Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оффшорт нуусан гэх 17 тэрбум ам.доллар бодит эсэхийг АТГ хэлж чадахгүй

Оффшор тойрсон их мөнгөний тухай яриа, хардлага, татвар гэх мэт олон нийтийн хариулт нэхсэн асуудлаар УИХ дээр өнөөдөр асуулгын хариултаа авна” гэж М.Оюунчимэг гишүүн твиттертээ өглөө жиргэсэн байлаа. УИХ үдээс хойш түүний асуулгын хариуг сонслоо. АТГ-ын дарга Х.Энхжаргал болон гишүүдийн хооронд иймэрхүү яриа өрнөсөн юм.

Х.Энхжаргал: …Уулзаж ажиллая гэдэг. Сошиалаар ил болсон мэдүүллүүдийг би хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг зовлон бий. Бидэнд гадагшаа явах мөнгө байдаггүй. Төсөв байхгүй, явж хэлэлцээ хийж чаддаггүй. Олон улсын байгууллагуудтай бол харьцаж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага сая хэлдэг саарал жагсаалт уу, хар жагсаалт уу гэдгийг гаргадаг. Мөнгө угаахтай тэмцэх бүлэг байна. Монгол банк санаачилгатай хамтарч ажиллаж байгаа. Мэдээлэл солилцдог. Хулгайлагдсан хөрөнгийг буцаах НҮБ-ын дэргэдэх санаачилга байна. Авилгатай тэмцэх байгууллагуудын холбоо байна. Интерпол байна. Америкийн маршалын алба гэх мэтээр зарим юмыг бид тодорхойлж байгаа. АНУ-д байгаа хөрөнгө мөнгө ямар байна гэх мэт мэдээлэл солилцож байгаа юм бий. Гэхдээ энэ мэдээллүүдийг авсан ч бас учир дутагдал их. Гэхдээ төрийн дэмжлэг их чухал. Төр сайн зохион байгуулалттай, дорвитой арга хэмжээ авч байж сая үүнийг тогтоож арга хэмжээ авч чадах юм.

-М.Оюунчимэг:- Хэрэв АТГ-т гадаадад оффшор бүсэд хууль бусаар татвараас нуугдсан мөнгө байна гээд тодорхой мэдээлэл ирээд түүний дагуу АТГ-ынхан тухайн бүс нутагт очоод, хүмүүстэй уулзаад энэ асуудлыг ил болгох мөнгийг буцааж татах боломж байна уу. Хоёрдугаарт энэ 17 гэдэг тоог гайхаад байгаа юм. 17 чингэлэг спирт гэж шуугиад байсан. Дараа нь Г.Дэнзэнгийн 17 тэрбум гээд байсан. Одоо 17 тэрбум доллар гээд хүмүүст танил болсон 17 гэдэг тоо яваад байх юм. Бодоод үзэхэд Эдийн засгийн ил тод байдлын хуулиар 34 их наяд төгрөг ил болсон гэж байна. Магадгүй дотоодод их хэмжээний мөнгө нуугдаад байгаа юм биш үү гэж та хэллээ. Үүнийг мэдээд байгаа зарим хүн та нарт бас мессеж хаяад байгаа юм биш үү? Энэ чагтыг задлаад, дотоодод нуугдаад байгаа их мөнгийг гаргаж ирэх бололцоо байна уу? Оффшор бүс гээд байдаг Монгол дотроо бас оффшор бүс бий болчихсон юм биш үү?

Х.Энхжаргал: Манайд байгаа хууль эрх зүйн орчин юу вэ гэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 398-ын нэгд байгаа юм. Гадаад улсын нутаг дэвсгэрт байцаалт, үзлэг, туршилт, эд хөрөнгө хураан авах болон хуульд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт шүүхийн бусад ажиллагаа шаардлагатай бол уг асуудлыг Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон Олон улсын бусад гэрээ хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ гэсэн ганц заалт бий. Түрүүний хэлсэн мэдээллийг бид гаднаас авах боломж байхгүй байна. Явж очиж уулзаад олон улсын гэрээ, конвенциа бариад, Эрх зүйн туслалцааны гэрээнүүд энэ орнуудтай сая Хууль зүйн сайдын хэлдгээр шинэчлэгдээд ирвэл энэ шугамаараа бид аваад байх боломж нээгдэнэ. Тэгэхгүй бол одоохондоо чадахгүй байгаа юм. Авилгатай тэмцэх байгууллагуудынхаа холбооны шугамаар зарим зүйлүүдийг бид тодруулаад, түүнийгээ албан хэрэгцээнд хэрэглэнэ үү гэхээс биш Эрүүгийн хэрэгт нотлох баримт болгож ашиглах үндэслэл байхгүй гэсэн үг. 17 тэрбум доллар нь 34 их наяд төгрөгтэй ойролцоо эсэхийг хэлж мэдэхгүй байна. Яаж тооцоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр тийм тоо явуулаад, хэн гаргаж ирээд байгааг бид одоогоор тогтоогоогүй, тэр бол мэдэгдэхгүй гэж би түрүүн хэлсэн. Харин энэ 34 их наяд төгрөг маань ил гарчихсан мөнгө шүү. Тэгэхээр хамаг мөнгө аваачиж, оффшорт нуучихаад байна гэж таамаглаж, хий хардаад байхыг үгүйсгэхгүй. Тэрийг няцааж байгаа юм биш. Гэхдээ бас дотоодод ийм их мөнгөний эх үүсвэр хаанаас гараад ирэв гэдгийг бид бодох ёстой. 2008-2016 оны хооронд 34 их наяд төгрөг, тиймээ. Монгол Улсын хэдэн жилийн төсөвтэй тэнцэх мөнгө нуугдаж байсан юм байна. Ил хэдийг авч байгаа, далд хэдийг авч байгаа гэдэг ийм л юм байгаа. Татвар дээр байгаа мэдээллийг одоо дахиад үзье гэж байгаа. Тагнуулын ерөнхий газраас зөвшөөрөл аваад, Прокуророос зөвшөөрөл аваад үзэх гэхээр “Наадах чинь нууцлалтай байгаа даа” гэдэг. Шинжилгээ хийгээд үзэхээр ямаршуу юм гарч ирэх юм бол гэж бодож байна. Хэрэв тийм юм тогтоогдвол дараа нь мэдээлэл хийж болно. Ийм л юм байна.

Н.Энхболд: Манай Улсын жилийн төсвийн орлого 6-7-гоос хэтрэхгүй. Тооцоод үзэхээр бүхэл бүтэн зургаан жилийн төсвийн орлогын мөнгө гадаадад нуугдсан байна. Ямар ч муу улс байсан бүхэл бүтэн зургаан жилийнхээ төсвийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгийг цөөхөн хэдэн хүн гадагш нь гаргаад аваачаад нуучихна гэж бодоход үнэмшилгүй санагдаад байгаа. Бодоод үз дээ. Ийм боломж угаасаа манай эдийн засагт бий юу. Улстөржсөн, үнэмшилгүй тоо. Юм аваачаад нуусан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ чинь юу гэсэн үг вэ? Зургаа, долоон жилийн төсвийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгө аваачаад нуучихсан байна гэхэд мэдэхгүй байна гэдэг чинь. Энэ их том мөнгөнд буруутгагдаж байгаа хүмүүс байна. 17 тэрбумыг бараг л хүнийх нь нэрээр тавиад ТББ-ууд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаад байгаа. Энэ хүмүүс өөрсдөө шүүхэд хандсан, заргалдсан, нэр төрөө сэргээлгэсэн оролдлого байна уу?

Хоёрдугаарт бид хорин хэдэн жил эрх зүйт төр гэж ярилаа. Бүх юмыг хуулийн дагуу шийдэж байна. Хууль дээдлэх ёс оройд залагдаж байх ёстой гэж ярьж ирлээ. Оффшорыг урьд нь хуулиар зохицуулсан юм байхгүй. Сая нэг хууль гаргасан. Тэр маань ч тал талаас нь улстөржсөөр байгаад түвэгтэй сонин хууль гарчихсан л даа. Яг хууль батлагдсны дараа УИХ ямар уур амьсгалтай болсныг би санаж л байна. “Бид юу хийчихвээ гэсэн маягтай” болсон. Санаа нь зөв байдаг, хэт улстөржихөөрөө ийм болчихдог. Урьд нь ийм хууль тогтоомж байгаагүй үед магадгүй зарим хүн оффшорт юм аваачаад хийчихсэн байна гэж бодъё. Тэрийг одоо гэмт хэрэг гэж үзэх үү, ёс суртахууных нь талаас авч үзэх үү?

Х.Энхжаргал: Оффшортой гэж гүтгэлээ гэж хэлээд өөрсдөө шалгуулсан долоон тохиолдол бий. Шалгаад, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаад хаасан. Түүнээс өөрөөр шалгаж байгаа юм байхгүй. Манайд очиж тайлбар өгч байгаа, оффшорт нэр нь холбогдсон 29 хүнээс бас хэдэн хүн тэнд урьд нь байгуулсан компаниуд, хөрөнгө мөнгөө бүгдийг нь цэгцэлж, татан буулгаад, Монголдоо оруулаад, хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт тусгаад гаргачихлаа гээд бүх баримттай нь авчраад үзүүлсэн юм бий. Харин таны хэлдэг 34 их наяд төгрөг гэдэг дээр нууцлал хамгаалдаг байгууллагууд зөвшөөрөл өгөөд, АТГ өндөр зэрэглэлийн нууцлалтай аваад, дүн шинжилгээ хийж үзэх юм бол гадаадад байна уу, дотоодод орж уу гэдгийг тогтоох боломж байж магадгүй. Ер нь бидэнд энэ зөвшөөрлийг өгөөд, бид үзээд, нийгэмд зөв ойлголт төрүүлэх нь зөв гэж бодож байна. Тэгэхгүй бол ийм хардалт хэдэн жил үргэлжлээд, сонгууль дөхөөд ирэхээр шоу болоод явчихна. Би түрүүн хэлсэн мөрдөн байцаалт, гүйцэтгэх ажил захиргааны журмаар бол шалгаж болохгүй. Эрүүгийн хэрэг үүсгэж болохгүй гэж хуульд заасан байгаа. Тэр нь хэвээрээ байг, хамаагүй. Нэгэнт төр бодлогоо гаргаад хууль гаргачихсан учраас түүнд халдах гээгүй. Тэнд байгаа мэдээллийг нууцлана гэдэг нэг үг орчихсон. Тэгээд татварынхан аваад хайрцагт хийгээд дарчихсан байгаа. Тэрийг л нэг ороод үзчихвэл ямар учиртай гэдгийг ил гаргахгүй шүү дээ. Мэдээж төрийн нууцтай харьцдаг байгууллага учраас. Зөв дүгнэлт, зөв ойлголт нийгэмд өгөхийн тулд энэ асуудалд зохицуулалт хийж өгвөл сайн байна гэж хүсч байна.

Ө.Энхтүвшин: Үнэнээ л хэлж байна л даа. Шалгах ямар ч боломж байхгүй гэдгээ л хэлээд байна. Тэгээд одоо бид нэг айхавтар хууль гаргачихсан байгаа. Хамрах хүрээ нь өргөн болчихсон, долоо, найман сар ярьж байгаад гаргасан. Гэтэл үүнийг шалгах боломжгүй байдаг. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд АТГ юу хийж чадах вэ? Тийшээ очихоор мэдээлэл өгөхгүй юм байна. Захидал бичихээр мэдээлэл өгөхгүй юм байна. Та бүхэн гадаадад очиж ажиллах зардал байхгүй юм байна. Яг л Panama papers шиг хэсэг улсууд хакердаж авч байж дахин зарладаггүй л юм бол сууж байх юм гэж ойлгогдоод явчихлаа.

Хоёр дахь асуулт нь ОХУ их өөр юм хийгээд байх юм. Жишээ нь В.Путин бол гурав билүү зургаан сарын хугацаа өгчихөж байна лээ. Гадагш оффшор бүсэд байршуулсан хөрөнгөө оруулж ир гээд хугацаа тавьсан. Энэ хооронд оруулж ирэхгүй бол шууд тэр хөрөнгийг хурааж авна гээд зарласан. Тэнд ямар хууль үйлчлээд байна аа. Орост бас адилхан мэдээлэл өгмөөргүй л юм. Эсвэл ялгаатай байдаг юм уу?

Гурав дахь асуулт нь эрх зүйн туслалцаа гэрээ хэд хэдэн оронд байдаг юм байна. Ийм гэрээ байлаа гээд тухайн улсын нутаг дэвсгэрт байгаа оффшор бүс чинь үүнд захирагдаад мэдээлэл гаргаж өгөх юм уу?

Төгсгөлд нь тэр 33 их наяд ил болчихсон. Татварын орлого өсдөггүй. Бид ийм хууль хэд хэдэн удаа гаргасан. Ил болох нь болчихдог. Татварын орлого ерөөсөө өсдөггүй. Үүн дээр яг юу гэж үзэж байгаа юм бэ. Сүүлийн хууль хэзээ үр дүнгээ өгөх юм бол. Эсвэл бид хэрэггүй ажил хийсэн юм уу?

Х.Энхжаргал: Тийм. Таны хэлснээр одоогоор тиймэрхүү байдалтай л байна. Дахиад Panama papers шиг мэдээлэл гаргаж ирвэл бас л хэвлэлийн хэмжээнд л гэхээс биш яг бодит байдлаар ярьж чадахгүй. Юу хийх ёстой гэхээр Эрх зүйн харилцан туслалцааны гэрээнүүдийг зохих улсуудтай нэлээд сайн хийх ёстой Хууль зүйн яам, Засгийн газар. Тэгвэл арай учиртай болно. Хуулийн байгууллагуудыг ажиллах боломжоор хангаж өгөх ёстой. Төсөв өгөөд үз. Бид тэр улсуудтай нь очиж уулзаад үзье. Юмыг яаж мэдэх вэ, бидэнд бас зарим нь өгөх ч юм билүү. Япон шиг бүгдийг нь гаргаад өгчихдөг улс бас гараад ирэхийг байг гэхгүй. Одоо бид захиа бичихээс өөр юм байхгүй.

ОХУ-ын тухайд тэгсэн. Хугацаа заасан, бүх мөнгөө оруулж ир гэсэн. Төрийн бодлого нь хүчтэй улсуудын асуудал шийдэгдээд байдаг юм. Хятад жишээлбэл олон улсын байгууллагуудын маш том асуудлуудыг өөрсдөө мөнгөө гаргаад шийдээд өгчихдөг. Авилгын академийн хуралд явж очоод сая долларын туслалцаа үзүүлж байна гэх мэтээр төр нь шийдээд өгдөг учраас нөгөөдүүл тэдний хүсэлтийг хурдан шийддэг. “Үнэгний ав” гэх мэтийг ингэж амжилттай хийгээд байгаа юм. Бид юм өгөх биш дандаа нэг талын харилцаатай байдаг.

Таны хэлсэн татвар өсөхгүй байна гэдэг үнэн. Яг одоогийн үйлчилж байгаа Татварын хуулиар яадаг гэхээр АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийн талаар би ярьж байна л даа. Татварын байцаагч явж очоод 600 сая төгрөгийн татварын зөрчил илрүүлчихэж байгаа юм. Тэгэнгүүт Татварын ерөнхий газарт нөгөөдхийг нь хянаж өгөөч гэхээр дээр нь шалгадаг хоёрхон хүн байдаг юм билээ. Нөгөө хоёр хүн нь нөгөөхийг нь 100 болгоод өгчихдөг. Зууг нь тушаачихаад цаана нь юу орж байна гэх мэтчилэнгийн юмнууд байгаа. Маргаан гарвал Маргаан таслах зөвлөл хэлэлцдэг. 400-500-гийн татвар хөнгөлүүлчихсэн аж ахуйн нэгж маргаан гаргана гэж байхгүй. Дээрээ зохион байгуулалттай юм шиг том татвар бүрдэх нөхцлийг нь хуулиар задлаад өгчихсөн юм билээ. Одоогийн Татварын хуулийг яг ингэж мөрдөөд, шийдүүлдэг. Байцаагчийн анхан шатанд тавьсан татварын актыг хүчингүй болгох бол тодорхой хэмжээгээр комисс нягталж шалгаж байж шийддэг болохгүй бол нэг, хоёр хүний мэдэлд өгчихдөг. Өнөөдүүлийг нь найрч чадвал дураараа шийдэж байдаг. Ийм учраас манай татвар иймэрхүү дүр төрхөөр цаашдаа явах болно. Нийгмийн даатгал дээр ч адилхан. Би бодит байдлыг харж байгаа учраас хэлж байгаа юм.

Б.ЭГШИГЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *