Categories
мэдээ цаг-үе

Д.Хулан: Миний арьс гэмтэж, харшилтай болсон нь сүүлний өөхөөр саван хийхэд хүргэсэн

Хонины сүүлээр саван зэрэг эко гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “Lhamour” брэндийн үүсгэн байгуулагчтай уулзсан юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын энэхүү өдөр олон улсын зах зээлд Монгол брэндийг гаргахаар зорьж буй хөдөлмөрч бүсгүй “Natural Essentials” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Хулантай ярилцлаа.


-Та Lhamour брэндийг үүсгэн байгуулж, хонины сүүлээр саван болон бусад органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргаад эхэлж байгаа юм байна. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон сонин сайхнаас яриагаа эхэлье. Яагаад энэ салбарт орох болов?

-Би өөрөө их эмзэг арьстай болохоор эрс тэс хуурай орчинд арьс маань их гэмтэж байсан. Өөрийн хэрэглэдэг бүтээгдэхүүндээ ач холбогдол өгөхгүйгээр, сайн гэсэн бүтээгдэхүүн бүрийг л авч хэрэглэдэг байлаа. Ингээд олон бүтээгдэхүүн хэрэглэснээс болоод арьс маань их гэмтсэн. Монголд ирээд харшилтай болсон болохоор эрүүл мэнддээ их анхаарч эхэлсэн. Эмч нартай зөвлөлдөхөд химийн бодистой бүтээгдэхүүн хэрэглэхээ болих хэрэгтэй гэж байсан нь миний сонирхлыг их татсан юм.

Тиймээс өөртөө зориулж судалгаа хийсэн. Судалгаа хийж байхдаа гоо сайхны бүтээгдэхүүний салбарыг ихэд сонирхож эхэлсэн. Ингээд Олон улсын органик гоо сайхны бүтээгдэхүүний найрлагын дипломоо хамгаалж, тухайн үед Монголдоо хийж болох боломжоо харж байлаа. Би өөрөө Сэргээгдэх эрчим хүчний мастертай, АНУ-д төгсөөд Монголдоо бодит хувь нэмэр оруулах хүсэлтэй ирсэн болохоор өөрийн компаниа байгуулж, энэхүү чиглэлээр дагнаж, үйлдвэрлэл явуулахдаа хүнд ээлтэй, байгальд ээлтэй яаж хийж болох талаар маш их судалсан. Тэгээд эцэст нь энэхүү өөрийн үйлдвэрээр дамжуулж бүхий л хүсч мөрөөдөж байсан зүйлээ хэрэгжүүлж чадах мэт санагдаад 2014 онд компаниа байгуулж, үйлдвэрлэлээ эхлүүлсэн юм.

-Та өөрөө хаана төрж өссөн, ямар айлын хүүхэд, хаана ямар сургуульд сурж төгссөн юм бэ. Өөрийгөө болон гэр бүлээ танилцуулаач?

-Би Улаанбаатар хотод төрсөн. Дээрээ нэг ахтай. Гурван настайдаа ХБНГУ руу нүүж амьдралынхаа ихэнх хугацааг Европт өнгөрүүлсэн. Угаасаа их сониуч хүн, жинхэнэ утгаараа би өөрийгөө нүүдэлчин хүн гэж боддог. 15 настайдаа өөрөө Швейцарь руу явж, дараа нь Германд бакалавр хамгаалж, Францад мөн сурч, сүүлдээ АНУ-д 100 хувийн тэтгэлгээр Колумбиа их сургуульд тэнцэж АНУ-ын Нью-Йорк хотод амьдарсан.

Би мөн их олон газар ажиллаж үзсэн. Швейцарьт нэг жил багшилж, бага ангийн хүүхдүүдэд англи, герман хэл зааж, оюутан байхдаа coffee shop-д зөөгч, зочид буудалд зөөгчөөр ажиллаж байсан. Мөн Берлиний BMW-гийн төвд борлуулалт хариуцаж, Улаанбаатар дахь дэлхийн банкинд дадлага хийж, АНУ-ын Нью Йоркийн Нэгдсэн Үндэсний Байгууллагад дадлага хийж байлаа. Эцэст нь сурсан мэдсэн бүхнээ Монголдоо зориулах хүсэлтэйгээр буцаж ирж 2012 онд Ньюком компанид ажиллан, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр гараагаа эхлүүлсэн.

-Хувийн бизнесээ эхлүүлэхдээ яагаад хонины сүүл ашиглах болов. Хонины сүүлний болон бараа бүтээгдэхүүнийхээ онцлог чанарыг танилцуулаач. Ямар ач холбогдолтой, онцлогтой бүтээгдэхүүнүүд гарч байна?

-Бид хүний арьсанд тэжээл өгөх чанартай сайн түүхий эд болгоныг хэрэглэхийг хичээж байгаа. Урьд нь байгаагүй, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хичээдэг. Би өөрөө хонины сүүлний ач тусыг сайн мэднэ. Монголчууд бид уламжлалт ёсоор хэрэглэсээр ирсэн. Эрүүл хонины сүүл нь өөрөө амин дэмээр дүүрэн, мөн охид бүсгүйчүүдийн хүсээд байдаг коллагеныг ч их агуулсан байдаг. Нас ахих тусам хүний арьсны коллаген ялгаруулах чадвар багасч байдаг болохоор коллагеныг гаднаас авах шаардлагатай болдог. Тиймээс хонины сүүл ашиглан гар, хөл, биеийн тос, саван гэх зэрэг бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж байна. Бид зөвхөн хонины сүүл гэлтгүй чацаргана, нохойн хошуу, ганга, халгай, ямааны сүү, сарлагийн сүү, зөгийн бал, зөгийн лав гэх мэт Монголынхоо түүхий эдийг ашигладаг. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, арьсанд маш сайн тэжээл өгдөг Шэа самарны тос, оливын тос, наранцэцгийн тос, авокадо тос, наргил модны тос гэх мэт олон түүхий эдийг хослуулан хамгийн дээд зэргийн чанартай органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хичээж байгаа. Ялангуяа Монголынхоо хэрэглэгчдэд шинэхэн талх мэт гоо сайхны бүтээгдэхүүн хүргэж чадаж байгаагаараа бахархаж байгаа. Органик гоо сайхны бүтээгдэхүүн бол их нарийн, бас эмзэг, хадгалах хугацаа нь бага байдаг. Тиймээс Монголдоо бид үйлдвэрлээд, хэрэглэгчдэд шууд хүргэж чадаж байгаа нь шинэхэн, шинэлэг хүнс хүрч байгаа мэт эрүүл байгаа.

-Одоогоор бараа бүтээгдэхүүнээ хаагуур борлуулж байгаа вэ. Бараа бүтээгдэхүүний тоогоо олшруулж байгаа юу?

-Бид 2014 онд үйл ажиллагаагаа эхлүүлээд, 2015 онд Goodprice дэлгүүрийн борлуулалтын цэгүүдээр дамжуулан бүтээгдэхүүнээ хүмүүст таниулж, хүргэсэн. 2016 онд өөрсдийн анхны нэрийн дэлгүүрээ Шангри-ла Моллын хоёр давхарт нээж, мөн “Туушин” зочид буудлын нэгдүгээр давхарт Лхамур бүтээлч дэлгүүр нээсэн байгаа. Үүнд бид бусад монгол брэндүүдээ дэмжиж, Монгол бүтээлч байж чаддаг шүү гэдгийг харуулж буй юм. Бид 2016 онд мөн өөрсдийн анхны спаг Скай Ресортод нээсэн.

Органик бүтээгдэхүүн эрүүл мэндэд тустай болохоор бид мөн агаар сайтай орчинд, хүний эрүүл мэндэд тустай үйлчилгээ үзүүлж, монгол массажистуудынхаа ур чадвараар дамжуулж хүнд тустай зүйл хийх гэж хичээсэн минь энэ. Агаар салхинд гарангаа, хайртай дотнын хүмүүстэйгээ хамт эрүүл орчинд эрүүл органик бүтээгдэхүүнээр массаж хийлгүүлэх нь ялангуяа сүүлийн үеийн энэ их бохирдолтой, стресстэй нийгэмд чухал юм шүү дээ.

-Бүтээгдэхүүн хийх түүхий эдээ хаанаас хэрхэн авч байна?

-Бид маш олон төрлийн түүхий эд хэрэглэдэг болохоор бүхий л салбартай одоо хамтран ажиллаж байгаа. Яг л тухайн түүхий эдийн гол эх үүсвэрүүдээс авч байна. Жишээ нь зөгийн бал, зөгийн лаваа Сэлэнгэ аймгаас, жамц давсаа Увс аймгаас гэх мэт. Мөн бид бусад үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж өөхөн тос, хонины сүүлний тос гэх мэт түүхий эдүүдээ тогтвортой авахыг хүсч байгаа. Гадны түүхий эдүүдээ бид органик сертификаттай, хамгийн чанартайг нь сонгодог. Дийлэнх нь баруун Европоос ирдэг. Мөн наргил модны тосыг яг эх үүсвэр болох улс орнуудаас авч байгаа. Түүхий эд хамгаас чухал болохоор чанарт бүхий л анхаарлаа хандуулж байгаа.

-Танай бүтээгдэхүүнүүд хэд хэдэн төгрөгийн үнэтэй байна?

-Янз бүрийн үнэтэй. Биеийн арьс гуужуулагч 19,500 төгрөг. Биеийн саван 9,000 төгрөг. Уруул өнгөлөгч 8,000 төгрөг гэх мэт. Манайх гоо сайхны бүтээгдэхүүн гэвэл 10 нэр төрлийн 60 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Нэмэлтээр манай хэрэглэгчдэд биднээс улам их бүтээгдэхүүн хүсдэг болсон. Бидэнд итгэж, биднийг чанарыг эрхэмлэдэг гэдгийг мэдсэн тул гэр ахуйн бүтээгдэхүүнүүд хүртэл асуудаг болсон. Бид байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг тул энэхүү зарчмаа барин жамц давсан бүтээгдэхүүнүүд, дахин боловсруулсан цаасаар хийсэн сагснуудыг хэрэглэгчдэдээ хүргэдэг болсон. Манай бүхий л зүйл гар аргаар хийгддэг. Түүхий эд бэлтгэхээс авахуулан, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, савлалт, хүргэлт хүртэл бүхий л шат дамжлагыг бид өөрсдөө хийдгээрээ онцлог. Их сэтгэл шингээж хийдэг. Манай хэрэглэгчид жинхэнэ органик бүтээгдэхүүн ийм боломжийн үнэтэй байгаад баярлаж, бидэнтэй хамт байдагт бид талархдаг.

-2016 онд танай компани Сингапур улсаас “Азийн шилдэг хариуцлагатай жижиг дунд бизнес” шагнал хүртсэн юм билээ. Ямар шалгуурт нийцэж, яагаад энэ шагналыг авсан бэ?

-Энэхүү шагнал нь дан ганц жижиг дунд үйлдвэрүүдийн санхүүгийн амжилтыг хараад зогсохгүй нийгмийн хариуцлага болон бизнесийн ёс суртахууныг харж өгдөг шагнал ба энэхүү төрөлд шалгарсан байгууллага нь нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан, байгальд ээлтэй ханддаг, боловсон хүчиндээ хамгийн сайн хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлсэн жижиг дунд үйлдвэрүүд байх юм. Энэхүү байгууллагууд ямарваа нэгэн саад бэрхшээл, санхүүгийн хязгаарлагдмал байдлаа үл тоон Хариуцлагатай жижиг дунд үйлдвэр гэх зарчимд биднийг бүрэн нийцсэн гэж үзсэн учир бүс нутгийн хэмжээнд энэхүү шагналаар сайшаан үнэллээ. Маш олон том том компани, брэндүүдтэй эн зэрэгцэн зогсож хамт шагнал авсандаа ихэд баяртай байгаа.

-Гадны ямар улс орнуудад бүтээгдэхүүнээ экспортлох гэж байна. Ер нь ямар хүмүүс, аль улсын иргэд энэхүү органик бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхож байна?

-Бид энэ жил албан ёсоор Хонгконгт борлуулалтаа эхлүүлж, төлөөлөгчийн газартай болж, эхний байнгын хэрэглэгчидтэй болсондоо баяртай байна. Бид мөн энэ долоо хоногт албан ёсоор Сингапур улсын дэлгүүрт бүтээгдэхүүнээ борлуулж эхэлж байгаа. Монгол Улсын албан ёсны экспортлогч үйлдвэр, экспортлогч брэнд болсондоо маш их баяртай байгаа. Энэхүү эдийн засгийн хүнд үед экспорт маш чухал гэж үзэж байна. Бид чадлаараа сайн хичээж, манай баг хамт олон эдийн засагтаа эерэг хувь нэмэр оруулахын төлөө ажиллаж байгаа.

2016 он амжилтаар дүүрэн сайхан он болсон. 2016 оны арваннэгдүгээр сард бид Японы NHK WORLD телевизээр гарч, бидний талаарх нэвтрүүлэг 148 оронд цацагдсан. Үүнээс хойш маш их хүсэлт ирж, бидэнд амжилт хүсч, баяр хүргэсэн сайхан сэтгэгдлүүд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн. Манай хэрэглэгчдэд Монголдоо ч тэр, гадаадад ч тэр, бүгд эрүүл мэнддээ анхаардаг, байгаль дэлхийгээ хайрладаг, гар аргаар хийгдсэн бүтээгдэхүүний ач холбогдлыг ойлгосон хүмүүс байдаг.

Н.ГАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *