Categories
мэдээ цаг-үе

Ц.Пүрэвтүвшин: Монголын зэс корпораци хууль ёсны өмчөө хамгаалах болно

Монголын зэс корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинтэй ярилцлаа.


-Сонгуулийн өмнөх өдөр ОХУ-ын “Эрдэнэт”-д эзэмшдэг хувьцааг монголчууд авч байгааг мэдсэн ч өнөөдөр асуудал өөрөөр эргэсэн. Одоо бүр бужигнаад эхэллээ?

-Товчхоноор хэлбэл, энэ цаг үед ямар ч компани, хувь хүний өмч баталгаа байхгүй гэдгийг төрийн зүгээс нотолсон үйлдэл боллоо. Бидний хувьд тодорхой хугацаанд, Оросын талтай хүнд хэлцлийг хийсэн. Үүнийгээ сонгуулийн өмнө зарлая, бүхнийг нураая, олон нийтэд буруугаар ойлгогдъё гэсэн зорилго огт байхгүй нь ойлгомжтой. Цаг хугацаа нь тэгж таарсан. Нөгөөтэйгүүр өнгөрсөн зургадугаар сараас хойш болж, өрнөсөн үйл явцыг та бүхэн ажиглавал монголын зэс корпорацийн ярьж байсан зүйл, хийж байсан мэдэгдэл, байр суурь өөрчлөгдөөгүй. Харин монголын зэс корпорацийг буруутгаж, янз бүрээр дайралт хийж байсан хүмүүсийн арга зам, хэлсэн үндэслэл, жишээ бүхэн байнга өөрчлөгдсөөр ирлээ. Өнгөрсөн хугацаанд бид нэг талаас хүч түрсэн, төрийн нэрээр дарамталсан үйлдэлд өртөж байна. Үүний нэг жишээ нь өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Төрийн өмчийн хороо нууцаар хуралдаж “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн гишүүд нь өөрсдөд олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлж, ажлын бус цагаар, хууль бусаар Улсын бүртгэлийн газарт очиж бүртгэлийг өөрчлөх гэж оролдож эхэлсэн. аливаа зүйлийг ул сууринаас нь бус өнгөц, яаран, хууль бусаар хийж байгаа нь зөвхөн бидэнд бус цаашдаа улс орны ирээдүйд маш сөрөг үр дагавар үүсгэж, жишиг тогтооно.

-Төр шийдвэрээ хэрэгжүүлж байгаа нь энэ юм биш үү?

-Төрийн шийдвэрийг хэн ч гэсэн хүндэтгэнэ, биелүүлэх үүрэгтэй. гэхдээ төрийн нэрээр хууль бус шийдвэр гаргах, түүнийг биелүүлэхийг шаардах эрх хэнд ч байхгүй. Үүнээс гадна олон улсад компанийн засаглалын хэм хэмжээ гэж байдаг. Хувьцаа эзэмшигчид өөрсдийн төлөөний хүмүүсээ томилж ТУЗ-ийг байгуулдаг. ТУЗ нь гүйцэтгэх захирлуудаа сонгож, томилно. Тэр ажлыг хамгийн сайн хийж чадах хүмүүст итгэл хүлээлгэж байна гэсэн үг. Өнгөрсөн долоо хоногт болсон процесс бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг уландаа гишгэсэн үйлдэл болж байгаа юм. Хувьцаа эзэмшигчид өөрсдийн гэсэн эрх үүрэгтэй байдаг. ТУЗ ч ялгаагүй. Тэд зөвхөн компанийн бодлогыг гаргаж асуудлыг шийдэх ёстой. Өдөр тутмын үйл ажиллагааг хийдэг хүмүүс нь гүйцэтгэх удирдлагын баг буюу гүйцэтгэх захирлууд. Одоо хаашаа яваад байна вэ гэхээр дээр дурдсан бүхний хил хязгаар нь алдагдчихлаа. ТУЗ-ийн гишүүд нь гүйцэтгэх захирал руугаа утасдаад энэ хүнийг ажилд ав гэж шахдаг, эсвэл өөрсдөө тодорхой ажлын байрны квотыг хуваагаад авчихсан, түүндээ танил талаа шахдаг ийм л байдал өмнө нь байсан. Одоо буцаад үүн рүүгээ орж байна.

-Их хурал тогтоол гаргахдаа танай компанитай зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Зөвшилцөл эхэлсэн үү. Юу яригдаж, ямар санал тавьж байна?

-Тийм зүйл огт болоогүй. Ер нь бүртгэл өөрчлөөд хөрөнгө шилжүүлчих байсан юм бол Засгийн газраас ажлын хэсэг гаргах хэрэг юу байна. Аль эрт ийм зүйл хийж болох л байсан. Харин яагаад өнгөрсөн долоо хоногт хууль зөрчин байж яарч хийв гэдэг л сонин.

-Зарцуулсан хөрөнгийг чинь гаргаж өгөх асуудал яригдсан уу. Танайх ямар санал хэлж байгаа юм?

-”Эрдэнэт”-ийн хэлцэл Монголын зүгээс хийсэн эх оронч үйлдэл байсан. Хэрвээ бид хөндлөнгөөс хараад сууж байсан бол Хятадын аль нэг компани авна. Тэр тохиолдолд Монголын Засгийн газар бидэнтэй харьцаж байгаа шигээ дээрэнгүй байж чадах уу гэдэг асуултыг тавиад үзье. Хариулт нь янз бүрээр гарах байх. Дотоодын компани нь санаачилга гаргаад эрсдэлээ үүрээд, өөрсдөө гадныхантай ойлголцож ажилласны төлөө шийтгэх процесс л үргэлжлээд байна. Ийм л байгаа.

-Тэгвэл танайх цаашид яах вэ?

-Процесс хуулийн дагуу, яриа хэлэлцээрийн зарчмаар явагдах байх гэж найдаж байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар холбогдох албан тушаалтнуудын зүгээс ийм сонирхол гаргахгүй байна. Яагаад гэхээр хэт нэг талаасаа хүчирхийлсэн эсвэл албан тушаалаараа далайлгасан ийм л зүйл боллоо. Ийм нөхцөлд яриа хэлэлцээр үргэлжилнэ гэхэд хүндрэлтэй. Сонгуулиас хойш ийм л байлаа.

-Өмчөө хамгаалах уу, өгөөд явуулах уу?

-Нэг зүйлийг онцлоход энэ зөвхөн манай компанийн асуудал биш. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 80 гаруй мянган компанийн өмчийн эрхийн тухай асуудал. Ер нь өмчлөгч хэн байх, хөрөнгө нь юу байх нь чухал биш. Гол нь тэр өмчийн эрх хуулиар хамгаалагдсан байх нь чухал. Өнөөдөр энэ эргэлзээтэй болж эхэллээ.

Бидний хувьд өмчөө хамгаалах талаар шаардла-гатай арга хэмжээнүүдийг хийж байгаа. Хийх ч болно. Тодорхой хуулийн процесстой холбоотой гомдол санал гаргахаа ярих нь зохимжгүй. Гэхдээ нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Өмчлөгчид нь мэдэгдэхүйгээр хүний хөрөнгийг булааж авч болдогыг өнөөдөр харлаа. Ийм байдлаар асуудлыг шийдэж байгаа төр засгийн арга барилыг харахад өмнө нь хийсэн байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлт зэрэг зүйл яаж явагдаж байсныг хүмүүс одоо харсан байх. Төрийн хийж байгаа хууль бус үйлдэл нь улам даамжирч, бугширч, туйлдаа хүрч байна.

-Тэгвэл Монголын зэс корпорацийн оролцоо “Эрдэнэт” үйлдвэр дээр одоо ямар хэмжээнд байгаа вэ?

-Хуулийн хүрээнд байх, мэргэжлийн байх гэсэн хоёр зарчмийн хүрээнд бид үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Бидний оролцоо эхнээсээ тодорхой байсан. Багагүй хөрөнгө зарцуулаад хувьцааг нь худалдаад авчихсан учраас зүгээр хараад сууна, шахаачидтай эвлэрээд явна гэсэн ойлголт байхгүй. Тиймээс эхнээсээ “Эрдэнэт”-д олон улсын стандартаар ажиллах ёстой. Алдагдлаа бууруулах ёстой. Шахаа, наймаа нь зогсох ёстой, Худалдан авалт нь нээлттэй ил тод байх ёстой гэсэн зарчмыг тусгаж олон зүйлийг хийсэн. Өнгөрсөн хугацаанд бидний хийсэн гол ажил энэ. “Эрдэнэт”-ийн ирээдүйн таван зорилт гэдгийг дэвшүүлж үүнийхээ хүрээнд олон улсын түвшинд гологдохооргүй үйлдвэр болгох юмсан гэж эрмэлзэж ирсэн.

-Оросын эзэмшилд байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг 28 настай залуу худалдаж авлаа гэдэг мэдээллийг монголчууд сонсоод баярласангүй. Харин гайхсан. Бизнесийн энэ том төсөлд ямар замаар холбогдож, яаж оролцов гэдгийг олон нийт сонирхож байгаа?

-Монгол Улс өнөөдрийн тогтолцоо, хөгжлийн замаа сонгоод 20 гаруй жил болж байна. Тэр нь сайн хөдөлмөрлөвөл, бусдаас илүү хичээх юм бол зорилгодоо хүрнэ, хөрөнгө хуримтлуулж, амжилтад хүрч болно гэдэг боломжийг нээсэн. “Эрдэнэт”-ийг тойрсон асуудалд анхнаас нь оролцсон. Санааг нь ч гаргаж хэлцэл хийж эхэлсэн гэж болно. Урт хугацаанд, нэлээд хүнд хэлцлийг оросуудтай хийсэн. Мөн гадны компаниуд ялангуяа Хятад, Казахстан, ОХУ-ын дотоодын компаниуд хүчтэй өрсөлдөж байхад бид хөндлөнгөөс орсон. Тэгээд амжилттай дуусгасан. Нэг ёсондоо эх оронч хэлцэлд оролцсон гэж болно. Яагаад гэхээр хэрвээ Монголын зэс корпораци энэ хэлцэлд оролцоогүй байсан бол, Монголын зэс корпораци “Эрдэнэт”-ийн Оросын талын хувьцааг худалдаж авахаар хичээгээгүй бол өнөөдөр Монголын үндэсний “Эрдэнэт” үйлдвэр бус Монгол Хятадын эсвэл Монгол Казахстаны “Эрдэнэт үйлдвэр” гэдэг нэртэй явах байсан болов уу.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *