АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинийг ирэх сард Флоридад хүлээж авч уулзах болсон талаар Америкийн хэвлэлд өчигдөр мэдээллээ.
Дээд хэмжээний уулзалт дөрөвдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд Палм Бич дэхь Трампын Мар-а-Лаго тансаг амралтын газарт болно гэж АНУ-ын албаны хүн ярьсан байна.
1985 онд Трампын худалдаж авсан Мар-а-Лаго байгууламжийг сүүлийн үед “Өмнөд Цагаан ордон” гэж нэрлэх болоод байгаа. Уулзалтын талаар Хятадын дипломат албаныхан хэлэхдээ “Яг одоо хоёр тал удирдагч нарын уулзалтыг зохион байгуулах бүх боломжит хувилбарыг ярилцаж байна. Гэхдээ албан ёсоор зарлахад хэтэрхий эрт байна” гэжээ.
Энэ долоо хоногийн сүүлээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон Бээжинд айлчлах ба энэ үеэрээ Ши Жиньпинтэй уулзаж магадгүй байна. Энэ уулзалт ирэх сард болох дээд хэмжээний уулзалтын өмнөх чухал шат болох юм.