Categories
мэдээ цаг-үе

Б.Сарантуяа: Самар хатныг би л бичихгүй бол он цагийн тоосонд дарагдаад үлдэх юм шиг санагдсан

Зохиолч, сэтгүүлч Бямбаагийн Сарантуяатай ярилцлаа.


-Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “Самар хатан” роман 2000 хувь хэвлэгдээд дууссан гэж сонссон. Та маркетингийн ямар нэгэн онцгой арга хэрэглээд байна уу?

-Надад янз бүрийн маркетингийн арга гэж байхгүй. Өмнөх номууддаа ч ямар нэгэн реклам хийлгэж байгаагүй. Эрхбиш шинэ номоо хэвлэгдсэний дараа өөрийнхөө цахим хуудаснаа номынхоо тухай танилцуулга тавьдаг төдий. Тэгж их рекламдсанаар уншигчид тухайн номыг шуурч авах нь юу л бол. Ном бол өөрийгөө таниулдаг зүйл гэж ойлгодог. Үнэхээр чиний номыг хүмүүс сонирхож байвал түүнийг унших, дараагийн номыг нь хүлээх хүлээлт аяндаа бий болно. Түүнээс биш миний номыг аваарай гэсний зоргоор хүн авна гэж байхгүй шүү дээ. Авлаа ч гэсэн таалагдахгүй бол дахин нээж харах хүсэл төрөхгүй. Сая давхардсан олон баяр таарлаа. Эхний хэвлэлт дууссан нь үнэн. Одоо дахин хэвлэгдээд дэлгүүрүүдэд тараагдаж байгаа.

-Та эмэгтэй хүн учраас эрчүүдийн талаар бичихээсээ илүүтэй эмэгтэй хүний талаар бичвэл арай ойрхон байх болов уу гэж бодоод хатдын тухай бичиж эхэлсэн гэсэн. Гэхдээ дараа нь Бат хааны тухай бичсэн. Яагаад хааны тухай бичих болсон юм бэ?

-Мэдээж надад эмэгтэй хүний дотоод ертөнц мэдрэмжийг бичихэд илүү дөхөм байсан. Тийм ч учраас “Сорхугтани” романаа зориглон бичсэн. Энэ номонд XIII зууны Монголын түүх, тэр дундаа хатдын түүхийг уран зохиолоор дамжуулан өгүүлсэн маань уншигчдад номонд дурлах, цаашлаад эх түүхээ үргэлжлүүлэн судлах сонирхол сэдлийг төрүүлсэн гэж боддог. “Сорхугтани” хэвлэгдэн гарсан цагаас хойш таван жилийн хугацаа өнгөрсөн ч энэ ном шилдэг борлуулалттай номын жагсаалтад байсаар л байна. Мөн энэ номоор дамжуулан эмэгтэй хүн, эх хүний үүргийг гаргаж ирэхийг чармайсан маань бас уншигчдад хүрсэн юм болов уу. Харин дараагийн романы хувьд зохиогчийн зүгээс өөрийгөө сорьсон бүтээл байсан. Үнэндээ чадашгүй зүйлийг чадахын төлөө явах нь уран бүтээлчийн нэг суурин дээрээ тогтож мөлийхөөс сэргийлдэг гол чанар гэж боддог.

Эрэгтэй хүний өнцгөөс, тэр тусмаа умардын тэнгэр дор ид хаваа гайхуулж явсан их хүн Бат хааны тухай роман бичих маань дээрхийн адил өөрийгөө, чадал боломжоо сорьсон хэрэг болсон. “Сайн хаан Бат” романд өмнөхөөс илүү гол дүр, түүхэн үйл явдлуудыг тодотгох уран зохиолын туслах дүрүүдийг гаргаж өгсөн. Мөн л монгол эр хүний мөн чанар, хүмүүс бахархан дуурайж болох эр хүний хэв шинжийг гаргахыг хичээсэн. Ер нь хийж байгаа бүтээл бүхэндээ өөрийнхөө өмнө туулж барамгүй хүнд сорилтыг тавихыг хичээдэг. Энэ бүхнийг даван туулж чадсан цагт зохиолчийн хувьд мэдрэх сэтгэл ханамж, уншигчдаас ирэх талархал аль аль нь бодитой санагддаг. “Самар хатан” романы хувьд миний олон жилийн өмнөөс бичихийг хүсч байсан сэдэв л дээ. Хэрвээ би л бичихгүй юм бол хэн нэгэн хэзээ нэгэн цагт энэ түүхийг сөхтөл он цагийн тоосонд дарагдан үлдэх гэж байгаа юм шиг харамсалтай санагддаг байсан болохоор зориглон авч бүтээл болгохоор хичээн сууж ийнхүү уншигчдадаа барьж байна. “Сорхугтани” роман хэвлэгдсэн цагаас хойш хүмүүс тухайн үеийн түүхийг илүү сонирхон судлах болсон шиг санагддаг. “Самар хатан” романыг уншсан хүмүүс бага хаадын үеийн түүхийг илүү сонирхон судалж алдаа онооноос нь сургамж аваасай гэж хүссэн. Энэ бол бидний л түүх. Эмгэнэлтэй, гашуун үнэн амьдрал бол бидний өвөг дээдсийн туулж ирсэн зам. Миний өмнөх хоёр романд монголчууд эв нэгдлийн хүчээр дэлхийн дайдыг эзэлж явсан баатарлаг түүхийн тухай өгүүлэх боловч “Самар хатан” роман бол монголчууд эв нэгдэлгүйдээ хэрхэн уруудан доройтож байгааг харуулсан түүх юм. Хүмүүс ирээдүйг бүтээхийн тулд өнгөрснөөс суралцах хэрэгтэй. Өнгөрсөн цаг үед бидний өвөг дээдэс бодитой олон жишээг хожмын бидэнд үлдээгээд явсан. Энэ бол түүх юм. Харин “Сорхугтани”, “Самар хатан” романы гол дүрийн бүсгүйчүүдийн хувьд ялгаагүй жаргал, зовлон ээлжилсэн амьдралын ямар ч цаг үед эмэгтэй хүн үндэс угсаа, үйлс зорилгынхоо төлөө хэрхэн амьдарч болдгийг харуулаад буцсан түүхт хүмүүс.

-“Самар хатан” романы Батула хааны Бахаму хүү Тогоон нэртэй болсон түүх үнэхээр сонирхолтой. Үнэхээр тийм түүх байдаг юм уу?

-Тийм ээ, эх сурвалжуудад ингэж бичсэн байдаг. Түүх, түүхэн уран зохиол хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй гэж үздэг ч зохиолч хүн түүхэн үйл явдлаас сэдэвлэн уран зохиол бичихдээ ямар нэгэн байдлаар түүхийг гуйвуулж өөрийн зүгээс дур мэдэн шийдвэр гаргаж болохгүй гэж би боддог. Миний бичсэн гурван романд аль алинд нь түүхийг гуйвуулсан зүйл байхгүй. “Сорхугтани” романд ганц хоёр шүүмж бичигдэн гарсныг харахад шүүмж бичиж байгаа хүмүүс маань өөрсдөө түүхээ судлаагүй, эх сурвалжаа мэдэхгүй байгаа юм уу гэж анзаарагддаг. Хүнийг гүтгэх амархан шүү дээ. Ийм юм байгаагүй, энэ худал ярьж байна гэж хэлэхэд шүүмж бичсэн хүнд хүмүүс үнэмшинэ. Миний хувьд зав чөлөө байдаггүй учраас тэр бүрд хариу өгч амждаггүй. Жишээ нь Сорхугтани романы эхэнд Чингис хаан өөрийн голомтод бодисадвагийн хувилгаан төрүүлж өгөх хүсэлтээ бурхны шашны Манзушири ламтанд илгээдэг болон Сорхугтани хатны зүүдэнд ирсэн дөрвөн алтан шумуул аль аль нь Лувсанданзангийн “Алтантовч”-д тодорхой бичигдсэн. Энэ бол баримт.

1219 онд Чингис хаан бомбын шашны арш Чан Чун Бомбод уулзах хүсэлтээ илэрхийлэн захидал илгээхэд өвгөн арш 73 насандаа 19 шавиа дагуулан Сартуулын нутагт суугаа Чингис хаантай очиж уулзан Даогийн буюу Бомбын шашны тухай сургаал номлолоо айлдаж байсан тухай эх сурвалжууд дурддаг. Үүнийг Чингис хаан Даогийн шашин шүтдэг байсан гэж хэн ч хэлэхгүй шүү дээ. Самар хатны хүү Бахаму урдын нэгэн өш хонзонгийн эргүүлгээр Аргутайн гарт очиж, тогоон дор хөмрүүлэн Тогоон нэрийг авч байгаа нь мөн л түүхэнд дурдагддаг. Түүний өмнө Тогооны эцэг Батула Аргутайг муучлан зарж, араг үүрүүлэн Аргутай хэмээн нэрлэсэн нь ч бодит явдал. Хамгийн сайн зохиол гэж юу вэ гэсэн асуултад “Хамгийн сайн зохиол бол болсон явдал” гэж хариулсан байдаг юм билээ. Харин түүхийн сурвалжуудад огт дурдагдаагүй ямар нэгэн байдлаар эх сурвалж үлдээгүй хоосон орон зайд зохиолч өөрийн таамгийг дэвшүүлэх нь бий. Жишээ нь, Элбэг хаан Ойрадын Хуухай Тэйюүгийн хүү Батулад уучлалын бэлэг болгон Самар охиноо өгсөн нь баримт. Харин Батула Самар гүнжийг хэрхэн хүлээж авсан, ер нь өс хонзонгийн тайлал болсон тэр гэр бүл хэрхэн амьдарч байсан нь тодорхойгүй. Дараа нь эр нөхөр нь болох Батула Үгэчи Хасахатай нийлж, Элбэг хааныг хороосон. Энд Самар хатан яавч зүгээр хараад сууж байгаагүй болов уу. Ер нь түүхэнд хатдын тухай их бүдэг үлдсэн байдаг. Дараа нь Адай хаан Батулаг хороож, Самар хатныг нь авсан. Энэ бас түүх. Харин энэ бүхний уялдаа холбоог чухам яагаад гэдгийг зохиолч л гаргаж дэвшүүлнэ. Уран зохиол учраас заавал яагаад гэдэгт хариулах хэрэгтэй болно. Харин судалгааны бүтээлд яагаад гэдэгт хариулах албагүй.

-Тогоон Ойрадын Чинсан болсон хийгээд Самар хатан Адайн хатан болохыг асуусан зэрэг үйл явдал нэгхэн хуудсанд өрнөж дууссан. Цаана нь бичих олон үйл явдал хангалттай байсан учир ингэж хурдтай өрнүүлсэн үү?

-Самар хатан романы хувьд XV зууны эхэн үеийн жараад жилийн үйл явдал, энэ хооронд нийт долоон хаан солигдож буй түүхийг өгүүлсэн. Үнэхээр таны хэлдгээр бичих зүйл, багтаах үйл явдлууд хэтэрхий их байсан л даа. Харин зориудаар Адай хааны хатан болсон тэр үйл явдлыг хэтэрхий сунжруулахыг хүсээгүй юм. Энэ нь гол дүрийн маань үзэл бодол өөрчлөгдсөнтэй холбоотой. Хүний амьдрал ч адилхан. Гэнэн залуу насандаа хайр сэтгэлийнхээ төлөө бүхнийг хийх хүсэл мөрөөдөлтэй байдаг ч цаг хугацаа улирч, юмс хувьсан өөрлөгдөхийн хэрээр хүний бодол санаа, хүсэл зорилго өөрчлөгддөг. Аль хэдийнэ дөчин нас давсан Самар хатны хувьд анхны хайрын тухай дэврүүн хүсэл мөрөөдлөөс илүү улс орны хувь заяа чухал болчихсон үе шүү дээ. Гэнэн бага насны тэр догдлол дөч гаруй настай эмэгтэйд төдийлөн илрэхгүй л болов уу.

-Ойрадын Тогоон чинсан охин Сэцэнээ алтан ургийн Тогтобухад өгсөн. Уг нь бол Сэцэн нагац ахынх нь ач шүү дээ. Тэгэхээр ураг төрлийн цус ойртолт гэдэг айхтар зүйл явагдахгүй юу?

-Та гярхай ажиглаж. Түүхээс харахад Тогооны охин Ажайн хүүтэй гэрлэсэн хийгээд дараа нь Эсэнгийн охин Агваржин жононгийн хүүтэй гэрлэж Баянмөнх жонон төрсөн зэргийг харахад гурав, дөрөв дэх үе дээрээ ураг төрлүүд хоорондоо гэрлэсэн мэт харагдаж байгаа юм. Гэвч түүхэнд энэ үйл явдлыг ямар нэгэн хэмжээгээр буруутган шүүсэн бичвэр таарсангүй. Энэ үед эхийн цусыг биш эцгийн цусыг дагасан юм болов уу гэж бодсон. Ер нь бол ойрад монгол, баруун зүүн түмний эв нэгдлийн зангилаа болгож л энэ хүмүүс хоорондоо гэрлэсэн байдаг. Үнэхээр эхийн цусыг чухалчилдаг байсан бол эхийн талаас бодоход Тогоон чинсан ч тэр, Эсэн тайж ч тэр алтан ургийн цустай. Гэтэл тэдэнд алтан ургийн ядаж ганц дусал ч атугай цус байгаа гэж түүх дурдаагүй. Ойрадын чинсан л гэж дурдагдаж байгаа юм.

-Та “Сорхагтуни хатан”, “Сайн хаан Бат”, “Самар хатан” романуудаа 2012 оноос хойш хоёр, хоёр жилийн зайтай бичжээ. Ингэж хурдтай ажиллах нь таны ажлын арга барил уу, бусад зохиолчдоос суралцдаг уу, голчлон хэнээс их үлгэр дуурайл авдаг вэ?

-Хоёроос гурван жилд нэг ном гаргасан байна. Зарим зохиолчид жилд нэг ном гаргадаг. Харин зарим нь бүр жилд арваад ном гаргах нь ч бий. Харин миний хувьд хэтэрхий удаан, залхуу байна уу гэж өөрийгөө шүүмжилдэг шүү дээ. Надад бол энэ нь хурдтай санагдахгүй байгаа. Миний хувьд зохиолчдоос суралцах үлгэр дуурайл авах гэдгийг ном унших л гэж ойлгодог шүү дээ. Өөртөө цаг гаргаж ном их уншдаг, цуглуулдаг. Өөрөө ном бичиж байгаа үед тэр чиглэлийн ямар л ном байна бүгдийг нь олохыг хичээдэг. Уншдаг, харьцуулдаг, гаргалгаа хийдэг. Харин бичихдээ зөвхөн дотоод ертөнцөөсөө гарч буй анирыг барин авч бичдэг. Зохиолчид нэг их бие биенээ дуурайдаггүй байх аа.

-Цаашдаа хатдын тухай үргэлжлүүлэн бичих үү, нууц биш бол ямар зохиол бичихээр төлөвлөж байна вэ?

-Миний бичих ном үргэлжид өөрийгөө сорьсон, чадах эсэхээ мэдэхгүй эргэлзээг өмнөө нээн удаад нь түүнийгээ таягдан хаяж, уншиж судалж, зүтгэж ард нь гардаг сэдвүүд байдаг. Хоёр жилийн өмнө “Самар хатан” романаа эхлүүлэхийн урд домгоос сэдэвлэсэн нэгэн ном эхлүүлж байгаад орхисон байгаа. Ойрноос түүнийгээ эргэж харах санаатай байна. Энэ номыг бичихэд бас л их мэдлэг хэрэгтэй. Унших, судлах хэрэгтэй. Энэ бол бодитой хэрнээ бодитой биш сэдэв л дээ. Тийм болохоор ил, далд ухаан судлаачидтай уулзах, энэ тухай өгүүлэх бүхий л ном товхимлыг шүүн харах олон ажил хүлээж буй. Одоогоор ганц хоёр сар амрах санаатай байна. Бие сэтгэл, зүрх зориг, хүсэл мөрөөдөл цэгцрэн жигдрээд ирэхийн цагт бичих хүсэл төрж, тэр нь бодитой болж ирдэг болохоор түүнээ хүлээнгээ амарч байна. Түүхэн сэдвээр зохиол бичихэд хариуцлага үргэлж дагалдаж явдаг. Харин одоо сонирхон судалж буй уран сэтгэмж төсөөллийн ертөнцөөр аялах домгоос сэдэвлэсэн энэ зохиол маань сэтгэлгээний эрх чөлөөг мэдрэн бичиж болох таатай зүйл шиг санагдах хэдий ч бас л уламжлалгүй шинэчлэл гэж байхгүйн адил энэ ертөнц дээр танин мэдсэн, бичиж үлдээсэн ил далд мэдлэггүйгээр цааш үргэлжлэхгүй болохоор судлах зүйл ихтэй л болоод байна даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *