Яруу найрагч Б.Батсайхан гэргий, хүүгийн хамт. 2017.03.05
“Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын дарга Борхүүгийн Батсайханыг нийслэл хотод хүрэлцэн ирэхэд уулзаж хөөрөлдлөө.
-Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадам жил жилийн улсын баяр наадмын бөх шиг дуулиан шуугиантай болдог. Өөрөө Дорнод аймагт саяхан болсон “Болор цом” наадмын тэргүүн шагналт найрагчаар тодорлоо. Цахим ертөнцөөр өөр рүү чинь нэлээд дайралт хийв үү дээ?
-Жил болгон л түрүүлсэн “Болор цом”-ын эзэн рүү дайрч байдаг болсон доо. Тэр наадам, шүлэг, найрагчдаа алинд нь ач холбогдол өгөөд байгаа нь мэдэгддэггүй. Намайг элдвээр л хэлж байна. “Болор цом”-д анх удаа орсон, битүү морь л гэж байна. Цомыг жаран сая төгрөгөөр худалдаж авлаа гэж байна. Тийм их мөнгөтэй бол би ядаж ганц өрөө байр худалдаж авдаг юм байгаа биз дээ. Дорнод аймгийн Засаг даргын авгайн дүү гэх мэтээр элдвээр хэлж байна. Тэр худалдаж авлаа гэж байгаа хүмүүст би их баярлаж байгаа. Би мөнгөлөг, өнгөлөг харагдаж байгаа юм байна. Тэр хүмүүс утга зохиолыг худалдаж авдаггүй юм гэдгийг ойлгохгүй л байгаа юм байх даа. Утга зохиол гэдэг бол үнэлшгүй үнэ цэнэтэй зүйл шүү дээ. Утга зохиолын эцсийн оргил цэг бол “Болор цом” биш. Гэхдээ яруу найрагчид болоод уншигч олон түмний хамгийн түм уулзалт гэдэгтээ л үнэ цэнэ нь оршдог. Тухайн жилийн монгол түмний хүсэн хүлээдэг хамгийн том найргийн үдэш бол “Болор цом” шүү дээ. Хамгийн сайхан нь үзэгчидтэйгээ уулзаж байгаа яруу найрагчдын л баяр байгаа юм.
-Өөрөө яах аргагүй л Сүхбаатар аймгийн уугуул хүн биз дээ. Яахаараа Дорнодын Засаг даргын авгайн дүү, хүргэн хүү гэж хэлэгдэх болов. Танай эхнэр Дорнодынх юм уу?
-Би Сүхбаатар аймгийн Онгон сумын унаган хүн. Миний аав Нанзадын Борхүү гэж барилгад насаараа жолооч хийсэн хүн. Бурхан болоод хэдэн жил болж байна. Ээж минь Дамдингийн Адьяа гэж хүн одоо хотод аж төрж байна. Би таван дүүтэй. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо ах бид хоёр нэг сумынх. Нутагтаа ажиллаж байгаад, хотод оюутан болж ирээд, сургуулиа төгсөөд “Сэрүүлэг”, “Хонгор зул”, “Өнөөгийн төрх” сонинд ажиллаж байсныг та сайн мэднэ дээ. Манай эхнэр болохоор Булган аймгийн Сайхан сумын харьяат Нямсүрэнгийн Мөнхдэлгэр гэж хүн байна. Бид хоёр хүүтэй. Ууган хүү тавдугаар ангид, бага хүү дөрвөн настай ийм л энгийн нэгэн гэр бүл. Дорнодын Засаг даргыг ч би яс юман дээрээ огт танихгүй шүү дээ. Сая “Болор цом”-ын үеэр л анх удаа гар барьж танилцсан. Бусдын хэл амны бай болох шалтгаан юу вэ гэвэл “Болор цом”-ын оройн хүлээн авалт дээр Засаг дарга Бадамсүрэн гэдэг хүн “Манай ээж Сүхбаатарын Онгоных юм. Онгоны хүн цом авч байгаад би баяртай байна” гэж хувийн талархал илэрхийлэхгүй юү. Тэр үгнээс л улбаалж ийм яриа гарсан байх. Ээжийнх нь нутгийн хүн түрүүлсэнд тэр хүн баярлаж болно оо доо. Дорнодын хүн амын далаад хувь нь Сүхбаатар гаралтай хүмүүс байдаг. Тэрнээс биш би Дорнодоос хүн тэгтлээ танихгүй л хүн шүү дээ. Ээждээ би “Та Дорнодод тийм мундаг арын хаалгаддаг хүнтэй байсан юм бол эртхэн хэлэхгүй яасан юм” гэж наргиан болгож хэлж байлаа (инээв). Тэнгэрт одсон их найрагч Данзангийн Нямсүрэн, Очирбатын Дашбалбар нарын маань гэгээн сүнс нутагтаа Янжинлхам бурхнаа залъя гэсэн авшиг ч байсан юм уу. Тэрний зарч улаач болж “Болор цом” хүртлээ гэж бэлгэшээж байна даа.
-Сургууль соёл хаана дүүргэв?
-Онгон сумандаа дунд сургууль төгсөөд уурын зуухны галчаар гурван жил ажиллаж байгаад Утга зохиол нийгмийн ажилтны сургуулийг дүүргэсэн. Удирдлагын академийг төгссөн.
-“Болор цом”-д түрүүлэх даваандаа та “Тэр эмэгтэй” гэдэг шүлгээ уншсан юм уу. Энэ шүлгийг чинь бас “Ээжийгээ тэр эмэгтэй гэлээ” гэж нэлээд шүүмжлэх шиг болов оо доо?
-“Тэр эмэгтэй” шүлгээ уншсан.
“Тэр эмэгтэйд би хайртай
Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай
Даарсаар очиход минь угтан авч
Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг
Гоо үзэсгэлэнт тэр хүнээс
Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ
Тэр эмэгтэйд би хайртай
Тэртээ холоос ч угтдагт нь дуртай
Халууцсаар очиход минь тосон авч
Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг
Гомдоох ердөө боломжгүй тэр хүнээс
Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ
Жирийн л нэг монгол эмэгтэйгээс
Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ
Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг
Ээж гэдэг” гэсэн шүлэг байгаа юм.
-Таныг энэ шүлгээ дадаист урсгалын шүлэг гэсэн гэж байсан?
-Энэ шүлэг маань шүүгчдийн таашаалд нийцсэн юм байгаа биз дээ. Урсгал чиглэлийн хувьд хүн бүхэн л өөрийнхөөрөө тайлбарлах байх. Бидний мэддэг изм-ээс гадна уран зохиолын учиргүй олон изм байгаа шүү дээ. Эцсийн дүнд би утга зохиол судлаач, шүүмжлэгч биш. Ер нь тэгээд жил бүрийн “Болор цом”-ын тэргүүн найрагчийг сайн ч шүлэг уншсан, тааруу ч шүлэг уншсан шүүмжилж байдаг болчихсон нь улиг домог болж байна.
-Энэ найргийн наадамд хэдэн удаа оролцов?
-Би нийтдээ арван нэгэн удаа шүлгээ өгч, долоо найман удаа гучид шалгарч, хоёр гурван удаа арван тавд үлдэж, Өвөрхангайд болсон “Болор цом”-д айрагдаж байлаа. Энэ жилийн “Болор цом”-ын салхийг хагалж, түрүү жилийн цомын эзэн Эрдэнэбаатарыг шүлгээ уншсангүй гэж шүүмжилж байна. Хүнд хувийн хүндэтгэх шалтгаан байж болно шүү дээ. Цахим ертөнцөөр үзэл бодлоо илэрхийлэгчдэд хариуцлага тооцдоггүйгээс хүнийг их харлуулах юм. “Болор цом” авсандаа би мэдээж баярлаж л байна. Намайг мянга харлуулж доош нь хийлээ гээд “Болор цом”-ыг буцаагаад авахгүйгээс хойш дэмий юм баймаар. Магадгүй, өөр хүн авсан бол бас л муулуулж байгаа. Хэн ч авсан ялгаагүй л муулуулах байсан.
-Баруун-Уртын төвд хаана амьдарч байна даа?
-Баруун-Урт хотынхоо долдугаар багийн 52 айлын дөрвийн хоёр тоот гэсэн хаягт амьдарч л байна.
-“Жаахан шарга” театрын дарга саяхан болов оо доо?
-“Жаахан шарга” театрын даргын албыг “Болор цом”-ын эзэн болсны мялаалганд өглөө гээд шуугиж байна. Тэгдэг л юм бол жил бүхэн “Болор цом”-ын эздийг албан тушаалаар мялаагаад байх нь ээ дээ, янз нь. Энэ театрын даргын сонгон шалгаруулалтад “Болор цом”-оос өмнө орчихсон байсан хүн шүү, би. Ажлаа хүлээж авах л “Болор цом” наадам болсны дараа болсон болохоос биш. Мялаалгасаад байсан юм ер байхгүй. Өмнөх ажлаа хийгээд гишгэж байгаа газраа л харж явъя. “Жаахан шарга” маань анх Соёлын ордон байж байгаад театр болсноосоо хойш 25 жилийн ойгоо хийсэн. Дал наяад ажилтан албан хаагчидтай томоохон театр л даа. Миний өмнөх дарга театрын маркетинг, менежмэнтийг нэлээд хөгжүүлсэн. Миний хувьд уран бүтээлч хүн даргаар очсоных урлагийн язгуур тал руу түлхүү анхаарна. Манай Сүхбаатар аймгаас төрөн гарсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбарын мэндэлсний 60 насны ой энэ онд тохиож байгаа. Юун түрүүнд их найрагчийн үр хүүхэд, гэр бүлийнхэн болоод аймгийнхаа Засаг даргатай энэ их хүний тэгш ойг тэмдэглэх талаар ярилцахаар төлөвлөөд байна. Одоогоор хугацааг нь товлоход бэрх байна. Яагаад гэхээр манай аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гараад тодорхой хугацаагаар хөл хорио тогтоогоод байгаа.
-“Болор цом” авчихлаа. Одоо номоо гаргана биз?
-“Хөх үдшийн цагаан шувуу” шүлгийн номоо 2010 оны нэгдүгээр сарын 20-нд хэвлүүлж байлаа. Энэ номыг маань ивээн тэтгэсэн Дээд монголчууд, “Дэлхийн сонор” компанийн захирал Цэрэндаш, яруу найрагч Бүргэд, хэвлэхийн захирал Хасар нар маань одоо гарах шинэ номыг маань хөндлөн, босоо хоёр монгол үсгээр хэвлэж өгөх болсонд баяртай байна даа.