Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын гавьяат эдийн засагч Ш.Батбаяр: Засгийн газар унахгүй гэвэл өнөө маргаашаа аргацаасан популист амлалтаараа явдаг

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат эдийн засагч цолоор шагнагдсан УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан, Соёл-Эрдэм дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, профессор Шийлэгийн Батбаяртай ярилцлаа.


-Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат эдийн засагч цолоор шагнагдсан танд баяр хүргэе. Шинийн дөрөвний өдөр л ажлаа хийгээд сууж байх юм аа, та?

-Баярлалаа. Энэ сайхан жилийн босгон дээр төр хийсэн ажлыг минь үнэлсэнд талархаж байна. Нэг зүйл хэлэх үү.

-Тэг л дээ…

-“Залуучуудад гавьяат өгдөг. Тэр гавьяатын цол тэмдэгтэй хамт сар бүр тодорхой хэмжээний мөнгө улсаас авдаг байхгүй юу. Тиймээс алсдаа үүнийгээ хорьж, одоохондоо татгалзах хэрэгтэй” гэж ярьсан хүн нь би л дээ. Чамд өгчихвөл яах нь вэ харъя гэсэн шиг гавьяат цол өгчихлөө.

Би 70 гарлаа эдийн засаг, нийгмийн салбарт өөрт байгаа бүхнээ зориулж яваа хүн. Анх Эдийн засгийн дээд сургуулийг төгсөөд Шинжлэх ухааны академийн Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас ажлын гараагаа эхлээд Хөдөлмөр, нийгмийн хангамжийн улсын хороо буюу бидний хэлдгээр цалин хөлсний хороонд ажиллаж эхэлснээс хойш хөдөлмөрийн салбарт өнөөдрийг хүртэл зүтгэж явна. Сүүлийн 40 гаруй жилийн ажил амьдрал маань хөдөлмөрийн салбартай салшгүй холбоотой явж ирлээ. Нэг хэсэг Монголын Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн даргаар ажиллаж байлаа. Социализмын үед үйлдвэрчний зөвлөл чинь Аж байдлын яамархуу байсан гээд бод доо. Үүний даргаар ажиллана гэдэг чинь өнөө л хөдөлмөрийн салбартайгаа “зууралдаж” байна гэсэн үг. Дараа нь Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нэгдүгээр орлогч даргаар очихдоо хүртэл нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбараа л хариуцаж байсан. УИХ-ын гишүүн байхдаа Нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагдаж байв. 2000-2004 оны хооронд гэхэд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажилласан. Сайдаар ажилласан он жилүүд маань төрд зүтгэх сүүлийн жилүүд байсан юм. Түүнээс хойш “Соёл-Эрдэм” дээд сургууль, янз бүрийн төсөл хөтөлбөрүүд дээр ажиллахдаа нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн чиглэлээр л явж иржээ. Ухаандаа бол, Монгол Улсын гавьяат эдийн засагч биш Нийгмийн хамгааллын гавьяат ажилтан гэдэг цол байсан бол түүнийг л хүртэх ёстой байсан байх.

-Гэхдээ та чинь эдийн засагч мэргэжилтэй биз дээ?

-Тэгэлгүй яахав. Эдийн засгийн дээд сургуулийг Аж үйлдвэрийн эдийн засагч, төлөвлөгч мэргэжлээр төгссөн хүн шүү дээ. Социализмын үеийн миний хөдөлмөрийн намтар, зах зээлийн нийгэмд ажилласан хөдөлмөрийн намтар хоёр яг тэнцүү.

-Тэнцүү гэдэг нь…

-24, 24 жил хоёр нийгмийн үед ажилласан байна. Тэр утгаараа би өөрийгөө өнгөрсөн нийгмийн хүн гэж үздэггүй. Шинэ нийгмийн хүн гэхээр бас биш болчих гээд байдаг нэг тийм хүн дээ. Хоёр нийгмийн дунд 24 24 жил ажилласан энэ цаг үед Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдлаа. Би шагнал энэ тэр гээд яваад байдаг хүн биш. Гэхдээ авах цаг нь болсон юм байна гэж бодож суулаа.

-Та хоёр шинэ, хуучин хоёр нийгэмд аль альд нь тэнцүү цаг хугацаанд төрийн алба хашжээ. Хоёр өөр нийгмийн эдийн засаг, нийгмийн талбарт ямар өөрчлөлтүүд гарсан бол?

-Өөрчлөлтийн хувьд маш олон зүйл өөрчлөгдсөн. Эдийн засгийн хүч социализмын үеэс хэдэн арав дахин нэмэгдсэн. Капитализм сайндаа ч биш. Нийгмийн хөгжлийн чиг хандлага нь ийм болчихсон юм. Төлөвлөгөөний эдийн засаг, санхүүгийн эдийн засаг гэхчилэн эдийн засгийн олон хүчин зүйлс социализмаас капитализмд очихдоо бараг хүчингүй болох явдагт их байдаг. Социализм, капитализмын үед аль алинд нь хүчин төгөлдөр хоёр мэргэжил байдаг нь нягтлан бодох, хөдөлмөрийн эдийн засаг. Хөдөлмөрийн эдийн засаг гэдэг нь хэн, юуг, хэдий хугацаагаар хийх вэ. Түүнд хэдэн төгрөг өгөх вэ, улсын хэмжээнд хэчнээн хүн ажиллаж, хэдэн төгрөг болох вэ гэдгийг тооцдог тул аль ч нийгэмд энэ аргаар явдаг. Хөдөлмөрийн эдийн засаг бол хөдөлмөрийн норм, хөдөлмөрийн үнэлгээ, хөдөлмөрийн бүтээмж юм. Энэ аль ч цаг үед хүчингүй болдоггүй. Одоо ч тэр зарчмаараа явж байна. Тиймээс надад мэргэжлээ солих шаардлага гараагүй. Энэ сургуульдаа хөдөлмөрийн эдийн засаг, хөдөлмөрийн норм, хөдөлмөрийн зохион байгуулалтын хичээл зааж байна. Хөдөлмөрийн чиглэлээр би 40 гаруй жил ажилласан тийм л хүн.

Таны асуусанчлан өөрчлөлтүүдийн тухайтад эрс ялгаа бий. Өмчийн харилцаа өөрчлөгдсөн, хувь хүмүүсийн идэвх дээр тулгуурладгаас эхлээд олон зүйлийг хэлж болох. Гэхдээ хөдөлмөрийн эдийн засаг дээр тулгуурладаг зарчим өөрчлөгдөөгүй. Социализмын үед нэг хүн өдөрт 40 ширхэг талх хийдэг байсан бол өнөөдөр ч гэсэн 40 ширхэг талх хийж байгаа. Технологи нь л өөрчлөгдөөгүй бол социализмын үеийн хөдөлмөр, капитализмын үеийн хөдөлмөр яг адилхан. Гагцхүү хийсний дараа тэр талх борлогдох уу, үгүй юү, хүний хэрэгцээг хангаж чадаж байна уу, үгүй юү гэдэг нь л өөр. Өөрийн мэргэжлийн хүрээнд л ярьж байна шүү. Улс төрөөс эхлээд бусад зүйлс танигдахын аргагүй өөрчлөгдсөн.

-Та Эдийн засгийн хүрээлэнд эрдэмтнээр ажиллаж байгаад төрийн албанд шилжиж сүүлд нь УИХ-ын гишүүн, төрийн сайд хүртлээ явсан байдаг. Энэ бүх замналыг эргэн харахад ямар мэдрэмж төрдөг бол. Бэрх зүйлс их байв уу?

-Сургуулиа төгсөөд л Эдийн засгийн хүрээлэн гэж шинэ тутам байгуулагдсан хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар залуухан хүү анх очиж байлаа. Тэнд дөрвөн жил ажиллаж байтал Эрдэмтэн нарийн бичгийн дарга болгочихдог юм. Надтай хамт мундаг хүмүүс зэрэгцээд ажиллаж байтал эрдмийн зэрэггүй намайг ингээд дэвшүүлчихсэн. Албан тушаалынхаа рольд итгээд туршлага багатай хүн захиргааны ажил, эрдэм шинжилгээний ажлаа хийдэг байлаа. Гэтэл Хөдөрмөр, нийгэм хамгамжийн улсын хорооноос Хөдөлмөрийн институт шинээр байгуулагдсан гээд намайг захирлаар явъя гэлээ. Би ч үг дуугүй л явсан. Тэнд ажиллаж байгаад Улаанбаатар хотын захиргаанд хоёр жил ажиллаж байтал зах зээлийн нийгэм гарч ирсэн. Тухайн үед намыг шинэчлэх бүлгийн гишүүн болчихсон явлаа. Тэгсэн МҮЭ өөрчлөгдөхөөр болж намайг Төв зөвлөлийн даргаар одоогийнхоор ерөнхийлөгчөөрөө авсан. Тэнд хоёр жил ажиллахдаа үйлдвэрчнийг тогтоон барих үүргээ биелүүлсэн. Одоо хэр нь хэвээрээ байгаа ганц байгууллага шүү дээ. Гэхдээ нэлээд ардчилагдсан, түүнийг нь би хийсэн.

1992 оны УИХ-ын сонгуульд намайг намаас нэр дэвшүүлсэн. Миний сонирхол уг нь МҮЭ-дээ л байх гээд байсан юм. 1996-2000 оны хооронд хоёр удаа Их хурлын гишүүнээр сонгогдож, 2000 онд нам ялаад намайг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар томилсон.

-Таныг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байх үед нийгмийн халамж, даатгал жинхэнэ утгаараа хөлөө олж эхэлж байсан үе. Тэр цаг үеийг өнөөдөртэй харьцуулахад ямар бодол төрж байна вэ?

-Намайг УИХ-ын гишүүн байхад Хөдөлмөрийн яам байсан. Одоогийн системийн үндэс болсон зүйлсийг Хөдөлмөрийн яам боловсруулж, би Их хуралд оруулдаг байлаа. Нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн үндэс 2000 он гэхэд тавигдаж, хэрэгжилт нь намайг сайд байх үед таарч байх жишээтэй. Тухайн үед Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Гадаадад ажиллах хүч оруулах, гаргах тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль гээд одоо ч мөрдөгдөж буй хуулиудын үндсийг тавьсан. Өнөөдрийг хүртэл хуулиуд хэрэгжиж байгаа нь дэлхийн зах зээлийн хөгжилд нийцсэн зүйлсийг л Монголын хөрсөн дээр буулгаж авч ирсэн юм. Түүнээс цоо шинэ нээлт хийчихсэн юм биш. Цаг үеэ олсон байж дээ гэж харж байгаа. Нийгмийн даатгал гэхэд ард иргэд болон байгууллагаас Нийгмийн даатгалын санд тушаадаг хувь хэмжээг нэмэгдүүлсэн байх жишээтэй. Зүй тогтлынхоо хүрээнд хүний ачаанд үүрэгдэх зүйл ч нэмэгдсэн. Гэхдээ хаа очиж ард түмэн сайнаар хүлээж авсан юм. Үүний хажуугаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухай гэж нэлээд социалист шинжтэй хууль батлагдсан. Улсын төсвийн гурван хувийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан руу шууд оруулдаг. Гадаадад гурван жил дамнасан хэрүүл болдог зүйлийг гурван долоо хоногийн дотор шийдэж байлаа. Тухайн үед Сангийн сайд төсвийн гадуур төсөв боллоо гээд эсэргүүцэж л байсан. Өөрийн нэр хүнд Засгийн газрын дэмжлэгээр бүтсэн юм. Одоо болтол хэрэг болж байна.

-Эдийн засгийн хямрал бодит утгаараа манайд нүүрлэчихлээ. Эдийн засгийн салбарт олон жил ажилласан хүний хувьд хямралыг даван туулах боломжийг юу гэж харж байна вэ?

-2016 оны дунд хүртэл эдийн засаг элгээрээ хэвтсэн нь үнэн. Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас эхлээд гадны байгууллагууд үүнээс цааш унаж болохгүй гэдгийг хэлчихсэн. Сүүлийн зургаан сард Засгийн газар солигдсон ч эрс өөрчлөлт хийх боломж байсангүй. Ямар ч байсан аяндаа өөдлөх төлөв рүүгээ орчихлоо. Гэхдээ энэ ондоо эдийн засгийн өсөлт гарна гэдэг юу л бол. “Хонгилын үзүүрт гэрэл аслаа”, “Онгоцны хушуу өндийлөө” гэж ярьдаг байлаа. Одоо бол онгоцны хушуу өндийж байна гэж ойлгож болно. Нэг зүйл хэлье. Би улстөржих дургүй ч заавал хэлэхгүй бол болохгүй зүйл байна. МАН-ыг засгийн эрх барьж байхад ард түмэн хүлээцтэй байдаг юм. МАН-ынхан буруу хийлээ гэхэд хэтрүүлэхгүй, идлээ гэхэд хэтрүүлэхгүй гэж боддог итгэл өнөө хүртэл байсаар байгаа. Нэгдүгээрт, ард түмний итгэл байгаа учраас онгоцны хушуу өндийхөд нөлөөлж байна л даа. Хоёрдугаарт, олон улсын байгууллагууд манайхыг эрх барихад бас нааштай ханддаг юм. Туйлширч дөвчигнөхгүй, фракцалж нааш цааш болохгүй тул тогтвортой хөгжил байна гээд нааштай ханддаг. Гуравдугаарт, азных ч байдаг юм уу юуных ч байдаг юм экспортын түүхий эдийн ханш өсөөд ирдэг. Ийм нөхцөлд би өөдрөгөөр харж байгаа. 2018-2019 оноос эдийн засгийн өсөлт нэлээд сайн гарах болов уу гэж боддог. Үүнийг сая авсан Олон улсын валютын сангийн хөтөлбөр харуулж байна. ОУВС манай намтай ажиллаад сурчихсан. Манай намынхан ч гэсэн цаад нөхдүүдийн болзол тулгалтыг зоригтойгоор хүлээгээд авчихдаг. Учир нь ард түмний дэмжлэгт найддаг. Тахиа жилийг бэлгэ дэмбэрэл энэ тэр гэхээсээ илүү хөгжлийн бодит хандлагаараа наашлах жил л гэж харж байгаа. Хөдөлмөр тэртээ тэргүй хүн ажиллаж, ажлын байраар хангагдах ёстой. Юм наашилна гэдэг чинь хөрөнгө оруулалт орж ирж ажлын байр бий болно гэсэн үг.

-Та МАН, ОУВС хамтран ажиллаад сурчихсан гэлээ. Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөрт олон удаа хамрагдах нь эрсдэлтэй гэж байгаа. Грек, Украины хувь заяа хүлээж байна гэх юм. Манайхны алдаа юу вэ?

-Бид дотоодын хүчин зүйлсээрээ хөгжиж чадахгүй улсын нэг.

-Мал аж ахуйн салбар энэ тэр нь яачихсан юм бэ. Тийм нэмэргүй салбар уу?

-Нэмэртэйгээр барах уу. Маш их нэмэртэй. Гэхдээ хөгжлийн хурдасгуур биш байхгүй юу. Хөгжилд хурдасгуур хэрэгтэй байдаг бөгөөд тэр нь гадаадын хөрөнгө оруулалт байдаг. Гадаадын хөрөнгө оруулалт зогссон үед дотоодынхоо нөөц боломжоор маш аажуухан хөгжлийн замаар явна. Тэр нь ч бас тогтвортой хөгждөггүй. Тиймээс өнгөрсөн үеийн алдаа фракц, зөрчил байсан тул гадаадын хөрөнгө оруулалт нүүрээ буруулсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг яльгүй зардал, яльгүй мөлжлөгөөр хүлээж авахгүй бол орж ирэхгүй. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт одоо наашлах байх. ОУВС-тай гэрээ байгуулна гэдэг бол гадны хөрөнгө оруулагчдад нааштай урилга болж харагддаг. Хятад, Орос хоёр хөрш хүртэл монголчууд ОУВС-тай тохирч чадах нь уу үгүй юү гэдгийг л харж байгаа. Хятад одоо хөнгөлөлттэй зээлээ өгч, оросууд амласнаа өгөөд эхэлбэл дэлхийн орнууд энэ мэтээр хандах учиртай юм. Монголынхоо эдийн засаг, хөгжлийг би бараанаар харахгүй байна. Энэ Засгийн газар бодлогын ноцтой алдаа хийхгүй. Харин хэтэрхий хаширлаж, болгоомжилж байгаад хугацаа алдаж мэднэ.

-Манайх ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж эхлэх гэж байна. Халамжийн чигийн бүх зүйлсээ л бараг зогсоо гэсэн байна лээ. Яах ёстой юм бол?

-Намайг сайдаар ажиллаж байхад арай ч өнөөдрийнх шиг хавтгайрсан халамж олгож байгаагүй. Жинхэнэ зорилтот бүлэгтээ чиглэсэн зүйлсийг эхлүүлсэн боловч үе үеийн Засгийн газрууд дөрвөн жилийн хугацаатай тул үргэлж популист амлалт өгдгийн гайгаар ийм болсон. АН, МАН аль нь ч ялгаагүй тийм болж. Үүнийг нь ОУВС үргэлж өөнтөгчөөр хардаг. Залуухан дуучид гавьяат болж сар бүр нийгмийн халамжийн сангаас мөнгө авч байна. Энэ нийгмийн халамж мөн үү. Хэт ингээд ирэхээр халамж, даатгал хоёр нь ялгагдахаа байдаг. Яг ийм төрх манайд бий болчихлоо. Үүнийгээ өөрчил гэж валютын сан шаардаж байгаа юм билээ. Энэ нь зөв шүү. Хүүхэд л бол хүүхэд гэсэн популист үгээр хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгөх нь ч бас зөв зүйл биш. Аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байгаа нь энэ гээд 2007 онд нийгмийн даатгалын шимтгэлийг эрс бууруулсан юм. Тэр парламентад бизнесийнхэн маш их орж ирсэн байсан үе. 19 хувь байсан татварыг 14 болгож, компаниуд татвараа нуухаа болино энэ тэр гэсэн гоё юм ярьсан. Үнэндээ тийм зүйл байдаггүй юм. Уг нь шимтгэлээрээ өөрийгөө санхүүжүүлэх ёстой нийгмийн даатгал 30 хувиа улсын төсвөөс авна гээд завхарсан юм болсон. ОУВС нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээ өсгө гээд зөв хэлсэн байна лээ. Дэлхий дээр НДТ нь 14 хувьтай улс гэж бараг байдаггүй. Скандинавын орнууд гэхэд цалингийнх нь 30-40 хувь байдаг. Бодоход хүртэл хэцүү байгаа биз. Гэтэл манайх 14 хувь. Ядаж үүнийг шат дараатайгаар 19 хувь болго гэсэн ОУВС-гийн чиглэлийг дэмжиж байгаа.

-Манайхны авдаг цалин нь хэд билээ. Ингээд нэмээд явчихаар ард түмэндээ л хямралын ачаагаа үүрүүлэх гээд байгаа юм биш үү?

-Ингээд л яриад байвал ярьж болно. Цалин хангалттай юу үгүй юү гэдэг чинь тухайн үеийн худалдан авах чадварын асуудал. Манай тэтгэврийнхний 90 хувь нь хамгийн бага тэтгэвэр авч байна. Монгол Улсын дундаж цалин 800-900 мянга. Тэгэхээр бага биш. Тэтгэвэр нь харин түүний 30 хувь. Үнэхээр бага. Өөрийнхөө ирээдүйн цалин болох тэтгэврийн өндөр байлгахын тулд өнөөдөр зарим золиос гарах ёстой. Манайхан тэтгэврийн бөөн бөөнөөр нь ч өгч болдог эсвэл хасч болдог зүйл мэт ойлгох юм. Тэтгэвэр гэдэг бол хойшлуулсан цалин. Хойш тавьсан хоол. Өнөөгийн нэмэгдүүлэх гээд байгаа шимтгэл чинь өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэврийг л нэмэгдүүлэх юм шүү дээ. Тэр бүү хэл үе үеийн Хөдөлмөрийн сайд нар нь ч ойлгож байгаагүй юм. Н.Номтойбаяр эрх биш ойлгосон байна лээ.

-Манайхны авч буй цалингийн хэмжээ ер нь ямархуу байгаа бол?

-Хамаагүй бага. Цалин нэмнэ гэдэг чинь хөдөлмөрийн бүтээмжтэй холбоотой. Цалин бага байна гээд хамаагүй нэмчихвэл инфляцийг хөөргөднө. Монгол Улсын ерөнхий бүтээмж муу байгаа үед энэ асуудлыг хөндөж болохгүй. 2012 онд эдийн засаг 17 хувиар өсөхөд дундаж цалинг өсгөх боломж гарч байсан.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тал дээр салбар яам ямар бодлого барьж байна гэж харж байгаа вэ?

-Аль ч засгийн үед сайд нар онолоо барьж ирээгүй. Тэр тусмаа манайд онол барьж ажиллана гэдэг хэцүү. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хөдөлмөрийн асуудлаа орхигдуулан халамжийн асуудлаа барьчихдаг. Энэ Засгийн газар гарснаас хойш юу хийлээ дээ. Гэртээ хүүхдээ харж байгаа эхчүүдэд цалин олгоно гээд. Малчдыг маш хүнд нөхцөлд ажилладаг гээд тэтгэвэрт гарах насыг нь таван жилээр наашлууллаа. Малчдыг хүнд нөхцөлд ажилладаг гэж би хувьдаа боддоггүй. Гэтэл хүнд нөхцөл гэж байх жишээтэй. Энэ нь гэхдээ яамны дур зоргын асуудал биш. Намыг нь сонгуульд ялуулж энэ Засгийн газрыг байгуулахад ард түмнээс санал авсан мөрийн хөтөлбөрт нь бичигдсэн эд л дээ. Сонгогчид магадгүй үүнийг нь хараад санал өгчихсөн байж болно. Трамп гэхэд ард түмэндээ амласан амлалтаа хамгийн эхэнд биелүүлж эхэлж байгаа биз. Ард түмэн МАН-д 65 суудал өгсөн болохоор үүнийгээ биелүүлэх нь зүйл ёсны асуудал. Гэхдээ нийгмийн хувьд сайхан боловч зөрчилтэй тулгарна.

-Таныг УИХ-д, Засгийн газарт байхад эдийн засаг, улс төр хоёр хутгалдсан байв уу. Өнөөдөр бол хүзүү сээрээрээ холбогдчихоод үгүй мөн хэцүү байх шиг байна?

-Угшил нь хуучин нийгмийн үеийнхэн байсан болохоор эдийн засгийн асуудлыг нэгдүгээрт тавьдаг байсан. Тэр үед цалин, тэтгэвэр нэмэх боломж гарч ирсэн ч П.Жасрай гуай “Дараагийн Засгийн газар гарч ирэхэд мөнгө хэрэгтэй байдаг юм байгаа биз дээ” гэж байгаад цалин нэмэлгүй унасан. Өнөөдрийнх шиг биш эдийн засгаа урдаа тавьж ирсэн нь харагдаж байгаа биз. Одоо бол улс төр гээд популист амлалтуудаа нэгдүгээрт тавьдаг болсон. Аливаа Засгийн газар амиа л бодно биз дээ. Түүнээс биш ирээдүйн тухай 10 жилийн дараахыг харна гэж байхгүй. Улс төрийн цикль эдийн засгийн цикль хоёр нийцэхгүй байна. Манайд гурван аюултай зүйл байгаа нь уул уурхайн цикль, эдийн засгийн хямралын цикль, улс төрийн цикль. Үүнийг даван туулахын тулд алсын хараатай эдийн засагч, Засгийн газар хэрэгтэй. Уная гэсэн Засгийн газар алсын хараатай бодлого барих болдог. Засгийн газар унахгүй гэвэл өнөө маргаашаа аргацаасан популист амлалтаараа явдаг. Аль ч засгийн үед байдаг зүйл.

-Та “Эрдэнэт” үйлдвэрийн Удирдах зөвлөлд байсан байх аа. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон эх захгүй зүйлс яригдаж байна. Та ямар байр суурьтай яваа бол?

-“Эрдэнэт” үйлдвэрийн анх байгуулагдахад нь одоогийнхоор болж ТУЗ-ийн гишүүн байсан юм. Тэр үед “Эрдэнэт” үйлдвэр чинь Монголын талд тийм ч ашигтай байгаагүй нь сүүлд мэдэгдсэн. Одоогийн энэ асуудлынх нь хувьд хоёр талаар хэлбэр хөөцөлдөөд байна л гэж харж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийг Монголын тал авсан нь зөв. Гэхдээ хуулийн дагуу хийгдээгүй юм байна л гэж харагдаад байна. 49 хувь нь улсад байх ёстой, хувийн хэвшилд байх нь зөв гэж ярихгүй. Хуулийн дагуу л явах ёстой байсан. Хууль зөрчин УИХ-ын эрх мэдлийг эдлүүлэхгүйгээр Засгийн газар шийдсэн бол болохгүй.

-Та хэд хэдэн чухал бүтээлийг монгол хэлнээ буулгасан мундаг орчуулагч хүн шүү дээ. Орчуулгын ажлаа хийж байгаа юу?

-Миний хувьд муу ном бичсэнээс сайн ном орчуулах ёстой гэж боддог. Тэр утгаараа Кэйнсийн “Хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө мөнгө, хүү зээл” номыг орчуулсан. Насандаа хийсэн ганц сайн бүтээл минь гэж боддог шүү. Мэргэжлийн хүмүүс хэл найруулгаасаа эхлээд дажгүй болжээ гэж үнэлсэн. Дараа нь “Кэйнс ба Хаек” номыг орчуулсан. Удахгүй хэвлэгдэх байх.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *