Categories
мэдээ цаг-үе

Б.Орхонтуул: “Нисдэг нь” зураг маань анх нэргүй бүтээл байсан

Монголд зураач, урчууд ямар чиг хандлагатай уран бүтээл туурвиж байгааг багцлан харах боломжтой “Алтан бийр”, “Намар”, “Оны шилдэг бүтээл” гэх үзэсгэлэнгүүдийг Монголын урчуудын эвлэлийн хорооноос уламжлал болгон гаргадаг. Энэ удаад дөрөвдүгээр сарын 4-11-ний хооронд “Алтан бийр-11” үзэсгэлэн гарсан. Үзэсгэлэнд 100 орчим уран бүтээлчийн 120 гаруй шинэ ажил дэлгэгдсэн байна. Эдгээр уран бүтээлчдээс Б.Орхонтуулын “Нисдэг нь” гэх нэртэй зураг шилдэг бүтээлээр шалгарсан юм. Түүнтэй бүтээлийнх нь талаар ярилцлаа. “Алтан бийр-11” үзэсгэлэнд шилдгээр шалгарсан зураач Б.Орхонтуул МУЭ-ийн хорооны Урлангийн байранд нэг жил ажиллах эрх, мөнгөн шагнал, “Сувд” арт галерей, “Ninth Art Gallery”-д тус бүр нэг удаа үзэсгэлэн гаргах эрхээр шагнагджээ.


-Эл бүтээлээ “Нисдэг нь” гэж нэрлэсэн учир юу байна?

-Зургийг нэрлэхэд их хэцүү байдаг. Анх Монголын урчуудын эвлэлийн хороон дээр бүтээлээ аваачиж өгөхөд нэргүй байсан ч “Нисдэг нь” гээд нэрлэчих үү гэхээр нь зөвшөөрчихсөн юм. Сүүлд хараад байхад нэр нь оносон юм шиг санагдсан.

-Зураг дээр чинь байгаа хоёр хүн их анхаарал татаж байна л даа?

-Хоёулаа би өөрөө байгаа юм. Амыг нь утсаар боочихсон учраас бөмбөлөг хийгээр дүүрдэг шиг уран бүтээлч хүн өөрийгөө илэрхийлэхдээ ч учиртай илэрхийлж байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Дотоод хувьслаа л илэрхийлж байгаа хэрэг л дээ. Тийм учраас миний нэг дүр хийлсэн бөмбөлөг болж харагдаж байгаа. Харин дээр нь мордчихсон нөгөөх нь хуруугаараа амаа дарсан нь аливаа зүйлд дандаа хийлсэн бөмбөлөг шиг байж болохгүй, сэтгэлзүйгээ хааяа дарж чимээгүй байх хэрэгтэйг бэлгэдлээр харуулсан л даа.

-Сар ч бас бөмбөлөг юм биш үү?

-Тэр харахад сар боловч бас нэг бөмбөлөг байгаа юм. Ер нь сар, бөмбөлөг гэхээсээ илүүтэй уран бүтээлч хүний хүрэх ёстой зорилгыг төлөөлүүлсэн бэлгэдэл. Тиймээс бөмбөлгөн нүүр, бөмбөлгөн сар хоёр хоорондоо утсаар холбоотой байгаа. Монгол уран зургийн бэлгэдлийг орчин үеийн урлагтай холбож л зурсан юм. Би багаасаа үлгэр домог сонсож өссөн болохоор бэлгэдлийн зүйлийг ургуулан бодох их дуртай.

-За, тэгвэл цөл ч юм шиг, мөхсөн ертөнц ч юм шиг энэ уулс юуг бэлгэдэж байна?

-Бөмбөлөг, сар, бөмбөлгөн нүүрт хүн гээд бүгд зөөлөн биетүүд учраас зургийнхаа зохиомжийн тэнцвэрийг хадгалах үүднээс ийм талстан уулсыг дүрсэлсэн хэрэг. Хатуу, зөөлөн хоёр чинь энэ орчлонгийн мөн чанар юм л даа. Агаарт байгаа гурвалжингуудын тухайд бөмбөлөг, бөмбөлгөн нүүртай таарч орхивол хагалчихна. Гурвалжин гэдэг өөрөө хатуу ирмэгтэй хурц зүйл. Харин бөмбөлөг бол эмзэг зөөлөн. Тиймээс сарыг хүртэл бөмбөлөг болгон зурсан.

-Өөрөө өөрийгөө унадаг нь яаж байгаа юм бол?

-Ер нь зургийг тайлбарлах хэцүү л дээ. Хүний дотор сэтгэлд бурхан, чөтгөр хоёр орон зайгаа булаалдаж байдаг гэдэг дээ. Бодит ертөнцийн бие махбодон Би-гээс гадна, оюун санааны Би гэж нэг юм байдаг байх. Тэр оюун санааны Би магадгүй хүнийг далдаас эрхшээгээд байх шиг санагддаг. Уран бүтээл хийгээд байж байхад би заримдаа нэг л их хөгшин ухаантай би болчих шиг санагддаг. Мэдээж амьдрал дээр бийр барьсан би хэвээрээ л байгаа шүү дээ. Энэ хоёр би бие биеэ унаагүй, хоёулаа агаарт хий орон зайд нисэж яваа юм. Тэр нисэж байгааг тодруулах гэж доод талын уулсыг дүрсэлсэн. Бөмбөлгөн сарыг зорьж байгаа маань далд байгаа, алс холхийг мөрөөдөж байгаагийн бэлгэдэл гэх юм уу даа.

-Их л учиртай философитой бүтээл болж дээ?

-Аливаа уран бүтээлч амаараа бүтээх нэг хэрэг. Амаар бүтээсэн болгон хөөс хий л болдог. Тиймээс хийгээр дүүрсэн бөмбөлөг болчихгүйн тулд том том ярьж хөөрөхгүй байж байгаад сайн уран бүтээл туурвих нь чухал юм шиг санагддаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *