Categories
мэдээ улс-төр

С.Баяр: Би эдгээр жагсч байгаа хүмүүсийг эрхээ эдэлж байна гэж харж байна

Хэдхэн хоногийн өмнө Их Британид Элчин сайдаар очсон С.Баярыг эсэргүүцэж Г.Ичинхорлоо нарын таван хүн Лондон дахь Монголын Элчин Сайдын яамны үүдэнд тайван жагсаал хийсэн билээ. Тэд “Бидэнд бохир Элчин сайд хэрэггүй”, “С.Баяр та өөрийн оффшор дансаа илчил”, “авлигад идэгдсэн Монголын төр” зэрэг бичигтэй самбаруудыг Элчин сайдын яамны гадаа нь өлгөн эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Өчигдөр Элчин сайд С.Баяр тэдгээр хүмүүстэй уулзахаар цаг гаргасан ч тэд ирээгүй гэнэ.

С.Баяр хэлэхдээ: “Гадаа болж байгаа тайван жагсаал цуглааныг мэднэ. Элчин сайдын хувьд эдгээр жагсч байгаа хүмүүсийг эрхээ эдэлж байна гэж харж байна. Бид чинь ардчилсан улс шүү дээ. Хардах эрх бол бий. Гүтгэх эрх бол байхгүй. Тэр АНУ-ын долоон байшин гэдэг бол шинэ зүйл биш. 10 жил үргэлжилж байгаа асуудал. Хоёр жилийн өмнө гарсан плакатууд фотошоп юм даа. Миний толгойг, миний хүүхдүүдийн толгойг монтажлаад хийсэн юм. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан Г.Уянга хэвлэлийн хурал хийж үүнийг зарлаж байсан” хэмээв.

Элчин сайд С.Баярын монголчуудтай хийсэн уулзалтад жагсагчид оролцоогүй учраас талархлын үгээр дүүрэн, тайван дотно уур амьсгалд болж өнгөрөв. Их Британид суугаа монголчууд “Таныг дэмжиж байгаа. Тэр жагсаад байгаа Г.Ичинхорлоо гэж Сарандаваа шиг хүн байна лээ”, “С.Баяр танд баярлалаа” гэхчлэн үгсийг уулзалтын үеэр хэлж байжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *