Categories
мэдээ цаг-үе

​Элчин сайдаа эсэргүүцэж, Лондонд жагссан хоёр эмэгтэйн жагсаал ба С.Баярын балаг

Лондон хотын Монгол Улсын Элчин сайдын яамны гадаа Г.Ичинхорлоо гэх бүсгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-нд тайван жагсаал хийжээ. Г.Ичинхорлоо Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлийн лоозон барьж жагсах болсон шалтгаан нь Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа С.Баярыг эсэргүүцэж байгаа аж. Тэрээр “Оффшор дансаа нээ, хулгайлсан хөрөнгөө буцааж өг, зургаан сая хүний нүд чих таныг харж байна, шударга ёсыг хүсч байна, зөв засаглалыг хүсч байна, Олон улсын байгууллагууд үнэнийг мэдэх ёстой” гэх зэрэг уриа лоозон барьсан байсан юм.

Г.Ичинхорлоо өөрийн фэйсбүүк хуудаснаа “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Монголын авлигажсан төр засаг болон хээл хахуульд автсан улстөрч хүн Элчин сайдаар ирж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Өнөөдөр тэнгэр бүрхэг, бороо шивэрч байсан хэдий ч дулаахан, амар амгалан өдөр байлаа. Миний хувьд Лондонгийн бүх гудамжаар явж болох байсан ч Элчин сайдын яамны гадаа гурван цагийн турш тайван бөгөөд хуулийн дагуу өөрийн эсэргүүцлээ илэрхийлж зогслоо. Хажуугаар зөрөх олон хүн надад урам өгч, эсэргүүцлийн лоозонг маань босгоход туслалцсан юм. Дараагийн удаа та бүхнийг надтай нэгдэнэ гэдэгт итгэж байна. Бид л шударга бус явдал, эрх тэгш бус байдлын эсрэг тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх билээ. Одоо л тэмцэхгүй бол хэзээ тэмцэх билээ” хэмээн бичсэн байв.

НУУЦ КАЗИНО ИЛЭРСЭН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БАЙР С.БАЯРТАЙ ХОЛБООТОЙ ЮУ

Сүүлийн үед Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн байранд нууц казино ажиллаж байсныг Москва хотын цагдаагийн албан хаагчид илрүүлсэн талаар мэдээлэл гарсан. Мөн дээрх консулын газрын байранд сая орчим ам.долларын үнэ бүхий тоноглолтой нууц казино ажиллаж байсан тухайн мэдээлэл гарч, олон нийтийн дунд шуугиан тариад байгаа. Энэ талаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэрбээр “ОХУ-ын “Центр-Регион Эстейт” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай манай Төрийн өмчийн хороо 2007 онд гэрээ байгуулсан. Уг гэрээний нөхцөлөөр 1791.35 кв.м талбай бүхий барилгыг арван жилийн хугацаагаар “Центр-Регион Эстейт” гэх нэртэй компанид түрээслүүлсэн” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Москва хотын Элчин сайдын яамны консулын байрыг 2007 онд Ерөнхий сайд асан С.Баяр түрээсэлсэн гэх мэдээлэл гараад байгаа. Их хэмжээний ам.доллароор түрээслэдэг. Түрээсийн мөнгийг юунд зарцуулдаг байсан талаар холбогдох газрынхан тайлбарлаж чадахгүй байгаа аж.
С.БАЯРЫН ЗАЛУУХАН ЭХНЭРИЙН ДИПЛОМАТ АЛДАА

Элчин сайд С.Баяр энэ сарын 1-ний өдөр Их Британийн хатан xаан II Элизабетэд Букенгемийн ордонд бараалхаж, итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. С.Баяр хатан xаан II Элизабеттэй уулзахдаа залуухан эхнэр Э.Сувдыгаа анх удаа олны өмнө албан ёсоор дагуулж очсон юм. Гэвч Э.Сувдыг хатан xаан II Элизабеттай уулзах үеэрээ дипломат ёсонд байхгүй бүдүүлэг алдаа гаргасан хэмээн иргэд, ажиглагчид шүүмжилж байгаа. Тодруулбал, олон нийт “Э.Сувдын Хатан xаан II Элизабеттай мэндчилж байгаа байдал “Гудамжинд танихгүй хүнтэй хальт гар бариад өнгөрч байгаа юм шиг. Эсвэл хатан хааныг үл хүндэтгэн ярвайсан байдалтайгаар гараа үнсүүлэхдээ хальт өгөөд гэдийсэн. Гэтэл хатан хаан II Элизабет түүнийг хүндэтгэж өөдөөс нь инээж, бөхийсөн байдалтайгаар мэндчилсэн байсан. С.Баярын залуухан эхнэр биеэ тоож, дипломат ёсыг уландаа гишгэсэн их зантай хүүхэн байна” хэмээж байгаа. Мөн уулзалтын зургийг харсан бусад орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч шүүмжлэлттэй хандаж байгаа аж. Хатан xаан II Элизабеттай дэлхийн алдартнууд уулзахдаа ихэд хүндэтгэн дээдэлдгийг эш татан мэдээлж байна.
С.БАЯРЫН ЭХНЭР, ХҮҮХДИЙН НАЙМАН ОФФШОР ДАНС, ДОЛООН ХАУСНЫ ТУХАЙ
С.Баярыг тойрсон ноцтой асуудал олон байдаг. Үүнээс С.Баярыг тойрон хүрээлэгч, эхнэр, хүүхдүүд нь оффшор бүсэд данстай гэдэг нь тодорхой болсон. С.Баярын анхны эхнэр О.Гэрэлтуяа, охин Б.Нандин, Б.Хонгор, Б.Бадамханд, шинэ найз бүсгүй Э.Сувд нарынхаа нэр дээр оффшор данстай, их хэмжээний мөнгө оффшор дансанд нь байдаг гэх мэдээлэл гарч, олон нийтийн дургүйг хүргээд байгаа. Мөн С.Баяр АНУ-д тансаг зэрэглэлийн орд харш шиг долоон хаустай талаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга мэдээлэл хийж байсан. Тэрээр “АНУ-д 24 тэрбумын долоон байшин эзэмшиж байгаа. С.Баяр эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөө гаднын банкинд байршуулж, улмаар АНУ-д ХХК-д бүртгүүлэн компанийнхаа нэрээр үл хөдлөх хөрөнгө худалдан авч, эргүүлэн зарах замаар мөнгө угаадаг байх магадлалтай” хэмээн мэдэгдэж байсан юм.
МОНГОЛ УЛСЫГ ӨРӨНД ОРУУЛДАГ С.БАЯР
С.Баярыг Ерөнхий сайд байх үед буюу 2009 оны долдугаар сард Монгол Улсын Засгийн газар Канадын “Хан ресурс” компанийн Дорнод аймагт эзэмшиж байсан ураны тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Лицензээ хураалгуулсан компани Монголын Засгийн газрыг эрчим хүчний гэрээ, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэн олон улсын Арбитрын шүүхэд хандаж, 350 сая ам.долларын нэхэмжлэл гаргасан. “Хан ресурс”-ын асуудал тухайн үед Монголын Засгийн газрыг толгойлж байсан С.Баяртай холбогддог. Манай Улс Арбитрын шүүхэд ялагдаж 70 сая ам.долларыг “Хан ресурс”-т төлөхөөр болсон билээ. С.Баяр Монгол Улсыг 70 сая ам. долларын өрөнд оруулсан шалтгаан нь хувийн ашиг сонирхол, авлига хээл хахуулийн асуудалтай холбоотой хэмээн улс төрийн хүрээнийхэн тайлбарлладаг. С.Баярын буруу шийдвэрийн үрээр Монголын ард түмний татварын мөнгөнөөс 70 сая ам. долларыг төлсөн байдаг. “Жаст” группийн захирал Ш.Батхүү С.Баярын ойрын хүн. Улс төрийн хүрээнийхэн Ш.Батхүү С.Баярын баруун гарын хүн хэмээн ярьдаг. Тэгвэл Ш.Батхүү Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд эргэж төлөөгүй. Үүнээс болоод Өмнөд Африкийн “Стандарт” банк Монгол Улсыг Арбитрийн шүүхэд өгсөн. Арбитрийн шүүхээр манай улс ялагдаж, 140 сая ам.долларын өрөнд ороод байгаа. Тэгвэл С.Баярын нөлөөгөөр Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан гэх мэдээлэл байдаг. УМБГ-аас Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан асуудалд С.Баярыг шалгаж байсан. Хилээр гарах эрхийг нь хориглож байсан билээ. Гэвч “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан гэмт хэрэгтнүүд бүгд уснаас хуурай гарсан. Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авахад Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар зээл авахад батламж гаргаж, гарын үсэг зурсан гэх асуудал босч ирсэн. УМБГ-аас Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Гэвч Ш.Батхүү хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэмээн хэргээ хүлээж хэдэн сар хоригдоод гарсан. Бусад холбогдох хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон.
Манай сонин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон түүний ойр тойрны хүмүүсийг АТГ-аас шалгах үед “Ардын нам Баярыгаа Англи руу баяртай үдэж байхад Ардчилсан нам Алтанхуягаа Ганц худагт гавтай явуулах нь ээ” гэсэн нийтлэл гаргаж байсан. Дээрх нийтлэлд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягийг шалгаж болж байгаа юм чинь С.Баярыг ч гэсэн АТГ-аас адилхан шалгая гэх утга санаатайгаар бичиж байсан билээ. Сүүлийн үед олны анхааралд ихээхэн өртөөд байгаа Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайд, Ерөнхий сайд асан С.Баярын талаар өгүүлэхэд ийм байна.
Э.БААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *