Categories
мэдээ цаг-үе

Иргэд хууль санаачилж, санал асуулга явуулах эрхтэй болно

Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийн талаар хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.


-Юуны өмнө Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийн гол үзэл баримтлалын талаар мэдээлэл хүргэхгүй юү?

-Иргэдээс төрийн шийдвэр гаргахад шууд оролцох эрх зүйн үндэс нь Монгол Улсын Үндсэн хуульд байгаа хэдий ч түүнийг хэрэгжүүлэх механизм эрх зүйн зохицуулалтгүйн улмаас практикт хэрэглээгүй өнөөдрийг хүрчээ. Ард нийтийн санал асуулгын тухай хууль анх 1995 онд батлагдаж, 2016 онд шинэчилсэн найруулгыг хийсэн ба 20 гаруй жилийн хугацаанд үйлчилж буй энэ хуулиар ард нийтийн санал асуулга нэг ч явуулж байгаагүй. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан энэ хуулийн төсөлд тусгаснаар иргэдийн санаачилга төрийн шийдвэр болох, тусгагдах боломж илүү бодитой болно. Өөрөөр хэлбэл, иaргэд УИХ-ын болон ИТХ-аар ямар асуудлыг хэлэлцүүлэх талаар дуу хоолойгоо илэрхийлэх эрхтэй болно. Мөн ард нийтийн санал асуулга, орон нутгийн санал асуулгыг явуулъя гэж санаачилж болохоос гадна Үндсэн хуульд заасан гурван хууль санаачлагчид иргэд тодорхой хуулийн төсөл, саналаа хэрхэн уламжлахыг тодорхой болгоно. Энэ хуулиар дээр дурдсан үндсэн гурван асуудлыг зохицуулахаар тусгасан. Иргэдийн санаачилга, санал асуулгын үр дүн нь хууль зүйн үр дагавар бүхий албан ёсны шийдвэрээр баталгаажна. Зөвхөн төрийн байгууллагын санаачилгаар дээрээс доош чиглэсэн байдлаар бус харин иргэдийн санаачилгаар доороос дээш чиглэсэн байдлаар төрийн байгууллагаас шийдвэр гаргах боломж бүрдэнэ.

-Тэгэхээр иргэд хууль санаачлагч болох эрхтэй болно гэсэн үг үү. Ямар эрхзүйн хүрээнд үүнийг явуулах вэ?

-Шууд тэгж ойлгож болохгүй. Үндсэн хуульд /26.2/ зааснаар УИХ-ын гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй бөгөөд энэ хуулийн төслөөр тодорхой хуулийн төслийн саналаа иргэд уламжлах харилцааг илүү тодорхой, ойлгомжтой зохицуулж байгаа юм. Одоо бол иргэд тойргоос сонгосон гишүүддээ эсвэл өөр хууль санаачлагчид энэ хуульд ийм өөрчлөлт оруулмаар байна, ийм хууль батлуулах хэрэгтэй байна гэж уламжилдаг ч тэрийг нь авч үзэх эсэх нь гишүүний үзэмжийн асуудал байдаг. Харин энэ асуудлыг нарийвчлан хуульчилснаар байдал өөрчлөгдөнө. Нийт гурван сарын хугацаанд 5000 хүн гарын үсгээ зурж, СЕХ-гоор шалгуулаад бэлэн боллоо гэхэд УИХ-ын гишүүнд эсвэл Засгийн газар, Ерөнхийлөгчид уламжилж хүргүүлэх юм. Ингээд ирсэн хуулийн төслийн саналыг албан ёсоор санаачлаад явж болно. Хэрвээ хууль санаачлагч үгүй гэж байвал үүнийгээ олон нийтэд үндэслэлтэйгээр тайлбарлах ёстой болно.

-Зарим тохиолдолд иргэдэд чухал хуулийн төслийг УИХ-аар хэлэлцдэггүй, дардаг гашуун түүх байдаг. Үүнд иргэд хяналт тавих боломжтой болох нь ээ?

-Энэ харилцааг тус хуулийн төслөөр хоёр механизмаар зохицуулахаар тусгасан. Манайд иргэд орон нутгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд, УИХ-ын гишүүддээ аливаа нэгэн хуулийг баталж өгөх талаар санал хүсэлтээ хүргүүлдэг ч тэр нь заавал асуудал болж орох, хэлэлцэгдэх эсэх нь ерөнхий өргөдөл гомдлыг хүлээж авч шийдвэрлэдэг явцтай адилхан. Заавал хүлээж авч хэлэлцэх үүргийг шийдвэр гаргагчид хүлээдэггүй. Харин энэ хуулийн төслөөр иргэд хоорондоо саналаа нэгтгэж, УИХ-д бол сонгуулийн эрх бүхий таван мянган иргэн 90 хоногийн хугацаанд, ИТХ-д тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн сонгуулийн эрх бүхий нийт иргэний нэг хувьтай тэнцэх тооны иргэд гарын үсгээ 45 хоногийн дотор цуглуулсан тохиолдолд УИХ, ИТХ-аас тухайн хууль, асуудлыг чуулган, хурлын хуралдааны дэгийнхээ дагуу заавал хэлэлцэж шийдвэрлэх байдлаар зохицуулсан. Харин уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал байх юм. Харин аль нэг хууль санаачлагчаас УИХ-д албан ёсоор өргөн мэдүүлээгүй хуулийн тухайд бол иргэд энэ УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах санаачилга гаргах боломжгүй. Энэ зөвхөн өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн тухайд боломжтой зохицуулалт. Харин хэн ч УИХ-д өргөн мэдүүлээгүй хуулийн төслийн санал байгаа бол иргэд дараагийн нэг механизм болох 5000 иргэн хамтраад хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчдад уламжлах эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

-Тэгэхээр УИХ болон Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-д иргэд саналаа хэрхэн тусгуулж явах вэ?

-Дээр нэрлэсэн хоёр механизм байна. Түүнээс гадна гурав дахь механизм нь нийтийн санал асуулгыг иргэдээс санаачлах боломжтой. Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг 1995 онд анх баталж, 2016 онд засч сайжруулсан ч нэг ч удаа хэрэглэж байгаагүй гэдэг нь эргээд тэр шийдвэрийг хууль санаачлах гурван эрх бүхий этгээдээс буюу дээрээс санаачилдаг тогтолцоотой холбоотой. Энэ хугацаанд иргэдийн дунд энэ ч асуудлыг тэр ч асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдчихдэг бол гэсэн яриа гардаг л байсан. Гэвч нэг ч удаа зохион байгуулж байсангүй. Харин энэ хуулийн төслөөр дээрээс санаачлахаас гадна иргэдээс санал санаачилга гаргах боломжийг хангаж өгч байна. Иргэд чухал гэж үзсэн, орон нутагт нь тулгамдсан, үндэсний хэмжээнд шийдвэрлвэл зохих асуудлаар санал асуулга явуулъя хэмээн санаачилж болно. Ингэхдээ хуулийн төсөл боловсруулах явцад олон янзын санаа байснаас Үндсэн хуулиас бусад хуулийг баталснаас хойш нэг жилийн хугацаанд хүчингүй болгох асуудлаар санаачилга эхлүүлж болно. Гэхдээ нарийн шалгуур, үйл явцыг хангах шаардлагатай. Эхлээд санаачлагчдын бүлгээ байгуулаад, бид ийм зорилготой, энэ хуулийг ард нийтийн санал асуулгаар хүчингүй болгуулах хүсэлтэй гэдгээ албан ёсоор илэрхийлнэ. Ингээд СЕХ-нд бүртгүүлж гарын үсэг цуглуулж эхэлнэ гэдгээ зарлуулна. Хууль зүйн яамаар хянуулна. Орон нутгийн санал асуулга явуулахаар иргэдээс санаачилсан тохиолдолд ч тодорхой шаардлагууд бий. Санал асуулга явуулах иргэдийн санаачилгыг дэмжиж улсын хэмжээнд сонгуулийн эрх бүхий иргэдийн дөрвөн хувьтай тэнцэх тооны гарын үсгийг зургаан сарын хугацаанд, орон нутгийн хэмжээнд тухайн орон нутгийн сонгуулийн эрх бүхий иргэдийн хоёр хувьтай тэнцэх тооны иргэдийн гарын үсгийг гурван сарын дотор цуглуулсан тохиолдолд санал асуулга явуулах шийдвэрийг холбогдох төрийн байгууллагаас гаргана гэж байгаа.

-Ерөнхийлөгчийн хоригийн төслийг иргэд санаачилж болох уу?

-Энэ хуулийн төслөөр иргэдээс сонгож байгуулдаг төлөөллийн байгууллага болох УИХ, ИТХ-ын шийдвэр санаачлах, хэлэлцүүлэх талаар зохицуулахаар тусгасан. Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх рүү халдахгүй юм.

-Иргэдийн санаачлах хууль тодорхой ямар хязгаартай байх вэ. Хариуцлагагүй гишүүдийг огцруулах боломж байх уу?

-Санал асуулга явуулахдаа ийм ийм асуудлаар боломжгүй гэдгийг нэлээд нарийн гаргаж өгч байгаа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, төсөв ба үүний тогтвортой байдал, гамшгаас хамгаалах, онц болон дайны байдал зарласан үед зэвсэгт хүчин ашиглах, эсвэл цэрэг хөдөлгөх харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг иргэдийн санаачилгаар санал асуулгаар шийдвэрлэх асуудалд хамаарахгүй байхаар тусгасан. Орон нутгийн хувьд нэмээд тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар иргэдийн санаачилгаар санал асуулга явуулахыг санаачлахгүй. УИХ-ын гишүүдийг огцруулах асуудал энэ хуулийн төслөөр хөндөөгүй.

-УИХ-ын чуулганы ирц дандаа сайн байдаггүй. Цөөн тооны УИХ-ын гишүүд Монголын хувь заяаг шийдвэрлэх хууль тогтоомж батлах нь учир дутагдалтай санагддаг. Үүнд иргэд хяналтаа, оролцоогоо хэрхэн тавьж байхаар тусгасан байгаа вэ?

-УИХ-аас баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгох эсэх асуудлаар тухайн хууль тогтоомж батлагдсанаас хойш нэг жилийн хугацаанд ард нийтийн санал асуулга явуулахаар санаачлах эрхтэй байхаар заасан тул энэ нь өөрөө иргэний хяналт болох юм. Иргэдийн дэмжиж буй, санаа зовж буй асуудал, чухал гэж үзэж буй асуудлын талаар болон зөвхөн УИХ-ын гишүүд ба намын санал харгалзах бус иргэдийн санал, байр суурийг хууль батлахдаа харгалзана. Үгүй бол магадгүй иргэдээс тухайн хуулийг хүчингүй болгоё гэсэн санал асуулга санаачилж болзошгүй. Ингэснээрээ цөөхөн хүний саналаар хууль тогтоох гэхээсээ илүү ба иргэдээс хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар хууль тогтоох механизм руу чиглэх боломжтой. Иргэд хуулийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид уламжлах, УИХ эсвэл ИТХ-аараа өөрсдийн асуудлуудаа хэлэлцүүлэх, бүр болохгүй бол ард нийтийн эсвэл орон нутгийн санал асуулга явуулах замаар иргэд өөрсдийн дуу хоолойг төрд, төлөөллийн байгууллагуудад хүргэх боломжийг бий болгох юм.

-Төрийн шийдвэр гаргалтад иргэдийг татан оролцуулах боломжтой, иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх ижил төстэй цөөнгүй хуулиуд урьд нь батлагдсан байдаг. Гэтэл иргэд өнөөдрийг хүртэл саналаа бодитойгоор оролцуулж чадаагүй ирсний гол шалтгаан, сул тал юу вэ?

-2013 оноос хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хууль, 2015 онд батлагдсан Хууль тогтоомжийн тухай, Нийтийн сонсголын тухай, Захиргааны ерөнхий хууль гээд иргэний оролцоог хангахад ахиц дэвшилтэй хуулиуд батлагдсан.

“Иргэний оролцооны талаарх Монгол Улсын хууль, эрхзүйн актын хэрэгжилтэд мониторинг, эрхзүйн орчны нөхцөл байдлын дүн шинжилгээ” судалгааг Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны хийсэн. Судалгаагаар Монгол Улсын нийт хүчин төгөлдөр хуулиудын 105 нь иргэний оролцооны талаар тухайлбал, төрөөс мэдээллийг хүртээмжтэй байлгах, ил тод байдлыг хангах, шийдвэр гаргахдаа иргэдээс саналыг нь авах буюу зөвлөлдөх, иргэний идэвхтэй оролцоог хангах, иргэний хяналтыг хэрэгжүүлэх зохицуулалт байгаа боловч Монгол Улсын Үндсэн хуулийн заалт, үзэл баримтлалын дагуу иргэдийн оролцооны талаарх холбогдох хуулийн зохицуулалт нь харилцан адилгүй, нэгдмэл зохицуулалтгүй байна хэмээн хөндлөнгийн судалгааны байгууллагаас дүгнэсэн байна. Энэхүү судалгааны дүгнэлтэд дээрх хуульд иргэдийн мэдээлэл авах, идэвхтэй оролцох, хяналт тавих зэрэг үндсэн зохицуулалтыг хуульд тусгасан хэдий ч иргэдийн санал, хүсэлтийг хэзээ, хэрхэн авах, түүнийг шийдвэр гаргахдаа хэрхэн үндэслэх талаар зохицуулалтгүй, оролцоог хэрхэн хэрэгжүүлэх арга замыг тодорхой заагаагүй, иргэдийн хэдэн хувиас санал авсан бол хүчинтэйд тооцох, санал аваагүй бол ямар үр дагавар үүсэх, санал авсан асуудал, шийдвэрийн талаар иргэдэд эргэж мэдээлэх зэрэг асуудал нь зохицуулалтгүй.

Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад иргэний оролцоо, санаачилгын талаар ямар нэг байдлаар дурдаж, агуулгад нь янз бүрийн байдлаар тусгасан байдаг ч эцсийн мөчид дарга, эрх мэдэлтний зүгээс алхам хийж түүнийг нь дэмжихгүй л бол шийдвэрт хүрэх боломжгүй тогтолцоотой хэвээр байна. Иргэдийн улс төрийн үзэл бодлыг нэгтгэн төлөөлөх, улс төрийн эрхийг нь төлөөлөн хэрэгжүүлэх гол институт болох намд итгэл итгэл мөн их муу байгаа. Энэ нь цаашид төр, иргэнийг холбох, төрөөс гарч буй шийдвэрийг амьдруулах механизм бий болгох, эрэлхийлэх шаардлагыг үүсгэж байна.

Б.ДОЛЗОДМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *