Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээн гуравдугаар сарын 12-ны өдөр буюу өнөөдөр Осака хотноо эхэлнэ. Тус башёд 69, 70, 71, 72 дахь Их аваргууд нэгэн дэвжээнд хүч үзнэ гэдгээрээ онцлогтой.
Дөрвөн Их аварга цолтон буюу Их аварга Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд болон шинэ аварга Кисэносато нар барилдах юм.
Өнгөрсөн нэгдүгээр сарын башёд 11 даваа, дөрвөн унаатай башёг өндөрлүүлсэн Хакүхо аваргын бэлтгэл сайн байгаа гэдгээ өнгөрсөн даваа гарагт Томозүна дэвжээнд зочилж бэлтгэл хийхдээ харуулжээ. Энэ үеэр Хакүхо, Маэгаширагийн наймд бичигддэг Кайсэй тэргүүтэй бөхчүүдтэй барилдаж, нийтдээ 14 давжээ. Шинэ аварга Кисэносато мөн хүрэлцэн ирсэн ч барилдаагүй байна. 69 дэх Их аварга Хакүхо өнгөрсөн нэгдүгээр сарын башёг 11 даваатай өндөрлүүлсэн.