Categories
мэдээ нийгэм

А.Цогцэцэг сайд эмнэлэгүүдийн төлбөрт дээд, доод хязгаар тогтоох шаардлагатай гэв

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон дэд сайд Л.Бямбасүрэн нар Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад тус холбооны ерөнхийлөгч Б.Даш-Яндаг, зөвлөх О.Бямбаа болон гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн нар оролцож салбарын удирдлагуудтайгаа саналаа солилцлоо.

Монгол Улсын гавьяат эмч Б.Даш-Яндаг гемодиализийн эмчилгээг төр хариуцдаг болсон нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишээ болсныг сайшаагаад, цаашид салбарын ачааллыг бууруулахад хувийн хэвшлийн байгууллагууд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Сайд А.Цогцэцэг эрүүл мэндийн салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж ажиллахаа хэлэв. Тэрээр цааш хэлэхдээ, эмч нарыг чадавхжуулах тал дээр хувийн эмнэлгийн эмч нарыг улсын эмнэлэгт дадлага хийлгэх, улсын болон хувийн эмнэлгүүдийн төлбөрт дээд, доод хязгаар тогтоох болон гоо сайхны жижиг мэс ажилбаруудын үйл ажиллагаанд хамтран хяналт тогтоох шаардлагатай байгааг онцоллоо.

Дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ хувийн эмнэлгүүдийн удирдлагуудын хуулийн мэдлэгийг сайжруулах тал дээр анхаарахыг хүссэн бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбоотой олон санал гомдлууд ирж байгаагийн ихэнх нь өөрсдөө холбогдох хуулийн заалтуудаа зөрчсөнөөс болдог гэдгийг дурдсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *