Categories
мэдээ цаг-үе

Хүний жудгийг дээдэлсэн “Миний нууц”

“Хувьсал” продакшны “Гөү адвенчер” студийн бүтээл “Миний нууц” уран сайхны кино сүүлийн үеийн хамгийн олон үзэгчтэй киногоор тодроод байгаа. Энэ сарын 7-нд нээлтээ хийсэн гэхэд хамгийн олон тоолууртай кино болно гэдэг чамлахааргүй амжилт. Киноны зохиолыг Доржготовын Ганцэцэг, Алтангинжийн Ганчимэг нар бичиж, найруулагчаар Дашхүүгийн Галбаяр, А.Ганчимэг нар ажиллажээ. Монголд жилд өчнөөн олон кино дэлгэцнээ гардаг ч хүний сэтгэлд хүрсэн бүтээл төрөхөө больсон, ямар ч зохиолгүй кинонцруудын үерт автсан гэх яриа чихний үзүүр сөрмөх нь олонтаа. Тэгвэл гол дүрд нь гавьяат жүжигчин Уртнасангийн Уранчимэг, соёлын тэргүүний ажилтан жүжигчин Цэгмидийн Цэрэнболд, залуу жүжигчин Бадамсэдийн Билгүүн, Төмөрийн Хулан, Оюунгэрэл нарын тоглосон эл киног үзэгчдийн сэтгэл бага ч болтугай таашаал хүртсэн гэж найдна. “Хувьсал” продакшныхан урьд нь “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг хэд хэдэн бүтээл хийж үзэгчдэд толилуулсан туршлагатай уран бүтээлчид.

Хүний амьдрал гэдэг нууцаар дүүрэн. Томоохон группын эзэн Түшиг, түүний эхнэр Хандмаа нар Мөнхжин, Энхжин хэмээх хоёр хүүгийнхээ хамт амьдарна. Дутах гачигдах зүйл үгүй ч хүн бол сэтгэлийн амьтан гэдэг томьёолол эл бүтээлд голлоно. Кино эхлэхэд Хандмаа дэлгүүрээр явж байгаа нь дэлгэцнээ харагдана. Хандмаад гавьяат жүжигчин Уранчимэг чадварлаг тогложээ. Хувцас солих өрөөнд Хандмааг дөнгөж ортол нэг залуу үсрэн орж ирж амыг нь даран, чимээ анир гаргахгүй байхыг шаардана. Алтангинж хэмээх эл залууг траншейнд амьдарч байхад нь үл бүтэх залуу олон өсгөж авч нэг ёсны “бууны нохой” болгожээ. Алтангинж найз охинтой болоод удаагүй бөгөөд сэтгэцийн эмнэлэгт ажиллах түүндээ хулгайч дээрэмчдийн бүлэглэлээс гарч, хүний ёсоор амар жимэр аж төрөх амлалт өгчээ. Гэвч, сайн юманд садаа мундахгүй гэгчээр Алтангинжийг тийм ч амархан тавиад явуулчихгүй тавилан заяаны ээдрээ үүсчээ. Үл бүтэх бүлгийнхнээсээ зугтаж явахдаа тэрээр хувцас солих хөшигний цаана Түшигийн эхнэр Хандмаатай тааралдаж, нөгөөдүүлээс нуугдаж хоцорлоо.

Хандмаагийн айдаст харц, сэтгэлзүйн байдлыг жүжигчин Урнаа нүүрний хөдөлгөөнөөрөө тун чадмаг гаргана. Тансаг байшинд юугаар ч үл дутах баян чинээлэг, элэг бүтэн амьдрал дунд Хандмааг яагаад ч юм ганцаардлын сүүдэр дагана. Тэр дэлгүүрээс гарахдаа сахиусан тэнгэрийн жигүүртэй цав цагаахан өмсгөл худалдаж аваад харина. Гэртээ ирж хань ижлээ, хоёр хүүгээ хүлээх боловч тэд нь тус тусын ажилтай учир оройтох тусам Хандмаагийн гансрал нэмэгдэж, бэлдсэн хоолоо амандаа чихэж их л бүдүүлэг байдал гаргах нь галзуу хүн үү гэсэн эмзэглэлийг төрүүлнэ. Тийм ээ, түүний сэтгэл дотор жирийн айлын эзэгтэй, бас жир бус нэгэн хоёр зэрэгцэн оршиж байжээ. Хүний ухамсарт бурхан, бугийн аль аль нь оршиж байдаг гэсэн эртний философичдын санаа энд гарч ирнэ. Киноны туслах дүрүүдэд солонгос савангийн дуурийн түгээмэл шинж анзаарагдана. Түшиг захирлын ажлын газрын хоёр цэвэрлэгч хүүхэн “Царцаа Намжил” домогт “Хоёр хулгана бувар бувар гэнэ” гэдэг шиг тэрүүхэндээ ховон хошуулах нь яг л солонгос киноны дүр гэлтэй.

Зохиолоо үзэгчдэд хялбар ойлгуулах гэсэндээ ийм арга ядсан яриан хэсгийг түлхүү оруулсан гэлтэй. Тэрнээс биш киноны зураг авалтын хувьд бас ч гэж дэвшилттэй зүйлс анзаарагдаж байна. Түшигийг гадаад явсан хойгуур эхнэр Хандмаатай нь Алтангинж дотносох оролдлогыг хэдэнтээ хийнэ. Хүүгийнх нь тоглодог сагсны талбай дээр Алтангинж очиж Хандмааг тэврэн эргүүлэхэд ихэд гайхаж эгдүүцнэ. Гэвч түүнийг нэрээ хэлэхэд ямархан нэг зүйл санаанд нь орж бага насных нь дуртатгал сэргэнэ. Тэр балчир ахуйдаа нэгэн хүүтэй хамт замаар гүйж явахдаа “Алтангинж ээ, би чиний Мөнгөнгинж чинь болно” гэхэд хүү “Чи бол миний шидэт дагина” гэж цангинуулан баясгалантайгаар гүйлдэх нь дэлгэцнээ тодорно. Өөрөөсөө олон дүү үл таних залуутай мотоциклиор зугаалж, будаг цацалцан, үдшийн цэнгээний газарт богино даашинзтай бүжиглэх Хандмаа баруун далан дээрээ “Алтангинж” хэмээх үгийг хүртэл шивүүлэх нь хөл алдатлаа дурласны шинж гэлтэй. Гэвч, залуугийн хувьд баян хүний эхнэртэй дотносч, тавин сая төгрөг л яаж ийж байгаад салгах гэсэн хүн шүү дээ.

Түшиг гадаад айлчлалаас ирж эхнэртээ алтан гинж бэлэглэхдээ далан дээр нь шивсэн мөнөөх үгийг олж харна. Хандмаа нөхрийнхөө ажил дээр очиход цахилгаан шатанд таарсан эгчмэд цэвэрлэгч Түшиг захирлыг нарийн бичигтэйгээ учир ургуулсан гэж хэлнэ. Энэ үг сэтгэцэд нь хүчтэй нөлөөлсөн Хандмаа мөнөөх охиныг олны нүдэн дээр гэзэгдэн, улмаар ухаан алдаж унана. Тэр ч бүү хэл ханьтайгаа гэртээ ярьж сууж байгаад гэнэтхэн “Намайг аллаа, авраарай” хэмээн зугтана. Түшиг шөнө сэрээд ханиа хажуудаа байхгүйг мэдээд босож харахад аквариумын загаснуудаа угаалгын машинд угаагаад сууж байх жишээтэй. Бас хүү Энхжин, Мөнхжин хоёртоо ч төвөг учруулна.

Бага хүү нь загварын үзүүлбэрээ үзүүлж байхад үзэгчдийн суудалд тухлан харж суусан ээж нь гэнэтхэн тайзнаа үсрэн гарч хамаг хувцсаа тайчин бүжиглэнэ гэдэг ямар олиг байх вэ дээ. Хүү гомдож ээжийгээ “Тан шиг ээжтэй байснаас байгаагүй нь дээр. Үхвэл таарна” гэхэд аав нь хүүдээ алган боов амсуулж “Амьдрал гэдэг чинь дандаа тэмцэхийн ч нэр биш. Тэвчихийн нэр” гэж хэлнэ. Алтангинж Хандмаатай зугаалсан, хамт авахуулсан зургуудаа нөхөр Түшигт нь аваачиж өгч мөнгө салгах гэж шантаажилна. Гэвч, Түшиг тийм ч амархан нэг жулдрай бандид бэлэн мөнгө өгчихгүй. Мань эрийг хүлэн хээр аваачиж харанхуй шөнөөр айлган сүрдүүлнэ. Хүнд утсан чинээ улаан аминаас үнэтэй зүйл орчлонд юу байх билээ. Алтангинж эхнэртэй нь дотносоогүй гэдгээ хэлж уучлал гуйна. Харин Түшиг гэнэт “Чи Хандмаатай улам дотносвол чамд хүссэн мөнгийг чинь өгнө” гэж ятгана. Чингээд, Хандмааг дунд сургууль төгсөхдөө байшингийн дээвэр дээр сэтгэлт хөвгүүн Алтангинжтэйгээ ярилцаж байтал, найз хөвгүүн нь дээврээс нисэж бурхан болсноос улбаалж сэтгэцийн өөрчлөлттэй болсныг учирлан ярина.

Хандмаагийн өсвөр ахуйд тохиолдсон эл гунигт явдал сэтгэлийн шарх болж дотор нь хоёр өөр Хандмаа амьдрах болсныг үзүүлнэ. Үүнээс хойш Алтангинж Хандмаагийн хувьд унаган багынх нь анхны хайртын дүрд тоглох болно. Нөхөр Түшиг нь тэр хоёрын дэргэд байхад ч Хандмаа үл танина. Алтангинж хүний амрагийн дүрд тоглох ажлынхаа хөлсийг авсан ч хүн чанар нь хатгаж Хандмаа дээр ирнэ. Түүнийг найз бүсгүй нь ятгаж “Ийм өвчтэй хүнийг ая тааваар байлгавал тустай” гэснээр иржээ. Эцэст тэрээр барилгын өндөр өргөгч цамхаг дээр сахиусан тэнгэрийн хувцастайгаа гарч, бурхан болсноор зовлонт нэгэн хүний шаналант амьдрал төгсөнө. “Миний нууц” гэдэг нэрийн тухайд хэн нэгэн нууц амрагийн тухай биш гэдэг нь ийнхүү тайлагдана. Эл киноны дууны шүлгийг соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар бичиж, аяыг урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав хийжээ.

Дууг гавьяат жүжигчин Т.Ариунаа дуулж, олны хүртээл болголоо. Найруулагч Д.Галбаярын хувьд нэрт жүжигчин Дашхүүгийн хүү, удам дамжсан урлагийн хүн гэдгийг уншигчид мэдэх байх. “Миний нууц” уран сайхны кино зарим нэгний яриад байгаа шиг Холливудын хэмжээний бүрэн төгс бүтээл болоогүй нь ойлгомжтой. Харин зураг авалтын зарим нэг шийдэл болоод хүн хүнээ хайрлах сэтгэлзүйн дүрүүдийг амилуулснаараа сүүлийн үед гарсан кинонуудаас харьцангуй дөнгүүр, хүнд юм бодуулах дэлгэцийн бүтээл болжээ гэдэгтэй үзэгчид санал нийлэх биз ээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *