Categories
мэдээ цаг-үе

“Монголын нууц товчоо”-г удам дамжин судалж буй Гаадамбын Билгүүдэй

Монголын нэрт эрдэмтэн Ш.Гаадамбын хүү Билгүүдэйтэй хөөрөлдөх завшаан тохиосон юм. Тэрбээр Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэндээ 30 шахам жил судлаач, эрхлэгчээр ажиллаж байгаа бөгөөд сая хоёрдугаар сард сонгон шалгаруулалтаар хүрээлэнгийнхээ захирлаар томилогджээ.

Доктор, профессор Г.Билгүүдэйн ажил дээр шинийн тавны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт зорьж очиход өрөөнд нь Хэл зохиолын хүрээлэнгийн өмнөх захирал академич Л.Болд, тууль судлаач эрдэмтэн Р.Нарантуяа гуай нар байсантай таарав. Бидний эхний яриа Ш.Гаадамба гуайн тухай хөөрөлдөөн байв. Учир нь академич Л.Болд Ш.Гаадамбын шавь, тодруулбал багшаасаа болж хэл шинжлэл рүү орох болсон түүхээсээ хуучилсан юм. ардын уран зохиолч Ш.Сүрэнжав Болд гуайг тавдугаар ангийн сурагч байхад нь Га багштай анх танилцуулж байж. Хожмоо 1966 онд Л.Болдыг Га багш их сургуульд гараасаа хөтлөн оруулжээ. Гаадамба багш их сургууль дээр утга зохиолын дамжаа хичээллүүлдэг байж. Гэтэл Болд гуай мундаг найрагч, зохиолчдын дунд өөрийгөө голоод тэр дамжаанд нь суухгүй таслаад яваад байж. Га багш нэг удаа таараад Болдоос асууж “Чи яагаад харагдахгүй байгаа юм бэ” гэхэд нь эмээхдээ хэл шинжлэлийн Ш.Лувсанвандан багшийн дамжаанд хичээллэж байгаа гэж худлаа хэлжээ.

Аавынхаа 50 насны ойн үеэр

Академич Л.Болд энэ тухайгаа хуучлахдаа “Би чинь багшдаа худлаа хэлснээсээ болоод л хэл шинжээч болох амьдралын замаа сонгосон түүхтэй” гэж өгүүлж сууна.

Г.Билгүүдэйг Завхан аймгийн Шилүүстэйд гурван жил орос хэлний багшаар ажиллачихаад 26 настай залуу хархүү Хэл зохиолын хүрээлэнгийн хаалгыг тогшиход Р.Нарантуяа угтан авч байсан тухай тууль судлаач Нараа эгч дурсав. Одоо бид чинь хамгийн мундаг хүнийгээ хүрээлэнгийнхээ захирлаар тавьчихсан байна. Бидэнд бас захиж хэлэх зүйл байгаа болохоор ажлын энэ өдөр дотоод яриатай сууж таарлаа гэсээр Л.Болд, Р.Нарантуяа нар гарч одсон юм.

Г.Билгүүдэй Гаадамба гуайн тав дахь хүүхэд. Гурван эгч, нэг ах, нэг эрэгтэй дүүтэй. Аав маань зохиол бичихээс гадна зураг их гоё зурдаг байсан. Миний ах Г.Бэрхээдэй аавын тэр авьяасыг өвлөсөн, ДУДС төгсөөд монгол зургаар мэргэшсэн хүн байсан. Дүү Г.Бүрэндэй маань компьютерийн программист мэргэжилтэй. Оюу толгойд шинжээчийн ажил хийж байна. Эгч нар маань салбар салбартаа ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад зарим нь гарсан байна гэж ах дүүсийнхээ тухай яриа өрнүүлэв.

Ц.Дамдинсүрэнгийн гэр музей

Монголын утга уран зохиолын ноён оргилын нэг болсон нэртэй аавынхаа үргэлжлэл болж хийж туурвиж байсан ажлыг нь тодотгож яваа хүүгийн хувьд бид хоёрын яриа аанай л Гаадамба гэх нэрт хүмүүний тухай үргэлжилсээр. Утга уран зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсан Ш.Гаадамба гуай анх 1958 онд Орост суралцаж байхдаа академич Ц.Дамдинсүрэн рүү захиа бичин зөвшөөрөл авч Монголын нууц товчоог судлах болжээ. Ингээд 1961 онд “МНТ бол XIII зууны уран зохиолын дурсгалт бичиг мөн” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Энэ цагаас хойш Монголын эртний уран зохиолын гайхамшигт дурсгалт бичгийг олон арван жил судалж “Нууц товчооны нууцыг нээгч” гэсэн хүндлэлийг олсон юм. Сонирхолтой нь хүү Билгүүдэй Монголын нууц товчоо судлалаар докторын зэрэг хамгаалсан, удам дамжсан судлаач юм. Энэ тухай Г.Билгүүдэй дурсахдаа “Орос хэлний дээд сургуулиа төгсөөд хөдөө багшилж байхад аав надад үүрэг өгч, Унгарын эрдэмтэн Лигети гуайн латин галигаас монгол бичигт буулгуулж байсан. Энэ нь намайг Нууц товчоотой нарийн сайн танилцуулах зорилготой байсан болов уу гэж бодогддог” хэмээн дурсав. Билгүүдэйн бага нас Герман элчингийн урд байрлах “Багш нарын 28” нэртэй байранд өнгөрчээ. Тус байранд Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Я.Цэвэл, Т.Пагваа гээд их сургуулийн алдартнууд байдаг байв. Билгүүдэй багадаа Ринчен баавайн ач хүү Лигдэнтэй ойр цуг тоглож өсчээ. Билгүүдэйн ээж Д.Дулмаа хүүхдийн цэцэрлэгт бүх насаараа тогооч хийсэн. Их тайван дөлгөөн зантай хүн байсан, ээжийнхээ тэр занг би дуурайсан гэж ярив. Ээж нь 50 гаруй насандаа хүндээр өвдөж бурхан болжээ. Аав, ээж тань үр хүүхдэдээ юу өвлөж үлдээв гэж асуухад бага насны нэгэн дурсамжаасаа ярьсан юм. Нам төрийн хатуу цаг дор Ш.Гаадамба гуай арга хэмжээ авахуулж МУИС-ийн Тэнхимийн эрхлэгчийн ажлаасаа халагдаж, Зохиолчдын хороонд мэргэжлийн зохиолчоор гурван жил ажиллах болжээ. Ихэвчлэн гэртээ сууж бүтээлээ туурвидаг байсан байна. Энэ үед дөрөвдүгээр ангийн сурагч Билгүүдэйн бөөр нь өвдөж хичээлдээ явалгүй хэдэн сар гэртээ хэвтэх болж. Орос хэлний сургалттай 23 дугаар дунд сургууль учраас аав миний орос хэл болон бусад хичээлийн даалгаврыг хийлцдэг байсан. Нэг удаа тооны хичээл дээр хоёулаа нэг бодлогыг зэрэг бодож хариугаа тааруулах болсон. Билгүүдэй аав бодчихсон юм чинь гэж бодоод аавынхаа хэлсэн хариуг тэр чигээр нь дэвтэр дээрээ биччихжээ. Гэтэл багшаасаа палийсан томоос том хоёр гэсэн дүнг авч. Аав маань буруу хариуг мэдсээр байж надад хэлээгүй учрыг нь муу дүн аваад л ойлгож билээ. Өөрөө утгыг ухаж сайн ойлгох ёстой гэсэн сургаалыг ингэж ой тойнд ортол минь өгч билээ гэж дурсав. Аав маань юу унших үгүйг огт зааж зааварладаггүй байсан. Манайх өрөөгөөрөө дүүрэн номтой айл байсан болохоор аав биднийг ямар ч хамаагүй ном унш гэдэгсэн. Би хүүхэд байхдаа орос, монгол хэл дээрх олдсон ном болгоныг уншдаг байлаа. Одоо санахад аав өөрийнхөө биеэр үлгэр дуурайл үзүүлдэг байж гэж бодогддог юм. Ээж маань тогооч болохоор өглөө эрт ажилдаа явна, аав бүтээл туурвилаа шөнө орой сууж хийдэг, нэг иймэрхүү айл байсан даа. Аавын минь өв бол биднийг өөрийн үлгэр дуурайлаараа сурч боловсрохыг сургасан гэж боддог гэж ярьсан юм. Одоо ч Билгүүдэй аавынхаа бүтээлийг эмхэтгэн хэвлүүлэх ажлаа хийсээр л байгаа билээ. Г.Билгүүдэйг их сургуульд орох болоход аав нь Билгүүдэйгээс асуулгүйгээр Орос хэлний багшийн дээд сургуульд бүртгүүлчихсэн байв. “Та яагаад намайг орос хэлний ангид оруулчихав аа” гэхэд “Орос хэл хэрэгтэй. Их сургуульд орвол “Га”-гийн хүүхэд гээд хичээл заахгүй байж магадгүй. Монгол хүн чинь хөтөлгөө морьтой явж байгаад морио сэлгээд уначихаж болдог. Тиймээс миний хүү сургуулиа төгссөний дараа монгол хэлний чиглэлээр явж болно шүү дээ” гэж учирлан хэлж байсан аж. Тиймдээ ч аавынхаа хэлсэн чиг шугамын дагуу Билгүүдэйн амьдралын зам мөр явсан болох нь харагддаг. Тэрээр Хэл зохиолын хүрээлэнд уран зохиолын тасгаас ажлын гараагаа эхэлжээ. Орчин үеийн Монголын уран зохиолын товч түүхийг Хэл зохиолын хүрээлэнгийнхэн бичиж Н.Энхбаяр, Х.Мэргэн тэргүүтэй орчуулагчдын групп орос хэлээр орчуулж байсан аж. Залуу ажилтан Билгүүдэй орос хэл рүү орчуулсныг нь хянан тулгах ажлаас хүрээлэнгийн анхны ажлын эхлэл тавигдсан. Ингээд 1994 онд Хэл зохиолын хүрээлэнгийн салбар нэгж болох Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн эрхлэгч Ц.Дамдинсүрэнгийн отгон шавь болох хэл бичиг судлаач Р.Отгонбаатарын туслахаар ажиллаж байгаад хоёр жилийн дараа тус музейн эрхлэгчээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Биднийг ярилцаж суух үед Р.Отгонбаатар гуай өрөөнд орж ирж таарсан юм. Р.Отгонбаатар гуай одоог хүртэл Хэл зохиолын хүрээлэндээ, Ц.Дамдинсүрэн багшийнхаа модон ширээн дээр эрдэм номынхоо ажлыг хийж суудаг. Гадаадад олон жил багшилсан, хэл судлаач Р.Отгонбаатар бол Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Ц.Дамдинсүрэнгийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, ном бүтээлийг үрэгдүүлэлгүй тэр чигээр нь хадгалж музей байгуулахад асар их хувь нэмэр оруулсан гавьяатай нэгэн болохыг ярилцах зуураа мэдэж авав. Билгүүдэй гэр музейг хүлээж авснаас хойш одоог хүртэл гэр музейгээ өөд нь татаж чамгүй их ажил хийсэн болохыг нь гэр музейд хүрч ирээд харсан юм. Компьютер өргөн дэлгэр байгаагүй үед Билгүүдэй бичгийн машин дээр гараараа шивж музейн картын бүртгэлийг нягт нямбайхан хийж байжээ. 1998 онд Ц.Дамдинсүрэнгийн 90 насны ойд зориулж монгол номын бүртгэлийг хэвлүүлжээ. Тухайн үед ном хэвлүүлэх мөнгө улсаас гаргахгүй байсан учир Билгүүдэй танилаасаа зээлж байж ном хэвлүүлж байсан байна. Цөөн тоогоор хэвлэсэн уг номыг өдгөө гадны, дотнын эрдэмтэд олж авах юмсан гэж нэхдэг гэнэ. Тиймээс шинэчлэн засч дахин хэвлүүлэн гаргах гэж байгаагаа хэлсэн. Гэр музейд Ц.Дамдинсүрэнгийн гэр бүлийн хөрөг өлгөөтэй байсныг хараад бидэнд товчхон түүхийг хүүрнэсэн юм. Ц.Дамдинсүрэнгийн том хүү Лев Цендина 1942 онд Улаанбаатарт төрсөн. Дунд хүү Константин Цендина. Бага хүү Михаил Цендина буюу Миша ах Дамдинсүрэн гуайн мэргэжлийг өвлөж, түвд, монгол хэл судлаачаар Оростоо ажилладаг. Бага охин Анна Цендина Оросын Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багшилдаг. Монголд нэрээ дуурсгасан эрдэмтэн эмэгтэй дээ. Сүүлийн үед Монголдоо зун болгон ирж байгаа. Отгонбаатар бидэнтэй хамтарч аавынхаа бүтээл туурвилыг хэвлүүлэхэд анхаарч тусалж ажилладаг гэв. Ц.Дамдинсүрэнгийн гэр музейд түвд, монгол нийлсэн 10 мянга гаруй ном бий гэнэ. Ц.Дамдинсүрэн гуайн номын хавчуурга гэж өөхөн цагаан чулуу харагдав. Г.Билгүүдэй Дамдинсүрэн баавайг амьд сэрүүнд нь сайн таньдаг, хүүхэд байхдаа гэрээр нь орж гардаг байсан учрал ерөөл бас бий. Намайг их сургуулиа төгсч байхад Дамдинсүрэн гуай нас барсан. Манай аав, Дамдинсүрэн гуай хоёр багш шавийн гэхээсээ илүүтэй анд найзын харилцаатай байсан. Дамдинсүрэн гуай аавд маань номоо бэлэглэхдээ “Сайн нөхөр Ш.Гаадамбад дурсгав” гэж бичдэг байсан. Ц.Дамдинсүрэн гуай аав хоёр нэгнээ таньдаггүй байхдаа уран зохиолын сэжмээр холбогдсон түүхтэй. Ц.Дамдинсүрэн гуайн “Бух Гомбо” өгүүллэг гарсны дараа олон шүүмж бичсэний хариуг аав бичсэн байдаг. Энэхүү маргаанаас үүдэж уран зохиолын онолын үндэс гэх нэр томьёо өргөнөөр хэрэглэгдэх болсон. 1964 онд Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” өгүүллэгийн талаар зохиолч Ч.Лодойдамбын дэвшүүлсэн саналтай маргаж “Нэгэн гайхалтай өгүүллийн тухай” гэдэг шүүмжийг “Утга зохиол урлаг” сонинд хэвлүүлсэн нь тухайн үед хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байсан гэдэг. Үүний хариуд Ч.Лодойдамба “Баримт түшиж ярих сайхан” гэдэг өгүүллийг бичив. Маргааныг үргэлжлүүлж хариу бичих гэтэл дээд газраас энэ маргаанаа зогсоо гэсэн шийд гарч хариуг нь бичээгүй гэж ярьдаг байсан. Энэ нь манай утга зохиолын түүхэнд “Хоёр Дамбын маргаан” гэдэг нэр алдартай болон үлдсэн тухай сонирхуулж ярив.

Г.Билгүүдэй гуайн барьсан хөөрөг нэлээн дээр үеийн, Түвдийн “ба” дөрвөлжин үсэгтэй, орос тэвнээр халбага хийсэн халтар манан хөөрөг анхаарал татахуйц харагдсан юм. Энэ таны аавын хөөрөг үү гэхэд “Манай аавын бага ах Дорж ахын барьж байсан хөөрөг. Ах Дорж маань 34 насандаа гавж болсон, 1937 онд хэлмэгдэж, Лхүмбийн хэргээр 84 гавж баригдсанаас амьд үлдсэн 14 хүний нэг” гэв.

Г.Билгүүдэй аав Ш.Гаадамбын хамт

Ш.Гаадамба, М.Гаадамба гэж овог нь хоёр янзаар бүтээл дээр нь байдаг тухай асуухад өвөө Шанжмятав маань уран сайхан бичдэг Булган аймгийн Могод сумын хүн. Аав маань зарим бүтээл дээрээ М.Гаадамба гэж Мятавын М үсгийг авч бичсэн байдаг” гэсэн юм. Ш.Гаадамба гуай 1993 оны зургадугаар сарын 5-ны өдөр Их сургуулийн гудамжинд гэрийнхээ ойролцоо гэнэт цус харваж 68 насандаа таалал төгсчээ. “Би тэр үед гэртээ байж байсан. Аав маань бухимдалтай байсан үе л дээ. Анхны Ерөнхийлөгчийн сонгууль болоход зохиолч Л.Түдэвийг дэмжиж Булган аймаг руу сонгуулийн ажил руу явсан юм. Аавтай маань хамт явах хүн олдоогүй. Ирээд ард түмэн АН-аас нэр дэвшсэн П.Очирбатыг сонгох нь байна аа даа. Ард түмэн уг нь Л.Түдэвийг сонгосон бол дээр л байсан юмсан гэж сонгууль болоогүй байхад аясыг нь мэдэрч хэлж байсан. Тэр үед ардчилал гараад бүх нийтийг монгол бичигтэн болгоход үүнд ихэд дургуйцэж ингэж болохгүй дээ гэж бухимдаж байсан” гэв.

Гэр бүлийн хамт

Г.Билгүүдэй Хэл зохиолын хүрээлэнд байхдаа Ардчилсан холбооны анхны салбар байгуулагдахад дэмжиж, ордон тойрсон жагсаалд оролцож явсан түүх бас бий. Г.Билгүүдэй хоёр хүү, нэг охинтой. Том хүү Гэрээдэй мэдээллийн технологи, компьютер дизайны мэргэжил эзэмшсэн, хоёр дахь хүү Бэхээдэй нь Унгарт мастерт сургуульд явсан. Бага охин Заяа оюутан юм байна. Гэргий Л.Батсүрэн маань Оюу толгойд менежэрээр ажилладаг хэмээн гэр бүлийнхнийгээ товчхон танилцуулав.

Доктор, профессор Г.Билгүүдэй Хэл зохиолын хүрээлэнгийн ажлынхаа хажуугаар дээд сургуульд багшилдаг, тэнхимийн эрхлэгчээр олон жил ажилласан. 2003 оноос хойш Улаанбаатар их сургуулийн Монгол хэл, утга соёлын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад Хэл зохиолын хүрээлэнгийн захирал болоод тэнхимийн эрхлэгчийн ажлаа шүүмжлэгч доктор Ш.Баттөрд саяхан хүлээлгэн өгчээ. Улаанбаатар их сургууль бол Хэл зохиолын хүрээлэнгийн харьяан дор байгуулагдсан, багш боловсон хүчнээ хүрээлэнгээсээ авдаг тухай олон жил ажилласан сургуулийнхаа тэнхимийн эрхлэгчийн өрөөгөөрөө орохдоо ярьж явав. Түүний өрөө маш их номтой харагдсан. Гаадамбын Билгүүдэйтэй уулзахад хийж бүтээсэн зүйл ихтэй ч эгэл даруухан аж төрж судалгаа шинжилгээгээ хийж яваа эрдэмтдийн нэг юм гэж бодогдсон юм.

Б.ДОЛЗОДМАА

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *