Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлэх ажил өнөөдрөөс эхэлж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээг шинэ төвшинд гаргах зорилгын хүрээнд дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хотын нийтийн тээврийн их, дунд багтаамжийн автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгсэл ашиглах болж байгаа. Иргэд нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар зардлаа төлнө.
Карт ашиглаагүй болон үйлчилгээний хөлсөө төлөөгүй зорчсон тохиолдолд Автотээврийн тухай хуулийн дагуу тухайн иргэнийг 1000-5000 төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх буюу борлуулах 451 цэг ажилллаж байгаа бөгөөд цаашид тоог нэмэж, үйлчилгээг нэмэгдүүлэх аж. Автобусны буудлын ойролцоо байрлах эдгээр цэгүүдэд картаа цэнэглэх буюу худалдан авах боломжтой.
Мөн сарын турш хязгааргүй зорчих эрхтэй карт худалдаанд гарсан байгаа ба 25 мянган төгрөгийн үнэтэй аж. Хязгааргүй зорчих эрхтэй эл картыг “Улаанбаатар смарт карт” ХХК хэрэглэгчийн төв болон Дүнжингарав, Мишээл, Драгон зэрэг төвүүдээс авах боломжтой аж.
Орон нутгаас ирж буй иргэдийн хувьд түр хэрэглэх карт авч ашиглах нь тохиомжтой.
Одоогоор нийслэлийн хэмжээнд 921 автобус хотын тээвэрт үйлчилж байгаа гэх мэдээллийг албаныхан мэдэгдсэн.
Сануулахад, автобусанд картаар үйлчлүүлээгүй мөртөө эсэргүүцэж, төлбөр төлөхгүй тохиолдол гарвал Авто тээврийн улсын байцаагч тухайн иргэнд хуулийн дагуу торгох арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхтэй иргэдийн 20 мянган ширхэг картыг өнөөдөр, маргааш нийгмийн ажилчидтай хамтран нийгмийн зорилтот бүлгийн хүмүүст тараах ажлыг зохион байгуулах аж. Үнэгүй зорчих эрхийн карт авсан иргэд карт борлуулах, цэнэглэх төвүүдэд очиж, тухайн картаа цэнэглүүлэн, нийтийн тээврээр зорчих боломжоо нээлгэхийг анхаарай.
ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Автобусанд суухдаа дараах картын төрлүүдээс сонгоно.
- Та өөрт ойр байрлах ТҮЦ, дэлгүүрүүдээс энгийн U money картыг худалдан авч өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглүүлж зорчоорой.
- Банк, АТМ болон интернетээр цэнэглэн ашиглах боломжтой нийтийн тээвэр төлбөр тооцооны хосолсон СИТИ ПАСС картыг Улаанбаатар хотын ХААН БАНК – Khan Bank-ны салбараас захиалан авах.
- Гар утасны сим картаа Unitel-ийн салбаруудад хандуулан солиулан NFC сим картаараа төлбөрөө төлж зорчих.
- Сарын хугацаатай хязгааргүй зорчих эрхтэй картыг худалдан авч нийтийн тээврээр зорчих.
- Дэлгэрэнгүй мэдээллийг 70151289 болон 326352, 323176 дугаарын утсаас авах. Мөн www.uscc.mn, facebook.com /uscc.mn/, twitter.com /umoneycard/ хаягаар холбогдон мэдээлэл авахыг зөвлөж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний бүх автобус, троллейбус болон карт борлуулах төвүүдэд мэдээлэл тавигдсан байгааг уншиж, иргэд зорчигчид та бүхийг хуулийн дагуу үүргээ биелүүлэн, эрхээ эдэлж, хамтран ажиллахыг албаныхан уриаллаа.