Categories
мэдээ нийгэм

​Адуугаа амьдаар нь гаргадаггүй эх орончид ард түмнээ хэдэн мянгаар нь илгээх гэж байхад яагаад тоодоггүй юм бэ

Манай эх орончид адуугаа амьдаар нь гаргахгүй гэдэг. Алтаа ухлаа гэж уурсдаг. Нүүрсээ зөөх төмөр замыг барихгүй гэнэ. Тэр байтугай хадсан өвс хятадууд авч байна гэж бөөн хэрүүл хийнэ.

Шадар сайд У.Хүрэлсүх адууг хилээр амьдаар нь гаргахыг өнгөрөгч оны сүүлээр хориглосон. Энэ захирамж гарсны дараа Сүхбаатар аймгийн хил дээр амьдаар нь гаргахаар зэхэж байсан олон адуу өлдөж, хөлдөж үхсэн талаар манай сурвалжлагч газар дээр нь очиж сурвалжлаад ирж байсан. Шадар сайд өөрийнхөө шийдвэртэй холбоотой “Мал амьдаар нь гаргах бол монгол төрийн бодлого биш гэж би боддог. Сүлдэндээ залсан монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг таслуулахыг тэвчихгүй. Намайг сайдаар ажиллаж байх үед адууг амьдаар нь гаргана гэж саналтгүй” гэж хэлж байлаа. Эндээс харахад Монголын төр адуундаа хайртай. Шадар сайд нь алба хаших хугацаандаа хилээр амьд адуу гаргахгүй нь тодорхой боллоо.
Цагаан сарын баяр дөнгөж дуусаад дүүрэг болгоны гадаа уртаас урт дугаарт олон мянган залуу нойр хугаслан зогсов. Нөхөн үржихүйн насны, эрүүл чийрэг 1840тэй залуус Солонгос гарах гэж алаан болж байна. Бүртгэл нь эхэлсэн цагаас хойш нойргүй дугаарлаж байгаа гэнэ. Найман мянган хүн бүртгэж, 1500г нь шалгаруулах юм гэсэн. Хориод жилийн өмнө анх Солонгос руу явах гэж ингэж дугаарлаж байсан. Цаг хэцүү байж. Сүүлдээ Солонгос руу явах залуусын тоо хамаагүй цөөрсөн л дөө. Тэр үед явсан идэр насны залуусын ихэнх нь гэр бүлээсээ салж, мөн цөөнгүй нь эрүүл мэндээрээ хохирсон. Тэр ч байтугай амь насаа ч алдсан нь олон. Мэдээж тэдэн дунд хэдэн төгрөг хурааж амьдралдаа нэмэр болгосон залуусыг ч үгүйсгэхгүй л дээ.
Нэг хэсэг эдийн засаг сайжирч, уул уурхайн компаниуд хүчээ авч, ажлын байр ч төдий чинээ ихсэв. Солонгос явах шаардлагагүй болж, боломжийн цалин авах болсон. Гадагшаа явах залуусын урсгал багасч, явсан нь ирж эхэлсэн. Ундуй, сундуй эх орон нь тэднийг тийм ч удаан тогтоосонгүй. Дахиад л хэдэн мянгаараа хар ажил хийхээр бүртгүүлээд эхэлснийг бид харж байна.
Монголын ирээдүй болсон залуу үе өнөөх хэдэн адуунаас чинь үнэ цэнэтэй биш гэж үү. Хамгийн эрүүл, хамгийн залуу, бас боловсролтойг нь шилээд хар ажил хийлгэнэ. Идэр насны залуу хос хоёулаа шалгуурт нь тэнцээд визээ гаргуулаад явах нь тийм ч олон биш. Хэн нэгэнд нь боломж олдоход өр зээл хийгээд явдаг. Харамсалтай нь хол газар тусдаа удахаар залуу хос салах нь элбэг. Эрүүл саруул бие нь өвчтэй болоод ирдэг. Монгол төрийн бодлого хүнээ ингэж олноор нь гаргахыг эсэргүүцэх биш дэмжээд сууж байна. Жилийн дараа хатаж хорчийгоод шороо болох өвснөөс энэ хэдэн залуус чинь үнэ цэнэгүй хэрэг үү.
“Эх орны минь өвсийг хүний нутгийн мал идэх гээд байна” гээд уур омог болоод байсан. Эх орны чинь хөвгүүд, охид хүний нутаг руу хэдэн мянгаараа ажиллахаар явах гэж алаан болж байгаад эмзэглэх хүн хэд байгаа юм бэ. Хүн гэдэг Монголд ямар үнэ цэнтэй юм бэ. Энэ олон монгол залуус чинь хүний нутагт ажиллахаар явах гэж байхад дуугарч байгаа эх оронч алга. Харин ч төр засаг нь төдийгөөс өдий хүртэл дэмжиж л ирсэн. Хөдөлмөрийн яам нь гадагшаа Солонгос яваа залуусаа дэмжээд сургалт семинар хийгээд байна гэх юм. Эх орондоо хэрэгтэй зүйлийн эсрэг хэнтэй ч хамаагүй нууцхан хуйвалдаж, эсэргүүцэн тэмцсээр болиулсан олон жишээ бий.
Яг хэрэгтэй үед, хэрэгтэй цагтаа дуугарах, тэмцэх ёстой үедээ амандаа ус балгачихдаг нь гачлантай. Өөрийгөө эх оронч хэмээн цээжээ дэлдэгчид хилээр хэдэн мянгаар нь залуусыг гаргаж байгааг эсэргүүцэн дуугараач, ямар нэг зүйл хийгээч. Дуугараач гэхээр Солонгос явах гэж дугаарлан зогсоо залуусын эсрэг тэмцээд, тэднийг хөөж тууж тараана гэсэн үг биш шүү. Гадагшаа ингэж олноороо гарах шалтгааныг нь үгүй болгооч, ард түмнээ битгий ингэтэл нь дор оруулаач, үүний төлөө ямар нэг зүйл хийж, өнөөх хатуу чанга шийдвэрээ гаргаж байгаач гэж уриалж байна. “Намайг сайд байхад, намайг дарга байхад монгол залуусыг ингэж олноор нь хар ажил хийлгэхээр явуулахгүй” гэж хэлэх хүн алга уу. Хоосон ядуу, хийх ажил олдохгүйгээс болж явж байгаа залуусыг шууд буруутгах хэцүү. Эх орондоо сайхан амьдрах боломж байхгүй учраас аргаа бараад л явж байгаа. Энэ залууст эх орон нь муухай санагдаад, ээж аав нь, эхнэр хүүхэд нь гологдоогүй гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Солонгос руу зүглэсэн идэр насны монгол залуусын их нүүдлийг төрийн бодлогоороо зохицуулж, эх оронч гэдгээ одоо л харуулах хэрэгтэй байна.
Энэ залуусаа ажилтай, орлоготой болгоё. Энэ үед л та нарын дуу хоолой, тэмцэл хэрэгтэй байгаа. Гэтэл яагаад чимээгүй байна. Төр засгийнхан та нарын харалган бодлогын үр дүн Солонгос руу явах монгол залуусын нүүдэл юм.
Адуугаан хил гаргаагүйн чинь, хадсан өвсөө худалдаагүйн чинь, төмөр замаа бариагүйн чинь гор ингэж л гарч байна шүү дээ. Ард түмнээсээ адуугаан илүү хайрлаж, хүний нялх үрсийг хүйтэнд адгуус зайдлуулж уралдаад тэрнээсээ цэнгэл эдэлдэг, Монголын үнэт баялаг хүн капиталаа алдахдаа сэтгэл огт өвддөггүй төртэй улс шүү дээ, бид. Хөрөнгө оруулагчид Монголоос нүүр буруулж, залуус нь хүний нутагт хар ажил хийхээр нойргүй дугаарлах нь бүгд Монголын эмгэнэл шүү. Таван толгой, тавдугаар цахилгаан станц, төмөр зам, Гацуурт төсөл, энэ бүгд яагаад зогсдог вэ. Эх орон гэж хэлэх дуртай эх оронч бус хүмүүсийн балгаас л болсон. Тавдугаар цахилгаан станцыг яаран барих шаардлага одоогоор алга гэж тайлбарлаад энэ төсөл тодорхойгүй хугацаагаар зогссон. Сонсох нь ээ япончуудаас мөнгө нэхсэн гэх юм. Хөрөнгө оруулаад, бүтээж босгоод өгье гэхээр авлига нэхдэг хүмүүстэй харьцахыг хэн хүсэх билээ. Монголын топ бизнес эрхлэгчдийн нэгтэй хөрөнгө оруулалтын асуудлаар хэдэн япон уулзахдаа өнөөх л яс тас, судалгаа шинжилгээтэй саналаа хэлж. Гэтэл яаж хөөцөлдөх арга замыг нь өнөөх бизнесмэн хэлж л дээ. Манай төр засгийнхан наад саналыг чинь сонсоод ийм юм нэхнэ. Тэрийг нь зохицуулахгүй бол наад гоё санал чинь бүтэхгүй” гэжээ. Япончууд мэл гайхаж толгой сэгсрээд буцаж. Хичнээн хөрөнгө оруулагч энэ мэтээр нүүр буруулсан билээ дээ. Төр засгийнхан маань хэн нь илүү их идэх вэ гэдэг тэмцлээс болж л улсаа сүйтгэж байгаа. Ерөнхий сайд асан нэг хүн одоо гацчихаад байгаа томоохон төслийн багийнханд “Хэрэв тэр хувьцаа эзэмшигчээ зайлуулж чадах юм бол энийг чинь дэмжье” гэж. Гол хувьцаа эзэмшигчээ түүний хэлснээр зайлуулаагүйгээс болж тэр төсөл бас л зогссон. Ажиллах хүч байж эдийн засаг тэлдэг. Гэтэл баялаг бүтээдэг ажиллах хүчээ мянга мянгаар нь гаргахдаа огтхон ч санаа зовохгүй байгаа төр засгийг яалтай билээ.
Энэтхэгт инженерийн мэргэжил эзэмшсэн залуу ажил олдохгүй, Солонгос явахаар бүртгүүлж байна. Англи, орос, солонгос хэлтэй залуус тэдний дунд зөндөө байна. Ихэнх нь дээд боловсрол эзэмшжээ. Ажиллаж байгаа газар нь цалингаа тавьж чадахгүйд хүрч. Хачирхалтай нь монгол залуус ажил хийж чаддаггүйдээ биш улсад нь ажлын байр байхгүй, авдаг цалин нь амьдралд нь хүрэхгүй байна. Хүн л юм хойно хүн шиг л амьдрахыг хүсч байгаа тэр залуусыг буруутгах арга алга.
Адуу малаасаа илүү амьд хүнээ анхаарч нэг үзээч. Адуугаа амьдаар нь гаргахгүй гэж тэмцээд байдаг эх орончид минь ард түмэн чинь дайн болсон улсаас дутахгүй олон мянгаараа дүрвэж байхад яагаад ингэж үл тоомсорлоно вэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Адуугаа амьдаар нь гаргадаггүй эх орончид ард түмнээ хэдэн мянгаар нь илгээх гэж байхад яагаад тоодоггүй юм бэ” нийтлэл гарчээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар уншигч таны гарт очлоо.

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сакер “ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд заавал төсвийн тодотгол хийсэн байх ёстой” гэснийг тэргүүн нүүрээс уншаарай.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Төсвийн тодотголыг хаврын чуулганаар хэлэлцэх боломжтой” гэжээ.

АН-ын бүлгийн гишүүд ОУВС-гийн төлөөлөлтэй уулзсан тухай “Улс төр” нүүрээс уншаарай.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Адуугаа амьдаар нь гаргадаггүй эх орончид ард түмнээ хэдэн мянгаар нь илгээх гэж байхад яагаад тоодоггүй юм бэ” хэмээн нийтлэлч Д.Мөнгөндалай өгүүлжээ.

Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал сэтгүүлчдийн асуултанд хэрхэн хариулсныг V нүүрээс сонирхоорой. “Туркээс жилд 45 мянган жуулчин Монголд ирүүлнэ” гэж тэр ярьсан байна.

“Баримт, үйл явдал” нүүрээс Германд ор сураггүй алга болсон монгол залуугийн яс ойгоос олдсон тухай мэдээлжээ. Хүүхэд хулгайлсан хэргийг шалгаж эхэлсэн тухай мөн энэ нүүрээс хүлээн авна уу.

“Дэлхийн мэдээ” Афганистанд халдлага болж, 30 хүн амиа алдсан тухай, Аялал жуулчлалын анхны шумбагч онгоцыг бүтээх гэж байгаа тухай мэдээлжээ.

“Элчин сайдаа эсэргүүцэж, Лондонд жагссан хоёр эмэгтэй ба С.Баярын балаг”-ийн тухай XI нүүрээс уншаарай.

Хятад улс Байгаль нуураас ус татах хоолойгоо Монголын нутгаар дамжуулах тухай “Өдрийн сонин” мэдээлжээ.

“Хүмүүс хувь, тавилан” нүүрээс хэлмэгдүүлэлтийн үед эх орноосоо дүрвэгсдийн тухай түүхийн гэрч болсон Л.Хөсрий гуайн яриаг уншаарай. Халхаас нүүж ирсэн дүрвэгчдийг Сөнөдийнхөн “Та нарыг самбай барьж залж авчраагүй, саваа барьж тууж ирээгүй” гэж хөөж туудаг байсан тухай тэрбээр өгүүлжээ.

Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол дэлхийн 36 зохиолчийн 60 шилмэл өгүүллийг сорчлон, “Дэргэд холын уулс” ном бүтээжээ. “Өд, бэх” нүүрт уг номоос “Анхны хайр” өгүүллийг нь нийтэлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *