Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод энэ өдөр Японы парламентын Зөвлөлдөх танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Ямазаки тэргүүтэй тус бүлгийн гишүүд бараалхлаа.
Бүлгийн дарга М.Ямазаки “Манай бүлэг Улсын Их Хурал, түүний гишүүд, Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж байна. Цаашдаа ч бид харилцаагаа илүү өргөн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байх болно” гэж уулзалтын эхэнд онцоллоо. Тэрбээр Монгол Улсад тохиогоод буй эдийн засгийн хүндрэлийг даван туулж, төсөв санхүүгийн шинэчлэл хийх чиглэлд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар ихээхэн хүчин чармайлт тавьж буйг бид мэдэрч, ойлгож байгаа. Саяхан ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн нь чухал алхам боллоо гэв.
УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсыг дэмжиж, хоёр орны бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ хичээн зүтгэж байдагт нь Бүлгийн дарга М.Ямазаки болон гишүүдэд талархал илэрхийлээд, Монгол Улсад айлчлахыг урилаа. Тэрбээр сонгууль болсноос хойших өнгөрсөн 8 сарын хугацаанд унаж уруудсан эдийн засгаа сэргээх чиглэлд бид ихээхэн хүчин чармайлт гаргаж, ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх урьдчилсан тохиролцоонд хүрээд байна. Энэ үйл хэрэгт ОУВС дахь япон анд нөхөд, Японы Сангийн яам чухал нөлөө үзүүлсэн гэж онцлон тэмдэглэв.
УИХ-ын дарга М.Энхболд “Одоогоос 11 жилийн өмнө миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Япон Улсад айлчилж, гуравдугаар сарын 28-ны яг энэ өдөр Ерөнхий сайд Ж.Коизүмид Хөшигийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал барих саналыг тавьж байлаа. Сая би наашаа ирэхийнхээ өмнө тус нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь очиж танилцсан. Бүтээн байгуулалт үндсэндээ дуусаж, ашиглалтад орох өдөр дөхөж байна. Энэ жишгээр Монгол, Японы хооронд эдийн засгийн харилцан ашигтай, үлгэр жишээ болохуйц томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон. Эцэст нь бас нэгэн гуравдугаар сарын 28-нд манай хоёр орон найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон томоохон үйлдвэр, төслийн нээлт болоосой гэж хүсэж байна” гэв.
Дараа нь бүлгийн гишүүд сонирхсон асуултаа тавьж, хариулт авав.
Уулзалтад Бүлгийн дарга М.Ямазаки болон Зөвлөлдөх танхимын гишүүн М.Мацуяма, Ю.Уозүми, М.Фүкүшима, Ю.Хата нарын зэрэг Монгол-Японы найрамдлын бүлгийн гишүүд байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв