Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн аврах вэ?

Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд газар хөдлөлтийн үед аюулгүй байдлаа хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгохоор олон нийтийн өдөрлөгийг зохион байгуулж байна. Нээлтийн ажиллагаа 11 цагт эхэллээ.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэхдээ “Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гараг буюу энэ оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарах бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 19.6 хувь нь хамрагдаж байна.

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаагаар манай улсын нийт хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж байна. Эдгээр хот сууринд нийт хүн амын 85 гаруй хувь нь амьдарч байна.

2000 онд Улаанбаатар хот орчим жилд 200 гаруй удаагийн газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаа газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж, тохиолдлын тоо эрс өссөн.

Дээрхи идэвхижилт бүхий газруудад 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд Улаанбаатар хотын барилга байгууламжийн 22-50 орчим хувьд эвдрэл гэмтэл, нуралт үүсч, 30000-аас дээш хүн нэрвэгдэж болзошгүй гэсэн тооцоо судалгаа гарсан.

Энэхүү судалгаа нь 2014 онд хэрэгжүүлсэн Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран “Улаанбаатар хотын Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд хийгдсэн юм.

Эдгээр нөхцөл байдал, тооцоо судалгаа нь газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах тогтолцоог сайжруулах, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх шаардлага байгааг харуулж байна” хэмээн сэрэмжлүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *