Categories
мэдээ цаг-үе

М.Оюунчимэг: Татвар нэмэх дээр ул суурьтай хандах шаардлагатай

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Хаврын чуулганы эхэнд ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төсвийн тодотголыг хэлэлцэн батлах учиртай. МАН-ын бүлэг мэдээж төсвийн тодотголыг батлах байх. Засгийн газар ямархуу тодотгол оруулж ирсэн бол?

-Төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай ч гал унтраах маягаар хийж болохгүй. ОУВС-гийн зүгээс хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн тодотгол хий гэж хэлээгүй. “Танай төсөв, эдийн засгийн систем буруу яваад байна, алдаагаа зас, сахилга баттай бай” гэсэн. Төсвийн тодотголыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж байхад татвар дээр зайлшгүй өөрчлөлт оруулах зүйлс байгаа нь харагдсан. Гэхдээ Сангийн яам хангалттай хэмжээнд төсвийн тодотгол оруулж ирж чадсангүй. Хувь хүний орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэх гэхээсээ илүүтэй олон улсын зах зээлд нүүрс, зэсийн үнэ нэмэгдэж, макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгааг бодолцох ёстой. Тиймээс орлого, зарлага дээрээ анхаарч ОУВС-гийн шаардлагыг хангасан төсвийн тодотгол хийх боломж бий. Тэр утгаараа бид төсвийн тодотголыг эргэж харах ёстой. Эдийн засаг амаргүй байгаа тул архи, тамхины онцгой албан татварыг нэмэх нь зөв. Мөн авто бензин, дизель түлшний онцгой албан татварыг бүгдийг нь нэмэх нь буруу.

-Яагаад?

-Судалгаанаас харахад импортоор орж ирж буй шатахууны 70 гаруй хувийг нь дизелийн түлш дангаараа эзэлж байна. Уул уурхай, барилга гээд томоохон салбаруудад дизель түлшийг түлхүү хэрэглэдэг. Тиймээс дизель түлшний онцгой албан татварыг илүүтэй нэмж, иргэдийн амьжиргаанд шууд тусдаг А80, 92 бензиний татварыг бага зэрэг нэмэх ёстой гэдэг ч юм уу шатлалтай байх нь зөв байх. Ингэлээ гээд нэг их зөрүү алдагдал хүлээхгүй. Сүүлийн дөрвөн жилд цалин нэмээгүй, тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэмсэн байхад цалингийн орлоготой хөдөлмөр эрхлэгчдийн нуруун дээр ачаа үүрүүлж илүү татвар нэмж болохгүй. Зөвхөн цалингаасаа орлого олдог хүмүүст ачаалал нэмж татварын орлого, НДШ-ийн орлогыг нэмэгдүүлж давхар татвартай болгож магадгүй байна. Үүнийг эргэж харах хэрэгтэй. Төсвийн орлого, зарлагаа харж байгаад төсвийн тодотголдоо өөрчлөлт оруулах боломжийг хайх ёстой л доо. Түүнээс биш ОУВС-гийн бүх шаардлагыг хүлээж авах боломжгүй.

-Хувь хүний орлогын албан татварыг яагаад нэмж байгаа юм бол. Бүлгийн хуралд орж мэдээлэл хийсэн хүмүүс ямар хариу өгч байна вэ?

-ХХОАТ-ыг нэмэх болсон шалтгааныг Сангийн яамныхан бондтой холбон тайлбарласан. Бонд татварын хувь хэмжээнд хэр ачаалал үүрүүлж байгаа юм бэ гээд судлаад үзэхээр нөлөөлөл нь тун бага байна. Бонд худалдан авсан аж ахуйн нэгжүүдийн бондын хүү татваргүй тул давхар ашиг олдог. Бонд хүүгийн татвар төлөхгүйн дээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 10-25 хувь хөнгөлүүлдэг. Арилжааны банкууд бонд худалдаж авах гээд байдгийн учир нь энэ. Тиймээс бонд татварт нэг их нөлөө үзүүлэхгүй тул ХХОАТ-ыг нэмэх асуудлаа бондтой холбон тайлбарлаж байгаа нь өрөөсгөл юм.

Түүнчлэн хадгаламжтай л бол хүүгийн орлогын 10 хувийг авна гэж байна. Эдийн засаг хүнд байгаа. Иргэд өөрсдийнхөө хэмжээнд хэдэн төгрөг цааш нь хийж, байрны зээлд хамрагдах гээд урьдчилгаа мөнгө цуглуулаад банкинд хадгалуулсан хүмүүсийн хүүгийн орлогоос татвар авч болохгүй. Эдийн засаг хямрал дундаж болон дунджаас доогуур иргэдэд хамгийн хүнд тусч байгаа. Чинээлэг дундаж давхаргаа дэмжье гэж ярьдаг. Үнэхээр л тийм юм бол хадгаламжийн хүүнд татвар ноогдуулахдаа шатлалтай болгох зөв. Төсвийн зарлага тал дээрээ “шүүсээ” шахах хэрэгтэй. Энэ тал дээр Сангийн яам дутуу ажиллачихав уу гэж харж байгаа.

-Хэт өндөр цалин авч байгаа төрийн албан тушаалтнуудын цалин сүүлийн үед анхаарал татаад эхэллээ. Зарим нь бүр цалингаа нэмэгдүүлэхээр оруулж ирсэн байх жишээтэй…

-Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын цалинтай холбоотой асуудал яригдаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн тухайд хоёр талдаа маргаантай байгаа тул зориудаар ийм мэдээлэл гаргаж байгаа эсэхийг мэдэхгүй. Гэхдээ тус үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүд нь 10 сая, захирал нь 20 сая төгрөгийн цалинг нэг сард авдаг байж болохгүй. Ард түмнийхээ нуруун дээр татвар нэмэх гэж байгаа юм бол өндөр цалинтай хүмүүсийн цалингаас заримыг нь яагаад хасч болохгүй гэж.

Мөн тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудал нэлээд эсэргүүцэлтэй тулгарах шинжтэй байна. Олон улсын жишигт Тэтгэврийн даатгалын шимтгэлтэй холбоотойгоор 62-65 настайд нь тэтгэвэрт гаргадаг юм билээ. Хэдийгээр бид 2036 онд тэтгэврийн насыг 65 болгоно гэж байгаа ч энэ тал дээрээ анхаарч үзэх шаардлага бий. Тэтгэврийн нас нэмэх асуудлаа хөгжингүй орнуудад байдаг гэж тайлбарлаад байгаа л даа. Монгол Улс хөгжингүй орон уу гэдгээ бодолцох ёстой. Энэ мэтчилэн зайлшгүй анхаарал хандуулах зүйлс байгаа ч бид төсвийн тодотголоо зайлшгүй батлах хэрэгтэй. Гэхдээ татвар нэмэх асуудал дээр ул суурьтай хандах шаардлагатай.

-Засгийн газар төсвийн тодотголоо оруулж ирэхдээ зарлагаа нэмэгдүүлчихээд татварыг мөн нэмэхээр оруулж ирсэн нь маргаан дагуулаад байна. Засгийн газар урсгал зардлаа нэмэх шаардлага байгаа юм уу?

-Орлогоо 500 тэрбумаар нэмж, зарлагаа 173 тэрбумаар нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. “Яагаад сайд нарын багц дээр зарлага нэмэгдчихэв” гэсэн асуудал бүлэг дээр яригдсан. Өмнөх Засгийн газрын үед Хөгжлийн банкин дээр төсөвлөсөн зүйлс байсан юм билээ. Үүнийг нь автоматаар яамд руу хуваарилсан. Түүнээс биш төсвийн тодотголоор сайд нарын багц нэмэгдээгүй гэж байсан. Ерөнхий сайд төрийн эрх мэдэлтнүүдийн тансаглалыг зогсооно, төрийн алба чадварлаг цомхон байх ёстой гэчихээд үүнийхээ эсрэг явахгүй байх.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *