Categories
мэдээ цаг-үе

Драмын театрын залуу гэр бүл

Гэгээн дарь эхийн сүм гэгддэг драмын театрт Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр болон Б.Жаргалсайхан, Г.Урнаа нарын хоёр сайхан гэр бүл бий. Тэгвэл драмын театрын тайзнаа гурав дахь гэр бүл гал голомтоо бадраагаад байна. Драмаар овоглосон шинэ айл бол залуу жүжигчин Г.Алтангэрэлийнх. Түүний гэргий залуу жүжигчин Г.Номуун. Г.Алтангэрэлийг “Зангараг”, “Ану хатан”, “Аав” зэрэг киногоор нь үзэгчид андахгүй биз ээ. Харин гэргий Г.Номуун өнгөрсөн жил ганц хүний жүжгээр “Гэгээн Муза”-гийн шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртэж байсан бөгөөд “Ромео Жульетта” жүжгийн Жульетта гэдгээр нь үзэгчид мэдэх байх. Ингээд энэ удаагийн “Танайд өнжье” булангийнхаа зочидтой уулзахаар Улсын драмын эрдмийн театрыг зорилоо. Театрын үүдээр ормогц дээл өмсч, монгол гутал жийсэн залуу жүжигчид хүнгэнэсэн дуугаар амандаа текст уншиж зөрнө. Харин тайзнаас орчин цагийн Ромео гэгддэг залуу жүжигчин Б.Шинэбаяр гар утсаа барьсаар яаран гүйж гарч ирэв. Тэрээр шатны хажууд очиж “Байна уу. Хайрт минь…” гэж утсаар ярих нь тод сонсогдов. Хэсэг чимээгүй цаад хүнийхээ яриаг сонссоноо шатны бариул тас атгаж нулимсаа тэсч ядан гаргаж мэгших нь харагдав.Ахин утсаа шүүрч “Бие нь яаж байна. Чамдаа хайртай шүү” гэж хэлээд утсаа салгав. Юу тохиолдсоныг нь мэдэхгүй ч хэрэгт дурлаж хэсэг түүнийг харж зогслоо. Жүжигчин залуу орос бакал холхигнуулан өмссөн агаад хонгилоор пар пар хийтэл чимээ гарган алхаж басхүү хоёр тийш хана цохин үсрэх.

Харин царайд нь ялимгүй инээмсэглэл тодорно. Энэ зуур жүжигчид өрөөнөөсөө цуварч гарч ирэн “За яасан төрчихсөн үү” гэж асуухад “Тэглээ” гээд нулимсаа арчив. Жүжигчид дуу дуугаа авалцан Б.Шинэбаярыг тэвэрч “За аав болсонд баяр хүргэе” гэсээр ард хоцров. Дашрамд дуулгахад энэ цагийн Ромео бүл нэмж шинэ хүнтэй болсон баярт мэдээг уншигч та бүхэндээ дуулгахад таатай байна. Ингээд бид түүнд баяр хүргэх олны дундаас “Танайд өнжье” булангийнхаа зочдыг олж уулзаад өрөө рүү нь алхав. Жүжигчин Алтангэрэл, Номуун нар драмын театрт ид мандаж яваа залуу жүжигчдийн төлөөлөл. Тэд нэг хүүтэй. Уран бүтээлдээ ч, амьдрал дээр ч өөрсдийн гэсэн бүхний эхлэлийг тарьж ургуулж яваа залус юм. Биднийг очих үеэр Их Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн түүхэн эмгэнэлт “Жаргаагүй нар” жүжиг мөн “Царцаа намжил” жүжгийн сургуулилт явагдаж байв. Жүжигчин Шинэбаярыг аав болсон гээд найруулагч уран бүтээлчдэд арван минутын завсарлага өглөө. Энэ хооронд бид танилцаж, уран бүтээлийн яриа өрнүүлэв. Жүжигчин Алтангэрэлийн аавыг Ганболд, ээжийг Амарбаясгалан гэдэг. Түүний аавыг хөгжмийн зохиолч Түзэлийн Ганболд гэдгээр нь ард түмэн андахгүй биз ээ. Алтангэрэл эхээс гурвуулаа. Аавынхаа зам мөрийг дагаж урлагийн мөр хөөсөн нь Алтангэрэл гэнэ. Тэрээр “Би аав, ээжээ дагавал Баянхонгор аймгийн уугуул. Удам угсаагаа хөөвөл Архангай аймгийн хүн. Манай өвөг, дээдэс хэлмэгдүүлэлтийн үеэр Архангай аймагт нутаглаж байсан гэдэг. Аав, ээж маань Орост сурахаар явахдаа намайг хөдөө эмээ, өвөө рүү “цөлсөн”. Намайг багадаа төмөр орны хөлөөс уяатай өнждөг хүү байсан гэж эмээ ярьдаг.Хоёр хөгшинд багын элэгтэй болохоор сургуулийн амралт эхлэнгүүт л хотын хүүхдүүд шиг зуслан гэж ярихын оронд хөдөө өвөөгийндөө очдог байлаа. Бас болоогүй ээ, айл саахалтын хөвгүүд дунд эмнэг сургадгаараа дээгүүрт бичигддэг байлаа ш дээ” хэмээн хүүхэд ахуй насаа дурсав. Тэрээр нийслэлийн Эрдмийн ундраа цогцолборыг төгссөн бөгөөд 2007 онд СУИС-д шалгалт өгч Б.Мөнхдорж багшийн удирдлага дор жүжигчний ангид оржээ. Түүнийг төгсөх жил Улсын драмын эрдмийн театрт “Тэнгэрийн хүү” жүжиг тайзнаа тавигдаж дөнгөж төгсөж буй оюутанд арван баатрын нэгд тоглох завшаан олджээ. Хэдий олны хэсгийн дүр ч уран бүтээлийн хамгийн том ордны үүд хаалгыг нээж өгсөн болохоор их олзуурхдаг гэнэ. Энэ тухайгаа Алтангэрэл “Намайг төгсөх жил театрын 80 жилийн ой тохиож “Тэнгэрийн хүү” жүжгийг тайзнаа тавьсан юм. Тус жүжигт аравтын баатруудын нэгэнд тоглосон. Баатрууд зэрэг дуугаар “Хүн, хүн, хүн” гэж ухайлдаг хэсэг байдаг. Гурван удаа энэ үгийг хэлдэг. Олуулаа хэлэхээр их сүрлэг сонсогдоно. Гэтэл нэг тоглолт дээр би ганцаархнаа нөгөө хэдээсээ зөрөөд орилчихсон.Их л сонин сонсогдсон байх. Тайзан дээрх жүжигчид шоолж инээж буй нь мэдэгдээд, би ч их эвгүй байдалд орж байсан юм. Би тэр жилдээ театрын дэргэдэх студид дагалдан жүжигчнээр орж хоёр жил ажилласан. Тухайн үед таван жүжигчин байсан. Баярмаа, Дөлгөөн-Аюуш, Баяржавхлан, Цэнгэлжаргал бид тав байсан.Бид “Солиотой” жүжгээр шалгалтаа өгч үндсэн жүжигчнээр орсон” хэмээн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаад амжив. Хэн нэгэн хаалга их хүчтэй татаж “Тайзан дээр гарах цаг чинь боллоо” гэв. Алтангэрэл ч яаран сандран гарч одлоо. Харин гэргий Номуун бид хоёрын яриа цааш үргэлжлэх. Номууны хувьд нөхрийгөө бодвол арай хожуу театрын гэр бүлд багтжээ. Номууны аав Гантөмөр Сэлэнгэ аймгийн харьяат бол ээж нь Төв аймгийн харьяат аж. Тэрээр нийслэлийн 31 дүгээр сургуулийг төгссөн байна. Төгссөн жилээ л багаас мөрөөдөж ирсэн жүжигчний мэргэжлээр СУИС-д шалгалт өгсөн хэдий ч тэнцээгүй байна. Гэвч тэрээр жүжигчин болох хүсэл, мөрөөдлөөсөө няцахгүй дараа жил нь дахин шалгалт өгч. Хоёр дахь оролдлого нь бүтэлгүйтсэнгүй. Тэрбээр хүссэн ангидаа орж чаджээ. Бүр хүндэлж явдаг Л.Дэмидбаатар, Л.Чаминчулуун багшийн ангид орсондоо их баярласан гэдэг. Номуун “Би сургуулиа төгсөөд “Эмоци продакшнд найман сар ажиллаад театрын босгыг алхсан. Гэхдээ нөхөр бид хоёр бусдын л адил хоёр жил дагалдан жүжигчнээр ажиллаж байгаад шалгалт өгч тэнцээд жинхэлсэн” гэв. Энэ зуур хаалга тогшив. Нэгэн эмэгтэй “За миний охин дажгүй юу. Хүү тайз руу гарчихав уу” гэсээр орж ирэв. Энэ эмэгтэй Номууны ээж Байгалмаа аж. Байгалмаа театрын эмэгтэй жүжигчдийн хувцасны эрхлэгч юм байна. Тиймээс Номуун ухаан орохын л энэ театрт ээжийгээ дагаж ирдэг байж. Тэрээр “Хүүхэд байхдаа үзсэн жүжгийнхээ дүрд одоо өөрөө тоглоод явж байна гэж бодохоор их сайхан мэдрэмж төрдөг. Миний мөрөөдөл театрын жүжигчин болох. Энэ мөрөөдөл минь биеллээ олсонд маш их баяртай байдаг” хэмээн ярив.

АНХНЫ ҮНСЭЛТ

Цаг мөч бүр театрын тайзнаа ажиллаж, амьдарч буй хосуудад нэгнийгээ хардахаас эхлээд хүнд хэцүү зүйл бишгүй л байдаг болов уу. Наад зах нь жүжигт өөр хэн нэгэнтэй үнсэлцэх ч юм уу, гэж сониучирхан асуухад Алтангэрэл “Бид уран бүтээлч. Тиймээс учиргүй хардаж сэрдээд байх зүйлгүй.Гэхдээ “Ромео Жульетта” жүжигт эхнэр маань Шинээтэй үнсэлцэхийг хажуунаас нь хараад зогсч байхад их сонин мэдрэмж төрдөг. Бидний анхны үнсэлт санаанд ордог.Бас болоогүй ээ, эхнэрийгээ хөлөө жаахан өргөвөл гоё харагдана даа гэж бодох үе бий шүү” хэмээн наргив. Хоёулаа хамт ажилладаг болохоор уран бүтээлийн алдаа оноогоо дэнслээд явахад их амар гэнэ. Басхүү өөрсдийн багш нараасаа үлгэр дуурайл авна. Алтангэрэл “Залуу жүжигчид багшдаа хадаг тавьж багш, шавийн барилдлага тавьдаг байсан. Харин энэ жаяг хэсэг мартагдаад яг намайг театрт орох үед эргэж сэргэсэн. Би Цэрэндагва багшдаа хадаг барьж багш шавийн барилдлага тавьсан. Харин манай хүн Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь эгчийн шавь. Ер нь багштай байна гэдэг их аз шүү” гэв.Харин амьдралын үлгэр дуурайлыг Ардын жүжигчин Цэрэндагва, Мэндбаяр гуай нараас авдаг гэнэ. Хосууд “Дагва ах, Мэндээ эгч хоёр их сайхан хосууд. Залуус бидний хувьд жинхэнэ үлгэр дуурайл санагддаг. Тэд гэрээ ч, театрыг ч их гоё гэгээлэг гэрэлтүүлж чаддаг. Бид яг л тэдэн шиг гэр бүл болохыг хичээдэг” хэмээн хэлэв.

ҮЗЭГЧДИЙН ӨМНӨ ЭХНЭРТЭЭ ГЭРЛЭХ САНАЛ ТАВЬЖЭЭ

Ингээд жүжигчдийн нэг өдрийн сургуулилт дуусч тэдэнтэй хамт гэрийнх нь зүг хөдлөв. Залуус харих замдаа дурлалын түүхээсээ хуваалцав. Алтангэрэлийн аав хөгжмийн зохиолч учир тэдний гэрээр тухайн үед О.Дашбалбар, Т.Галсан, Бирваа гуай зэрэг алдар нэртэй хүмүүсийн хөл тасардаггүй байж. Аав нь шинэ ая бичихээрээ хүүдээ сонсгож хоёул гэртээ хөгжмийн аянд хөгжилдөн бүждэг байсан нь одоо хэр санаанаас нь гардаггүй аж. Хүүхэд ахуйн хамгийн нандин мөч хэмээн жүжигчин залуу ярих. Тиймдээ ч дуучин болно хэмээн боддог байж. Наймдугаар анги төгсөх жил нь аав нь түүнд жүжигчин болбол зүгээр гэж зөвлөжээ. Хүү ч аавынхаа зөвлөсний дагуу СУИС-д шалгалт өгч тэнцсэн байна. Харин түүнийг дөрөвдүгээр курст орох жил Г.Номуун оюутан болж орж иржээ. Нэгдүгээр курсийн оюутанд харц, сэтгэл алдарсан залуу дурлалынхаа төлөө их ч явсан гэнэ. Тэднийг оюутан байхад телевизийн олон ангит хилийн цэргийн тухай өгүүлэх “Босго тотго” киноны зураг авалт явжээ. Залуу жүжигчид нэг нь османы дүрд тоглож нөгөө нь цэргийн албан хаагчийн эхнэр Янжинлхамын дүрд тоглосон байна. “Энэ кино л биднийг бие биедээ дотносох боломжийг олгосон доо” хэмээн хоёр биен рүүгээ инээмсэглэн харах аж. Тэгсэн Номуун “Манай хүн анх надад гэрлэх санал тавихдаа хэзээ ч мартагдахааргүй гэнэтийн бэлэг барьсан. Тэр өдрийг би хэзээ мартдаггүй” гэв. Харин Алтангэрэл “Би “Хэлж амжаагүй хайр” жүжгийг тайзнаа тоглох үеэр найруулагч, уран бүтээлччидтэй хуйвалдсан юм. Тэгээд жүжгийн төгсгөлд оюутнууд гар гараасаа барилцаад амьдралын их зам руу хамтдаа гээд хэлдэг яг тэр үед манай хүн ганцаараа тайзан дээр үлдэхэд нь би эхнэртээ гэрлэх санал тавьж бөгж бэлэглэсэн. Үзэгчид шуугилдаад эхнэр маань ч их баярласан. Бидний амьдралын хамгийн анхны дурсамжтай өдөр тэр байсан” гэв.

“БИД ӨӨРСДИЙНХӨӨ ТҮҮХИЙГ ДӨНГӨЖ БИЧИЖ ЭХЭЛЖ БАЙНА”

Уран бүтээлч гэр бүлийн хувьд бүхий л цаг мөчид хамтдаа байдаг хэдий ч ар гэрийн амьдрал орхигдох гээд байдаг тухай гэрийн эзэгтэй Номуун ярьсаар гэртээ ортол өөдөөс нь хүү нь бөөн хөл хөөр болсоор гүйж ирэв. Нүдээ гараараа дарж ээж, аавдаа эрхлэн тоглоно. Хүү өдгөө хоёр ой хүрч байгаа аж. Хүүг өвөө, эмээ нар нь нүүрний хувирал сайтай жүжигчин болно хэмээн өхөөрддөг байна. Гэрийн эзэгтэй хөргөгчнөөс хөлдөөж бэлдсэн бууз гаргаж харагдав. Тэрээр “Бид хоёр амралтын өдөр бууз, банш чимхээд хөлдөөчихдөг.Ажлын өдрүүдэд гэртээ хоол хийж амжихгүй бол бэлдсэн буузаа жигнэнэ, ажилдаа авч явна. Харин завтай үедээ сайхан жигнэсэн гурилтай шөл хийнэ. Нөхөр маань их дуртай. Бас эрчүүд болсон хойно цуйванд нугасгүй. Завтай үедээ аль болох нөхрийнхөө захиалсан хоолыг хийнэ. Харин ажил ихтэй бол цаг бага зарцуулдгаар нь будаатай хуурга хийчихдэг юм” хэмэн инээмсэглэнгээ “Аав ээж нар аль болох шөлтэй устай хоол ид. Дандаа хуурч хайрсан хоол идээд байвал ходоод муутай болно гэдэг юм. Даанч тэр болгонд даалгаврыг нь биелүүлэхгүй юм даа” гэв. Хосууд байрандаа нүүж ирээд удаагүй байгаа бололтой. “Хараахан төвхнөж амжаагүй л байна” хэмээн санаа зовнингуй хэлэв. Харин уран бүтээлийн үеэр тайзнаа авахуулсан зураг хананд хэд хэд өлгөөтэй харагдах. Гэрийн эзэн чөлөөт цагаараа нум сум харвах, сагс тоглох дуртай бололтой спортын хэрэгсэл харагдав. Харин эзэгтэй зураг зурах хоббитой юм байна. Гэрийн эзэн Алтангэрэл “Бид залуу гэр бүлийн жишгээр л явж байна. Өөрсдийнхөө түүхийг бичээд явж байна. Бид хоёрын амьдрал маш сайхан эхлээд үргэлжилж байна. Дагва ах, Мэндээ эгч хоёр шигээ залуу үедээ үлгэр дуурайл болсон айл болно гэж боддог. Хамгийн гол нь эрүүл саруул, элэг бүтэн байх нь чухал. Энэ бүхний ард бидний эцэг эх, хамаатан садан яг л асаалттай арван танк гэдэг шиг тусалж дэмжиж байна. Мөн уран бүтээлийн ах, эгч нар найз нөхөд маань байна” гэсэн юм.

АМЬДРАЛ ДЭЭРХ ХОСУУДЫН УРАН БҮТЭЭЛ ДЭХ ХАМГИЙН АНХНЫ ХОСЫН ДҮР

Уран бүтээлд тоглосон зургийн цомгоо үзэх зуур хосууд хоёулаа нэг театрт ажилладаг уран бүтээлч гэдэг утгаараа дотроо нэгэн зүйлийг битүүхэн хүсч явдаг тухайгаа ярив. Энэ нь хамтдаа дурлалт хосын дүрд тоглох. Гэхдээ хүслээ биелүүлнэ гээд хамаагүй уран бүтээлд тоглохыг хүсдэггүй гэнэ. Өөрсдийн гэсэн уран бүтээлийн цензур тэдэнд бий. Хосуудын дүрд тоглох кино уран бүтээлийн санал мэр сэр ирдэг ч уран бүтээл дэх анхны хосын дүрээ их сайхан, бусдад үлгэр дуурайл болох тийм дүр байгаасай гэж хүсдэг байна. Ялангуяа түүхэн хаан, хатны дүрд тоглох бодолтой гэнэ. Харин саяхан “Царцаа намжил” хүүхдийн жүжигт буга, согоо хоёрын дүрд тогложээ. Тэд “Бид хоёрын уран бүтээл дэх хамгийн анхны хосын дүр гэх үү дээ” гэж хошигноод авав. Хүүхдийн уран бүтээлийн санг арвижуулах зорилгоор Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлч хамт олон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хүүхдэд зориулсан уран бүтээлийн төслийн уралдаан явуулсан бөгөөд үүнд Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг тэргүүлсэн учир ийн тайзнаа амилуулаад байгаа аж. Тэд жүжигчин хүний дүрд тоглох шунал барагдахгүй байх л даа. Уран бүтээлч хүний сэтгэл нь байнга “өлөн” явж байдаг хэмээн инээлдэв. Уран бүтээлийн тухайд гэвэл Номуун өнгөрсөн жил моно жүжгийн төрөлд “Гэгээн муза” хүртсэн билээ. Түүний хэлснээр бол ганц хүний жүжгийн давуу тал нь жүжигчин өөрийгөө задалж, өөртэйгөө ажиллаж сурахад маш онцлогтой гэнэ. Тиймээс ганц хүний жүжгийн төрлөөр цаашдаа уран бүтээлд тоглох төлөвлөгөөтэй байгаа бололтой. Мөн театрын хуваарийн дагуу энэ сарын 21-23-ны хооронд Дорнод аймагт, 27-нд Эрдэнэт, Дарханд тоглогдох “Жаргаагүй нар”, “Царцаа Намжил” зэрэг уран бүтээлд тоглохоор бэлтгэл сургуулилт хийж байгаа аж.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *