Categories
мэдээ спорт

Монгол тамирчин анх удаа “Сая доллар”-ын төлөө тулалдана

Сүүлийн үед монголын тулаанчдын дунд нэгэн мэдээ чих сортхийлгээд байгаа билээ. Тэр бол монгол хүн анх удаа Солонгосын холимог тулааны “Road FC” холбоонд тоглосон төдийгүй цаашлаад сая долларын өндөр бооцоотой тэмцээнд хүч үзэх гэж буйтай холбоотой юм. Тэрээр өмнө нь Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын удирдлага дор 13 настайгаасаа сонирхогчийн боксоор хичээллэж тив дэлхийд амжилт гаргах магадлал өндөртэй тамирчин гэгдэж явсан удаатай. 2007 онд Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм.

Харин гэнэтхэн л амьдралын шаардлагаар Солонгос улсыг зорьж тэнд очин бусдын адил ажиллахын зэрэгцээ өөрийн сонирхлоо хөөн холимог тулаанаар хичээллэж алдартай “Road FC” холбоонд тоглохын тулд телевизийн шоунд хүртэл оролцон нэлээд замыг туулсны эцэст тэдний анхааралд өртөж , сорил тэмцээнд амжилт үзүүлснээр элсэж хүч үзэх зөвшөөрөл авсан байна. Одоо тэрээр “Team fighter” клубт харьяалагдан, бэлтгэлээ базааж байна. Энэхүү холимог тулааны мэргэжлийн дэвжээн дээр 2014 оноос гарч хүч сорьж буй бөгөөд одоогоор долоон удаа тулалдаж тавд нь ялсан амжилттай явж байна.

Шавийнхаа талаар дасгалжуулагч багш А.Гантулга: “Бэлтгэлийг чин сэтгэлээсээ базаадаг. Нэг удаа хий гэвэл гурав гүйцэтгэх нь энүүхэнд. Авьяастай, мэдрэмжтэй, ухаалаг тамирчин. Миний хамгийн хайртай шавь нарын нэг. 2007 оны Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэхэд нь шавиараа бахархсан. Тэр үед олимп, ДАШТ-ий медальтан болох мөч ойрхон байна даа, цаг нь болсон гэж бодож билээ. Их баярласан болоод ч тэр үү, өөрийн эрхгүй уйлсан шүү. Амьдрахын эрхэнд боксоо орхин, Солонгос улсыг зориход нь их гайхсан, мөн харамссан. Шавь маань өдгөө “Road FC” холбоонд тоглож, сонирхогчийн бокст гаргаж чадаагүй амжилтдаа хүрэхээр зүтгэж явна. Тулааны спортын суурь сайтай, хөдөлмөрч, авьяастай болохоор цаашид бүр өндөр амжилт гаргах боломж түүнд бий” ” хэмээн ярьжээ.

Энэ сарын 15-нд тэрээр дэлхийн шилдэг 32 тамирчин өрсөлдөж, түрүүлсэн нь сая долларын шагнал хүртэх тэмцээнд анх удаа оролцохоор бэлтгэлээ базааж байна.Өмнө нь ийм өндөр шагналтай тэмцээнд монгол тамирчин өрсөлдөж байгаагүй юм. Эхний үед тэрээр мэргэжлийн дэвжээнд долоон удаа ялж, хоёр дийлдсэн, бүх өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан Бразилын тулаанч Б.Мирандатай өрсөлдөнө. Тэрбээр өмнө нь мутай боксоор хичээллэж байсан аж.

Тэрээр одоо эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ажлынхаа хажуугаар бэлтгэлээ хийдэг гэнэ. Хүний нутагт гэр бүлээ асран, ажлынхаа завсраар бэлтгэлээ хийх нь мэдээж түүнд амаргүй байх нь ойлгомжтой. Тэрээр энэ талаараа ярихдаа, “Ажлаа тарсныхаа дараа ядаргаа багатай байвал оройн цагаар бэлтгэл хийдэг. Холимог тулаан нь бусад тулааны спортоос тэс өөр. Би уг нь Монголд байхдаа боксоос гадна тэквондо, кик бокс, гардан тулаанаар хичээллэж, ур чадвараа ахиулсан. Тэгсэн хэрнээ л холимог тулаанд өөрийгөө чамлах үе гарч байгааг нуугаад яах вэ” хэмээсэн юм.

Түүний цаашдын зорилго бол UFC холбоонд тоглон, аварга болох. Тэгэхийн тулд юуны өмнө “Road FC” холбоонд түрүүлэх, хамгийн багадаа дахиад таван удаа ялах хэрэгтэй гэнэ. Түүнд амжилт хүсье.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *