Categories
мэдээ цаг-үе

Б.Баасанхүү: Хөдөө орон нутгийн хүүхдүүдийн сэтгэлгээний цар хүрээ маш сайн байдаг

Д.Сүхбаатарын нэрэмжит II дунд сургуулийн бага ангийн багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан Б.Баасанхүүтэй ярилцлаа.


-Та хэдэн жил багшилж байна вэ?

-Би Ховд аймгийн уугуул хүн л дээ. 1986 онд Улаанбаатарт Багшийн дээд сургуулийг бага ангийн багш мэргэжлээр дүүргэсэн юм. Түүнээс хойш 30 гаруй жил аав, ээжийн алаг үрсэд сурсан мэдсэнээ түгээж явна. Нийт 400 гаруй шавьтай болсон байна. Миний гэр бүлд багш мэргэжилтэй хүн байдаггүй л дээ. Харин бага ангийн багш минь намайг энэ мэргэжилд дур сонирхолтой болгосон юм. Надаар хүүхдүүдийн тооны, цээж бичлэгийн гэх мэт дэвтэр засуулдаг байсан. Хүүхэд болохоор багш болчихсон юм шиг төсөөлөөд л засна. Энэ нь намайг багш гэх эрхэм хувь заяанд хүргэж дээ гэж бэлгэшээж явдаг.

-Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Тухайн үед оюутнуудад томилолт өгдөг байлаа. Би Ховд аймгийн Манхан суманд хуваарилагдсан. Тэнд очоод бага ангийн багшаас гадна байрны багшийн үүргийг давхар гүйцэтгэж эхэлж билээ. Шинэхэн багш самбарын өмнө гараад л тэр олон бүлтгэнэсэн нүднүүдийг хараад би ямар их үүрэг хариуцлагатай мэргэжил эзэмшээ вэ гэж бодогдож байсан. Нэг бодлын би чадах болов уу гэсэн айдас төрж байсан шүү. Манай нэг багш “Эмч хүн нэг алдахад нэг хүн л ална, харин багш хүн нэг алдахад олон хүнийг алдаг” гэж хэлсэн нь санаанаас ердөө гараагүй.

Тиймдээ ч алдахгүйн тулд маш их хичээдэг байлаа. Шөнө конспектоо биччихээд л толины өмнө зогсож байгаад л ганцаараа ярина. Хүүхэд болгонд зориулж төлөвлөгөө боловсруулна. Хэн юун дээр анхаарах ёстой, хэнд юу гэж хэлэх зэргээ бэлдэнэ гэх мэт. Тухайн үеийн багш нар ч их сайхан хүмүүс байж. Залуу багш болохоор бүгд л туслахыг хичээдэг. Энэ хичээл дээр ингэдэг юм шүү, тэр аргыг хэрэглэвэл үр дүнтэй гээд л зөвлөдөг байж билээ. Би Манхан суманд хоёр жил ажилласан. Дараа нь Ховд аймгийн хуучнаар I найман жил буюу IV арван жилийн сургуульд багшлахаар болсон юм. 1988-2006 он хүртэл энэ сургуульд багшилж олон сайхан шавьтай болсон доо. Би 1992, 2003 онуудад багш нарын ур чадварын уралдаанд тогтмол II, III байр эзэлдэг байлаа. Мөн 1996 онд аймгийнхаа аварга багшаар шалгарч байсан. Би багш мэргэжлийг их сайхан цагаан мөртэй гэж боддог. Тиймдээ ч ажил үйлс минь бүтэмжтэй өөдрөг явдаг болов уу хэмээн баярлаж явдаг даа.

-Харин хэзээнээс энэхүү сургуульд багшлах болов. Хот, хөдөөгийн хүүхдүүд ямар ялгаатай байсан бэ?

-Би 1999 онос өнөөг хүртэл МННХ-ийн Соросын сангийн “Алхам алхам”-аар хөтөлбөрийн сургагч багшаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Ховд аймгаас хоёр багшийг шалгаруулж Улаанбаатарт багшлуулахаар болж байсан юм. Би энэ хөтөлбөрт шалгарч 2006 оноос эхлэн II сургуульд багшилж байна.

Хот, хөдөөгийн хүүхдүүд мэдээж ялгаатай байсан. Анх энэ сургуульд ирээд нэгдүгээр анги дааж аваад хичээл зааж эхлэхэд хамгийн их ажиглагдсан зүйл нь сэтгэлгээний цар хүрээ нь хөдөө орон нутгийн хүүхдээс ялгаатай байсан юм. Хөдөө орон нутгийн хүүхдүүдийн сэтгэлгээний цар хүрээ маш сайн байдаг юм билээ. Миний төсөөллөөр төв газрын хүүхдүүд сэтгэн бодох чадвар, цар хүрээ нь илүү байгаа болов уу гэж бодсон ч үгүй байсан л даа. Хөдөөний хүүхдүүд уул ус, цэлгэр тал нутагтайгаа ойр байгаа учир сэтгэх чадварт нь нөлөөлдөг байх. Харин хот газрын хүүхдүүд маань хаашаа л харна өндөр барилга, хотоос цааш юу байгаа нь тодорхой биш байдаг юм шиг. Энэ нь эргээд төсөөлөх, сэтгэн бодох чадварт нь нөлөөлдөг байж болзошгүй. Би буруу ажиглалт, дүгнэлт өгөөд байна уу гэж бодоод энэ тухай ахмад багш нартай ярилцсан л даа. Ихэнх багш нар маань хөдөө орон нутгийн хүүхдүүд илүү байдаг талаар хэлж байсан.

-Багш бүр өөр, өөрийн гэсэн арга барилтай байдаг. Таны хувьд?

-Багш хүн хичээлийг үр дүнтэй заахын тулд сургалтын аргуудыг маш сайн, оновчтой хэрэглэж байх ёстой. Хичээлийн аль үед нь ямар арга хэрэглэвэл үр дүнтэй вэ гэдгээ бодох хэрэгтэй. Миний хувьд багаар ажиллуулах арга хэрэглэхийг зорьдог. Хамтдаа аливаа зүйлийг хийж сурах, сэтгэх, эвтэй байх дадлыг бий болгохыг хичээдэг дээ. Мөн сургалтын идэвхтэй аргуудыг хэрэглэх сонирхолтой.

Ер нь багш хүн ямар ч хичээлдээ сэтгэл зүрхээ шингээж сайн бэлдэх хэрэгтэй. Нэгэнт энэ мэргэжлийг сонгосон бол энэ хэдэн хүүхдийн төлөө бүхий л зүйлээ зориулж чаддаг байх ёстой гэж боддог. Залуу багш нар ч үүнийг санаж явбал зүйтээ болов уу. Монголын боловсролын төлөө хамгийн их хувь нэмэр оруулж чадах хүмүүс бол сурган хүмүүжүүлэгчид бид шүү дээ.

-Сурагчдынхаа хувьд хамгийн их санаа зовниж явдаг зүйл юу байна вэ?

-Багш хүн ер нь ээжээс өөрцгүй л дээ. Шавь нарынхаа хойноос үргэлж л сураг, ажиг тавьж суудаг юм. Миний хамгийн анхны төгсөлтийн хүүхдүүд одоо 40 хүрч яваа хүмүүс байна. Гадаад, дотоодод мөн эх орондоо ч тэр ихийг бүтээж яваа залуус цөөнгүй бий. Яахав, багш хүний хувьд сайхан мэдлэг боловсрол, ур чадвартай хүн болж төлөвшөөсэй гэж үргэлж бодож явдаг. Ерөнхий боловсролын сургууль төгсөх гэж буй шавь нартайгаа таарах юм бол хичээл номоо хийж байна уу, ямар мэргэжилтэй болох гэж байна гээд бас зааж, зөвлөөд авна. Ерөнхий шалгалтаа өгчихөөд шавь нар минь гүйгээд ирнэ л дээ. Сайхан сургууль авсан бол баярлана, үгүй бол сайн хийхгүй гэж зэмлэнэ. Гэхдээ бас урам өгөх, сэтгэлээр дэмжихээ ч мартахгүй. Аав, ээжийн өврөөс гараагүй жаахан амьтад л бидэн дээр ирдэг болохоор их ойр, дотно болчихсон байдаг юм. Багш хүний чин хүсэл шавь нараа л сайн сайхан явахыг харах байдаг юм даа.

-Та одоо хэддүгээр анги дааж авсан байна вэ?

-Одоо нэгдүгээр ангитай байна. 46 сурагчтай л бужигнаж байна даа. Гэхдээ анх зургаан настнууд сургуульд орж байсныг бодвол хамаагүй өөр болсон шүү. Анхны зургаан настнуудынхаа гутал, хувцсыг нь өмсүүлэх, бие засуулах гээд бүхий л зүйлд нь хамт. Яг л цэцэрлэгийн багш шиг байдаг байлаа. Одоо бол өөр шүү. Надаас шалтгаалахгүй бүх зүйлээ зохицуулчихна. Тов хийтэл үзэл бодлоо илэрхийлчихнэ гээч.

-Хичээлээ ойлгож, тогтоох нь ямар байдаг бол?

-Зургаан настнууд мэдээллийг маш хурдан хүлээж авна. Энэ хэрээрээ маш хурдан мартдаг. Нэг шинэ хичээл заагаад л хоёр, гурав хоногийн дараа эргээд асуухад яг цоо шинэ юм сонсож байгаа мэт л харна шүү дээ. Тэгэхээр эцэг, эхчүүд маань хүүхдүүдийнхээ хичээлийг сайн давтуулж, ажиллах нь чухал. Хичээлийг нь сайн давтуулаад л байх юм бол хүүхэд чадваржина л гэсэн үг. Харин найман нас хүрээд ирэхээрээ аливаа зүйлийг гүн гүнзгий хүлээж авч, мартах нь удаан болчихдог. Мөн тэвчээртэй суугаад ч сурчихдаг. Зургаан настнууд дээд тал нь 25-30 минут сууна. Тэгээд л хөдөлгөөнд ороод, үймүүлэх гээд эхэлнэ дээ. Энэ үед нь л тоглоомын болоод алжаал тайлах аргуудыг ашиглаж байж дараагийн хичээлдээ орох хэрэгтэй.

О.АРИУНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *