Categories
мэдээ улс-төр

Б.Чойжилсүрэн: Тэтгэврийн сантай байх уу, дампууруулах уу гэдэг байдалд хүрээд байна

Холбоотой Зураг

УИХ-ын хаврын чуулганы хоёр дахь өдрийн үдээс өмнөх хуралдаан дээр тэтгэвэрийн нас, хүүхдийн мөнгөний асуудлаар Д.Сарангэрэл гишүүн асуулт асуулаа. Асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариулахдаа, “Тэтгэвэрийн нас, шимтгэлийг нэмэгдүүлэх хоёр арга хэмжээг зайлшгүй авах шаардлага гарсан. Би та бүхэнд нэг статистик хэлье. Тэтгэвэрийн сан 2014 онд 297 тэрбум төгрөгийн татаас авсан. 2016 онд 478,1 тэрбум төгрөгийн татаасыг төсвөөс авсан. 2017 онд 578,3 тэрбум төгрөгийн татаас авах юм байна. Бодлогын өөрчлөлт хийхгүй бол 2018 онд 677,7 тэрбум болж өснө. 2019 онд 738,9 тэрбум төгрөг, 2020 оноос 807,7 тэрбум төгрөгийг зөвхөн улсын төсвөөс тэтгэврийн санд татаас болгож олгох юм. Тэтгэвэрийн сан асар өндөр алдагдалтай болсон учраас ийм арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс аргагүй болж байгааг зөв ойлгоосой. 2018-2020 онд өгөх татаасын хэмжээ 2,3 их наяд төгрөгт хүрч байгаа. Зөвхөн тэтгэврийн сангийн татаасыг өгч бусад хөгжлийн санхүүжилт, төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэр нэмэх асуудал хүндрэлтэй болно. Урьдны Засгийн газрууд маань жаахан эрт мэдрээд, зориг гаргаж шинэчлэл хийсэн бол Тэтгэврийн сан маань өдийд жигдрэх хандлагатай байсан болов уу гэж харамсч байна гэлээ. Д.Сарангэрэл гишүүн “Тэтгэврийн насыг нэмнэ гэхээр нийгэмд буруу ойлголт яваад байна. Өнөөдөр 55 нас хүрсэн эмэгтэй хүн, 60 нас хүрсэн эрэгтэй хүн тэтгэвэрт гарах эрх нь хуулиараа үүсч байгаа. Хэрэв эмэгтэй хүн хүсвэл жаран нас хүртлээ, эрэгтэй хүн 65 нас хүртлээ ажиллаж болно. Амьдрал дээр өнөөдөр 55, 60 нас хүрэв үү үгүй юу хөөгөөд гомдоогоод байгаа юм. Тийм учраас эхний ээлжинд энэ хуулиа засч сайжруулах шаардлагатай” гэлээ. Сонголт бий болгох тухай түүний санааг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан С.Чинзориг гишүүн дэмжсэн. “Эмэгтэйчүүд өөрөө хүсвэл олон хүүхэдтэй гээд 50-тай тэтгэвэрт гарч болно гэдэг сонголт бий болгох хэрэгтэй. Манай ажил олгогчид өөрөө хүсвэл гэдгийг анзаарахгүй заавал захиргааны санаачилгаар 50-тай, 55-тай тэтгэвэрт гаргаад байгаа юм. Өөрөө хүсээгүй нөхцөлд захиргааны санаачилгаар 50, 55 настай ээжүүдийг хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэрт гарахыг нь хориглоно гэсэн заалт оруулж болохгүй юм уу” гэж асууж байлаа. Сангийн сайд хариуд нь “Та жаргал зовлонг нь мэдэж байгаа. Одоо бид Тэтгэврийн сантай байх уу, дампууруулах уу гэдэг байдалд хүрээд байна” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *