Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Хилийн тухай хуулийн эх бичвэрийн хувийг ХХЕГ-т гардуулах ёслол боллоо

Монгол Улсын Хилийн тухай хуулийн эх бичвэрийн хувийг ХХЕГ-т гардуулах ёслол боллоо

24 жилийн өмнө баталсан Хилийн тухай хуулийг УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд шинэчлэн баталсан билээ. Тэгвэл өнөөдөр хуулийн эх бичвэрийг ХХЕГ-т гардуулах ёслол боллоо. Хуулийн эх гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан болон хууль боловсруулах ажлын хэсгийн гишүүд, ХХЕГ-ын бие бүрэлдэхүүн оролцов.

Ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, “Үндсэн хуульд Монгол Улсын хилийг хуулиар бататгана. Монгол Улсын хил халдашгүй дархан байна” хэмээн заасан билээ. Үндсэн хуулийн энэхүү тулгуур хэм хэмжээг хэрэгжүүлэх, хилийн аюулгүй байдлыг хангах, эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс 1993 онд Монгол Улсын Хилийн тухай бие даасан хууль батлагдан мөрдөгдөж эхэлсэн бөгөөд улс орон нийгмийн шинэ харилцаанд шилжих явцад түүхэн үүргээ бодитойгоор биелүүлж чадсан юм. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, 2010 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, 2002 онд УИХ-ын тогтоолоор батлагдсан Төрөөс хилийн талаар баримтлах бодлого зэрэг тулгуур баримтлалтай нийцүүлэн УИХ-аас өнгөрсөн онд Хилийн тухай хуулийг шинэчлэн баталлаа” гэсэн юм. Мөн сайд С.Бямбацогт хилчдэд хандан ”-Хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүн хуулиа сайтар судалж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хилчин нэг бүр бүрэн хэрэгжүүлж ажиллах

-Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газар болон ХЗДХЯ-ны төвшинд батлагдан гарах эрх зүйн хэм хэмжээний актуудыг шуурхай боловсруулж, батлуулах

-Бүс нутаг, хил залгаа орнуудын хэмжээнд терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, хүн худалдаалах, зэвсэг хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, хуулиар хүлээлгэсэн чиг үүргийг онцгой анхаарч ажиллах

-Улсын хилээр зорчигч болон тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ажиллагааг шуурхай, чирэгдэлгүй зохион байгуулж, хилийн боомтын аюулгүй байдлыг найдвартай хангаж, боомт дээр гарч болзошгүй хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсооход үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах

-Улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх ажиллагаанд орчин үеийн өндөр технологийг өргөнөөр нэвтрүүлэх, бүрдүүлэх талын арга хэмжээг авах

-Монгол Улсын хилийн аюулгүй байдлыг хангах өндөр хариуцлагатай албыг зөвхөн хилийн албанд чин сэтгэлээ өгсөн хүн хашиж чаддагийг анхаарч, хүний нөөцийн бэлтгэх, сургахад онцгой анхаарал хандуулж ажиллахын хамт албаа урвуулж ашиглах, эрх мэдлээ хэтрүүлэх, иргэдтэй зохисгүй харилцах явдалтай хил хамгаалах байгууллагын удирдлага эвлэрэхгүй тэмцэхийг үүрэг болгож байна” гэлээ.

Ёслолын арга хэмжээний үеэр ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн Хилийн тухай хуулийг боловсруулж, батлуулахын төлөө тууштай ажилласан ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлээд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, тус яамны газрын дарга П.Сайнзориг, Т.Нармандах нарт Хил хамгаалах албаны тэргүүн дээд шагнал“Сүлдэт багана” шагналыг гардууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *