Categories
мэдээ цаг-үе

АНУ-ын цэргийн зориулалттай онгоц Чингис хаан нисэх буудалд ослын буулт хийлээ

АНУ-ын цэргийн зориулалттай “Боинг С17” загварын ачаа тээврийн онгоц Улаанбаатарт ослын буулт хийлээ. Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдээлснээр Катараас Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж байсан АНУ-ын цэргийн зориулалттай уг агаарын хөлгийн дөрвөн хөдөлгүүрийн нэг нь ажиллагаагүй болсон тул ийнхүү ослын буулт хийсэн байна. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын талбайд 13 цаг 59 минутад газардсан уг хөлөг найман хүний экипажийн бүрэлдэхүүнтэй байжээ. Тус олон улсын нисэх буудлынхан хөлгийг амжилттай буулгахад бэлэн байдлыг хангаж ажилласан бөгөөд 18 цагийн үед “Нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэсэн мэдээлэл өгсөн.

Улаанбаатарт АНУ-ын цэргийн зориулалттай хөлөг ослын буулт хийснийг хүмүүс янз бүрээр тайлбарлаж “Хятад, Оросын дээгүүр тагнуул хийж явсан онгоц байх”, “Монголд зэвсэг үлдээх гэж ирсэн”, “Катарын онгоц юм бол сайн шалгах хэрэгтэй”, “АНУ-ын онгоц эвдэрнэ гэж байхгүй. Эвдэрлээ ч Монголд газардана гэж байхгүй” , “Энхийг сахиулахын багийнхныг авч явахаар ирсэн” гэх мэтээр өөр өөрсдийнхөө таамаглалыг дэвшүүлж байлаа. АНУ-ын хувьд өмнө нь С17 онгоцтой холбоотой тайлбарыг нэг бус удаа хийж байсан. “Цэргийн тээврийн онгоцыг байлдааны онгоцтой андуурч болохгүй. С17 бол байлдааны онгоц биш” гэсэн тайлбар өгч байжээ.

Боинг C17 “Глоубмастер” III бол Америкийн нэгдсэн улсын цэрэг-стратегийн зориулалттай онгоц. Одоогоор ийм агаарын хөлөгтэй улс АНУ-аас гадна Австрали, Канад, Энэтхэг, Кувейт, Катар, Эмират гэсэн зургаан оронд л бий. Уг онгоцны нислэгийн жин нь 265 тонн бөгөөд онгоцны өөрийн жин нь 122 тонн юм байна.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал. 13:59 цагт

Олон улсын Стратеги судлалын хүрээлэнгээс дэлхийн хамгийн хүчирхэг агаарын хүчинтэй арван улс орныг тодруулахад АНУ, ОХУ, Их Британи, Франц, Хятад, Япон, Энэтхэг, Герман, Өмнөд Солонгос гэсэн улсууд орсон байдаг. Тэрэн дундаа АНУ-ын агаарын хүчин 5573 онгоц, 329638 бие бүрэлдэхүүнтэй бөгөөд дээрх онгоцны 3990 нь агаарын хүчинд, 1213 нь агаарын үндэсний гвардид, 370 нь агаарын хүчний нөөцөнд харьяалагддаг гэнэ. Мөн нисгэгчгүй автомат жолоодлоготой 180 орчим онгоцтой. Ийм хүчирхэг агаарын хүчинтэй орны цэргийн онгоц манайд гэгээн цагаан өдрөөр газардсан нь яалт ч үгүй анхаарал татлаа.

Манайд газардсан Боинг C17-г 1991 оноос үйлдвэрлэж эхэлжээ. Гэхдээ иймэрхүү хүчирхэг онгоц бүтээх талаар Америкийн инженерүүд 1980-аад оноос судалгаа, шинжилгээний ажил явуулсаар иржээ. 316 сая ам.долларын өртгөөр бүтдэг уг онгоц нь цэрэг, ачаа тээвэрлэх, эмнэлэг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай үед эмнэлгийн байр болох болон шүхэрчдийг буулгах үүрэгтэй тээврийн хөлөг. 1990 оноос уг онгоцыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд дээр дурдсан зургаан оронд нийлүүлжээ. АНУ-ын хувьд 1970-аад оноос олон талын үүрэг гүйцэтгэх, даац сайтай тээврийн хөлөгтэй болох эрэлд гарсан бөгөөд тэдний хүслийг Дуглас Мак Доннеллын бүтээсэн С17 биелүүлсэн нь энэ. Дуглас уг загвараа “Боинг”-д танилцуулсан нь амжилттай болж 1993 онд эл онгоцны жигүүрийн хэсгийг сайжруулж туршилт хийсэн нь шалгалтад тэнцэж улмаар “Globemaster III” гэх нэрийг авчээ.

С17-гийн дотоод байдал

С17-г цэргийн тээврийн хамгийн алдартай хөлөг гэдэг. Мөн хүний гараар бүтсэн аварга хөлөг онгоцнуудын нэгд зүй ёсоор оруулдаг юм. Онгоцны урт 53 метр бөгөөд далавчны нийт урт 52 метр аж. Pratt and Whitney F117-PW-100 гэх дөрвөн хүчирхэг хөдөлгүүртэй.

Ачааны хэсгийн тасалгаа нь 27х5.5 метрийн хэмжээтэй, 3.76 метрийн өндөртэй юм байна. Танк, хуягт, ачааны машин зэргийг ачих чадалтай. Манайд газардсан С17-г Катараас хөдөлсөн гээд буй. Катар улсын хувьд 2009 онд анхны С-17 онгоцоо авсан бол 2012 онд дөрөв дэх С17-гоо худалдаж авчээ. Харин барууныхан “Катар тав дахь С17-гоо захиалах тохиролцоогоо 2015 оны зургадугаар сард хийсэн” хэмээн таамагладаг юм байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн гадаадад хийх зарим чухал айлчлалд зориулж Ерөнхийлөгчийн лимузин машинуудыг С17-гоор тээвэрлэдэг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *