Categories
мэдээ нийгэм

Стрессээс шалтгаалсан сэтгэцийн өвчин 10 дахин өссөн дүн гарчээ

Дэлхийн хүн амын 4 хувь буюу 300 сая нь сэтгэл гутрах өвчинтэй аж. Сүүлийн 10 жилийн хугацаанд сэтгэл гутралын эмгэгтэй хүний тоо 18 хувиар өссөн нь энэ асуудалд зайлшгүй анхаарах шаардлагатайг харуулж буйг ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт-У хэлж байна. Мөн тэрбээр нийгэм, эдийн засгийн сөрөг үйл явц хүмүүсийг сэтгэл гутралд хүргэдэг. Сэтгэл гутралаас урьдчилан сэргийлж, эмчлэхэд тодорхой хөрөнгө шаардлагатай. Энэ эмгэгээс урьдчилан сэргийлэхэд зориулсан 1 доллар эргээд эдийн засагт 4 доллар болон өсдөг. Нас, хүйс, нийгмийн гарал, үндэс угсаа харгалзахгүйгээр тусдаг энэ эмгэгийн даван туулах үе хэнд ч ирж магадгүй. Тиймээс гадуурхахгүй байх нь чухал гэдгийг хэлж байна.

Харин манай улсын хувьд 2013 онд хийсэн судалгаагаар хүн амын 6.6 хувь нь сэтгэл гутралтай гэсэн дүн гарчээ. СЭМҮТ-ийн хийсэн судалгаагаар өсвөр насны 5 хүүхдийн нэг, төрсөн 6 эмэгтэйн 1 нь сэтгэцийн асуудалтай байгаа нь тогтоогджээ. СЭМҮТ жилд 40 мянган хүнд үйлчилдэг байна. Тэднээс 1800-2000 нь сэтгэл гутрал, сэтгэцийн ямар нэг асуудалтай байдгийг тус төвийн захирал Л.Насанцэнгэл хэлэв. Тэрбээр 2014 онд стрессын шалтгаантай сэтгэцийн асуудал 10 дахин өссөн дүн гарсныг мөн мэдээлэв.

ДЭМБ-аас гаргасан Номхон далайн эргийн бүсийн 15 орнуудыг зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтаар ихээс бага руу нь эрэмбэлэхэд Монгол Улс VII-д, сэтгэл гутрах эмгэгийн тархалтаар Австрали, Шинэ Зеланд улсын дараа III-т оржээ. Зуун мянган хүн амд амиа егүүтгэх тохиолдлын тоогоор VI-д жагсч байна.

Сэтгэл гутралын ноцтой үр дагавар нь амиа хорлоход хүргэдэг байна. Дэлхийд 40 секунт тутамд нэг хүн амиа егүүтгэдэг. Манай улсын хувьд ч1992-2013 онд хийгдсэн судалгаагаар жил ирэх тусам амиа хорлох тохиолдлын тоо нэмэгдсээр буй аж.

Сэтгэл гутралын шинж тэмдэг:

  • Сэтгэл санаа дундуу, уйтгартай байх
  • Идэвх, сонирхол буурах
  • Амархан ядарч, сульдах
  • Анхаарал төвлөрөхгүй байх
  • Нойргүйдэх
  • Хоолны дур, сонирхол буурах
  • Өтгөн хатах
  • Бэлгийн дур хүсэл буурах
  • Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн мөчлөг алдагдах
  • Өөрийгөө буруутгах
  • Биеийн жин буурах
  • Хэнд ч хэрэггүй болсон мэтээр бодох
  • Үг яриа цөөрөх
  • Хөдөлгөөн удаашрах

Танд бүх шинж тэмдэг илэрч байвал эхний ээлжинд Сэтгэл гутралыг илрүүлэх “Beck”-н сорилыг бөглөх шаардлагатай. Сорилыг энд дарж үзнэ үү. Сорилын үр дүн сөрөг гарвал та сэтгэлзүйч, мэргэжлийн эмчид хандаж, сэтгэл заслын болоод эмийн эмчилгээ хийлгэж болно.

Сэтгэл гутралаас сэргийлэх боломж:

  • Өдөр бүр биеийн тамирын дасгал хийх
  • Эрүүл, зөв хооллоход анхаарах
  • Булчин сулруулах дасгал хийх
  • Сайн унтаж амрах
  • Стресс тайлах ур чадварт суралцах
  • Ажлаа төлөвлөгөөтэй хийх
  • Согтууруулах ундаанаас татгалзах
  • Өөрийгөө хайрлах, халамжлах
  • Өөртэй итгэлтэй байх, бусадтай эелдэг харьцах шаардлагатай юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *