Categories
мэдээ цаг-үе

Амьд домог болсон Арвай генералынд өнжив

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Ням гаригийн амралтын өдөр цэрэг армийнхны хувьд домог болон яригддаг нэгэн эрхмийнхийг зорилоо. “Олимп” хотхоны шинээр ашиглалтад орсон, наран талдаа цонхтой тохилог байранд саяхан ороод байгаа айл бол Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, дэслэгч генерал, НҮБ-ын Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн тэргүүлэгч ба жинхэнэ гишүүн, академич, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор Шавийн Арвайнх юм. Гэрийн эзэн, гэргийн хамт хоёулхнаа ажин түжин, амар жимэр аж төрдөг ажээ. Тэднийх эл хотхонд Таван шарынхаа байрнаас нэг ёсондоо отрын маягтай ирээд байгаа аж. Шавийн Арвай генерал гэрийн чөлөөт хувцастай уриалгахан угтаж байна. Тэрээр дорноговийн Эрдэнэ сумын нутаг Богийн гашуун хэмээх газар 1938 онд төрсөн, эдүгээ наян насны босго алхаад буй хүн юм. Тэрээр “Би малчин удмын хүн, ядуу айлын хүүхэд, ээж, эмээтэйгээ өссөн. 1947 онд есөн настайдаа сумынхаа бага сургуульд анх орж, аймгийн дунд сургуулийн долоодугаар анги төгсөөд арван таван наснаасаа Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт ажилласан.

Нам төр, Монголын Ардын армийн удирдагчдын хамт

1952-1954 онд Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийг орос нөхөд маань барьж байгуулсан. Тэр үйлдвэр Монголынхоо хэрэгцээг бүрэн бус ч гэсэн хангадаг байлаа. Үлдсэн шаарыг нь нэрээд кокс болгоод ашигладаг байсан. Энэ үйлдвэрт ажиллаж байхдаа Тусгай мэргэжлийн сургууль төгсөөд нефтийн үйлдвэрт сантехникчээр ажиллаж байлаа. 1956 онд орос нөхөд маань төмөр замын олон өртөө барьсан. Би 1954-1958 он хүртэл Улаан-Уулын төмөр замын өртөөнд ажиллаж байгаад сайн дураараа цэрэгт явлаа” гэж тэртээ өнгөрсөн залуу насандаа очив уу гэмээр харц нь гэрэлтээд ирэв. Өдий хэрийн насны хүн гэхэд залуусаас дутахгүй хөнгөн шингэн хүн юм. Жирийн малчны хүү Ш.Арвай 1958-1960 онд эх орны умард хил Сэлэнгийн байцаан өнгөрүүлэх боомтод эр цэргийн албаа нэр төртэй хааж эхэлжээ. Говь нутгийн бор хүүгийн амьдралын замнал ийнхүү Монгол Улсын дархан хил, батлан хамгаалах үйл хэрэгтэй холбогдож өнөөгийн өндөрлөгт хүрэх харгуйн эхэн болжээ. Хилийн цэрэгт алба хааж байхдаа тэрээр ЗХУ болон БНМАУ-ын онц хилчин цол, тэмдгийг гардан авч, улмаар 1960-1963 онд Москва хотноо Хилийн цэргийн дунд сургуульд суралцан онц дүнтэй төгссөн аж. Арвай генерал биднийг ийн хөөрөлдөн суухуй гэргий Даваасүрэн нь хоол унд бэлтгэн, бас ч ханийнхаа залуугийн дурсамжийг өөрөөс нь илүү өгүүлэх нь ханьдаа хэчнээн сэтгэлтэйн илэрхийлэл буюу. Генералын алтан мөрдэст хүрэм хананд өлгөөтэй, өргөн улаан туузан чимэгтэй өмд нь шинэхэн юм шиг индүүдлэгтэй буйдангийн түшлэг дээр тохоостой. Хилийн цэргийн дунд сургууль төгсөж ирсэн “будаг нь ханхалсан” залуухан офицер 1964-1967 онд НАХЯ-ны Хилийн хэлтэст туслах офицероор ажиллаж эхэлжээ. Төдий удалгүй 1967-1970 онд Фрунзийн нэрэмжит команд штабын академийг төгсөн, Замын-Үүд дэх хилийн 12 дугаар отрядад штабын дарга, отрядын даргаар ажиллаж, 1975-1976 онд Халх голын отрядыг байгуулан, 1976 онд Хилийн ба Дотоодын цэргийн хэргийг эрхлэх газрын нэгдүгээр орлогч даргаар ажиллажээ. 1976-1982 он хүртэл НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, Хилийн ба Дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын дарга, 1982-1984 онд Москвад Зэвсэгт хүчний Жанжин штабын академид суралцан, цэргийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Арвай генерал ажаад байхад илүү дутуу зангаа дохиогүй, үг яриа нь эрдэмтэн хүн болохоор ч тэр үү, ямар ч сул хийгүй хүн юм.

Тухайн үеийн ЗХУ-ын цэргийн сургуулиудад “Монголын Арвай шиг сур” гэсэн уриа гарч байсан гэдэг. Энэ тухай эрхэм буурлаас асуувал даруухнаар инээвхийлж “Миний сайных юу байх вэ. Манай монголчууд оюуны их чадавхитай, эрч хүчтэй ард түмэн. Цөөхөн хүнтэй, хоёр том гүрний хооронд оршдог хэдий ч оюун ухаанаараа их гайхагддаг. Лодонгийн Түдэв гуайн судалгаанд тулгуурлан ярья л даа. Монгол хүн бүхэн агуу их оюуны чадавхитай, тархи нь дэлхийн бусад орны хүмүүсийн тархинаас жингээрээ илүү гэдэг. Би ЗХУ-ын сургуулиудад гурван удаа явж суралцсан. Алинд нь онц сурдаг л байсан. Хамгийн гол нь Монголоос очсон хүмүүсийн ахлагч нь болно. Фрунзийн академид, Жанжин штабын академи суралцаж байхдаа гадаадаас сурдаг улс орны сонсогчдын факультетийн ахлагч байлаа. Тэгэхээр миний хувьд зөвхөн сурах биш, дадлага хийгээд удирдаад яваад байсан. Монгол цэрэг хүний бие биендээ захирагдах чадвар, спорт, урлагийн тэмцээнд идэвхтэй оролцож тэргүүн байр эзэлдэг байсан зэргээс таны хэлсэн дээрх үг урган гарсан болов уу” гэж байна.

Монгол эр хүн бүхний бахархал болсон цэргийн өндөр албанд түүн шиг чин сэтгэлээсээ зүтгэсэн хүн тийм ч олон байхгүй биз. Тэрээр 1984-1986 онд БХЯ-ны Зэвсэглэл техник хариуцсан орлогч сайдын алба хашиж байгаад 1986-1990 он хүртэл НАХЯ-ны орлогч сайд, Хилийн ба Дотоодын цэргийн Удирдах газрын даргаар ажиллаж байгаад 1990 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр бэлтгэлээр халагдаж, гавьяаныхаа амралтанд гарсан байна. Арвай генерал ээж (Дэжид)-ийгээ их ухаантай хүн байж гэж байна. Учир нь хүүгээ цэргийн том цол хүртэн, өндөр албан тушаал хашиж эхлэхэд “Тэр их өндрөөс буухад хэцүү байдаг юм шүү” гэж захиж байсан аж. Арвай гуай эхээс долуулаа агаад эгч нар нь бүгд бурхны оронд одож, ганцаар үлджээ. Ээж нь ная гаруй насандаа орчлон сэлгэсэн байна. Олон жил хариуцлагатай ажил эрхэлж байсан Арвай хэдий халагдсан ч гэсэн гар хумхин суусангүй, харин ч өөрийн мэдлэг, туршлагаа эх орон, ард түмэндээ зориулахаар эрдэм шинжилгээний ажилтан болов. Батлан хамгаалахын их сургуулийн Хилийн цэргийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2011 оноос Хууль сахиулахын их сургуулийн эрдэм шинжилгээний төвийн дарга, эрдмийн зөвлөлийн болон магистрын зөвлөлийн гишүүн болжээ. Монгол Улсад өнөөгийн байдлаар дэслэгч генерал цолтой хүн маш цөөхөн буй. Ш.Арвайн хувьд хошууч генерал цолыг 1976 онд авч, гуравхан жилийн дараа дэслэгч генерал цолонд хүрч байж. Эдүгээ эсэн энх байгаа генералуудаас хамгийн анх эл цолыг авсан хүн гэж байгаа. Хэрвээ бөхөөр харьцуулж үзвэл зүүний магнайг тэргүүлэгч далай дархан аварга гэсэн үг юм уу даа. Мань эр АИХ-ын депутатаар хоёр ч удаа сонгогдож байсан МАХН-ын Төв хорооны орлогч болон жинхэнэ гишүүн байсан хүн юм.

Б.Даваасүрэн гавьяат багш цолоор шагнуулав. 2017.02.23

Гэргийгээ бууз шаран ирэх зуур Арвай гуай удам судраа ярьж байна. “Би угаасаа хилчин удмын хүн. Миний ээжийн талын өвөө Шавины Дорж 1907 оны үес одоогийн Замын-Үүд буюу Галт хэмээх өртөөнд хилийн цагдаагаар ажиллаж байсан гэлэн мяндагтай хүн байсныг саяхан архивын баримтаас мэдэж авсан. Миний Шавийн хэмээх овог чинь энэ хүнээс улбаатай юм. Тэр үед өртөө, харуул хоёр хамт байсан юм билээ. Миний төрсөн эцэг Рэнцэн лам хүн байсан учраас хэлмэгдэлд өртөн арван жил суугаад 1947 онд шоронгоос гарч “Хүүгээ эсэргүүний хүүхэд гэж хувь заяаг нь харлуулаад яах вэ” гэж ээжтэй ярин туурга тусгаарласан байдаг. Намтарт маань намайг бутач гэдэг ийм учиртай юм. Бидний үеийн олон хүний үр ийм гашуун хувь тавилантай байсан даа” гэж цаанаа л нэг санаашрангуй өгүүлэв. Ш.Арвайн гуайн гэргий Бадрахын Даваасүрэн гэж хөнгөн шингэн хөдөлгөөнтэй хөгшин байна. “Эгч нь Нийслэлийн 28дугаар дунд сургуульд суралцаж төгсөөд, багш мэргэжил эзэмшин төрөлх сургуульдаа эргэн ирж бага ангийн багшаар тасралтгүй дөчин жил ажиллалаа. Эцэг эхээс дөрвүүлээ” гэвэл хань нь “Манай хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар саяхан хоёрдугаар сарын 23-нд Монгол Улсын гавьяат багш цолоор шагнагдсан хүн дээ” гэлээ. Даваасүрэн гуай зургаа авахуулахдаа гавьяатын тэмдэгтэй дээлээ өмсөн энгэрт нь гялалзах одонгоо зааж “Ерөнхийлөгч зүүж өгсөн яг л тэр хэвээрээ байгаа нь энэ. Гавьяат цолны цайллагаа энэ сарын долооны билэгт сайн өдөр “Чингис” зочид буудалд хийх гээд бөөн л ажилтай сууна. Өнөөдөр урилгаа хэвлэлтээс авч тараах ажилтай” гэхдээ нэг л догдлонгуй.

Санамсаргүй ярьж суугаад Арвай гуайн нэгэн авьяасыг “нээн илрүүлэв”. Миний нээлт ч юу байх вэ дээ, гэргий нь л ханиа “Хүүхдүүдэд ая тоглож өгөөч” гэснээр түүний ямар мундаг хөгжимчин болохыг мэдрэв. Саарал хайрцагтай баянхуур хөгжим Арвай гуайтай Москвад сурч байсан залуу цагаас нь нөхөрлөжээ. Буурал генерал хөгжмийн товчлуур дээгүүр хуруугаа бүжүүлэн дарахад гэргий нь хүүхдийнх шиг цовоо цолгиун дуугаар

“Баясан баясан нялхрах амрагийн сэтгэл ээ хө

Балтай сар нь ганцхан хайрын жам аа хө

Зөв, буруу нэгтэй амьдын заяандаа

Зөөлөн зөн нь илхэн бүсгүй ааль аа хө

Цэнгэн цэнгэн хэнзлэх залуугийн сэтгэл ээ хө

Цэцгэн сар нь гуравхан орчлонгийн жам аа хө

Алдавч, оновч туулах амьдын заяандаа

Аргадаж гуйх нь гэнэхэн бүсгүй ааль аа хө” гэж яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн шүлгээр бүтсэн сайхан дууг Энхзул гавьяатаас дутуугүй цэнгэнүүлдэг юм байна. Арвай гуай гуч гаруй дуу, шүлэг багтаасан “Миний нутгийн гайхамшиг” нэртэй цомог гаргасан нь одоо олдохоо больсон аж. Энэ цомогт нь орсон “Мартахын аргагүй маргад эрдэнийн орон” найргийг нь Даваасүрэн гуай баянхуурын эгшгээр дэвсгэр хийж байгаад яруухан уншлаа. Бид ч айлд өнжих гэж ир лүү, уран сайхан ардын авьяастнуудыг бишрэх гэж ирэв үү гэж гайханхан саатав.

Эрдэмтэн Ш.Арвайгийн бүтээл хоёр зуу гаруй болжээ. Үүнд, эрдэм шинжилгээний бүтээлүүдээс эхлээд уугуул нутгийнхаа тухай туурвисан “Цогтой гүний домогт хязгаар Эрдэнэ сум” хэмээх дөрвөн зуу гаруй хуудастай томоохон ном ч багтах аж. Бид ийн ярилцаж суутал утас нь дуугарлаа. “Үүдэнд ирээд дохих уу” гэж байна. Тэгэх нь ээ, “Суварган цэнхэр уулс” уран сайхны киноны зураглаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Зундуй гуайн тухай нэвтрүүлэгт оролцуулахаар урьж унаа илгэжээ. Тэрээр генералын алтан мөрдэст төрийн хувцсаа өмсөж байхдаа ч цагийг ашиглан үр хүүхдийнхээ тухай “Ах нь таван хүүхэдтэй. Ууган маань бурхан болсон. Хүү Баатар маань 0151 дүгээр ангийн жолооны сургуулийн захирлаар ажилладаг хурандаа хүн бий. Охин Мөнгөнтуяа маань Багануур дахь 0252дугаар ангийн архивын тасагт ажиллаж байгаа. Нэг охин маань эмээ болж ач зээдээ дарагдсан хүн гэр-цэцэрлэгтээ л бужигнаж байна. Би чинь олон ч ач зээтэй боллоо” гэж байлаа. Ёслолын хувцсаараа гоёж гангарсан тэрээр гутлаа өмсөхдөө ер түүртэж барьсан шинжгүй үдээсээ хээвнэг тонгойж үдэж байгааг харахад юм л бол сандал хайж гүйгээд байдаг үе насныхныхаа өмнөөс ичмээр ч юм шиг сэтгэгдэл төрж байлаа. Өдий ная хүрчихээд цэл залуу насны аагаар цэмбэлзэж явна гэдэг сайхан хувь юм даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *