. Булингар гэдэг бол зөвхөн харагдах байдлаасаа зохимжгүй байдаг юм биш. Түүнд агуулагдах элементүүд усан орчин, усны чанарт сөрөг нөлөөтэй. Энэ нь урсгалынхаа явцад ёроолын хагшааст сууж ингэснээр байнгын бохирдлыг үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн Хангал гол маш их хэмжээгээр бохирдоод байгааг хараад сууж болохгүй. Хөвсгөл нуурын өвлийн судалгааг ч хийгээд ирлээ. Энэ цэвэр усны эх үүсвэрээ бид бохирдуулчихвал хамгийн том асуудал үүснэ. Хөвсгөл нуурын усны чанарын гурван жилийн судалгааны эцэст бохирдуулагч, бохирдуулж болзошгүй эх үүсвэрийг тогтоож, бодит арга хэмжээ авах үндэслэлийг гаргах болно.

-Ер нь Монгол орон нуур, цөөрөм, гол горхио хамгийн сүүлд хэзээ тоолсон бэ?

-Гол горхи, нуур цөөрөм, булаг шанд, худаг уст цэгийн тооллого жил бүр хийгддэг болсон. Ер нь гол горхи ширгэлээ гээд хэт яаран дүгнэж болохгүй. Энэ нь цаг хугацааны асуудал байдаг. Ширгэсэн гол дараа жил нь урссан байдаг жишээтэй. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт тодорхой хэмжээнд сөрөг нөлөө үзүүлж байгааг дуулгах хэрэгтэй. Усны ундарга багасах болсон нь хүний үйл ажиллагаатай ихэнхдээ холбоотой байгааг судалгаагаар тогтоочихоод байгаа.

-Усгүй боллоо гэж их ярилаа. Гэхдээ ус нөхөгддөг. Хөрсний чийг ч ус үйлдвэрлэж байдаг. Эндээс харахад дэлхийн иргэд усны хомсдолд санаа зоволтгүй юм биш үү?

-Хамгийн их зовох ёстой асуудал чинь ундны усны нөөц. Бид усыг хайрлаж гамнахгүй байгаад асуудал байгаа юм. Усаа мартаад хэт их уул уурхай, хэт их үйлдвэрлэлийг шүтсэнээс цэвэр усны нөөцгүй болж, хэрэглээгээ гаднаас худалдан авч хангадаг жишээ олон бий. Харин усаа зүй зохистой, гамтай, ухамсартай хэрэглэж хэвшвэл цэвэр усны нөөц биднийг хангасаар л байх болно. Хайр гамгүй, хайхрамжгүй үрэлгэн хэрэглэж, бохирдуулаад байвал тун удахгүй цэвэр усны нөөц маань хумигдаж эхэлнэ гэсэн үг. Ус нөхөгддөг ч зөв хэрэглээ байхгүй бол хомсдоно. Бас ус нөхөгддөг ч дуусашгүй баялаг биш. Тиймээс зөв хэрэглээ юу юунаас чухал байгаа юм.

-Усны бага эргэлт гэж бий. Монголын газрын гадаргаас хэдэн мянган метр куб чийг ууршиж ус болдог тухай тоон баримт, судалгааны дүн байдаг болов уу?

-Ийм судалгаа бий. Манай усны салбарынхан олон чиглэлээр судалгаа хийж байгаа. Гэхдээ яг энэ асуудал миний судалгааны ажил биш. Энэ асуудлыг судалдаг хүмүүс нь үүнд хариулт өгсөн нь илүү дээр. Яагаад гэвэл би буруу мэдээлэл өгчихвөл бусдынхаа ажлыг үнэгүйдүүлсэн хэрэг болно.

-Шар усыг авч үлдэх, ашиглах тухайд шинэ санал санаачилга хэр байгаа бол. Дэлхийн жишээ ямар байна?

-Маш их ус гадагшаа урсан гарч байна. Өөрийн оронд бүрэлдэн бий болсон усыг аль болох эндээ ямар нэг хэлбэрээр тодорхой хувийг нь ч болов авч үлдэх нь чухал. Олон улсын жишгээр хуримтлуулж амралт зугаалга гэх мэтээр өөр олон чиглэлээр ашигладаг. Ядаж л хуримтлуулсан ус нь эндээ ууршиж, усны бага эргэлтэд орж орчны экосистемд эерэг нөлөө үзүүлнэ. Тэгэхээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэсгийг нутагтаа үлдээх л ёстой. Уул уурхайн үе эхлэхэд Орхон-Говь, Хэрлэн-Гoвь төслүүд яригдсан ч одоо чимээгүй болчихож. Эдгээр төслүүдийг улс төрөөс ангид авч үзээд олон улсын хууль эрх зүйн хүрээнд хийх боломж бүрэн бий. Хувь хүмүүс ч усан сан, хиймэл нуур хийж загас үржүүлэг бусад хэлбэрээр ашиглаж эхлэх цаг нь болсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *