Categories
мэдээ нийгэм

Германд Монголын иргэн онц ноцтой цуврал аллага үйлдэв

Хохирогч Аня Б-гийн цогцсыг энэ байшингаас олсон

ХБНГУ-ын Лайпциг хотноо нэгэн монгол залуу хүн амины цуврал аллага үйлдсэн аймшигт хэрэг гарсан байна. Өнгөрсөн оны сүүлчээр Лайпциг хотод амьдардаг 40 настай Аня Б хэмээх бүсгүй сураггүй алга болжээ. Түүнийг хамгийн сүүлд 2016 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Линденауэр Маркт гудамжин байрлах “Bar 55” бааранд байхыг харсан хэмээн гэрчүүд мэдүүлсэн юм.

Довчин Д

Охин нь сураггүй болоод хэд хоносон тул ээж нь хувийн мөрдлөгийн агентлагт ханджээ. Хувийн мөрдөгч Патрик Куртц энэ хэргийг мөрдөж хохирогч хамгийн сүүлд хаана очсон, хэнтэй уулзсан зэргийг нарийвчлан мөрдсөөр гэмт этгээдийн мөрөөр орсон байна. Германы “Leipziger Volkszeitung” сонинд бичсэнээр хохирогч Аня Б арваннэгдүгээр сарын 29-ний өдөр баарнаас гараад Гемайндеамт гудамжны явган хүний замаар өгсч Деммеринг гудамж хүрчээ. Энэ нь Апостел гудамжтай маш ойрхон бөгөөд эндээс цагдаа нар хохирогчийн цогсцыг олсон юм. Хувийн мөрдөгч хэргийг мөрдсөний эцэст цагдаагийн байгууллагад хандаж шалгалт хийх хүсэлт гаргасан байна. Хууль сахиулах байгууллагынхан хохирогчийн хамгийн сүүлд очсон “Bar 55”-аас нохойгоор үнэрлүүлсээр гэмт этгээдийн мөрөөр орж Лайпциг хотод амьдардаг 38 настай Довчин Д гэгч хэргийг үйлдсэн болохыг тогтоосон байна. Хэрэг гараад олон хоног өнгөрсөн байсан тул мөрдлөг хийхэд амаргүй байжээ. Өнгөрсөн даваа гаригт гэмт этгээдийн гэрт нэгжлэг хийгээд Аня Б-гийн амийг хороосон болох нь батлагдсан хэмээн Германы хэвлэлд бичсэн юм. Түүгээр ч зогсохгүй 43 настай Мариа С. хэмээх португаль бүсгүйн амийг бүрэлгэсэн болох нь илэрчээ. Гэрчүүдийн мэдүүлснээр португаль бүсгүйг хамгийн сүүлд 2016 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр бааранд байхыг нь харсан гэнэ. Түүнээс хойш сураггүй алга болжээ. Хоёр долоо хоногийн дараа Лайпциг хотын Элстербекен хэмээх газраас цогцос олдсон бөгөөд мөчлөн голын усанд хаясан байжээ. Ландауэр гүүрэн дор голын усанд хүний цогцос байна гэсэн дуудлага ирсний дагуу цагдаа нар ирж гаргаж авсан. Португаль бүсгүй найз залуугийнхаа хамт 2011 оноос Германд амьдарч байжээ. Түүний найз Тонни М цогцсыг нь таньсан гэнэ. Байцаалт авахад Довчин Д нь дээр дурдсан хоёр эмэгтэйн амийг бүрэлгэсэн гэдгээ ч хүлээсэн байна.

Германы “Bild” сонинд бичсэнээр гэмт этгээд нь Улаанбаатар хотод төрсөн бөгөөд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй. Тэрээр хохирогч хоёр бүсгүйтэй Лайпциг хотын Лиденау хэмээх газар байрлах бааранд танилцсан аж. Хохирогч Мариа С нь биеэ үнэлдэг байж магадгүй бөгөөд мөнгөнөөс болон маргалдсан байна. Гэмт этгээд бүсгүйн амийг бүрэлгэчихээд мөнгийг нь авсан гэдэг нь тогтоогдсон. Харин Аня Б-гийн амийг яагаад бүрэлгэсэн нь хараахан тодорхойгүй байна.

Хохирогч Аня Б хамгийн сүүлд энэ бааранд үйлчлүүлжээ

Гэмт этгээд нь хохирогч Аня Б-гийн цогцсыг Апостел гудамжны 20 тоотод нуусан байсныг хууль сахиулах байгууллагынхан олсон. Шүүх эмнэлэг үхлийн шалтгааныг тогтоохоор цогцост шинжилгээ хийж байгаа бөгөөд эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа. Зарим хэвлэлд цогцсыг мөчилсөн байсан хэмээн бичиж байгаа боловч энэ нь одоогоор батлагдаагүй байна. Хохирогч герман бүсгүй хоёр настай охинтой бөгөөд нас барахынхаа өмнөхөн сүй тавьсан аж. Түүний цогцсыг Апостелийн гудамжин дахь нурж, ашиглалтнаас гарсан байшинд нуусан байна. Байшингийн эзэн гэмт этгээд яаж дотогшоо орсныг мэдэхгүй гээд хашааны хаалга түгжээтэй байсан хэмээн ярьжээ.

Уг хэргийг үйлдэгч Довчин Д хэзээнээс Германы Лайпциг хотноо амьдарч байгаа, тэнд чухам юу хийдэг байсан талаар одоогоор тодорхой мэдээлэл алга. “Bar 55” баарны үйлчлүүлэгч Али Мансоури хэмээх залуу гэмт этгээдийг таньдаг байсан бөгөөд Довчин Д даруухан залуу хэмээн хууль сахиулах байгууллагынханд ярьсан байна.

М.Дэлгэр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *