Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт 4 дүгээр сарын 11-ний өдөр итгэмжлэх жуух бичгээ барив.
Элчин сайд Л.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт уламжлаад, Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын уламжлалт найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхитэй ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд Л.Баттулга нь Будапештын эдийн засгийн их сургуулийг төгссөн. Орос, англи, унгар хэлтэй. 1978 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооноос ажлын гараагаа эхэлсэн.
Унгар Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх, Москва дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх, Вашингтон дахь ЭСЯ-нд зөвлөх бөгөөд консулын хэлтсийн даргаар ажиллаж байсан гадаад харилцааны салбарт олон жил ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн дипломатч юм.