Categories
мэдээ цаг-үе

Австралийн үер бидэнд боломж олгох уу?

2011 оноос хойш болж байгаагүй асар хүчтэй хар салхи Австралийн нүүрсний үйлдвэрлэлийн гол бүс гэгддэг Куинслэнд мужийг дайраад эхэллээ. Шуурга ид үедээ 300 км/цаг хүрэх учир маш аюултай гэгдэж буй. Тус улсын Засгийн газраас иргэдийг нүүлгэн шилжүүлэх, хоргодох байраар хангах ажлыг зохион байгуулж байна. Гэвч эртнээс мэдээ авч, бэлдсэн учир эрсдэл харьцангуй бага учирч байгааг онцлох учиртай. Одоогийн байдлаар нэг иргэн нас барсан гэх мэдээлэл бүртгэгдээд байгаа юм. Эрдэс баялгийн шинжээч Л.Наранбаатар “Австралийн зүүн эрэгт хэд хоногийн өмнөөс сануулж байсан далайн хар шуурга эхэллээ. Маш хүчтэй шуурга тус улсын нүүрсний нөөц, олборлолтын гол цөм болсон Куйнсланд мужийн Бовен Бассэйнийг ниргэж байна. 2011 онд айхтар шуурга болсноос энэ бүсийн нүүрсний уурхайнууд үерт автаж, коксжих нүүрсний үнэ 400 ам долларт хүрч өсч байв” гэж нүүр хуудсандаа постолсныг онцолъё.

Өчигдөр буюу мягмар гаригт шуурганы гол хэсэг дайрч өнгөрнө гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Гэхдээ энэ долоо хоногийн турш Куинслэндэд хүчтэй бороо тасралтгүй орно гэх мэдээллийг цаг уурчид өгч байгаа юм. Энэ мэдээллийг урьдчилж авсан нүүрсний том уурхайнууд эртнээс бэлдэж, уржигдраас эхлэн уурхайнуудаа түр хугацаагаар зогсоогоод байна. Тухайлбал, BHP Bil­liton, Glencore компаниуд тус бүр 1-2 уурхайгаа түр зогсоосныг дэлхийн хэвлэл мэдээллийнхэн онцолж эхэллээ. 2011 онд тохиосон Австралийн үерээс болж уурхайнуудын бүх дэд бүтэц эвдрэн зогсч, коксжих нүүрсний үнэ 300 ам. долларт хүрч тэнгэрт хадаж байлаа. Түүнээс хойш Австралийн уурхайнууд энэ тал дээр маш их бэлтгэлтэй, эрсдэлийн тооцоотой болсныг хэлэх хэрэгтэй. Тус улсын уурхайнууд дэд бүтцийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, уурхайнуудаа чадавхижуулсан. Ийм учраас энэ удаагийн шуурга хэдий хүчтэй боллоо ч ил уурхайнууд руу ус орж ирэх эрсдэл л байгаагаас биш ачилт болон боомтын дэд бүтцэд төдийлөн хохирол учруулж чадахгүй гэж үзэж байгаа юм. BHP Billiton, Glen­core компаниуд энэ удаагийн түр зогсолтыг уурхайнуудын жилийн үйлдвэрлэлийн гарцад нөлөө учруулахгүй гэж үзэж байгаа аж.

Гэхдээ энэ бол албан мэдээлэл. Хэн ч байгалийн гамшгийг урьдчилж хэлж чаддаггүй. Гамшгийн улмаас том эрсдэл үүрэх нь тодорхой болсон ямар ч том бизнес эрхлэгч “Үүнээс болж ийм алдагдал хүлээнэ” гэж бас хэлэхгүй. Өөрөөр хэлбэл, Австралийн нүүрсний уурхайнуудад хичнээн хэмжээний аюул учрахыг урьдчилж таах боломжгүй гэж хэлэх гээд байна л даа. 2011 оных шиг, тэр жилээс ч аюултай гамшиг боллоо гэхэд “Бид дампуурлаа” гэж зоригтой хэлэх бизнес эрхлэгч одоо лав гарахгүй. Мэдээж аль нэг улсад үер болоод эдийн засгийг нь тэтгэдэг гол сувгийг хаана гэдэг баярлаж хөөрөхөөр сэдэв биш. Гэхдээ энэ удаагийн үеэр бидэнд боломж олгож буйг хэлэхгүй орхиж болохгүй. Австралийн тухайд бодлоготой, ухаантай улс. Тулаад ирсэн гамшгийг мэл гайхаж цэл хөхрөөд өнгөрөөхгүй нь ойлгомжтой. Гэхдээ сүүлийн өдрүүдэд цацагдаж буй мэдээллээс анзаарахад хэлж ирдэггүй хийсч ирдэг байгалийн гамшиг манай гол өрсөлдөгч болсон улс руу чиглэсэн нь тов тодорхой байна. 2011 он шиг “аз” дайрах цаг мөч бидэнд ирж магадгүй гэсэн үг.

Монгол нүүрс хаданд гарах бас нэг шалтгаан нь Хойд Солонгос. Хятад Хойд Солонгосоос нүүрс авахаа зогсоосон нь манай төмөр зам дагуу оршдог жижиг нүүрсний ордуудыг “моодонд” оруулсныг сүүлийн өдрүүдийн мэдээлэл гэрчилнэ. Олон-Овоо өртөөнөөс нүүрс ачсан галт тэрэг урд хөршийн Тяньжиныг зорьсон нь саяхны үйл явдал. Монгол нүүрс далай руу ойртсон, далайд хүрэх боломжтойг баталсан гэдэг утгаараа энэ үйл явдал хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байж чадлаа. Хойд Солонгосоос нүүрс авахаа зогсоосон учраас Хятадын өндөр чанарын нүүрсний нийлүүлэлт энэ жил 20 орчим сая тонноор тасалдаж байгаа. Энэ мэдээ Хятадад нүүрсээ нийлүүлж овоо ам.доллар олдог Австрали, ОХУ, Индонезийн хувьд таатай сонин. Гэтэл манай улсын хүчтэй өрсөлдөгч Австрали байгалийн гамшигтай нүүр тулаад байна. Тэгэхээр бидэнд боломж гарч ирлээ гэсэн үг. Хойд Солонгост тавьсан Хятадын хориг 2017 оныг дуустал үргэлжилнэ. Энэ ондоо нүүрсний үнэ тогтвортой байна гэсэн таамаг голлож буй. Австралийн үерээс үүдсэн уурхайнуудын зогсолт үргэлжлэх хугацаанд нүүрсний үнэ улам өсч, монгол нүүрс моодонд орох нь тодорхой. Өр зээл яригдсан эдийн засагт бол үүнээс таатай мэдээ гэж юу байхав. Нүүрснээсээ төлөвлөж байснаасаа илүү ам.доллар олох нь тодорхой болчихлоо.

Гэхдээ санаж сэрэх нэг өнцөг бий. Австралийг нөмөрсөн 2011 оны үер олон улсын зах зээлд нүүрсний үнийг асар их хэмжээгээр өсгөхүйц том нөлөөтэй байсныг уншигчид мэдэж буй. Тэр үед манай улс төмөр зам, тээврийн дэд бүтэц байгаагүйгээс үнийн өсөлтийг сайн ашиглаж чадаагүй. Төмөр замтайсан бол олсноосоо асар ихийг олох байлаа гэж амаа барьцгааж байсан харамсал өнгөрсөн түүхэнд бий. Гэтэл өнөөдөр, зургаан жилийн дараа Австралид дахиад үер болчихлоо. Харамсалтай нь өнөө л үгээ хэлж, өмнөх харамслаа давтсан шигээ сууцгааж байна. Тодруулж хэлбэл яг тэр үеийнх шигээ төмөр замгүй сууцгааж байна. Зам тээвэр нь тэр үеэсээ дордсон, дэлхийд байхгүй 50-60 км урт дараалал үүсгээд сууж байна. Австралийн үер илүү мөнгө олох боломжийг нээж байгаа нь үнэн. Гэхдээ үүнээс илүүг олох боломж байсан. Боломжоо бид өөрсдөө нураасан нь бас үнэн. Төмөр замаа тавьчихсан байсан бол бид ОХУ, Индонезийг харамстал нүүрсээ үнэлээд өчнөөн ам.доллар халаасалсан шигээ суух байлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *