Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ханбогдод зэсийн үйлдвэр барина гэсэн нь ээлжит үлгэр битгий байгаасай

Уржигдар болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Өмнөговь аймгийн Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргалаа. Ингэхдээ 95 жилийн турш урт удаан хугацаанд ажиллах Оюутолгойн уурхайг түшиглэж байгуулж байгаа ч Хармагтай, Цагаан Суваргын зэсийг боловсруулах боломжтой учраас байршлаа Ханбогд гэж сонголоо хэмээж байна. Жилдээ нэг сая тонн зэсийн баяжмал боловсруулж, дотооддоо хоёр тэрбум орчим төгрөгийн мөнгөний эргэлт бий болгохоос гадна нэг тонн зэсийн баяжмалд байх зургаан грамм алт, 60 грамм мөнгө нь баяжмалтайгаа гараад явчихгүй энд үлдэнэ гэж тооцоолж байгаа юм. Мөн тээвэрлэлт, эрчим хүчний тухайд мөнгө хэмнэх боломжтой болно гэж үзжээ. Дээрх шалтгаануудыг үндэслэн Ханбогдод барихаар эхний шатанд байршлаа сонголоо, цаашлаад хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох, хөрөнгө оруулагчтай гэрээ хэлцэл хийх гээд ажил их. Үйлдвэрээ бариад эхэллээ гэхэд 3-4 жилийн хугацаанд үргэлжилнэ гэж байна. Гэвч хугацаа яах вэ. Үнэхээр л эхэлж бас дуусгаж байвал хугацаа хамаарахгүйгээр бид дархлаажжээ. Ямартай даа ийм мэдээ сонссон ч “Үнэн болов уу, үлгэр битгий байгаасай” гэж байхав дээ. Хэвлэл мэдээллийнхэн бид ч дагаж хөөрч, мэдээлэхээс айдаг боллоо. Төр засгийнхан айж эмээхгүй мэдэгдэл гаргах юм, дагаад тэрэнд нь хууртаж мэдээлсээр байгаад бид ч худалч болж гүйцэх гээд байдаг. Засгийн газрын гаргаж байсан үй түмэн шийдвэр, УИХ-ын үйлдвэрлэсэн өчнөөн тогтоол бий. Үнэхээр чихэнд сайхан сонстсон шийдвэр гардаг ч өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд биелж бүтсэн нь цөөхөн дөө.

Сүүлийн хэдэн өдөр сошиалаар “Тавдугаар цахилгаан станц байгуулах шийдвэр гаргасны 20 жилийн ой тохиож байна” гэж баахан бичигдсэнийг анзаарсан л байх. Бүр цонхны цаанаас мөсөн чихэр долоолгосоор байдагт нь дасчихсан хүүхдүүд шиг нэгийгээ зугаацуулж үүнийг бичилцэж байна. Уг нь төр засаг нь ингэж худал хэлдэгт нь, хуурч молиго үмхүүлдэгт нь, ядуу амьдруулж, арга барагдуулж байгаад бухимдах ёстой ч нөгөө гахай хариулсан хүн уураа бардаг гэгчээр бид ч дасчээ.

Тавдугаар цахилгаан станцын яриа үнэхээр ч хаа хэзээнийх билээ дээ. Улаанбаатар хотод дулааны өөр эх үүсвэр хэрэгтэй. Бусад нь дандаа баруун талдаа байдаг, хот өргөжнө зүүн талд хийнэ гэж хэсэг яриад. Газрыг нь өгөх болохоор мэдээлэлд ойр дарга даамал хэн нэгний хамаатнууд газрыг нь хувьчлаад авчихсан зөрүүлээд мөнгө нэхэж байх жишээтэй. Ийм зүйл зөндөө олныг бид харсан даа. 2011 онд манай Засгийн газар Тавдугаар цахилгаан станцын тендерийг олон улсад зарлахад энэ удаа баригдчих байх гэсэн итгэл хүмүүст төрж байсан байх. Нийт 36 компани сонирхлоо илэрхийлж, 11 консерциум эхний шатанд тунаснаас дөрвөн оролцогчтой концерциум нь шалгарч байсан санагдаж байна. Консорциумд 100000 гаруй МВт-ын хүчин чадалтай станц ашиглалтад оруулсан Францын “GDF Suez”, Японы зургаан том трэйдинг компанийн нэг “Сожиц”, дэлхийд эхний тавд багтдаг гангийн үйлдвэрлэгч “Поско” группийн “Поско энержи”, Салхитын салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулсан “Ньюком” групп багтсан гэдгийг дуулаад хүмүүс удахгүй нь гэж бодож байсан байх. Гэвч хөрөнгө оруулагчдаас биш төр засгаас болоод ажил урагшилдаггүй жишиг нэгэнт тогтжээ. Том төслүүд улстөржилтөөс, улстөрчдөөс болж зогсч байна. Яагаад гэвэл мега төсөл дээр хэн нэгэн даргын эрх ашиг тусгагдаагүй бол чадахынхаа хэрээр ажлыг гацаана. “Намайг оролцоогүй байхад тэр оролцчихлоо. Тэгвэл хэн нь ч хожихгүй, ажлыг гацаачихъя” гэсэн өчүүхэн бодолтой. Нөгөө ард түмний эрх ашиг, эх орны хөгжил хэнд ч хамаагүй. Тавдугаар цахилгаан станц нь байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологи бүхий урт удаан хугацаанд найдвартай эрчим хүчээр хангах станц болох ёстой байв. Тоосонцрын түвшин бага, нэг кВт.цаг эрчим хүчийг одоогийн хэрэглэж байгаагаас хоёр дахин бага нүүрснээс үйлдвэрлэнэ, азотын исэл бага гээд сайхан зүйлс яригдаж байсан. 2015 он гэхэд гэрээгээ эцэслэж чадвал шаваа тавиад, 2016 оноос барилгын ажил эхэлж, 2019 он гэхэд шинэ станцаас дулаанаа аваад сууна гэж байлаа. Гэвч тэр лөөлөө болж. Одоо хэр асуудал нь эцэслэгдээгүй, лав энэ Засгийн газрын үед явах найдваргүй л дуулдах юм.

Мөн Засгийн газрын шийдвэрээр Тавантолгойн нүүрсний орд газарт 450 МВт хүчин чадалтай эрчим хүчний цахилгаан станц байгуулах шийдвэр 2013 онд гарсан. Төслийн санхүүжилтэд нэг тэрбум ам.доллар хэрэгтэй хэмээж байлаа. Мөн Оюутолгойн хоёр дахь шатны үйл ажиллагаа эхлэх үед Хятадаас авдаг эрчим хүчний их хэмжээний мөнгийг тухайлбал, 80 сая ам.долларыг дотооддоо авч үлдэх боломжтой гэж тооцоолж байв. Хэрэв энэ ажлыг ярьж байснаараа урагшлуулж чадсан бол тэр байтугай их хэмжээний мөнгийг авч үлдэж чадах байв. Өнгөрсөн жил Оюутолгойн Өвөрмонголын компанитай гэрээ дуусах үед энэ станц үлгэрийн далайдаа хөвж байлаа. Оюутолгойнхон хэрэв ярьж байснаараа станцаа барьчихсан бол юу гэж урдаас эрчим хүч авах вэ дээ гэж гасалсаар гэрээгээ сунгасныг мэдэх юм. Одоо бас мөрөөдөж байгаа Ханбогдын зэсийн баяжмалын үйлдвэр аз болж амилж чадвал эрчим хүчээ бас гаднаас л авах байх даа. Энэ мэт үлгэрүүдийг тоочвол барагдах нь үгүй. Нефтийн үйлдвэртэй болно гэдэгт бид итгэж л явсан. Бид байтугай гадны хөрөнгө оруулагчдыг итгүүлж, хөрөнгө мөнгө, цаг завыг нь бардаг энэ балай явдал одоо бидэнд итгэх хөрөнгө оруулагчдыг үлдэн хөөсөн. Дарханд шаваа тавьсан нефтийн үйлдвэрт бид дотоодынх байтугай Казахстанаас түүхий нефть оруулж ирээд шатахуунаа нэрнэ гэж төлөвлөж байсан юм. Бас л ямар нэг жижиг эрх ашгаар нөгөө талаас гадныхны гар хөл болсон том эрх ашгаар ч юм уу урагшлаагүй.

Тавантолгой Гашуун Сухайтын төмөр зам яасан билээ дээ. Урдаас танк орж ирээд улс орны аюулгүй байдалд халтай гэсэн ярианд хүртэл итгэж явлаа. Монголын компаниудын нэгдэл “Энержи Ресурс” тэгэхэд Германы банкнаас мөнгөө шийдчихсэн, төмөр замтай болдгийн даваан дээр улстөржсөөр зогсоосон. Одоо Энержи Ресурсынхан төмөр зам барих санал тавьсан ч орохгүй гэдэг болсон гэнэ лээ. Гадныхан байтугай дотоодын бизнесийн байгууллагууд нь залхаж, цөхрөх болжээ. Портфельтэй сайд гэгдэж байсан М.Энхсайханы үед энэ ажлыг урагшлуулах гэж нэлээд үзэж, Шиньхуатай багагүй тохиролцсон байсан. Одоо яасан нь бүү мэд. Ер нь хувийн хэвшлийн санал санаачилга, татаж ирсэн хөрөнгө оруулалтаар ажил урагшилдаг гэдгийг хаа, хаанаа мэдмээр юм. Төрийн нэр зүүсэн жижигхэн эрх ашигтнуудын улстөржилтөөр манай бүх том төслүүд зогсч байна. Хөгжвөл хөгжихөөр, олбол олохоор хугацааг бид зүгээр л алдчихлаа. Аж үйлдвэрийн парк гэж цэвдэгтэй газрын мөрөөдөл, Монголын төмөр зам гэж овоолсон шороо, далай шиг далан л байна. Усан цахилгаан станцууд гэж бас л үлгэр. Аль социализмын үед манайд 26 байршилд усан цахилгаан станц барих боломжтой гэсэн судалгаа гаргаж байсан гэдэг. Гэтэл одоо хэд байна вэ. Дээрх байршлуудаас хамгийн тохиромжтой гэсэн Эгийн голын усан цахилгаан станц барих шийдвэрийг Засгийн газар 1991 онд гаргаж байв. 26 жилийн өмнө гэсэн үг. Тэр үед төрж байсан хүүхэд аль хэдийнэ эхнэр авч, хэд хэдэн хүүхэдтэй болчихсон байна. 1992-1995 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ТЭЗҮ-г нь барууны компаниудаар хийлгэж, Засгийн газар төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байсан ч үр дүнд хүрээгүй. Дахиад 1996-1997 онд арга хэмжээ авсан ч бодит ажил болоогүй. Ингээд 2006 онд Хятадын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болж, тендерт Хятадын компани шалгарсан байдаг. Гэвч сонгууль болж, Засаг солигдсоноор худлаа болж байлаа. Харин сүүлийн оролдлого нэлээд сүр дуулиантай эхэлсэн ч байдал одоо ямар байгааг бид мэднэ. Засгийн газрын зарласан болгон үлгэр болсоор иржээ. Энэ удаад Ханбогдын зэсийн үйлдвэрийг ч ээлжит үлгэр нь битгий байгаасай гэж залбирч сууна. Нөгөө “Үүр битгий цайгаасай” гэдэг дууны аянд оруулаад “Үлгэр битгий байгаасай” гэж дуулмаар ч юм шиг…

Э.ЭНЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *