Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бямбасайхан: Сэргээгдэх эрчим хүч манай эдийн засгийн ирээдүйн нэг тулгуур

Баянжаргалын Бямбасайхан. Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан энэ эрхэм Монгол Улсын анхны салхин цахилгаан станцын төслийг 2012 онд удирдан гүйцэтгэсэн юм. Тэрбээр Монголын технологийн хөрөнгө оруулалтын тэргүүлэгч компани болох Ньюком группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. Монголын бизнесийн зөвлөлийн удирдах зөвлөлийн дарга. МУИС болон АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийг дүүргэжээ. Өндөр өсөлттэй эдийн засагтай, эрчим хүчээр хангасан Азийн хөршүүдээрээ дамжуулан Монгол Улс бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч байх боломжтой гэж тэр үздэг. Тэрбээр АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг, Азийн хөгжлийн банкинд эрчим хүчний чиглэлээр ажиллаж байсан нь сэргээгдэх эрчим хүчний том төсөл дээр ажиллах суурь болжээ. Б.Бямбасайхан өдгөө төслийн менежмент, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг “НоваТерра” ХХКийн захирлаар ажиллаж байна. “НоваТерра” ХХК Өмнөговь аймгийн Ханбогд суманд нарны цахилгаан станцын төслийг Тайландад төвтэй “Symbior Solar” компанитай хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Салхи эрхшээгч энэ эрхмийн хөгжлийн тухай яриа, эрчим хүч үйлдвэрлэлтээрээ улсдаа гуравдугаарт ордог Салхитын салхин паркийг байгуулсан адал явдалтай дурсамжийг эндээс уншаарай. Б.Бямбасайхан ийнхүү ярьж байна:

Эрчим хүч бидний амьдралын салшгүй хэсэг. Эрчим хүчний худалдаа гэдэг бол маш том эдийн засаг юм. Азаар би Америкт 1999-2004 он хүртэл АНУын Олон улсын хөгжлийн агентлагийн төсөл дээр ажиллаж байсан юм. Америкийн шинэ технологийг ялангуяа эрчим хүч, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчны менежментийн шинэ технологийг Азийн хөгжиж буй улсуудад нутагшуулах зорилготой америк компаниудыгаа дэмждэг байгууллага. Тэнд эрчим хүчний чиглэлээр анх ажиллаж үзсэн. Манайхан эрчим хүч гэхээр заавал нэг инженер байх ёстой гэж ойлгодог. Харин би олон улсын хөгжлийн бодлого, хэрэгжилтийн чиглэлээр ажиллаж, Энэтхэг, Шри-Ланк, Вьетнам, Филиппин, Тайландад олон төслүүдийг хэрэгжүүлсэн. Азийн хөгжлийн банкинд очиход том өөрчлөлтийн үе таарсан юм. Жилдээ дөрвөн тэрбум долларын зээл өгдөг байснаа яг намайг орсноос хойш дотроо шинэчлэлт хийж, 2007 он гэхэд 17 тэрбум долларын зээл өгдөг болтлоо өргөжин тэлсэн юм. Яг тэр шинэчлэлтийн явц дунд ажилласан болохоор азтай. Эрчим хүчний салбарт яагаад түлхүү орсон гэхээр АХБ гол мөнгөө эрчим хүч, зам харилцааны салбарт оруулдаг. “Банкинд ажиллаж, амжилттай карьер хийе гэж бодож байгаа бол гол үндсэн салбарынхаа аль нэг рүү ор” гэсэн зөвлөгөө сонссон юм л даа. Эрчим хүчний чиглэлээр өмнө нь бага зэрэг ажилласан учраас ийшээ орж явчихсан.

Эрчим хүчний төлөө хүн хэдийг ч төлөхөд бэлэн байдаг. Тэр нь эрчим хүч байж байгаад байхгүй болсон үед мэдэгддэг. Байж байгаа үед нь киловатт цагт 5 цент үнэтэй байна гэж ярьдаг хүмүүс байхгүй үед нь дизель мотор 55 центээр ажиллуулдаг. Арав дахин их үнэ төлөөд авдаг бүтээгдэхүүн. Эрчим хүчний хил дамнасан худалдаа сонирхолтой. Стратегийн орд гэхээр бид өөрсдөө ч заримдаа ойлгохгүй сонин ойлголтууд явдаг. Бүтээгдэхүүний хувьд эрчим хүч тэр дундаа цахилгаан эрчим хүч, нефть, байгалийн хий нийлээд жинхэнэ стратегийн бүтээгдэхүүн болдог юм байна л даа. Түүхээс харвал эрчим хүч худалддаг худалдаалдаг хоёр тал муудалцдаггүй юм билээ. Бие биенээсээ хамааралтай болсон учраас тэр л дээ. Дэлхийн түүхэнд болж байсан том мөргөлдөөнүүдийн шалтгаан нь эрчим хүчний эх үүсвэр, нөөцтэй холбоотой. АХБ-наас саяхан сонирхолтой судалгаа хийжээ. Азийн бүс нутгийн хөгжиж буй эдийн засаг 2030 он хүртэл 26 их наяддолларын хөрөнгө оруулалт шаардагдана гэсэн тооцоо хийсэн байна. Үүний 14.7 нь эрчим хүчний салбар, 8,4 нь зам харилцааны салбарт зарцуулагдах юм. Өмнө нь тооцоолж байснаас хурдан нэмэгдэж байгаа. Уур, амьсгалын өөрчлөлттэй холбоотой хөрөнгө оруулалтууд нэмэгдсэн байна. Энэ бол манай эдийн засгийн ирээдүйн боломж. Ийм их хэрэгцээ шаардлага байна. Зөвхөн Хятадын суурилагдсан хүчин чадал 1 тераватт гэдэг тоондоо хүрчихсэн. Хятад, Америк хоёр л дэлхий дээр нэг тераватт гэдэг хүчин чадлыг хэрэглэдэг. 2030 он хүртэл тооцож үзэхээр жил болгон зөвхөн цахилгааны хэрэглээ нь 3-4 хувиар нэмэгдэх юм. Нэг тераваттын 3-4 хувь гэдэг асар их тоо. Ийм боломж байна. Үүн дээр бид ямар байдалтай тоглох вэ?

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лабораториос гаргасан судалгаагаар Монгол жилдээ 2550 тераватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай гэсэн тооцоо байдаг.

2013 онд Хятадын Ши Жиньпин дарга Нэг бүс нэг замсанаачилга зарласан. Хятадын эдийн засгийн урт хугацааны бодлого гэх юм уу даа. Хятад улс ойрын 50 жилд яаж тогтвортой эдийн засгийн өсөлтөө хангах бодлого, нөгөө талаас бүс нутгийг яаж улам холбох вэ. Дэд бүтцийн маш олон холболтуудыг хийж энэ бүс нутаг улам л уялдаа холбоотой болох юм. Тэгж байж тогтвортой өсөх юм байна. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд зөвхөн зарлаад орхих бус санхүүгийн эх үүсвэрийг нь бас бүрэлдүүлж өгөөд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулаад, Торгоны замын сан бий болгож шинэ том төслүүдийг энэ банк, сангаараа дамжуулж санхүүжүүлнэ гэдэг. Сүүлийн гурван жилд гадаадад бизнесийн хурал цуглаанд явахад хоёр л үндсэн сэдвээр ярьдаг юм даа. Нэг нь “Нэг бүс нэг зам”-тай холбоотой. Өөрөөр хэлбэл дэлхийн бүх том компаниуд технологийн, үйлдвэрүүд, уул уурхайн компаниуд яаж энэ “Нэг бүс нэг зам” гэдэг эдийн засгийн бодлоготой нь өөрийнхөө бизнес стратегийг уях вэ. Яаж хятад компаниудтай түншилж, ирээдүйд бизнесээ тэлэх вэ гэдэг талаас нь яриад байгаа юм. Нөгөө нэг сэдэв нь өнөөдөр BIG DATA гэж яриад байгаа. Мэдээллийн эрин үе гэх юм уу даа. Их мэдээллийн эрин үед технологи асар худтай хөгжиж байгаа. Жишээ ньХарвонигээд эм Big Data-гийн бүтээл шиг байгаа юм. Өмнө нь С вирусийг эмчлэхэд маш өндөр зардалтай, удаан хугацаанд, хүнд эмчилгээ шаардагддаг байсан бол өнөөдөр өдөр болгон нэг эм уугаад тариа хийлгэх шаардлагагүй өвчтөн бие нь муудаж, үс нь унах, турахгүйгээр гурван сар эм уугаад эрүүл болдог болсон нь үүний нэг жишээ гэж ярьж байгаа.

Технологийн хөгжил асар хурдассан. Түүний дотор цахилгаан эрчим хүчийг дамжуулдаг технологи хурдан хөгжиж байна л даа. Зарим том инженерүүдтэй уулзахад электроныг дамжуулах физикийн хуулиар л явдаг. Тэнд шинэлэг юм гарахгүй гэж ярьдаг хүмүүс байдаг. Өнөөдөр урт хол зайд бага алдагдалтайгаар яаж эрчим хүчийг дамжуулах вэ, сүлжээгээ яаж удирдах вэ, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчийг сүлжээндээ яаж нийлүүлэх талаар том дэвшлүүд гарч байгаа. Батерей буюу хураагуурын технологи асар хурдан хөгжиж байгаа юм. Дэлхий ертөнцийн хөгжлийн хэв маягийг технологи өөрчилж байна. Өнөөдөр эрчим хүчний салбар, технологи, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний хөгжил асар хурдацтай явагдаж, өмнө нь байгаагүй боломжуудыг бидэнд бий болгож байгаа.

Монгол шиг жижиг, цаашид томрох боломжтой эдийн засагт шинэ технологи, шинэ эрчим хүчний үүсвэрүүдийг ашиглавал дэлхийн томоохон хэрэглэгчдэд хүргэж чадна.

АЗИЙН СУПЕР СҮЛЖЭЭ…

Монголд нар, салхины эрчим хүчний асар их нөөц бий гэж бид ярьдаг. Нөөцийг нь мэдээж судлаад хэлж байгаа учраас үнэн. Түүнийг яаж бүс нутгийн зах зээлд нийлүүлэх вэ гэдэг асуудал бий. Таван жилийн өмнө би Япон улсын Софт банк компанийн ерөнхийлөгч МасаюшиСонтой уулзсан юм. Форбесийн хамгийн баян хүний жагсаалтын эхэнд нь явдаг энэ хүн Фукишимагийн атомын цахилгаан станцын ослын дараа “Ер нь атомын энерги аюултай юм байна. Эрчим хүчнийхээ салбарыг тэр чигээр нь өөрчилье. Сэргээгдэх эрчим хүчээр болж өгвөл ихэнхи хэрэгцээгээ хангадаг болъё” гэсэн концепци гаргажээ. Мань эр хэлж байгаа юм. “Дэлхийн газрын зураг дээр хараад байсан чинь манайд ойр байгаа эрчим хүчний хамгийн их нөөцтэй газар Монгол юм байна. Монголчуудтай хамтарч ажиллая” гэсэн. Бид бүр тайзан дээр гарч, үүнийгээ олны өмнө тунхаглаад гар барьсан юм. Азийн супер сүлжээ гэдэг концепцийг тэгж эхлүүлсэн. Сайн мэдээ нь тэр концепци өнөөдөр судлагдаад явж байна. Бид бага зэрэг хоцорч байгаа ч судалгаануудаа хийсний дараа Монголд хаана, ямар нөөц байгаа, түүнийгээ яаж энэ сүлжээ рүү холбох, шинэ төслүүд хаана хийх нь тодорхой болох юм. Өнөөдөр манай суурилагдсан хүчин чадал өчүүхэн шүү дээ. Тэгэхээр бид 20 000, цаашлаад 30000 мегаваттыг сууриллуулаад түүнийгээ экспортлоё гэсэн холын зорилго байж болох юм. Зүгээр нэг амандаа орсныг хэлж байгаа юм биш тооцоо хийгээд гаргасан тоонууд. Тэгэхээр манай эдийн засгийн ирээдүй энэ чиглэл рүү байна гэж үзэж байна.

ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫН ТУЛД БИД ХӨРШҮҮДТЭЙГЭЭ УЛАМ ИЛҮҮ ХОЛБООТОЙ БАЙХ ЁСТОЙ

Судалгаа яагаад чухал гэхээр Сайншандын төслийг муугийнжишээнд дурдая. АХБ-нд ажиллаж байхдаа юу сурсан гэхээр төсөл боловсруулна гэдэг дандаа дороос эхлэх учиртай гэдгийг ойлгосон. Хаана ямар асуудал байна вэ гэдгээ судалж шийдлүүдээ гаргадаг. Монголд хориод эрчим хүчний том төслүүд бий. Тэд яагаад хэрэгждэггүй гэхээр дээрээс улстөрийн шийдвэр гаргаад “Энд ийм цахилгаан станц барина” гэдэг учраас болдоггүй юм. Өөрөөр хэлбэл зах зээл байгаа эсэхийг судлаагүйтэй л холбоотой. Сайншанд яагаад бүтдэггүй гэхээр зах зээл байгаа эсэхийг одоо хүртэл бид мэддэггүй. Зах зээл гэдэг бидний хувьд хамгийн түрүүнд Хятад шүү дээ. Хятадыг бид ерөөсөө ойлгодоггүй юм байна. Бид Хятадтай олон жилийн турш өвөрмонгол залуугаар дамжиж харьцсан. Яг хажууд нь байж соёлыг нь, хэлийг нь мэддэггүй. Нэг нөхрөөр дамжуулж харьцахаар юу ч болдог юм. Хулхи бараа ч үүнтэй холбоотой шиг байгаа юм. Энэ бол сүүлийн хорин жилд Хятадтай харилцаж байсан ихэнхи хүний мэдэх зовлон. Гадныхны биднийг гайхдаг нэг зүйл энэ. “Та нар Хятадын хажууд, хамгийн том боломжтой байдаг. Тэгсэн мөртлөө хятадуудыгаа мэддэггүй, ойлгодоггүй” гэдэг. Мэдээллийн орчин, технологи өөрчлөгдөөд тэр байдлаасаа салж байна л даа.

Эдийн засгийн аюулгүй байдлаа хангахын тулд бид хөршүүдтэйгээ улам л холбоотой байвал аюулгүй байх юм байна гэж боддог болсон. Эрчим хүчний аюулгүй байдал гэдэг концепци байдаг. Тэр нь юу гэхээр хилээ хаасан ч бие даагаад өөрийнхөө хэрэгцээг хангаж чаддаг бол аюулгүй байдлаа хангасан гэж үзнэ гэдэг. Эгийн голын станц, Шүрэнгийн усан цахилгаан станц барих гэж үзээд чадахгүй байна шүү дээ. Өнөөдөр оросууд биднийг бариулахгүй л байгаа биз дээ. Хятадууд мөнгө өгөөд барья гэсэн ч оросууд нь зогсоочихдог. Миний бодлоор усан цахилгаан станц барих асуудал их л хүнд байх.

20 ХЭДЭН ЖИЛ УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ГЭЭД ЧАДААГҮЙ ЮМ ЧИНЬ АРГАА ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ БАЙЛГҮЙ ДЭЭ

Уламжлалт эрчим хүчний аюулгүй байдал гэдэг ойлголт болохгүй байна.Эгийн гол дээр усан цахилгаан станц барьчихвал манай систем өөрөө тохируулах чадвартай болчихно. Тэгвэл Оросоос бид цахилгаан импортлох шаардлагагүй. Барих ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ 20 жил барих гээд чадаагүй юм чинь аргаа өөрчлөх хэрэгтэй байлгүй дээ.Нэг аргаар үр дүнд хүрэх гээд зүтгээд болохгүй бол солиорол гээд Энштейн хэлсэн юм билээ. Технологи бидэнд өөр боломжуудыг өгч байна. Батерейн технологи хөгжчихвөл бид заавал усан цахилгаан станц барихгүйгээр тохируулга хийх боломжтой болчих ч юм билүү.

Хамгийн чухал хүчин зүйл манай газар нутаг. Маш өргөн уудам газар нутагтай. Тэнд нүүрс нь ч байдаг. Нар, салхины хувьд манай бүс нутаг өндөрт оршдог. Салхины чанар сайн учраас бид Салхитыг барьсан. Одоо би Ханбогдод нарны цахилгаан станц барих гээд үзэж байна. Энэбиш гуай сая Дарханы 10 мегаваттыг ашиглалтанд оруулчихлаа. Өндөрт байдаг, нарны тусгал радиаци бүх юм нь чанартай байдаг. Чанар нь юунд нөлөөлж байна гэхээр өртөг багасна. Сүүлийн арван жилд Хятад шиг нар, салхины эрчим хүчний станцыг ихээр барьсан газар байхгүй. Салхитын төсөл амжилттай яваа. Салхитад 2004 оноос хойш судалгаа хийсэн. Судалгаа хийхэд тухайн үедээ л нэлээд зардал гарч байлаа. Хэмжилтийн станцууд тавина. Тэр нь уулан дээр 50 метрийн өндөрт хэмжилтээ хийдэг. Салхит уул боломжийн газар байна гэдэг дүгнэлт гаргасан учраас станц барихаар болсон юм.

“САЛХИТЫН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ЧИ ИРЭЭД ДУУСГАЧИХ” ГЭЖ НАМАЙГ “ХОШГИРУУЛСАН”…

Ньюком компани маш их зардал гаргаж, хөдөлмөрлөсний үндсэн дээр Салхитын салхин цахилгаан станцыг барьсан шүү дээ. 2007 онд би Монголд хурал зохион байгуулсан юм. Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа гээд АХБ-наас явуулдаг хөтөлбөр байдаг. Хятад, Монгол, Казахстан, Киргиз, Узбекстан, Тазикстан, Азербейжан, Афганистан сүүлд Туркмен, Пакистан нэмэгдсэн. Энэ улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний зохицуулагч нарын форум хийдэг байсан юм. Гол нь эрчим хүчний зохицуулалт гэдэг чинь бараг л шинжлэх ухаан болчихсон. Туршлагаа хуваалцдаг арга хэмжээ. Эрчим хүчний зах зээлийг улам боловсронгуй болгох, зах зээлд хувийн хөрөнгө оруулалтыг яаж татах вэ гэж ажиллаж байсан. Тэр үед манай зохицуулах газар бүс нутагтаа боловсронгуйд тооцогдож байлаа. 2001 онд Эрчим хүчний тухай хууль батлагдаж, бие даасан механизм бий болгосон. Зохицуулалт улс төрөөс хараат бус байх ёстой гэдэг зарчмаа нэлээд бариад явчихсан. Монголыг жишээ болгож бусдадаа сурталчилж байгаа юм. Мэдээж хэрэг би монгол учраас Монголдоо хурлаа хийхийг бодно. Олон газрын улсууд цуглачихсан. Манай зохицуулахынхан “Бид дөнгөж сая салхины эрчим хүчний эх үүсвэр барих компанитай гэрээ байгууллаа. 2009 онд Салхитын цахилгаан станц ашиглалтад орчихно. 70 сая долларын хөрөнгө оруулалтыг хувийн компани хийнэ” гэж ярьсан. Би тэрийг нь гурван жил орчим энд тэнд ярьж явсан юм. Ялангуяа дундад Азийнхан дээр очоод “Цаана чинь монголчууд хүртэл салхин цахилгаан станц барьж байна шүү дээ. Та нар одоо тарифаа чөлөөл, реформоо хий ингэ, тэг гэдэг байсан.

2010 оны гуравдугаар сард Пакистанд ажиллаж байсан юм. Эрчим хүчний дутагдалд орчихсон том төслүүдийг АХБ санхүүжүүлдэг байв. Тэнд явж байсан чинь утас дуугарлаа. Монгол дугаар байна. Нэг залуу ярилаа. “Намайг Болд гэдэг. Би Ньюком компанийн гүйцэтгэх захирал гээд мань эр өөрийнхөө талаар товчхон танилцууллаа. Би олон жил Америкт ажиллаж, амьдраад жилийн өмнө Монголд ирлээ. Энд амьдрал цэцэглэж байна. Салхитын цахилгаан станц гэж өөрөө сонссон уу гэсэн. Сонсохоор барах уу гэлээ. Тэр төсөл маань явахгүй байна. Намайг таньтай холбогдоорой гэж Хаан банкны захирал Питер Морроу санал болгосон юм. Өөрийг чинь л энэ төслийг явуулна гэжхарж байна гэсэн. За за би Монголд удахгүй очоод сууж байгаад ярья гэлээ. Хэдэн долоо хоногийн дараа Монголд ирээд Болдтой уулзлаа. Тэгээд сэтгэл шулуудаж эх орондоо ирсэн дээ. 2010 онд намайг ирэхэд Ньюком компани 2004 оноос хойш салхины нөөцийн судалгаагаа үнэхээр сайн хийжээ. 2007 онд худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үедээ л хоёр, гурван сая долларыг зарчихсан байсан л даа. Гэхдээ энэ төсөл маань хөрөнгөө босгож чадаагүй байлаа. Хошигнож хэлэхэд тухайн үедээ намайг хошгируулсан байгаа юм л даа. “Бүх юмаа хийчихсэн. Чи ирээд л дуусгачих” ухааны юм хэлсэн. Анх ажил аваад “ТЭЗҮ маань хаана байна, харъя” гэсэн. Тэгсэн чинь яахав нэг юм авчирч байна аа. Тэгээд л миний ажил эхэлсэн дээ. Санхүүжүүлэгчдийн шаардлага хангасан ТЭЗҮ гэдгийг хийгээгүй байсан үе. Яаж шаардлага хангадаг гэхээр өөрийн гэсэн аргачлалтай. Тэр дагуу хийх ёстой. Олон улсын хэмжээнд ажилладаг инженерийн компаниар хийлгэхгүй бол хүн итгэдэггүй. Тэрийг хийлгэхэд сая долларын зардал гарч байгаа юм. Хамгийн түрүүнд ТЭЗҮ хийх ажлын сонгон шалгаруулалт хийсэн. Тендер зарлахад дөрөв, таван компани саналаа ирүүлсэн. АХБнд ажиллаж байхад Шотландын нэг компани байв. Жижигхэн боловч сэргээгдэх эрчим хүчнийхээ чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн компани. Тэд боломжийн санал өгчихөж. ТЭЗҮ хийх гэж их ажил болсон. Европын сэргээн босголтын хөгжлийн банк энэ төсөлд их дэмжлэг үзүүлсэн. Хөгжлийн банкуудын гол зорилго тэр шүү дээ. Монгол шиг хөгжиж байгаа зах зээлд шинэ зах зээл бий болгох, шинэ салбарыг хөл дээр нь босгох, хувийн хөрөнгө оруулалтыг татах, дэд бүтцийн салбарт нь хөрөнгө оруулна гэсэн бодлоготой банкууд юм чинь. Бид юу хийсэн гэхээр худалдах худалдан авах гэрээ 70 хувьтай байсан. Банкны шаардлага хангахын тулд дахиад өөрчлөх хэрэгтэй боллоо. Тухайн үед зохицуулахынхан, дамжуулахынхан, яамныхантай ажилласан л даа. Нэг сайхан юм нь шинэ учраас бүгдээрээ өөдрөг, хийе бүтээе, болгоё гэж зүтгэсэн. Эрчим хүчний салбарынхны онцлог бий. Бүгд нэг зорилгын төлөө явж чаддаг улсууд. Салхитын төсөлд Ньюком, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Голландын хөгжлийн банк болон Женерал электрик гээд Америкийн технологийн компани хөрөнгө оруулж дэмжиж ажилласан. 122 сая долларын хөрөнгө оруулалттайгаар энэ төсөл боссон. Анх 70 сая долларт босно гэж тооцож байсан ч ТЭЗҮ хийгээд контракторуудаа сонгон шалгаруулаад явахад 120 сая доллар болж байгаа юм. Тэр нь Монголын дэд бүтцийн өнөөдрийн нөхцөл байдалтай холбоотой. Монголд аливаа юмыг барихад бусад оронтой харьцуулахад дунджаар 30 хувиар үнэтэй босдог. Заримдаа 50 хувиар ч үнэтэй тусдаг. Тэр үед том тоног төхөөрөмж тээвэрлэх гэж бөөн адал явдал болсон.

Анх төмөр замаар тээвэрлэчих юм байна гэж баярлаж байв. Салхит төмөр замын өртөөн дээр байдаг юм л даа. Салаа төмөр зам бариулаад, төмөр замын ачих буулгах байгууламж барина гээд гэрээлэгчдээ сонгон шалгаруулсан чинь тэд төмөр замынхантай учраа олоогүй. Төмөр замынхан 49 оны гэрээгээ бариад болохгүй болохгүй болохгүй гэсэн. Том оврын тоног төхөөрөмжөө төмөр замаар тээвэрлэх боломжгүй болж байгаа юм. За тэгээд авто замаар тээвэрлэе гэсэн чинь Чойроос цааш зам баригдаагүй байсан. Тухайн үедээ Салхитаддараа хавраас тээвэрлэлт эхлүүлнэ гээд авто замынхантай хамт сууж ярьж бүх юмаа тооцсон. Тэд болохоор “Графикаар ашиглалтад орчихно” гэсэн. Хавар болдог зам байдаггүй. Салхин цахилгаан станц барих гэсэн биш бүр замын ажил хийсэн. Над руу олон хүн ярьсан даа. “Чиний буянд ЗамынҮүд рүү хэдэн цаг давхиад ирж байна” гэсэн. Замаа тэгшилчихээр бусад хүмүүс ч явсан л даа.(Салхин сэнсний далбаа гэхэд л 39 метр урттай. Энэ далбааг хугалахгүйгээр тээвэрлэх учиртай. Суурь баганы өндөр нь 80 метр байдаг) Манай зарим нэг дарга “Аа наад салхины станц чинь Монголд ерөөсөө тохирдоггүй юм. Манай салхи болдоггүй юм, эвдлээд хаячихдаг гэсэн” гэдэг. Хаана билээ дээ, төслүүд хэрэгжсэн, бага оврын салхин станцууд эвдэрсэн байдаг. Яагаад эвдэрсэн нь бас л шалтгаантай. Уг нь инженерүүд судалгаа хийж, хэмжиж үзсэн юм билээ л дээ. Энд хийх ёстой гэхээр “Наана чинь хүнд харагдахгүй юм байна, нааш нь авчир” гээд сумынхаа төвд суурилуулсан байгаа юм. Тэгээд тэр төслүүд нь амжилтгүй болчихсон чинь хүмүүсийн сэтгэхүйд “Монголын салхи болдоггүй” гэсэн ойлголт үлдчихсэн. Өндөр дээрх салхины урсгал, чанар өөр байдаг. Уулан дээр өвөл барилгын ажил явсан. Тэгэхэд их гоё юмнууд болно. Дарга нар үзье гээд очно. Машины хаалга нь онгойдоггүй. Тийм их салхитай. Арай хийж хаалгыг нь онгойлгоно. Хоёр минут болоод л өвлийн хүйтэнд тэр дээр тэсэхгүй байгаа юм чинь. Австрали, Энэтхэг гээд янз бүрийн орны инженерүүд анх ирэхдээ хэцүүхэн байдаг. Хэдэн долоо хоног ажиллаад сүүлдээ тоохоо больж байгаа юм. Хавар уулан дээр ёслол үйлдэхээр очиход мөнгөн аяган доторх шингэн салхинд эргэлдээд асгарчихдаг гээч.

Хамгийн том эрсдэл нь цаг агаарын огцом өөрчлөлт болоход турбинууд дээр нь мөс тогтдог. Гэхдээ салхин сэнсний турбинууд ухаалаг болчихсон. Мөс тогтохоор зогсоод цэвэрлэсний дараа буцаж эргэдэг. Салхин станцыг барихад оролцсон компаниуд их юм сурсан. Сүүлд уулзахдаа “Их баярлалаа” гэдэг. Арванхоёрдугаар сард хөрсний шинжилгээ авахуулахаар уулын орой дээр өрөмдлөг хийлгэсэн юм. Тийм хүйтэнд өрөмдлөг хийдэг туршлага Монголд байгаагүй. Нэг нөхөр чадна л гээд байдаг. Эхэндээ хийж болохгүй, техник нь эвдэрнэ хугарна гээд зөндөө юм болсон. Овоо хэдэн цооног өрөмдөхөд сүүлдээ учраа олчихдог. Тэр компани анхны цооног өрөмдөх гэж 14 хоносон бол сүүлдээ долоон цагийн дотор хийчихдэг болсон. “Хүйтний улиралд өрөмдлөг хийдэг туршлагатай болсон” гэж тэд талархсан. Цэцийд хоёр дахь станц баригдаж байна. Эхний удаагийн компаниуд бүгд тэнд оролцож байна.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШГИЙГ ЗӨВХӨН ЦАХИЛГААНЫ ҮНЭЭР ТООЦОХ БОЛОМЖГҮЙ

Салхитын цахилгаан станц арваад жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхнө. Бид яагаад гурав, дөрөвдүгээр цахилгаан станц хямдхан гэж ярьдаг гэхээр дөрөвдүгээр цахилгаан станц баригдаад гуч гаруй жил болчихсон ч өртгөө нөхөөгүй. Их өрийн хэсэг болоод явчихсан. Түүнээс биш өөрөө орлого олоод, барьсан хөрөнгө оруулалтаа нөхөөгүй. Ер нь том цахилгаан станцууд зардлаа удаан нөхдөг.

Одоо нэг ийм асуудал үүсээд байгаа юм. Сэргээгдэх эрчим хүчний үнэ дэлхий даяар хямдарч байгаа нь үнэн. Капитал хөрөнгө оруулалт хийдэг зардал нь багасч байгаа юм. Хятад, Энэтхэг, Герман, Америк зэрэг том улсууд асар их хэмжээгээр бариад байхаар хөрөнгө оруулалтын зардал мэдээж багасна. Технологи нь улам нарийн болоод, бүх л тоног төхөөрөмжийг нь Хятадад чанартай үйлдвэрлэдэг болчихсон. Үнэ унаж байгаа. Гэхдээ дандаа том зах зээл дээр. Өөрөөр хэлбэл Хятадын компаниуд яагаад нэг хэсэг салхины цахилгаан станц руу хөрөнгө оруулсан бэ гэхээр бүгдэд нь хөшүүрэг өгчихөж байгаа юм. Сэнс үйлдвэрлэдэг компанид нь хөнгөлөлттэй эсвэл хүүгүй зээл өгнө. Эрчим хүчний компанид нь чи ийм хүчин чадалтай станц баривал тарифын хөнгөлөлт үзүүлнэ, татвараас нь чөлөөлнө гэж байгаа юм. Ийм орчинд энэ зах зээл маш хурдан хөгжсөн юм. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэдэг юм чинь өөрөө бизнесийг ийш нь түлхсэн. Манай Сэргээгдэх эрчим хүчний 2007 оны хууль сайн. Тэр хуулиар бид юу хийж чадсан гэхээр сүлжээн дэх үнээс бусад цахилгаан станцуудтай харьцуулбал өөр үнээр буюу Монголын нөхцөлд илүү үнээр худалдаж авах механизмыг суулгасан. Тэр нь Европт ихэнхдээ хэрэглэдэг нэг арга. Европ 20 жил тэр механизмыг хэрэглээд одоо бол манай сэргээгдэх эрчим хүчний салбар хөл дээрээ зогслоо гэж ярьж байгаа юм. Сүүлийн үед манайд сэргээгдэх эрчим хүчний компаниуд руугаа “Та нар үнээ бууруул” гэдэг шахалт үзүүлж байгаа. 20 жил Европт ашиглаад одоо л хөл дээрээ босч байна шүү дээ. Гэтэл Монголд дөнгөж 60МВт өнөөдөр cүлжээнд ашиглалтанд орсон.

Мэдээж технологийн шийдлээр утаанаас салж чадна. Энэ нь эрчим хүчний эх үүсвэрийг цэвэр болгоно гэсэн үг. Тиймээс зөвхөн цахилгааны үнээр өртгийг хэмжих боломжгүй. Цогц асуудал ярьж байгаа үед эрүүл мэндийн өртгийг хүртэл авч үзэх ёстой байдаг. Маш том зах зээл урд байна. Тэр зах зээл рүүгээ хүрэхийн тулд бид сэргээгдэх эрчим хүчээ өөрсдөө хэрэглэх учиртай. Хүнтэй наймаа хийхдээ хийж чадах юмаа л наймаалцахаас биш байхгүй юмаа наймаалцдаггүй. 2020 онд манай цахилгаан эрчим хүчний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчинд хүргэнэ гээд зорилт тавьчихсан. Түүндээ хүрэх ёстой. Тэр хүртэл тууштай байхгүй бол хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй. Бодлого, эрх зүйн орчин тогтвортой л байгаасай. Эрчим хүч байнгын орлоготой гэдэг ч өндөр эрсдэлтэй салбар. Хөрөнгө оруулалт их шаарддаг. Эрсдэл олон янз. Дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт, бодлогын орчин тогтвортой, урт хугацааны байх ёстой.

Манай хэрэглэгчдийн нуруун дээр ачаа болно гэсэн үзэл бодол байдаг. Аль ч зах зээлд тарифын асуудалулс төрийн сэдэв байдаг. Хэн ч тариф нэмэхэд дуртай байдаггүй. Бид 100 төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлээд 50 төгрөгөөр зардаг байсан. Нэмсээр байгаад 80-90 төгрөг болгож байгаа. Гэхдээ зуун төгрөгөө нөхдөг байх хэрэгтэй. Саяхны жишээ хэлье. Торонтод уул уурхайн чуулган болсон. Манайхан очиж, Монголд ийм боломжууд байна гэдгийг тодорхойлж, засаг төр дэмжнэ гэж ярьсан юм билээ. Хүмүүс дуртай сонсч байсан чинь төгсгөлд нь “Бид уул уурхайнхаа хуулийг улам сайжруулна” гэсэн чинь хүмүүс толгой сэгсэрчгарсан гэж тэнд оролцсон нэг хөрөнгө оруулагч хэлж байна лээ. Тогтвортой байдал нь илүү чухал. Уул уурхайн хууль хэдхэн жилийн өмнө өөрчлөгдөөд, хүмүүс дөнгөж ойлгож түүндээ тааруулаад ажиллаж эхэлж байхад ахиад өөрчлөнө гэхээр эрсдэлтэй харагдана гэсэн үг.

Салхины эрчим хүч, нүүрсний эрчим хүчнээс цахилгаан гаргах өртөг бараг л ижил болж байгаа. Австралид сүлжээнд нийлүүлж байгаа бусад эх үүсвэртэй нэг хэмжээнд очиж чадсан гэж байгаа юм.

ФРИЙДЛАНДЫГ МОНГОЛЫН БААТАР БОЛГОЁ ГЭЖ ЗАРИМ ХҮН ЯРЬДАГ

Уур амьсгалын өөрчлөлтөд хүн буруутай. Хөгжингүй эдийн засгууд буруутай болж таарч байгаа юм. Асар их хэмжээний нүүрс шатааж, байгаль орчинд нөлөө үзүүлсэн. Түүнийгээ яаж нөхөх вэ гэдэг механизм бий болгосон юм билээ. Өөр газар нүүрс хэрэглэдэггүй төсөл байвал тийш нь хөрөнгө оруулж, өмнө нь хийсэн нүглээ цайруулдаг зарчим. Үр ашиг гэдэг зөвхөн мөнгө биш. Салхит Монголын гурав дахь том цахилгаан станц. Анхных байсан учраас бахархалтай. Олон ч удаа уйлсан. Ямар ч байсан барьж чадсан.

Фрийдланд Оюу толгойг хөрөнгө мөнгө босгох хүртэл 300 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Аливаа том төслийг хэрэгжүүлэхэд нийт хөрөнгийн 5-10 хувь нь төслийг бэлтгэх, боловсруулах гарааны шатанд зарцуулагддаг. Өөрөөр хэлбэл 100 сая ам.долларын төслийг эхлүүлэхийн тулд 5-10 сая ам.доллар зарцуулна. Энэ нь цэвэр тухайн компанид ирж буй санхүүгийн эрсдэл юм. Хөрөнгө оруулалтын эхний үе хамгийн эрсдэлтэй. Фрийдландыг яагаад зарим хүн Монголын баатар болгоё гэж ярьдаг гэхээр тэр хүн хувиасаа 300 сая долларыг зарж байж Оюу толгойн хөрөнгө оруулалтыг босгосон байхгүй юу.

Эрчим хүч барж идэж дуусахгүй салбар. Бид бүгдэд хийх ажил их байна. Би эрчим хүчний салбарын хүн гэж хаана ч очоод хэлж чаддаг. Гэхдээ би инженер биш. Банк санхүүгийн салбарт ажиллаж байсан. Олон улсын харилцааны сургууль төгссөн нөхөр. Яаж эрчим хүчний салбарт амжилт олох вэ гэж залуус надаас асуудаг. Сайн хуульч, банкир, байгаль орчны нарийн мэргэжилтэн ч байж болно гэж хэлдэг. Өнөөдөр Салхитад шувуу судлаач хамгийн их цалин авч байгаа шүү дээ. Ийм нарийн мэргэжлийн хүн Монголд цөөн байдаг. Европын сэргээн босголтын хөгжлийн банк зээл өгөх нэг нөхцөл нь энэ байсан. Жилд 100 гаруй мянган долларын зардал гаргадаг. Гэхдээ л үүнийг хийхгүй бол зээл өгөхгүй учраас байх ёстой мэргэжил. Судалгаа яагаад хийсэн гэхээр шувуудыг үргээдэг долгион суурилуулах шаардлагатай эсэхийг тухайн үед хэмжиж үзсэн юм. Энэ хавийн шувууны нүүдэл асуудалгүй учраас нэмэлт төхөөрөмж суулгах шаардлагагүй гэж үзсэн л дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *