“Сая санаа” компанийн ерөнхий менежер Г.Гантулгатай ярилцлаа.
-Танай компани Улаанбаатарт давхар зам тавих боломжтой гээд зургийг нь хүртэл гаргасан нь сонирхол татаж байна. Хэр хугацаанд хийсэн зураг вэ?
-Ажлынхаа хажуугаар хийсэн болохоор хорь орчим хоногийн хугацаа зарцуулсан. Эхлээд энэ зургийг яагаад хийх болсноо яривал илүү ойлгомжтой болох байх. Нийгэм их бухимдалтай болсон анзаарагддаг. Түгжрэл, утаа гээд бүх асуудалд төр засгаа буруутгасан хандлага хавтгайрсан. Залуус ийм сэтгэхүйтэй болоод байгаа нь харамсалтай санагддаг. Манай компанийнхан дандаа залуус. Төр засгаа шүүмжилж буруутгахын оронд өөрсдөө ямар нэгэн шийдэл санал болгоё гээд цуврал шийдлүүд гаргаж байгаа. Санал болгосон шийдлүүдийн маань нэг нь таны сонирхсон давхар зам. Бид зургийн хүмүүс учраас санаа шийдлээ зургаар илэрхийлж байгаа юм. Инженерүүд, багш нар гээд мэргэжил бүрийн хүмүүс чиглэл чиглэлээр тодорхой шийдэл санал болгооч ээ гэж уриалж байгаа. Бидний хийж байгаа зураг захиалгатай ажил биш, яг хийе гэсэн төсөл ч биш. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж хийж байгаа л ажил. Захиалгат ажлууд ихтэй учраас бид маш завгүй ажилладаг. Гэхдээ шөнө орой, зав чөлөөгөөрөө сууж байгаад шийдлүүдээ санал болгосоор байх болно. Улаанбаатар хотыг анх 500 мянган хүнд зориулж төлөвлөсөн. Гэтэл өнөөдөр аль хэдийнэ сая гарсан хүн амтай хот болчихсон. Нэг сая 600 мянган хүнтэй болсон учраас замаас эхлээд бүх талаараа даац ачаалал хэтэрсэн гэсэн үг. Даац нь хэтэрсэн учраас зам түгжрэлтэй байхаас аргагүй л дээ. Эргэн тойронд байшин барилга баригдсан учраас замуудыг сунгаад тэлээд байх боломж хомс. Зүгээр шүүмжлээд суухын оронд түгжрэлийг бууруулах өөр гарц хайх учиртай. Нэг гол гарц нь давхар зам. Яг хийчихье гэсэн санаа биш л дээ. Иймэрхүү харагдана, ийм байж болно гэсэн бодлоор нийгэмд өөдрөг мессэж өгье гэж зорьсон юм.
-Давхар замын зургаа яагаад төв замын дагуу хийсэн юм бэ?
-Бидний хувьд хүмүүст ойр, танил гэдэг утгаар нь төв зам дээр давхар замын зураг хийсэн юм. Улаанбаатарт давхар зам хийх бүрэн боломж бий. Метро хийхэд газар ухах, шугам сүлжээ хөндөж янзлахаас эхлээд маш том бүтээн байгуулалт өрнүүлнэ. Харин давхар замын хувьд арай хялбар байдлаар хийчих боломжтой.
-Төв зам дээгүүр татсан давхар замын зургаас харахад буудлыг нь нэлээд зайтай төлөвлөжээ?
-Буудал нь ойрхон байвал төвлөрлийг татаад байх болов уу гээд буудлыг нь зайтай төлөвлөсөн юм. Сүлжмэл, Саппоро, Баруун дөрвөн зам, Багшийн дээд, Зүүн дөрвөн зам, Офицерийн тойрог, Ботаник гэсэн цэгүүдийг сонгосон. Талбай дээр яагаад буудал байхгүй байгаа юм бэ гэх мэт асуулт гарч магадгүй. Гэхдээ давхар замаар холын зайнд явах хүмүүс зорчвол түгжрэлийг бууруулах талаасаа илүү зөв шийдэл болох байх гэж бодсон. Үндсэндээ замынхаа ачааллыг хоёр хуваачихаж байна гэсэн үг. Одоо бол хол, ойрын зай ялгаагүй нэг замаар зорчиж буй учраас түгжрээд байгаа юм. Гэхдээ манай гаргасан зургийг харсан хүмүүс хотын төв хэсэгт давхар зам дэмий, хэтэрхий шуугиан чимээ, хөдөлгөөнтэй болно хүнээ бодсонгүй, түгжрэлд л анхаарлаа гэсэн шүүмжлэлүүдийг хэлсэн. Төв замын дээгүүр давхар зам барихгүй байх гарц бий. Урагшаа Нарны замын чигээр ч юм уу, эсвэл хойшоо Зуун айлын замаар давхар зам тавьж болно.
Төв замын явган хүний гарц
-Давхар зам барихаар боллоо гэхэд хамгийн түрүүнд шийдэх ажил нь технологи талаасаа юу вэ?
-Технологийн хувьд дийлэнх хотуудад давхар зам байгаа учраас ямар ч асуудалгүй. Хамгийн ойрын жишээ гэхэд Бээжин. Бээжингийн хувьд төвдөө биш захаараа аалзны тор шиг сүлжилдсэн давхар замуудтай. Давхар замын хувьд даац авах баганууд их чухал. Баганын доорхи суурийн ажил гэж бий. Нарны гүүр, Энхтайваны гүүрэн доор очоод доод хэсгийг нь харахад л давхар замын шийдэл тодорхой харагдана. Тэгэхээр багануудын зай талбайг шийдсэнээр давхар замаа шийдчих боломжтой гэсэн үг.
-Замын компаниуд та нарын хийсэн зургийг хараад хандаж байна уу?
-Танил талын хүрээгээр нэлээд олон газраас сонирхож хандсан.
-Давхар замаас өөр ямар зураг хийсэн бэ?
-Байгалийн түүхийн музей ажиллахаа болиод хоёр жил орчим болчихсон хуучин барилга. Хажуугаар нь явах бүрд “Их гоё байрлалтай, хотын түүхийг өгүүлэхээр эртний энэ гоё байшинг засч янзлаад сайхан болгочих юмсан” гэсэн бодол төрдөг юм. Тэгээд манайхан ярилцаад Байгалийн түүхийн музейг шинэчилье гэсэн шийдэл гаргаж зураг хийсэн. Барилгын нүүрэн хэсэгт төмөр рам зангидаж фасад хийе гэсэн санаа гаргасан юм. Доогуур нь явган хүний замыг коридор гаргаж шийдсэн. Шилэн фасадан дотор үлэг гүрвэлийн дуураймал үзмэрүүд тавьж гэрэлтүүлчихвэл гаднаасаа маш гоё харагдана. Харсан хүн бүр орохгүй байх аргагүй сэдэл төрүүлэх зураг хийсэндээ баяртай байгаа. Бидний зураг ажил болбол Байгалийн түүхийн музейн барилга Монголыг сурталчлах байгууламж болж чадна. Байгалийн түүхийн музейн зургийг харсан хүн бүр эерэг сэтгэгдэл хэлж байсан нь бидэнд их том урам өгсөн.
-Төв дөрвөн замын гүүрэн гарцын зураг гаднаасаа маш үзэмжтэй харагдаж байна?
-Өнгө үзэмж талаасаа төвд учраас гоё байх ёстой гэсэн бодлоор зургаа гаргасан. Бас явган зорчигчдын аюулгүй байдлыг бодолцож үзсэн л дээ. Төв зам учраас машины хөдөлгөөн ихтэй. Явган хүний гүүрэн гарц барьчихвал аюулгүй байдал талаасаа их зөв шийдэл болох юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс лифтээр, бусад нь шатаар гараад явах боломжтой. Өвлийн дүн хүйтнээр дулаацчих давуу талтай (инээв). Дотор нь түргэн хоолны газар, кофе шоп зэрэг түрээсийн газар ажиллуулаад түрээсийн мөнгөөр нь цахилгаан гэх мэт зардлуудаа шийдчих бүрэн боломжтой. Наад зах нь төв замын хөдөлгөөнийг харангаа кофе уухыг хэн ч сонирхоно. Эдийн засгийн ийм үндэслэлтэй төслийг санал болгож зургийг нь гаргаад байна. Хотын төв цэгт одоогоор бол намхан байшингууд байгаа. Яваандаа, арав, хорин жилийн дараа орчин цагийн шийдэлтэй өндөр байшингууд сүндэрлэх нь ойлгомжтой. Бид явган хүний гүүрэн гарцынхаа зургийг ирээдүйг харж хийсэн. Өндөр байшингуудын дунд маш гоё харагдана.
-Ер нь нэг ийм зургийг хэчнээн хүн хийдэг вэ?
-Дор хаяж дөрөв таван хүн хийнэ. Илүү том зураг бол ажиллах хүн нь нэмэгдэнэ. Зардалтай учраас зураг ажиллагаатай, үнэлгээтэй байдаг. Барилгын норм, стандартын дагуу үнэлгээнүүд гарчихсан байдаг л даа. Барилгын захиалгат зургуудыг бид тэр үнэлгээний дагуу хийдэг. Зургийн салбар Монголд хөгжөөд багагүй хугацаа өнгөрсөн ч нийгэм, хүмүүсийн дунд зураг чухал гэсэн ойлголт бүрэн утгаараа бүрдээгүй тал бий. Зураг бол барилгын амин судас, зүрх нь. Зураггүйгээр барилга барьчихвал тэр нь төлөвлөлт, шийдэл муутай болдог. Бид барилгын зургаас гадна дизайны зураг зурдаг. Барилгын зураг гэхээр тухайн барилгын даац тооцоолол, лифт, шат нь хаана байх гэх мэтийг төлөвлөдөг бол дизайных гэдэг нь харагдах байдлыг чухалчилдаг.
Байгалийн түүхийн музейн шинэчилсэн зураг
-Танай компанийн зургийг нь хийсэн олны мэдэх ажлууд гэвэл юу байна?
-Манайх жил гаруй болж байгаа залуу компани. Гэхдээ том компаниудад ажиллаж байсан туршлагатай залуус нэгдсэн учраас өмнө нь хийж бүтээсэн ажлууд бий. Манай ахлах мэргэжилтнүүд “МCS”, “Шунхлай” гэх мэт том газруудын барилгын компанид ажиллаж байсан. Тэнд ажиллаж байхдаа “Вива сити”, “Будда виста”, “Орчлон” зэрэг томоохон бүтээн байгуулалт дээр ажиллаж байсан. Ийм туршлагатай залуус нэг баг болоод ажиллаж байгаа.
-“Сая санаа”-гийн залуусын дараагийн өөдрөг мэссэж юу байх вэ?
-Утаа нийслэлийн хамгийн тулгамдсан асуудал болчихсон. Утаатай холбоотой нэг шийдэл санал болгох гээд ажиллаж эхэлсэн. Нялх хүүхдүүд, жирэмсэн ээжүүд хот дотроо агаарт яваа юм шиг орчинд тухлах газар хомс байдаг. Дубай халуун орон. Тэнд шилэн хоргонд маш том цанын бааз байгуулсан байдаг юм. Өвлийн улиралд нар ээсэн, цэвэр агаартай орчныг бүрдүүлсэн нарладаг, тухалдаг байгууламжийн зураг тун удахгүй бэлэн болно.
-Сайхан санаа байна. Хаана байгуулбал зүгээр бол?
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хавь илүү тохиромжтой санагдаад байгаа юм.
-Ажлынхаа хажуугаар эерэг мэссэж өгсөн зургуудаа зурсаар байх уу?
-Тэгнэ. Бид чадах хэмжээндээ ийм эерэг мэссэж өгсөөр байх болно.