Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Сар шинийн өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм алдрыг хүртсэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын малчин Г.Сампилтай ярилцлаа.
-Хөдөлмөрийн баатар болчихоод эргээд харахад юу бодогдох юм бэ. Оргилд хүрэхийн төлөө олон саад нугачааг давсан байж таарна?
-Хөдөлмөрийн баатар гэдэг энэ хүндтэй алдарт амар хялбар хүрчихдэггүй юм болов уу даа. Хөшүүргийн хүчийг зохистой ашиглахын тулд тулах цэг хэрэгтэй байдаг шиг Хөдөлмөрийн баатар болоход өөрийн гэсэн цэгтэй, орон зай, цаг хугацаа, шалгуур болзолтой юм гэж бодож сууна. Би ажил хөдөлмөр хийж эхлэснээс хойш 60 гаруй жил болж, үүний гуч гаруй жилийг мал маллаж, малын буян хишиг түшиж амьдарчээ. Өвөг дээдсийн арга ухаан, тэр дундаа бэлчээрийн мал аж ахуйг эрхэлдэг уламжлалт технологийн дагуу малаа маллах ажлыг голчилж хийсэн байна. Бас тодорхой үр дүнд хүрч, нутгийн өлчир омог хэвшлийн 4000 гаруй мал сүрэг бий болгожээ гэдгийг генетикийн лабораториор шинжлэх ухааны үүднээс тогтоосон. Бас тийм зөрчилгүй ч шийдэгдчихдэг биш юм байна л даа. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд мал эмнэлгийн шинжлэх ухааны үүднээс олон шаардлага тавигддаг. Заримтай нь зам нийлдэг, магадгүй ихэнхид нь урсгал сөрж байлаа. Өлчир омог хэвшлийн мал сүрэг хүйтэн цаг агаарт тэсвэртэй, ашиг шим, төлөрхөг чанар өндөртэй. Өвчин эмгэг тусах нь бага байгааг амьдрал дээр тогтоохын тулд мал эрүүлжүүлэх мал эмнэлгийн төлөвлөгөөт арга хэмжээнүүдээс нэг хэсэг татгалзах хэрэгтэй болдог. Хавар бүр хийдэг угаалга, туулга, янз бүрийн өвчнөөс сэргийлэх олон төрлийн тарилгуудыг хийлгэдэггүй. Эхний арваад жил сумын малын эмч нар, удирдах хүмүүс таатай биш хүлээж авсан. Гажиг сожиг хүн гараад ирлээ, ингэж байгаад өвчин эмгэг дэлгэрвэл яах юм гээд аль аль талаас нь бодсон байх л даа. Хашаагүй технологиор, тэр дундаа талын задгай жавар салхинд маллаж байж л мал өлчиржнө дөө. Эрт төллүүлэх хэрэгтэй болно. Салхи жавар сөргүүлж маллана. Хамгийн энгийнээр хэлэхэд даардаггүй болгоно гэсэн үг шүү дээ.
-Өлчир омгийн мал нэг өдөр бий болчихоогүй байх. Ямар арга ухаанд үндэслэж ийм омгийн мал бий болгоё гэж шийдсэн бэ?
-Язгуур үндэс нь аав ижий, буурал дээдсийн маань арга ухаан. Би малын хөлийн тоосон дунд өссөн хүн. 1950-иад оны эхээр Дэлгэрхаан суманд бага сургуулийн дөрөвдүгээр ангийг төгсөөд, цаашаа сургуульд явалгүй аав, ижийнхээ дэргэд мал аж ахуй дээр гарсан. Манайх мал олонтой айл байлаа. Тэр олон малыг дулаан хашаа саравч, тэжээлээр хангаж, цагийн хатуу хөтүүг давна гэдэг үнэн хэрэгтээ 1950-иод онд шийдэх асуудал огт биш байсан. Аав, ээж маань малаа сайхан маллаж, маршал Х.Чойбалсангийн мянган малтны шагнал эрээн майхан, гурван мөнгөн бүслүүртэй агар зандан хувин гээд том шагнал, хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс. Мөн л мал, байгаль хоёрын шүтэлцээнд түшиглэсэн арга ухаанаар л өлчиржүүлж байсан. Хашаа саравчгүй задгай нөхцөлд малласан. Бага насанд сонссон аав ижий, буурал дээдэс, нутгийнхны яриа хөөрөө айхавтар хүчтэй хадгалагддаг юм билээ. Гэтэл социализмын үед дулаан хашаа хороо, хүрэлцээтэй тэжээл өвс, нөмөр газар байлгахаар мал аяндаа бээрэг, давжаа болж ирдэг юм байна. Үс ноосных нь гарц хүртэл багасдаг. Яагаад гэхээр байнга хашдаг ямааны ноолуур задгай салхи жаварт байдаг ямааны ноолуурын гарц өөр. Жишээ нь манай нэг эр ямаанаас 700-780 гр ноолуур гардаг. Дунджаар 500 гр байх жишээтэй. Харин орон нутгийн дундаж 300-350 гр байна л даа. Байгалийн хүйтнийг тэсч гарахын тулд мал их хэмжээний ноолуур үйлдвэрлэж гаргадаг. Хонины ноос ч өөрцгүй. Ингээд мал маань байгальтайгаа дасан зохицож, байгалийн өнгө араншин, хүйтэн хатуу хөтүүг давах нөхцлөө өөрөө бий болгодог. Энэ байгалийн шалгарал болж гарч ирсэн. Эндээс л эх авсан. Социализмын үед би хөдөө аж ахуйн нэгдэлд ширээ сандлын ард суудаг алба хашиж явлаа. Тэгэхэд урьдын арга ухааныг авч хэрэглэсэн бол ийм их зардал, чирэгдэл гаргахгүй байсан даа гэж санагдах үе байсан. Ардчиллын ач буянаар малыг малчинд гэдэг том бодлого хэрэгжүүлж, 60 гаруй толгой бог голдуу мал өмч хувьчлалаар манайд ногдсон юм. Надад хоёр зам байсан. Дулаан хашаа саравч шүтэх үү, аав ижий, дээдсийн арга ухаанаар явах уу гэдэг. Уламжлалт арга ухаанаар ажиллаад үзье гэж бодогдсон юм. 1996-2000 онд Монгол даяар нэг их сайхан зөөлөн уур амьсгалтай, дулаахан, өвс ургамалын гарц арвинтай жилүүд байлаа. Малаа олон болгохыг хүссэн. Аймгийн төвөөс баруун тийш Чандгана тал гэдэг газарт нутаглаж байв. Тэр дөрвөн жилд бог малаа жилд хоёр төллүүлж байлаа шүү дээ. Хавар нэг төллүүлээд, аравдугаар сарын арвантавдаар дахин төл хүлээж авдаг. Нэг хониноос хоёр хурга авч байгаа юм. Цаг агаар, бурхан тэнгэр ивээсэн дээ.
-Г.Сампил гуай, та өлчир омгийн мал өсгөх арга ухаанаа бусад малчдад өвлүүлэх, туршлага судлуулах ажил хийдэг үү. Дээхнэ үед Хөдөлмөрийн баатар, аварга малчдын арга туршлагыг их л сурталчилж түгээдэг байсан?
-Яриан байхгүй тийм байсан. Тэр бол орон нутаг, төр засгаас зохион байгуулдаг бодлого байж. Сургалт явуулдаг, туршлага судалдаг, хол ойрын хүмүүс багш, шавийн холбоо үүсгэдэг байлаа. Дээр нь илгээлтийн эзэн гээд янз бүрийн нэр хаягтай, мал аж ахуйд гарч ирсэн хүмүүсийг дагуулдаг байсан. Одоо бол орон нутагт тийм зохион байгуулалттай юм үнэндээ бага. Хүмүүс хараад дагаж дуурайгаад бие биенээсээ асууж сураад хамтарч ажиллаж байгаа юм өч төчнөөнөөрөө бий. Манай Хэнтий аймагт Хан Хэнтийн мянгат малчин холбоо гэж байдаг. Би тэр холбоог 1998 оноос эхлээд хариуцсан. Манай Хан Хэнтийн мянгат малчид гэвэл одоо мянга шахам малчин бий. Тэдний ихэнхи нь ялангуяа тал хээрийн бүс нутагт хамаарагддаг Хэрлэнгийн хойд урд, талын малчид тэжээл бордоог шүтэхгүйгээр бэлчээрийн нөхцөлд зун намартаа сайн тарга хүч авахуулж, задгай жавар салхинд дасгаж байгаад малаа өлчиржүүлэх аргыг хэрэглэдэг. Малд гал илч гэдэг юм бий. Биед нь, үсэнд нь байдаг. Хөгшид ярьдаг байсан даа. Үсний галыг нь бууруулчихаар мал турж, онд орох чадваргүй болоод, салхи шуурганы үзүүрээр уруудаад эхэлдэг. Үснийх нь галыг хадгалах хэрэгтэй гэдэг. Хашаатай нөхцөлд малын үс шарлаж, бөөгнөрч үлтэрээд эхэлдэг.
-Манайхан эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлнэ гэж ярьцгаадаг. Гэтэл тэжээлээр бордсон малын мах хүнд сөргөөр нөлөөлдөг тухай барууныхан ярьж эхэллээ. Жин ихэсгэдэг, эрүүл мэндэд муу гэнэ. Малыг байгалийн зөнгөөр нь бэлчээрийн аргаар маллах нь зөв юм байх аа. Харин монголчууд маань бэлчээрийн мал аж ахуйгаа сурталчилж чаддаггүй?
-Бэлчээрийн малаас гарч байгаа мах, сүү эрүүл, цэвэр. Хүний биед шингэц сайтай. Би бүх малчдыг төлөөлж чадахгүй. Гэхдээ миний амьдардаг хялганат, сайр хээрийн тал тэр дундаа манай Баян-Улааны хээр талд 40 гаруй төрлийн бэлчээрийн ургамал ургадаг гэдгийг ургамал судлаачид тогтоосон. Тэдний 16 төрөл нь эмийн ургамал. Шар дэгд, морин дэгд, хунчир, чихэр өвс гээд олон эмийн ургамал бий. Бэлчээрт байгаа эмийн ургамлуудыг хамгийн ашигтай үед нь мал олж идээд, мах сүүндээ нөөцөлчихдөг. Юугаар ч сольшгүй чанартай мах, сүү тэнд үйлдвэрлэгдэж байна. Тэжээл бордооны мал бол хэдхэн төрлийн тэжээл иднэ шүү дээ. Цөөхөн төрлийн тэжээлээр шахаж бордохоор мах сүү арвинтай ч хүний эрүүл мэндэд тустай байж чадах уу. Нэг дор тодорхой тооны малыг хөдөлгөөн хязгаарлаж, байнга тэжээхээр өвчлөмтгий болдог. Түүнийг нь дарж байхын тулд олон төрлийн вакцин, эм тариа шахах болно. Тэр нь мах сүүгээр дамжиж хүний биед шингэхээрээ эерэг сөрөг олон нөлөө үзүүлэх жишээтэй. Хөгжсөн орнуудад ч эрчимжсэн аж ахуйгаас татгалзаж, айхавтар хэт төвлөрлийг задлах, мал байгаль хоёрын шүтэлцээнд аж ахуй эрхлэх, эрүүл хүнс бэлтгэхээр ярьж байна. Нэг хэсэг тахиаг найман хөлтэй болгож ч үзлээ шүү дээ.
-Тухайлбал танай хотноос мах, сүү авдаг хэрэглэгчид байдаг уу. Малчин Г.Сампилын хотонд жинхэнэ органик хүнс үйлдвэрлэж байгааг хэр олон хүн мэдэрдэг бол?
-Хувийн журмаар идэш ууш авъя гэсэн захиалга ирдэг. Нэг их том аж ахуйн сүлжээнд ороод, гадаадаас, Улаанбаатарын өндөр зэрэглэлтэй буудал, зоогийн газраас захиалга өгдөг юм байдаггүй. Тэр ч яахав, хямдчилах сэтгэлгээ байна. 200 гаруй км давхиж очоод Г.Сампил гуайн хотноос мах авах, “Хүчит шонхор” зах дээрээс авах хоёр зардал чирэгдлийн хувьд ялгаатай л байх. Бид жилдээ хийдэг борлуултаа захын ченжүүдтэй ярьдаг. Манайх ийм учиртай гэдэг. Тэд ч ойлгодог, авах дуртай. АСЕМ-ын үеэр гадны зочдын хоол хүнсэнд хэрэглэх мах, сүүний захиалга авъя гээд өлчир хэвшлийн мал малладаг малчид УИХ-ын гишүүн энэ тэрээр дамжуулаад зохион байгуулах алба руу хэлж үзсэн л дээ. Бага хэмжээний захиалга авч нийлүүлсэн. Аятайхан болсон юм бий.
-Малын жаргалыг хөөх гэхээр хүн нь бас салхи, жавар сөрж явах нь байна шүү дээ. Малчны хөдөлмөрт сэлгээ байх уу?
-Миний гурван хүү, гурван айл өрх малаа маллаж байна. Дээр нь мал төллөх үе, ноос ноолуурын цагаар гэрээ түрээсээр ажилладаг малчид бий л дээ. Арай түрүүхэндээ нэг, хоёр жил ажиллаж, тодорхой тооны малтай болоод, гэр орноо сайжруулаад явсан хүмүүс бий. Сүүлийн жилүүдэд ингэж ажиллах хүн цөөрчээ. Ямаа самнах үеэр тав, зургуулаа ирээд, манай бэлтгэсэн гэрт байрлаж, нэг ямааг 3000-3500-гаар самнах маягаар хэсэг хүн ажиллаж байна. Ямаа самнах хөлсөнд сая гаруй төгрөг гаргах жишээтэй. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд, мал төллөх үеэр өөрсдөө л дагнаж ажиллана. Үр хүүхэддээ мал маллах арга ухааныг өвлүүлэх учиртай. Бага хүү Амгаланбаяр маань хоёр жилийн өмнө аймгийн сайн малчин болсон.
-Ингэхэд гэргийдээ өгсөн хамгийн том бэлэг тань юу байв?
-Аятайхан дээлийн өнгө, хуруу, гар, чих толгойн гоёл чимэглэл мэтийн энгийн юм бэлэглэдэг. Ер нь л бидний амьдрал энгийн дээ. Нүүдэлчин хүмүүс шүү дээ. Нарны эрчим хүч нэвтрээд, хөдөлмөрийг нь хөнгөвчилсөн угаалгын машинтай болсон. Дээхнэ үед олон хүүхдийн хувцсыг яаж ч угааж байсан юм. Олон хүүхэд хүн болгоно, цаана нь олон малыг гардах тордох юм их гарна. Мал төллөх үед хөөрхий минь аргагүй л хүндийг нь үүрдэг дээ. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эх хүний агуу чанар ч юм уу гэж бодогддог. Эх нь гүйцэд хооллоогүй төлийг “Харангадчихаж мэднэ. Энийг угжих хэрэгтэй, жилбэ сайтай хонинд хөхүүлье” гээд чимхлүүр юм хийж явдаг хүн. Эрхбиш өглөөг үзчих байлгүй дээ гэмээр. Хурга, ишиг нэмж хөхүүлэх гээд шөнө дунд хүртэл хотон дотор явж байдаг хүн. Миний хань О.Бадам гэж эмэгтэй бий. Жаран жил айл болж амьдарч байна даа.
-Хөдөлмөрийн баатар болсон өглөө нар өөрөөр мандах юм уу?
-(инээв) Гэнэт сонсоход л амаргүй байсан. Юм бас их сонин. Би жараад жил шагай харваж байгаа хүн ш дээ. Шагай харвах гэж үндэсний том соёлын өв бий дээ. Миний хэдэн хүү бүгд шагай харвана. Ахмадын чөлөөт холбооны дэргэд Ахмад шагайчдын клуб ажилладаг юм. Үдээс хойш хэдэн өвгөн дээрээ ирээд мэнд ус мэдээд, шагай харваад сууж байтал гэнэт утас дуугараад Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярилаа. “Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Танд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ” гэж байна. Гэнэт ийм мэдээ сонссон чинь дуугарч болдоггүй. “Баярлалаа” гэж эвтэйхэн хэлэх гэсэн чинь хоолой цэхэртчихээд дуу гарч өгдөггүй. Нөгөөдүүлээс бас жаахан зовж байгаа юм. Зайдуу сууж байгаад “Баярлалаа”-гаа хэлсэн байх. Шагнал хүртэх өглөө Багануураас ирсэн. Тэр өглөө тунгалаг сайхан байсан даа. Би ихэнхдээ нарнаас өмнө босдог. Нарандаа идээ цагаа өргөдөг, мөргөдөг. Нар, долоон бурхандаа залбирч явдаг хүн дээ.