Categories
мэдээ цаг-үе

Цэргийн эмчилгээний Ц.Ламзав багшийн дэггүй 27 хөвгүүн

1987 оны зун. Ангийн багш дэд хурандаа Ламзавтай Улиастайн Эмнэлэг сургалтын батальонд цэргийн цугларалтанд.

Социализмын үеийн зарим ном, кинон дээр ангийн багш нь хүүхдүүдийнхээ төлөө араас нь цуцалтгүй явдаг үзэгдэл гардаг даа. Яг тэрэн шиг 27 оюутан хөвгүүдийнхээ төлөө бүх насаараа анхаарал тавьж ирсэн Ц.Ламзав багшийн ангийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Анагаах ухааны их сургууль цэргийн эмчилгээний дөрөвхөн анги төгсгөсний хамгийн сүүлчийн төгсөлт болох 1988 оны цэргийн эмчилгээний ангийн дэггүй 27 хөвгүүний нөхөрлөл насан туршдаа үргэлжилсээр л. Тэдний анги анагаахад дан хөвгүүдтэй гэдгээрээ тодоос тод ялгарна. Цагаан халаадны оронд цэргийн хувцас өмсөх нь олонтаа. Ангийн багш дэд хурандаа Ц.Ламзав нь Ленинград хотноо Мечниковын нэрэмжит улсын эмнэлгийн академийг төгссөн, анагаах ухааны дэд эрдэмтэн, доктор хүн. Хөмсгөө зангидаж ярьдаг, маш их зарчимч, цэвэрч цэмцгэр гэж бузгай. Ямар сайндаа сургуульдаа “Цэмцгэр Ламзав”-аар дуудуулж байхав. Хавар субботник болоход анги даасан бусад багш нар нийлж шуугилдаж байхад, манай багш “Оюуны хөдөлмөрийн би хааяа нэг гар хөлөө хөдөлгөхөд сайн” гээд бидэнтэй мөр зэрэгцэн ажилладаг байсан. Ажил завсарлахад том цүнхнээсээ тэр үеийн төгрөг дөчийн талхан дээр орос масло түрхэж, арав жарын зузаан хэрчим хиамтай хүний тоогоор хүн бүрт хоёр талх бидэнд гаргаж өгдөг байсан гэж оюутнууд нь одоо хүртэл үүнийг дурсан ярьдаг. Оюутан цагийн дурсамжит үеэс хойш 29 жил өнгөрчээ. Цэргийн командаар хүмүүжсэн цэргийн цолтой сургууль төгссөн 27 бакаль өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбарыг өнгөлж явна. Хамгийн мундаг чадвартай мэс засалч, сэхээний эмч нар хэн байна, тэд энэ ангийн хөвгүүдийн нэг нь байж таарахаар салбарын мундгууд олонтой юм байна. Захаас нь аваад нэрлэхэд, “Номуун” клиникийн эмнэлгийн дарга анагаах ухааны доктор, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ж.Жанчив, Улсын I эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх бөгөөд Эрүүл мэндийн яамны нойрсуулагч, мэдээгүйжүүлэлтийн ерөнхий зөвлөх Ц.Ганбат, I эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Чулуунбаатар, III төрөх эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал С.Ганболд, Халдвар судлалын үндэсний төвийн сүрьеэгийн клиникийн их эмч, дэд хурандаа З.Мягмаржав, “Гарьд манлай” хувийн эмнэлгийн дарга З.Цэгмид, Баянзүрх дүүргийн гэмтэл, мэс заслын эмч Ж.Нямжав, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгчдийн тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн мэс засалч, клиникийн профессор Д.Жаргалсайхан, “Монгол хьюндай” солонгос эмнэлгийн дарга Д.Мөнхбат, Дорноговь аймгийн мэс заслын зөвлөх эмч Л.Баярсайхан, Эрдэнэт хотын мэс заслын эмч Д.Хэнчбиш, Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Т.Баянмөнх, Х.Төлеген Казакстанд эмнэлгийн дарга, Зүүнбаян цэргийн госпитальд эмч байсан Ц.Ганбаатар, Зүүнхараагийн нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Г.Ганбаатар нарыг нэрлэж болно. Г.Ганбаатар бол гарын дүйтэй. “Мартаж үл болно” кинонд Сүхбаатарын хөшөөг яг ижилхэн хийсэн, түүний хийсэн сийлбэр ур хийцээрээ алдартай. Тэрээр оюутан байхдаа шалгалтын хуудасны буланд тамгатай цаас дардаг байхад яг адилхан тамга сийлж дэггүйтэж байсан түүхтэй. “Монгол фитнесс” бодибилдинг төвийн захирал П.Зориг бол Монголд анхны фитнесс төвийг үндэслэгчдийн нэг, анагаахын талаас нь судалсан.

1985 он III курс. Урд эгнээнд Мягмаргариг, Жаргалсайхан, Жанчив. Арын эгнээнд Баяраа, Мөнхбат, Ганболд.

Гэмтлийн эмнэлэгт мэс засалчаар ажиллаж байсан П.Зориг эмчийн хобби нь хувийн бизнес нь болжээ. Хувийн бизнес эрхэлж буй хэд хэдэн хүн бий. “Монгол гүрмэл” хэвийн боовны үйлдвэрийн захирал Л.Мягмаржав, Цогтбаатар нар байна. Цэргийн эмчилгээний анги төгссөн болохоор бүгд ажлын гараагаа цэргийн ангиас эхэлсэн түүхтэй. Армиас тэтгэвэртээ гарсан хэд хэдэн хурандаатай. Одоо ажиллаж буй хурандаа нарыг дурдвал Цэргийн госпиталын дарга бөгөөд хурандаа С.Батболд, Өмнөд Суданд эмнэлгийн багийн даргаар ажиллаж байгаа хурандаа Г.Наранхүү нарыг нэрлэх байна. Ангийн 27 хөвгүүний дийлэнх нь доктор, клиникийн профессор, Монгол Улсын зөвлөх эмч нар гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй байх. Өдгөө ангийн хөвгүүдээс зургаа нь бурхан болжээ. Талийгаач Б.Эрдэнэбат маань Дархан хотын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр олон жил ажилласан, нэртэй сайн эмч байсан. Дангаа маань гэмтлийн мэс засалч. Хөдөө Завхан аймагт эмчээр ажиллаж байхдаа нас барсан. Г.Батболд манай ангийн ганц Сүхбаатарын цалинтай шилдэг оюутан байсан. Анагаах ухааны сургуульд багшааар ажиллаж байсан. Отгонбаатар цэргийн төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн эмч байсан. Мөн цэргийн төв эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгч байсан Ш.Батсайхан, Дархан хотын “Цээнэ” эмнэлгийн захирал дүрс оношилгооны эмч Ч.Амаржаргал нар маань бидний хажууд алга байна хэмээн дэргэд байхгүй болсон ч зүрх сэтгэлээрээ хамт байдаг андуудаа дурсан ярьцгаасан юм. Ц.Ламзав багшийн ангийнхан дэг журам маш өндөртэй, нэгнийхээ үгэнд одоог ч хүртэл орно. Байнга цуглана. Бараг өдөр болгон уулздаг гэсэн. Бидний хамгийн хайртай, чухал хүн бол багш маань. 1982 оноос хойш ноднин жил бурхан болтлоо 35 жилийн турш ангийнхантайгаа нэг ч холбоо таслаагүй уулзалддаг, амьдрал ахуйд нь тус хүргэх гэж явдаг байсан талаар дурсав.

Ангийн багш, клиникийн профессор Ц.Ламзав

Багш нь бүх шавь нарынхаа төрсөн өдрийг мэддэг, хэн хүнээс урьтаж хамгийн түрүүнд утасдаж баярын мэндийг заавал хүргэдэг уламжлалтай байжээ. “Өндөр аав” шиг 27 шавийнхаа араас хөөцөлдөн тусалдаг ч эргээд шавь нараасаа тус авах тун дургүй, бусдаас тусламж авдаггүй хатуу зарчимтай “айхтар” хөгшин байсан гэнэ. Ангийнхан жил бүрийн цэргийн баярын өдрөөр багштайгаа уулзахдаа амьдрал ахуйн “илтгэл”-ээ тавина. Ламзав багш маань бидний бүх юм байсан. Яг л аав шиг минь гэж шавь нар нь нэгэн дуугаар хэлнэ. Багшийн гэргий орос эмэгтэй Анна эгч бидний ээжийгээс дутахгүй сэтгэл тавина. Гадаад явдлын яаманд бичээчээр ажиллаж байсан. Багшийнх маань хүүхэдгүй байсан бөгөөд бид яг үр хүүхэд шиг нь л байсан даа. Багш орос школтай. Гадуур хэзээ ч хоол идэхгүй, үргэлж гэрээсээ бэлдсэн хоол авчирна. Гэрт нь гэнэтийн зочин ирвэл урьдчилж хэлээгүй гээд хаалгаа тайлдаггүй. Гаднаасаа харахад хямсгар юм шиг хэрнээ сэтгэл доторх нь ямар агуу том ертөнц байсан бэ гэдгийг бид гайхан шагширмаар. Анагаах ухааны сургуульд зөвлөх багшаар ажиллаж байхад нь бид багш дээрээ байнга очно. Дэнхийсэн юмнууд, одоог хүртэл багшаасаа салдаггүй нөхдүүд гэж бусад багш нар нь хэлдэгсэн. Оюутан байхад Ж.Жанчив маань сонгуулийн хүмүүсийг гэртээ оруулалгүй нохой өөдөөс нь тавьсан хэргээр сургуулиасаа хөөгдөхдөө тулахад багш хойноос нь хөөцөлдөж байж авч үлдсэн. Манай ангийн нэг хүүхэд сургуулиа төгссөнөөс хойш нэг хэсэг архи их уув аа. Багштайгаа дөрөв, тавуулаа бид Таван буудлын тэнд гэрээс нь олж уулзаад, багш чанга дуугаар загнаад л байлаа. Үнэхээр архи уух хэмжээ нь дууссан уу, багшийн үг ой тоонд орсон уу архи уухаа шууд больчихсон юмдаг. Одоо тэр андын маань аж амьдрал нь өнгөтэй, дарга нөхөр болсон доо гэж ярив. Наранхүү маань олон дүү нартай өнчин өрөөсөн өссөн. Нараагийн араас багш хөлөө хугартал явсан даа. Хаана ч Нараагаа хамгаална. Сахилгагүй, хичээлээ тасална, шалгалт болоход ард нь өнгөлзөөд сууна. Тэгж чирсээр байгаад төгсгөж билээ. Нэгэнтээ охид олонтой сургуульд сурч байсных анагаахаас тал хувь нь эхнэр авчээ. Багш маань эхнэрүүдийнх нь хүртэл араас нь санаа тавина. Манай бэр онц сурдаг гэж ирээд л ярих. Нэг удаа залуухан эмэгтэй багш шалгалт авч байв аа. Багш маань орж ирээд суучихсан, залуу багш та хянаж байгаарай түр гарчихаад ирье гээд гараад явлаа. Бид багш руугаа пир хийтэл гүйж очоод, багш үүдэнд харуулаар Зориг зогс, Батболд тэр буланд харж бай гээд л бид ч билетээ сөхөөд хараад л гэж оюутан цагийн тухай хууч дурсав. Бидний амьдрал ахуй бүгд багштай маань холбоотой. Бид одоо ч нэгнийхээ үгийг маш сайн сонсоно. 30 гаруй жил нэгнийхээ жаргал зовлонг хуваалцаж байна. Нэг удаа багшийгаа баярлуулахаар бээжин шарсан нугас аваад оройхон хаалгыг нь тогшив оо. Хаалгаа онгойлгоогүй. 10 цагаас хойш ирсэн, бэлэг сэлт юм өгөх гэлээ гээд оруулаагүй юмдаг. Гэхдээ багшийгаа бид гэнэдүүлнэ ээ. Багшийнхаа 80 насны ойг тэмдэглэхдээ гэрийнхэнд нь нууцаар хэлж 20 гаруй хүний хоол бэлдчээрэй гэчихсэн. Багш хэрэв сонсчихвол ой энэ тэрийг тэмдэглүүлэхгүй л гэнэ. Багшдаа хэлээгүй учраас гялс хаалга онгойнгуут бид чихэлдээд гүйлдээд орчихсон. Хэрэв цөөхөн хүн байсан бол багш шууд хөөгөөд гаргана л даа. Нэгэнт хорин хархүү ороод ирсэн учраас яаж чадалгүй, тэгээд багшийнхаа 80 насны ойг сайхан тэмдэглэсэн юм. Ингэж л багшийг гэнэдүүлэхгүй бол манай багш хүнээс юм авахдаа маш нарийн, харин өгөхдөө харамгүй. Нэг юм гуйх гэвэл 10 хоногийн өмнөөс урьдчилж асууна. Завтай юу гээд л. Тэр нь тухайлбал, захаас хоёр шуудай байцаа авах хэрэг гарвал унаа гуйх гэж бөөн юм болно. Тэгээд хүргэж өглөө гээд харамгүй том бэлэг заавал өгнө. Ийм л хүн байсан. Манай ангийн дарга Мягмаргариг Польшид удаж байгаа тул Зориг маань ангийн дарга болсон. Төгсөлтийн 20 жилийн ойн баярын дараа бид орой хуралдаж байгаад Зоригийг халж Жанчивыг тавьсан. Одоо энэ нөхөр халагдах болчихоод байгаа гэж яриад хөхрөлдөв.

2017 он. III сар.

Ангийн хөвгүүд өдгөө 50 насыг хэдийнэ гарсан ч өдөр бүр биентэйгээ холбогдоно, групп чаат бичнэ, салахгүй. Тэд багшийгаа эмнэлэгт хэвтүүлэх болбол өөрөөс нь асуухгүй. Тал талаас мөнгө цуглуулж байгаад бөөн төлөвлөгөө зохиож хуйвалдаж байж хэвтүүлнэ. Нэг удаа багшийгаа Хандгайт дахь цэргийн амралт руу авч явахдаа багшийнхаа ангийн хүүхэд, найз Моломжамц генералыг цуг авч явахаар болжээ. Гэтэл утсаар ярихдаа мөнгөний тухай нэг нь ам алдчихсан чинь багш “Та нар муухай юм хийх гээд байна. Та нар мөнгө өгөх гээд байна. Би буулаа” гэв. Багшийн хөл нь хугарчихсан байсан үе л дээ. Та хөл муутай, хаа холдох юм. Бидэнтэй яв гэж хүчээр шахам хэлсээр цэргийн амралтад амрааж билээ. Жанчив маань докторын хамгаалалтад орох гэж байхад бидэн рүү залгаад цаадах чинь хамгаалалтад орлоо. Та нар очиж байна уу гэж утасдана. Тэгээд тэнхим рүүгээ утас цохиж “Миний шавь зэрэг хамгаалах гэж байна” гэж захина. Ингэж л бидний араас үргэлж санаа тавина. Оюутан байх үеийн онигоогоо эргэн дурсан ярьж баахан хөхрөлдөцгөөсөн юм. Өвөрхангайн Ганболдыг чавка гэж хочилдог. Анхны хичээл дээрээ цүнхгүй гартаа юу ч бариагүй иржээ. Бид хаанаас дэвтэр гаргах бол гэж хараад байлаа. Тэгсэн чинь хромон гутлынхаа түрийнд 12 мөнгөний нимгэн дэвтэр хийчихсэн байсансан. Чавка гэдэг нь бид нар нийлж доргиход, биднийг хооллодог, арчилдаг, загнадаг, араас үглэдэг байсан нэгэн. Одоо ч тийм байгаа гэв. Микрийн Зориг (Малыш) ангиасаа хамгийн том биетэй мөртлөө насаараа хамгийн бага нь. Орос сургууль төгссөн учир монгол хэлэнд маруухан байлаа. Ярих гэж тамлан, бичих гэж бүүр алинг нь алдуулна. Гэхдээ л ангийнхандаа хичээлийг орос хэлнээс чадахаараа хөрвүүлж тайлбарладаг байлаа. Нэг удаа нягт гэдэг монгол үгийг хэлэх үг баахан тата тунгадаж байсан гэнэ. Ийнхүү Ц.Ламзав багштай нэг ангийнхантай уулзахад цагаан атаархал төрөхөөр насан туршийн сайхан нөхөрлөлийг олж харсан юм. Хүний дээд гэж нэрлэж болохоор Ц.Ламзав хэмээх багшийн тухай бас танин мэдэх завшаан гарсан юм. Дараа жил энэ ангийнхны 30 жилийн ой болно. Зад авна аа гэж хэлэх ч цуглахаараа ууж сүйд болохгүй дээ гэлцэх. Жаргал, зовлонгоо хуваалцаж, эрүүл мэндийн энхийн манаанд тэргүүлж яваа эмч ангийнхнаар бахархсанаа нуух юун.

Б.ДОЛЗОДМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *