Categories
мэдээ цаг-үе

Ш.Бямбацогт: Би эфирт гарахдаа хамгийн дотно хүнтэйгээ ярьж байна гэж боддог

Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн ММ агентлагийн нэвтрүүлэгч Шагдаржавын Бямбацогттой ярилцлаа. Тэрээр саяхан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалгаад байгаа билээ.


-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн гэх эрхэм цол хүртлээ. Танд баяр хүргэе. Энэ баярт мэдээг хэзээ сонсов?

-Хоёрдугаар сарын 22-ны 17 цаг 28 минутад 26-гаар эхэлсэн дугаар залгадаг юм байна. “Сайн байна уу? Шагдаржавын Бямбацогт гуай юу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас ярьж байна. Та МУСГЗ гэх эрхэм цол хүртжээ. Танд баяр хүргэе” л гэлээ. Юу юугүй л хоолой зангираад ирдэг юм билээ. Утсаа салгачихаад бараг таван минут шахуу салфетиктай зууралдсан байх шүү (инээв). Өөрийн эрхгүй л нулимс гараад байсан. Мэдээж баяр, догдлолынх байх нь дамжиггүй. Хэрэв арав гаруйхан жил ажилласан бол төрийн энэ том шагналыг авахгүй, авсан ч хийж бүтээсэн зүйл бага тул догдлохгүй байсан болов уу. Би энэ их айлын босгыг алхаад 26 жил болсон байна. Тиймдээ ч миний хамт олон, найз нөхөд, инженер техникийн ажилчид, зураглаач, сэтгүүлч, редактор, үйлчилгээний ажилчид, үзэгч, сонсогч түмнийг минь л төр үнэллээ дээ гэж яалт ч үгүй догдолж баярласан.

Би өдий зэрэгтэй явж байна гэхээр бас муугүй хүн байх нь гэж дүгнээд байна л даа. Энэ бүхний үндэс суурь бол 50 жилийн түүхтэй Монголын Үндэсний олон нийтийн телевиз, 80 гаруй жилийн түүхтэй Монголын Үндэсний радиогийн үе үеийн уран бүтээлчдийн минь ёстой л чөмгөө дундартал ажилласан тэр он жилүүдийн л шим юм даа. Тэр шим нь намайг өдий зэрэгтэй болгосон. Тэгэхээр төр үе үеийн бүхий л уран бүтээлчдийг хамтад нь шагналаа гэж ойлгож байна. Тиймээс хамт олондоо баярлаад, үзэгч түмэндээ мэхийгээд ханашгүй юм даа. Монгол төрийн дуу хоолой болсон нэвтрүүлэгчдийн алтан гинжийг таслахгүйгээр үргэлжлүүлж мөн хойч үедээ ч үлдээх болно гэж хэлмээр байна.

-Та Монголын Үндэсний олон нийтийн радио телевизэд орж байсан тухайгаа яриач. Ер нь яагаад телевизийн салбарыг сонгох болсон юм бэ?

-Намайг энэ их айлд орох үед Радио телевизийн улсын хороо гэсэн нэртэй байлаа. 1987 оны үед юм даа. Миний ээж, аав хоёр намайг ажиглаж, сонссон юм шиг байгаа юм. Юу гэхээр би “БНМАУ-ын Ардын их хурлын депутат Хорлоогийн Баянмөнх, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын спортын гавьяат мастер” ч гэдэг юм уу эсвэл “Монгол ардын хувьсгалт намын төв хорооны нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга нөхөр Юмжаагийн Цэдэнбал үг хэлнэ” гэх мэтээр радиогоор ярьж байгаа хүмүүсийг их дуурайдаг байлаа. Надад их гоё сонсогддог байсан юм. Дээрээс нь сургуульд байхдаа дуу, бүжигт дуртай урлагт сонирхолтой хүүхэд байсан л даа. Энэ мэт зүйлсийг ажиглаад л аав минь намайг нэвтрүүлэгч болох сонирхолтой юм байна. Радио телевизийн улсын хороо руу л дагуулаад очъё гэж бодож л дээ. Арван жилээ төгсчихөөд л шууд очсон юм. Хүмүүс ярьдаг л даа “Намайг шалгуулахад 300, 400 гаруй хүн байсан. Би түүнээс цойлж гарч ирсэн юм” гэх мэтээр. Миний хувьд бол тийм зүйл байгаагүй. Аавыгаа дагаад л сонирхлоороо ирж байлаа. Аав минь тэр үед бас арын хаалга юу билээ гэж бодсон шиг байгаа юм. Тэгээд л нутгийн хүн энэ телевизэд байгаа болов уу гэж асууж, сурж л дээ. Би Хэнтий нутгийнх юм. Манай нутгаас телевизийн дарга байсан МУСГЗ Жаргал, нэртэй сэтгүүлч парик Жагаа, нэвтрүүлэгч Харцага гэсэн хүмүүс ажиллаж байсан. Ингээд л аав минь хамгийн түрүүнд Харцага ах дээр дагуулаад очсон юм. Архаг уран бүтээлчдэд ч шалгууллаа. “Гайгүй шүү. Бас чиг дажгүй хоолойтой хүү байна” гэж хэлсэн. Тэгээд л ажиллаж эхэлсэн дээ.

-Арван жилээ төгсөөд л шууд ажилд орчихсон хэрэг үү?

-Тийм. Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд арван жилээ төгссөн. Түүнээс хойш л телевиздээ ажиллаж байна. Эхлээд туслах найруулагчийн туслахаар орсон. Дараа нь туслах найруулагч болоод цаашлаад дагалдан нэвтрүүлэгч хийж эхэлсэн дээ. Харин нэвтрүүлэгч гэх үнэмлэхийг 1993 онд авсан юм. Хүн бүхний л сайн сайхан талаас суралцахыг хичээдэг байлаа. Хамгийн их заавар зөвлөгөөг Харцага ахаасаа л сонссон. Мөн МУСГЗ Цэенханд, Чулуунбат, Батбаяр, Доржбат, Жанцан ах, Хишигээ, Рагчаа эгч гээд энэ бүх л хүмүүсийн заавар, зөвлөгөөг сонсч байлаа.

-Анх эфирт гарч байсан үеэ дурсаач. Их сандарч байв уу?

– Эфирт гарах юмсан гэсэн дэврүүн хүсэл их байлаа. Закадраас “Сайн байна уу?” ч гэдэг юм уу ганц үг хэлчихвэл тэрэн шиг том гавьяа байхгүй мэт санадаг байж билээ. Нэвтрүүлэг, кинонд барагтай л бол дуу оруулахгүй. Харин яг эфирт гарахдаа залуу байсан болоод ч тэр үү, их эмээж байсан. Гэхдээ телевизэд ажилд орсноосоо бүр хойно ил гарч байгаа юм шүү дээ. Нэвтрүүлгийн сүүлчийн шат дамжлага бол нэвтрүүлэгч байдаг. Нэвтрүүлэгчид сэтгүүлч, редакторын бэлтгэсэн шив шинэхэн, халуун талхыг хүлээн авдаг юм. Харин түүнийг хүлээн авагчдадаа халуунаар нь, энд тэндээс нь эмтлэлгүйгээр хүргэх нь нэвтрүүлэгч бидний хамгийн чухал үүрэг. Ер нь бол бид төр, ард түмэн хоёрыг холбогч гүүр учраас үнэний дуу хоолой байх нь зүйн хэрэг. Энэ чухал үүргийг гүйцэтгэж байгаа учраас бахдалтай, нөгөөтэйгүүр хариуцлагатай байх хэрэгтэй гэж боддог доо.

Миний бодлоор МҮОНРТ-ын мэдээ, нэвтрүүлгүүд бусад телевизүүдийнхийг бодвол сонгодгоороо байдаг. Давс, хачиргүй үнэнийг ярьдаг. Нэг нэвтрүүлгийн ард сэтгүүлч, редактор, зураглаач, найруулагч, инженер техникийн ажилчид гээд бүхэл бүтэн баг бүрэлдэхүүн ажиллаж байдаг юм. Зарим хувийн телевизүүдийн нэвтрүүлгийг зураглаач, сэтгүүлч хоёр л хийж байх шиг харагддаг. Гэхдээ баг бүрэлдэхүүнээрээ ажиллавал илүү мэргэжлийн байна гэж би ойлгоод байгаа юм. Ер нь ч тэгээд чаддаг, мэддэг юмаа сайн хийдгийн тод жишээ бол МҮОНРТ гэж боддог шүү.

-Хөтлөгч, нэвтрүүлэгч болох хүсэл, мөрөөдөлтэй олон хүүхэд, залуус бий. Та тэдэнд болоод залуу нэвтрүүлэгчдэд юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд олширсон байна. Мэдээж залуу сэтгүүлчдээ харна, сонсоно. Ил шүүмжлээд байх дургүй л дээ. Тааралдах юм бол хэд гурван зөвлөгөө өгдөг л юм. Аливаа зүйлийг хар, муухайгаар нь биш арай өөр өнцгөөс дулаан, эерэг талаас нь хүргэвэл зүгээр байгаа юм даа гэх мэтээр санаа, оноогоо хэлнэ. Мөн хүнтэй ярилцаж байхдаа нүд рүү хараад яривал их зүгээр. Гэм хийчихсэн юм шиг айж, хулмаганаад доош хараад байж болохгүй. Дотно ярилцлагын нэвтрүүлэг хийж байгаа тохиолдолд сайхан яриа өрнөхгүй шүү дээ. Харин нэвтрүүлэгчдэдээ үгээ зөв тасалж, хуваарилалтаа зөв хийх хэрэгтэй байгаа юм даа гээд үглэх маягтай хэлдэг юм. Ер нь бол микрофон, камерын өмнө буюу эфирт гараад миний ээмэг, уруулын будаг ямар харагдаж байгаа бол эсвэл зангиа, хослол минь зүгээр байгаа болов уу гэж бодоод байх юм бол тэр бүтээл хэзээ ч үзэгч, сонсогчдод хүрэхгүй. Миний хувьд эфирт гарахдаа дотоод сэтгэлдээ хамгийн дотны хүнтэйгээ ярьж байна гэж боддог. Тэгвэл таны хүргэх гэж буй бүтээл тань бүх хүнд ойлгомжтой очно шүү дээ. Хэн ч ээж, аавтайгаа ярьж байхдаа түгдэрч, гацдаггүй биз дээ. Ямартай ч хэвлэл мэдээллийн салбарт зүтгэж байгаа уран бүтээлчдийн минь зам мөр нь дардан байх болтугай. Хэн нэгэн улстөрчийн халаасанд битгий ороосой, сэтгүүлч хүн учраас өөрийн гэсэн жанжин шугамтай байгаасай гэж хүсэж байна.

-Аавыг тань урлагийн хүн гэж сонссон. Аав, ээжийнхээ тухай яриач?

-Миний аавыг Шагдаржав гэдэг. Хан Хэнтий чуулгын хөгжмийн удирдаач хийж байгаад гавьяаныхаа амралтад гарсан байна. Харин ээж минь эмч мэргэжилтэй. Мөн тэтгэвэртээ гарчихсан. Өвөө, эмээгийн үүрэг гүйцэтгээд Хэнтий нутагтаа амьдарч байна даа. Харин миний хань англи хэлний багш мэргэжилтэй бүсгүй байдаг. Би цэцэг шиг гурван охинтой. Том нь гадагшаа мастер хамгаалахаар явсан. Дундах нь ерөнхий боловсролын сургуульд сурч байна. Харин бага охин минь нэлээн сүүлд гарсан юм. Энэ жил нэгдүгээр ангид орсон.

-Та хэр сайн аав бэ. Гэр бүлдээ зарцуулах цаг зав хэр байдаг бол?

-Гэр бүлдээ аль болох их цаг хугацааг зориулах юмсан гэж боддог. Хааяа зав зай гарах юм бол хоол хийх дуртай. Рестораны хоолыг харж байгаад л дараа нь хийчихнэ. Эсвэл жор зохиогоод ч юм уу, шинэ хоол хийх дуртай шүү. Ер нь миний хувьд залуу байхдаа ар гэрийг яалт ч үгүй хойш нь тавьсан. Харин сүүлийн гурав, дөрвөн жилийн өмнөөс гэр бүлдээ зарцуулах цаг зав арай ихэссэн гэж болно. Өмнө нь ёстой л байгууллагаа боддог байсан. Байгууллага гэхээсээ өөрийгөө бодож байгаа хэрэг л дээ. Сайн ажиллаж гайгүй цалин авчих юмсан л гэж. Мэдээж хичээж ажиллаж байгаа учир сайхан бүтээл үзэгч, түмэндээ хүргэчих юмсан гэсэн хүсэл байлгүй яахав. Нойр хоол, өвчин зовлонг умартан өдөр шөнөгүй л ажилладаг байлаа. Баяр ёслол, хагас бүтэн сайн гэж мэдэхгүй. Шинийн нэгний өглөө гэрийнхэнтэйгээ ч золгоогүй ажил дээрээ л байж байна. Би аав, ээждээ ойрын хэдэн жил очиж золгосонгүй. Аав, ээж минь л ирж золгоно. Эрхэм сайхан цол авсан хэрнээ мөн адил очиж золгоогүй л явна. Би аав, ээждээ очиж золгъё гэж хэлээд ажлаасаа чөлөө авч үзээгүй. Би өөрөө хуучны ч гэдэг юм уу, хоцрогдсон социалист үзэлтэй хүн шиг байгаа юм. Энэ бас их нөлөөлдөг байх.

-Гадуур явахад тань хүмүүс мэдээж таньдаг байх. Ямар ямар хандлагууд гардаг вэ. Хөгтэй зүйл тохиолдож байсан уу?

-Энэ сайхан ажил, мэргэжлийн минь буян юм даа. Бүгд л сайхан эерэг хандлагаар хүлээж авдаг. Энд тэнд хөдөө, гадаа явж байхад сайхан мэндэлнэ. Ер нь эхлээд голцуу манай хамаатан бил үү, хэнсэн билээ дээ гэж хардаг шиг байгаа юм. Хараад л “Сайн уу, сонин сайхан юу байна” гэдэг юм. Би тэгэхээр нь энэ чинь хэнсэн билээ гээд бас бодчихно. Энэ мэтчилэн таньж ядаад л байдаг байсан. Сүүлдээ бол ойлгосон л доо. Зурагтаар харсаар байгаад нэг л их таньдаг зүс царай, дуу хоолой болчихдог юм билээ. Тэгээд л таарсан хүмүүс их таньдаг хамаатан садан шигээ бодоод андуураад байдаг байх нь. Өнөөх таньж ядаад байсан хүн чинь “Өө нэвтрүүлэгч маань байна шүү дээ” гээд л сүүлд нь хэлдэг юм. Иймэрхүү хөгтэй зүйлүүд тохиолдолгүй яахав. Энэ сайхан итгэл, инээд баяслынх нь хариуд нэвтрүүлгээрээ л үгийг нь үг шиг хүргээд, утгыг нь сайхан гаргачих юмсан гэж хичээж явдаг даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *