Categories
мэдээ соёл-урлаг

Яруу найрагчид “Явуугийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

Өчигдөр дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсэн өдөр тохиосон билээ. Жил бүрийн гуравдугаар сарын 15-ны энэ өдрийг уран зохиолын хүрээнийхэн Явуугийн өдөр хэмээн онцолж, яруу найргийн баяр болгон тэмдэглэдэг уламжлал хэдийн тогтжээ.

Явуу найрагчийг тэнгэрт хальсны дараа жил буюу 1983 онд яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Ж.Саруулбуян, Л.Мягмарсүрэн, Д.Цогт, Ц.Ойдов, Ү.Хүрэлбаатар, Л.Дамдиндорж, Я.Баатар зэрэг шавь нар нь мэндэлсэн өдрөөр нь Алтан өлгий дэх хөшөөнд нь цэцэг тавьж, багшийнхаа дурсгалыг хүндэтгэсэн байна. Энэ үеэр дорнын их найрагчийн мэндэлсэн өдөр гуравдугаар сарын 15-ныг Явуугийн өдөр хэмээн нэрлэж байхаар тогтсон ажээ.

Өчигдөр тохиосон Явуугийн өдрөөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын зохиолчдын эвлэл, “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл хамтран “Явуугийн үдэш” уншигч, зохиолчдын уулзалт, яруу найргийн чөлөөт уншлагыг зохион байгууллаа.

Энэхүү үдшийн уулзалтад Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Д.Цэдэв, Б.Явуухулангийн шавь, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюун, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч Д.Чинзориг, яруу найрагч Д.Дарьсүхбаатар, Ж.Батцэцэг, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва нар болон үе үеийн зохиолч, яруу найрагчдын төлөөлөл, уншигчид хүрэлцэн ирсэн байлаа.

“Явуугийн үдэш”-ийн хүндэт зочдын нэг нь соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв. Зохиолчдын хороог олон жил удирдаж байсан энэ эрхэм Явуу найрагчтай хамт Зохиолчдын хорооны удирдах зөвлөлд 17 жил хамт ажиллажээ.

“Явуугийн үдэш”-ийн өөр нэгэн эрхэм хүндтэй зочин Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюун багшийнхаа тухай гэгээн дурсамжаасаа хуваалцсан. Тэрээр Явуу найрагчийн гарын шавь бөгөөд багшийнхаа гэрт амьдарч, уран бүтээлээ хэрхэн туурвихыг нь хамгийн ойроос харж, мэдэрч явсан ажээ. Энэ тухай С.Оюун найрагчийн дурсамж сонирхолтой сайхан ярьж өглөө.

Ийнхүү эрхэм хүндтэй зочид Явуу найрагчийн тухай дурсамж хууч дэлгэхийн зэрэгцээ МЗЭ-ийнхэн их найрагчийн амьдралын ховор агшнуудыг буулгасан гэрэл зургийн үзэсгэлэн толилуулсан нь “Явуугийн үдэш”-ийн нэг шигтгээ нь байлаа.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *