Categories
мэдээ нийгэм

Прокурор асан Х.Тамир нарын давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ

Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ. Уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч долоодугаар сарын 15-нд товлогдоод байсан ч мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагдаж байсан юм.

Тэднийг хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан, яллагдагчаар татсан билээ. Олон удаа мөрдөн байцаалтад буцсан тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал ирэх Мягмарт 09.00 цагт болохыг нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Э.Мөнх-эрдэнэ мэдээлэв.

Х.Тамир нарын прокуроруудыг Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2-аар гэх мэт зургаан зүйл ангиар буруутгасан бөгөөд сэжигтнүүдийг хорих 461-р ангид саатуулаад байгаа юм. Хэргийг эргэн сануулбал, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар мөс авчруулахаар хар тамхины хэрэгт холбогдон ял эдэлж байсан Б.Сүхбаатар гэгчийг БНХАУ-ын Эрээн хот руу явуулж, түүнийг Чойр өртөөнд ирэхэд нь тосч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *