Categories
мэдээ нийгэм

ШУТИС-д “Mitsubishi Electric”-ийн шинэ лаборатори нээгдлээ

Япон Улсын “Mitsubishi Electric” корпорацийн “Setsuyo Astec corporation”-ийн хандиваар байгуулагдсан “Програмчлагдах логик контроллёр, хөдөлгүүрийн удирдлагын лаборатори”-ийн өргөтгөлийн нээлт өнөөдөр /2017.04.24/ ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд боллоо.

Энэхүү тусламжаар хамгийн сүүлийн үеийн өндөр хурдтай, мэдрэгч дэлгэц бүхий “FX3G-40MT/ES-A” маягийн 15 иж бүрдэл төхөөрөмж, “Melservo JN A” маягийн хөдөлгүүрийн удирдлагын хоёр иж бүрдэл төхөөрөмж зэрэг нийт 750 гаруй мянган иенийн үнэ бүхий тоног төхөөрөмж хүлээн авч байгаа юм байна.

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав “Дэлхий нийтэд цахилгаан үйлдвэрийн автоматжуулсан систем маш хурдтай хөгжиж байгаа. Энэ үед бид шинэ техник, технологи нэвтрүүлэхгүй бол “Оюу толгой”, “Эрдэнэт”, “ТЭЦ-4” зэрэг томоохон үйлдвэрийн газар оюутан залуусаа ажиллуулахад тун төвөгтэй байдаг. Уг лаборатори бий болсноор манай оюутнууд орчин үеийн цоо шинэ технологи дээр онолын мэдлэгээс гадна практик дадлага хийх боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл Японд хэрэглэж байгаа техникийг бид хэрэглэж байна гэсэн үг” гэлээ.

Уг лабораторыг анх 1995 онд Эрчим хүчний сургуульд байгуулж байсан бөгөөд 2002 онд хоёр дахь удаагаа шинэчилж, өнөөдөр гурав дахь удаагаа хамгийн сүүлийн үеийн технологоор шинэчилж байгаа нь энэ юм байна.

Мөн нээлтийн үеэр “Mitsubishi Electric” корпораци нь Ази тивдээ контроллёр чиглэлээр нэгдүгээрт бичигддэг талаар онцолж байв.

Эрчим хүчний сургуулийн Цахилгаан системийн автоматжуулалт, үйлдвэрийн автоматжуулалтын мэргэжлээр төгссөн оюутнууд орчин үеийн нарийн технологи бүхий үйлвэрүүдэд буюу Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, “Оюу толгой”, “Кока Кола”, “Витафит” зэрэг үйлдвэрүүдэд ажилладаг юм байна. Лабораторыг шинэчилж хамгийн сүүлийн үеийн технологоор сайжруулснаар ирээдүйд бэлтгэгдэх залуу хүчнүүд илүү чадварлаг болно гэж удирдлагууд үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *