“Өдрийн сонин”-ы №054 (5621) дугаараас авч нийтлэв
Баянзүрх дүүргийн Засаг даргыг өнгөрсөн пүрэв гаригт хууль бусаар томилсонтой холбогдуулж, иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн. Тухайн үед цагдаа нар иргэд рүү нулимс асгаруулагч цацаж, албадан хөөсөн. Энэ талаар хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.
-Тухайн үед цагдаа нар иргэд рүү газ цацаж, бороохой ашиглан албадан хөөсөн гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар цагдаагийн албаны тухай хуульд юу гэж заасан байдаг юм бэ?
-Одоо мөрдөгдөж буй Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн алба хаагч тусгай хэрэгсэл, мэх хэрэглэхдээ тодорхой дүрэм, журам баримтална гэсэн байдаг. Тэрхүү журмын дагуу хэрэглэх ёстой гэсэн үг. Үүн дотроо янз бүрийн нөхцөл, шалтгаан заасан байдаг. Тухайлбал, цагдаагийн алба хаагч жирэмсэн хүн, хүүхдэд тусгай хэрэгслийг хэрэглэх ёсгүй. Ер нь тусгай хэрэгслийг хэрэглэхийн өмнө анхааруулах заалтууд байдаг. Цагдаагийн албаны тухай хуулиар төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдолд тэрийг нь албадан тараах эрх цагдаа нарт байгаа. Гэхдээ урьдчилан бүх шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан байх ёстой юм. Мэдэгдлийг шат дараатай хүргүүлсэн байх, зохих шаардлага тавих ёстой. Ийм арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн тусгай хэрэгслийг яг хууль журмын дагуу хэрэглэх ёстой юм.
-Тухайн үед байсан иргэдийн ихэнх нь эмэгтэйчүүд. Мөн жирэмсэн хүн хүртэл байсан гэсэн. Тэгэхээр ийм үед цагдаа нар хууль журмын дагуу ажиллаагүй гэсэн үг үү?
-Илт жирэмсэн хүн байж байхад газ хэрэглэсэн байна лээ. Энэ нь Цагдаагийн албаны тухай хуулийн тусгай хэрэгслийг хэрэглэх журмыг шууд зөрчсөн хэлбэр юм. Ингэж огт болохгүй. Дараа нь цагдаагийн байгууллага мэдээлэл хийсэн. Тэгэхдээ бид газ хэрэглээгүй. Тусгай хэрэгсэл хэрэглээгүй гэж ярьцгаасан. Гэтэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан бичлэг дээр тодорхой хүмүүсийг газдаж байгаа хэсэг бүр тодорхой харагдаж байсан шүү дээ. Бас нэг олон нийтийн анхаарлыг татсан зүйл бол цагдаа нар нэр, хувийн дугаараа яагаад нууцлав аа. Цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэхдээ иргэнд бичиг баримтаа заавал үзүүлэх ёстой. Энэ талаар цагдаагийн албаны тухай хуульд тодорхой заасан байдаг.
-Цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхдээ заавал албаны хувцсаа өмсөж, мөрдэс тэмдэг зүүсэн байх ёстой биз дээ?
-Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн алба хаагчид мөрдэс тэмдгээ тийм үеэр авна ийм үеэр хэрэглэхгүй гэсэн заалт байхгүй. Энгийн хувцастай цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж болно. Хамгийн гол нь цагдаагийн алба хаагч бичиг баримтаа шалгуулна гэж тодорхой заасан байдаг. Ингэхгүй бол цагдаа гэж мэдэхгүй шүү дээ. Дараа нь иргэн хүн хаана, хэнд гомдол гаргах уу гэдэг асуудал гарч ирнэ.
-Баянзүрх дүүргийн Засаг даргыг хууль бус томилсон үеэр цагдаа нар нэр, тэмдгээ нууцалсан нь хууль зөрчсөн үү?
-Зохион байгуулалттайгаар бүгдийнх нь нэр усыг ингэж далдалж үйл ажиллагаанд оролцох ёсгүй. Энэ үйлдэл бол Цагдаагийн албаны тухай хуулийг илтэд зөрчиж буй явдал мөн.
-Тухайн үед иргэд цагдаагийн алба хаагчдыг бичиг баримтаа үзүүл гэхэд үзүүлэхгүй байсан гэсэн?
-Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжилсан үед байсан хүмүүс цагдаа нарт шаардлага тавьж, бичиг баримтаа үзүүл ээ гэхэд үзүүлэхгүй байсан гэсэн. Энэ бол гарцаагүй зөрчил мөн. Бичиг баримтаа танилцуулаагүй байдал олон нийтэд маш таагүй харагдаж байна лээ. Уг асуудлыг дүгнээд хэлэхэд цагдаагийн албаны тухай хууль, тусгай хэрэгсэл, мэх ашиглах журам, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм гээд энэ бүх актуудыг хэд хэдэн байдлаар зөрчиж буй байдал харагдсан гэсэн үг. Гэхдээ цагдаа нар үүргээ гүйцэтгэж байгаа. Тухайн нөхцөлд ийм үйл ажиллагаа явуулах хууль зүйн үндэс байсан. Тэгэхдээ үүргээ гүйцэтгэхдээ бүх журам, процессуудыг баримталж байх ёстой. Үүний улмаас л үүргээ гүйцэтгээгүй, журмаа биелүүлээгүй харагдаж байгаа юм. Энэ байдлаас болоод иргэд цагдаагийн алба хаагчдад тавих үнэлэмж доогуур болж байгаа юм. Тэгэхээр цаашид цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнд албадан тараах үйл ажиллагаан дээр ямар стандарт, дүрэм журам баримтлах вэ, нэг болон түүнээс дээш хүнд тусгай хэрэгслүүдийг хэрхэн хэрэглэх ёстой вэ гэдэг талын сургалт, бодитой үр дүн хэрэгтэй байна.
-Тэр үед ихэнх хэвлэл мэдээллийнхнийг оруулаагүй гэсэн. Энэ талаар та тодруулаач?
-Би телевиз үзэж байсан л даа. “Сошиалаар сэтгүүлчдийг оруулахгүй байна аа. Ганцхан TV5 телевизийн ажилтнуудыг орууллаа” гэсэн байсан. Яагаад ганцхан хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оруулсан юм бэ. Үнэхээр л хязгаарлаж байгаа бол телевиз, сонин, сайт бүгдийг нь оруулахгүй байх ёстой биз дээ. Тэгснээ нэг өнцгөөс мэдээ материал дамжууллаа. Иймээс энэ тал дээр зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцож, арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ эрх нь хуулийн байгууллагад байгаа. Иргэд хууль сахиулагчид, цагдаа нарт хуулиа сахиж ажиллах шаардлага тавих нь зүй ёсны хэрэг. Одоо олон асуудлыг ил болгох хэрэгтэй. Хэний үүрэг даалгавраар ийм ажиллагаа явагдсан юм бэ. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид байсан уу, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нь өөрөө байсан уу. Эсвэл энэ үнэхээр нийслэлээс байна уу, ямар нэг нам хүчний байгууллага оролцсон уу гэдгийг тодорхой тайлбарлаж өгмөөр байна. Монголын цагдаа нар ямар ч үед үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж ирсэн. Хамгийн том зовнил бол улс төрийн тэмцэл. 2008 оны долдугаар сарын нэгэнд үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид хилсдэж шоронд суугаад дууссан ш дээ. Улстөрчид бол ингээд л хаяна. Харин цагдаагийн алба хаагчид хууль зөрчсөн болно. Дээрээс нь хэрэгт буруутан болж, хохирно. Аль ч цаг үед иргэд, цагдаагийн алба хаагчид улс төрийн золиос болох ёсгүй. Ингэхгүйн тулд цагдаагийн алба хаагчид цагдаагийн байгууллага хуулиа мөрдөх ёстой. Мөн иргэд цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг сахиж, биелүүлэх ёстой.
Цагдаагийн байгууллагын явуулж буй үйл ажиллагаанд процесс зөрчсөн, алдаа гаргасан зүйлүүд байна.Энэ нь хэнээс шалтгаалсан юм бэ гэдгийг нухацтай авч үзэх ёстой. Ямар ч хамаагүй аргаар цагдаа нар болон бусад ажилтныг уг үйлдлийг таслан зогсоо гэж улстөрчдийн, улс төрийн албан тушаалтнуудаас ийм үүрэг даалгавар явж байгаа бол маш буруу юм. Үнэхээр үүргээ гүйцэтгэж байгаад цагдаа нар алдаа гаргасан бол өөр хэрэг. Цагдаа нарыг хууль зөрчихөд хүргэсэн үү, цагдаа нар өөрсдөө хууль зөрчсөн үү. Энэ нь асуудлын гол зангилаа. Яг үүргээ гүйцэтгээд явж байгаа цагдаагийн ахлагч, офицер бол тушаалын дагуу ажиллаж байгаа.
-Цаашид дахиад иймэрхүү үйлдэл давтагдвал ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?
-Монголын цагдаагийн байгууллага нэгж дээр үүрэг гүйцэтгэх тохиолдолд цагдаагийн алба хаагчдыг яг хуульд нийцүүлж ажиллуулах хэрэгтэй. Хэрхэн зөв ажиллах вэ гэдэг тал дээр сургалт явуулж, анхааралдаа авч ажиллах хэрэгтэй. Ингэхгүй бол үнэндээ манай цагдаа нар өдөр шөнөгүй ажилтай байдаг. Өглөө ажилдаа гараад бүр орой гэртээ очдог. Тэгэхээр өөрсдөд нь дахиж сурч боловсрох цаг зав туйлаас хомс, мэдээлэл авах цаг ч гардаггүй. Амьдралын хамгийн хүнд бэрх, муу муухайтай нүүр тулж явдаг хүмүүс. Энэ нийгмийн амгалан тайван байдлыг бий болгож, сахиж буй улс. Зав чөлөө байдаггүй. Энэ талаар цаашид үйлдэл, үйл ажиллагааг нь яаж хуульд нийцүүлэн ажиллах дээр анхаарал хандуулах цаг болжээ.
Б.УРАНЧИМЭГ