Categories
мэдээ нийгэм

Б.Чулуудай мэдэгдэл гаргалаа

Ард түмний онц түр зөвлөлд:

2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Баасан гаригт “Сүхбаатарын талбай” дээр Ард Түмний Онц Зөвлөлөөс зохион байгуулсан цуглааны үеэр Эрдэнийн Бат-Үүл болон миний биеийг оффшор бүсэд данстай, тэрхүү дансандаа их хэмжээний мөнгийг нуун дарагдуулсан хэмээн мэдээлэл тараагдсантай холбогдуулан Б.Чулуудай миний зүгээс албан ёсоор энэхүү мэдэгдлийг хийж байна.

Иргэн Б.Чулуудай миний бие 2011 оны 6-р сард Сингапур улсад байрлах, Панамад төвтэй Моссак Фонсека нэртэй хуулийн этгээд байгуулах үйл ажиллагаа эрхэлдэг компаниар дамжуулан Олон улсын хууль дүрмийн дагуу “Strategic Mines Inc” ХХК болон “Eyrie Investment Holding” компанийг байгуулсан.

“Strategic Mines Inc” ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш банкны данс нээлгээгүй, үйл ажиллагаа явуулалгүйгээр 2013 оны 11 дүгээр сарын 1-ны өдөр татан буугдсан.

Мөн “Eyrie Investment Holding” компани нь байгуулагдсан цагаасаа хойш банкны данс нээлгээгүй, үйл ажиллагаа эрхлэлгүйгээр 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр татан буугдсан.

Монгол Улсын Үндсэн Хуулийн 16-р зүйлийн 4 дэх хэсэг, Иргэний хуулийн 30.1, Компанийн тухай хуулийн 12.1-т заагдсан эрхийн хүрээнд би Монгол улсын ямар ч хууль дүрмийг зөрчөөгүй, цаашлаад тус компаниуд нь Виржинийн арлуудын хуулийн дагуу байгуулагдсан ба компанийн нэр дээр ямар нэг банкны данс үүсгээгүй (данс үүсгээгүй учир мөнгө байхгүй, гүйлгээ хийгдээгүй) билээ.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум /ICIJ/-ын гаргасан мэдээлэл гэгчийн дагуу “Монгол HD телевиз” ХХК-ийн 2016 оны 6-р сарын 10-ны өдрийн “Оргил цаг” нэвтрүүлгээр “…иргэн Б. Чулуудайг гүйлгээ хийсэн болохыг нотолж байна…” “…Монгол улсын иргэн Б. Чулуудай эдгээр оффшор буюу эргийн гаднах компаниудыг ашиглан ямар наймаа хийсэн бэ?…” гэсэн бодит байдалд огт нийцээгүй, худал, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй мэтээр гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарааж Б.Чулуудай миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутааж, цаашлаад миний аав Э.Бат-Үүлийн нэр төр, алдар хүндийг нийгэмд буруугаар ойлгуулах гэсэн оролдлого хийснийг бид өөрсдийн нэр төрийг сэргээлгэхээр шүүхэд хандсан болно.

Монгол Улсын Үндсэн хуулинд иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй ба үндэс угсаа, үзэл бодол, эрхэлсэн ажил зэргээр ялгаварлан гадуурхаж үл болно хэмээн заасан байдаг. Мөн Монгол Улсын Эрүүгийн болон Иргэний хуулийн дагуу аливаа этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдах, баримт нотолгоогүйгээр гутаан доромжлохыг хуулиар хориглосон байдаг билээ.

Би та бүхний үйл хэргийг огтхон ч буруутгаагүй бөгөөд харин ч иргэнийхээ үүргийг биелүүлэн нээлттэйгээр үнэнийг тогтоолгоход бэлэн байна. Мөн та бүхнийг дээр дурьдсан асуудлаар холбогдох хууль, шүүхийн байгууллагад хандаж, шалгуулахыг уриалж байна.

Хэрэв миний бие болоод тухайн үед үүсгэн байгуулагдаад татан буугдсан компаниуд оффшор бүсэд данс нээн гүйлгээ хийсэн, хэвлэл мэдээллээр Б.Чулуудай болон Э.Бат-Үүл нар их хэмжээний мөнгийг оффшорт нуусан хэмээсэн нь баримтаар нотлогдвол хуулийн өмнө хариуцлага хүлээхэд бэлэн байна. Та бүхний мэлмий хурц, шударга үнэн ялах болтугай!

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БАТ-ҮҮЛИЙН ЧУЛУУДАЙ

2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *