Монгол Улсын Засгийн Газар 2017 оны 4-р сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаараа “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг албан ёсоор баталсан билээ. Тэгвэл энэхүү хөтөлбөрийн хүрээнд элэгний вирусийн эрт илрүүлэлт, эмчилгээ, судалгааг Монгол орон даяар шуурхай эхлүүлж, бүрэн хэрэгжүүлэх ажлын эхлэл болгож “Оном сан”, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Гастроэнтерелогийн холбоо, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл, Монголын Лабораторийн Нэгдсэн Сүлжээ “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ ЧУУЛГАН”-ыг хамтран өнөөдөр “Корпорейт” зочид буудалд зохион байгууллаа.
“Хэдхэн жилийн өмнө бид элэгний В, С вирустэй, D вирус нь эмчилгээ байхгүй. В вирустэй байвал баярладаг. С-тэй бол ер нь ингээд өнгөрч байгаа юм байна даа гэж боддог цаг үе байлаа. Энэ үед жилд 2600, өдөрт 7 халуун амь нас элэгний өвчнөөр үгүй болж байлаа. 2012 онд Монгол Улс дэлхийн дунджаас 7 дахин их элэгний өвчлөлтэй гэсэн судалгаа гарахад хүмүүс итгэдэггүй байсан” хэмээн энэ арга хэмжээний үеэр “Оном” сангийн тэргүүн Д.Наранбаатар хэлсэн юм.
Төр засаг энэ асуудалд анхаарлаа хандуулснаар хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт 226 тэрбум гаруй төгрөгийн 24 хувийг улсын төсвөөс, 68 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, найман хувийг бусад эх үүсвэрээс гаргахаар тооцоолжээ. Ингэснээр Монгол Улсын хүн ам 2020 он гэхэд С вирусээ бүрэн устгаж, энэхүү вирусээс гаралтай элэгний хавдар, хатуурлыг эрс бууруулах боломж бүрдээд байгаа аж. Монголд одоогоор 400 мянган элэгний вирустэй хүн байна. Үүнээс С вирустэй 150 мянга, В вирустэй 150 мянга, D вирустэй 100 мянган хүн байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар юм.
Тэрээр ярихдаа “Өнөөдрийн үйл ажиллагааг энэхүү “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталсан төр засагтаа талархан хийж байна. Энэхүү үйл ажиллагаанд “Оном” сүлжээнд харьяалагддаг 27 лаборатори, хувийн хэвшлийн 18 лаборатори үзэсгэлэн гаргаж байна. С вирусийн эмийг 100 дахин хямдруулна гээд яриад явж байхад хэн ч итгэхгүй байлаа. Америкаас хулхи эм оруулж ирээд турших гэж байна гэх мэтчилэн маш олон хардлага сэрдлэг гарч байсан. Гэхдээ үүнийг бид давж гараад Монголд хүмүүс мянга мянгаараа эдгэрээд явж байна.
Монгол Улсын төр эм оруулж ирж чаддаггүй. Үүнийг хувийн хэвшил нуруун дээрээ үүрч явдаг. Энэ хариуцлагатай үүргийг хүлээгээд явж байгаа “МОНОС” групп, “МОНГОЛ ЭМ ИМПЭКС”, “ЭНТО”, “АЗИ ФАРМ” гээд компаниуд өнөөдрийн арга хэмжээнд оролцож байна. Цаашдаа бид В, С вирусийг тоолдог шинжилгээг Нийгмийн даатгалаас хөнгөлүүлдэг болох хэрэгтэй байна. Эмнүүдийн үнийг цаашид улам хямдруулах, төрлийг нь нэмэх зэрэг олон ажил байна.
15-аас дээш насны бүх хүмүүсийг бүгдийг нь бүртгэж аваад шинжилгээнд хамруулаад өвчтэйг нь эдгээх хөтөлбөрийг эхлүүллээ. Энэ нь Монгол Улсад улаан тарианы дараах хоёр дахь том эрүүлжүүлэх аян болно гэж урьд нь хэлж байхад нэг ч хүн итгэдэггүй байсан бол “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр батлагдсанаар Монголын 40-өөс дээш хүмүүсийг энэ жил, 15-39 насны бүх хүмүүсийг 2018 онд шинжилгээнд хамруулах аян хэрэгжих боломжтой боллоо. Үүнд энэхүү хөтөлбөрийг баталсан төр засагтаа талархах хэрэгтэй юм” гэв. Түүнчлэн “Энэхүү үйл ажиллагаа бүх аймаг, сумын өрхийн эмнэлгээр дамжаад явагдах ёстой. Элэгний С вирустэй хүмүүс эдгээд гарч байгаа ч эргээд халдвар аваад орж ирж байна. Яагаад гэвэл ариутгал муу байгаагаас, шүдний эмчээс, шивээс хийлгэх эсвэл хануулаад орж ирж байна. Учир нь С вирус нь дархлаа тогтдоггүй. Египет улс өнгөрсөн жил 1 сая хүнээ эмчилсэн. 200-300 мянга нь дахиад халдвар аваад орж ирсэн байдаг. Монгол Улсад 8000 хүн эмчлэгдээд 3000 хүн шинээр бүртгэгддэг” гэлээ.
“Элэгний төв”-ийн төлөөлөгч Л.Оюунгэрэл:
С вирусийг устгадаг дөрвөн төрлийн эмийг Монголд дараахь компаниуд Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр худалдаалж байна. Гэхдээ ЭМД-д хамрагдсан иргэдэд л хамаатай. Оруулж ирсэн компаниасаа шалтгаалаад өөр үнэтэй байгаа боловч үйлчилгээ нь яг адилхан юм. “HARVONE” эмийг “Омбол” ХХК, “LEDVIR” эмийг Монгол Эм импекс, “LEDIPOS” эмийг Ази фарм, “VERPAS” эмийг “Монос” ХХК оруулж ирж байгаа.
“HARVONE” эмийг АНУ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ядуу буурай орнуудад хямдралтай үнээр заръя гээд Энэтхэгт лицензээ худалдсан. Энэтхэгийн компаниуд нь адилхан түүхий эдээр энэ эмийг үйлдвэрлээд арай хямдаар Монголд орж ирж байгаа эмнүүд нь дээрх гурван төрлийн эм юм. Тиймээс эдгээр эм нь “Харвони”-гоос хямдхан гээд муу гэсэн үг биш юм. Эдгээр эмнүүд нь 3-6 сарын хугацаанд С вирусийг бүрэн устгана. Гэхдээ шинжилгээний хариу, биеийн байдлаас нь хамаараад дээрх хугацаанд устана. Шинжилгээний хариугаар хавдар юм уу, хатуурал байвал 6 сар ууна.
- Ямар шинжилгээнүүд өгөх вэ?
- Эхлээд вирусээ тоолуулсан байх ёстой. Тэгээд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохими, эхо, цус бүлэгнэлт, шээсний ерөнхий шинжилгээ өгнө. Шаардлагатай тохиолдолд бусад шинжилгээнүүдийг нэмж өгнө. Зарим тохиолдолд генотип-г тоолуулах шаардлагатай гэж байдаг. Энэ нь монгол хүний 95-98 хувь нь 1В генотиптой байдаг гээд судалгаагаар гарсан байдаг учраас тэр юм. Генотип гэдэг нь С вирусийн овог гэсэн үг. Монголчуудын дотор Боржигон гээд олон овог байдаг шиг 1А, 1В, 2А, 2В гээд генотипуудад хуваагддаг. Тэндээс монгол хүнд 1В генотип их байдаг учир “Харвони” зэрэг эдгээр эмнүүдийн найрлага илүү таарах юм. Эрүүл мэндийн яамнаас лабораториудыг сонгон шалгаруулаад тавдугаар сарын 1-нээс иргэдийн С вирусийг үнэгүй тоолж эхэлнэ.
- 3 сар уугаад бүрэн эдгэрэх үү?
- 3 сар уусны дараа дахиад 3 сар хүлээгээд С вирусээ тоолуулаад гарч ирэхгүй бол эдгэрсэн гэсэн үг. Ер нь бол С вирусийн эмчилгээний үр дүн нь 6 сарын дотор гардаг.
Энэтхэгээс оруулж ирсэн В, С вирусийн эмнүүд байгаа. Гурван хайрцаг нь нэг курс болно. Зарим хүндэрсэн элэгний хатуурал, циррозтой хүмүүс 6 хайрцаг үргэлжлүүлэн уух боломжтой. Өглөө тогтмол цагт нэг ширхэгийг залгиж ууна. 395 мянгаас ЭМД-р 210 мянган төгрөг хөнгөлөгдөөд 185 мянгаар худалдаалж байгаа.
“Монгол Эм импэкс концерн”-ий эмч, төлөөлөгч Д.Ганбат:
Энэтхэг улсад үйлдвэрлээд АНУ-аас оруулж ирж байгаа эмнүүд байгаа. Энэхүү “LEDVIR” эм нь Монголд орж ирээд жил гаруй болж байна. Монголд хамгийн их буюу 4000 хүн хэрэглэгдсэн судалгаатай. Ямар нэгэн гаж нөлөө илрээгүй, үр дүн нь 98-99 хувь байгаа. Үнэ нь 475 мянга. ЭМД-р хөнгөлөгдөөд эхний хоёр сарын эм нь 265 мянга. Сүүлийн гурав дахь сарын эмийг нь манай компаниас 50 хувь хямдруулаад 27.500 төгрөгөөр худалдаалж байгаа.