Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №042 (5609), 045 (5612) дугаарт
Цагаан сарын барилдаанд 11 дараалан түрүүлсэн Бат-Эрдэнийг Сүхбат ерэн есөн онд баруун гараараа далавчлан гуядаж хаяснаар бөхийн нэгэн шинэ үе гарч ирснийг Монгол даяар зарлан тунхагласан юм. Жижиг Сүхбат Бат-Эрдэнэ аваргыг тэгэхэд анх удаа хаясан юм биш. Ерэн долоон онд байна уу даа, чансаа өндөр бөхчүүдийн тойргийн барилдаанд их аваргыг өөрийн хадам аав болох Баянаа аварга, одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж нарын өмнө аваачиж байгаад уран гоё тонгорч хаясан. Спортын төв ордонд бөхийн барилдаан болдог байх тэр үед юм. Сар шинээр аваргыг анх хазайлгахад Бөхийн өргөө дүүрэн цугласан олон баяр хөөртөө бахдаж ядан оволзоод л босоод ирсэн сэн. Сар шинийн барилдаан гэдэг ийм л үүх түүх, өнгө жавхаатай олон түмний сэтгэлд үлддэгээрээ үнэ цэнэтэй юм.
А.Сүхбат тэр жил зургаагийн даваанд Одгэрэл зааныг тунаж долоогийн даваанд Цэрэнпунцаг заан (одоогийн гарьд)-ыг давж наймд Өсөхбаяр заан (дархан аварга)-ыг мөн л тунан давж түрүү үзүүрт Бат-Эрдэнэтэй үлдэж байв. Монгол бөхөд нэгэн үзэгдэл болсон зургаан залуу зааны үе эхэлсэн нь тэр байв. Тэр жилийн наадмаар Ганбат Балжинням аваргаар долоо давж заан болсноор зургаан залуу заан ид жагсаж ирсэн юм. Их шөвгийн наймд Бат-Эрдэнэ аварга Хатансайхан начинг, Балжаа аварга Мөнх-Эрдэнэ арсланг амласнаар зургаан зааны дөрөв нь буюу Цэрэнпунцаг, Гантогтох, Өсөхбаяр, Сүхбат нар тунаж үлдэж байлаа. Цэрэнпунцаг тэр гурваас Сүхбатыг амлаад тахимаа өгсөн. Сүхбатын шуугиан дэгдээдэг цагаан сараар Дорноговь аймгийн харьяат улсын начин Алтангэрэлийн Хатансайхан тун сайн барилдсан. Дашзэвэгийн Эрдэнэбат заанаар тав давж дунд шөвөгт шалгарахад нь үзэгч олон “Хатансайхан маань бараг л начнаа баталчихлаа” гэж инээд наргиан болгож байлаа. Залуу заануудын нэг Увсын Баруунтурууны Батжаргалын Ганбат ерэн найман оны сар шинийн барилдаанд улсын цолгүй байхдаа Өсөхбаяр заан, Мөнх-Эрдэнэ арслан нарыг өвдөглүүлж үзүүрлэн шуугиан тарьсан. Тэгвэл хоёр мянган оны цагаан сараар Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, даншгийн алдарт Буянтоо аваргын удмын бөх Цэрэндашдоржийн Магалжав гэж шоволзсон цагаан залуу мөн л дуулианы эзэн болсон юм. Улсын цолгүй бөх тэрээр Баярсайхан заан, Балжаа аварга нарыг тав, зургаагийн даваанд өвдөглүүлж, Сүхбат зааныг долоогийн даваанд бариан зөрөөн дээр ард нь гарч давснаар үзүүр түрүүнд Бат-Эрдэнэ аваргатай үлдсэн. Бараг л түрүүлэхээ алдсан. Бөх сонирхогч олон түрүүлснээс дутуугүй баярлаж, Магалжавыг дэмжиж хайрласан юм даг.
Хоёр мянга нэг онд Агваансамдангийн Сүхбат арслан цолтой хоёр дахиа түрүүлсэн. Өсөхбаяраар зургаа, Цэрэнпунцагаар тунаж долоо давж түрүү үзүүрт Сумъяабазартай үлдэж байгаа юм. Сумъяабазар нь болохоор Ганбат, Гантогтох нарыгаа дараалан тунаж даваад, их шөвөгт Бат-Эрдэнэ аваргыг унагаж, түрүү, үзүүрт гарч ирж байгаа юм. Ингэж л өнөө зургаа чинь хоорондоо гал маналзтал үзэж байлаа. Бөх судлаач, бөхчүүдийн хэлдгээр “Монгол үндэсний бөхийн барилдааныг урлаг болтол нь хөгжүүлсэн” тэдний барилдаан хэрхэн үзүүштэй, амттай болдгийг уншигч олон бүгд мэднэ. Хоёр мянгаад оны эхэн үеийн буюу залуу заанууд хоорондоо тамираа тасартал хүчийг үзсэн барилдааны бичлэгүүд “youtube”-ээр дүүрэн бий. Хоёр мянга нэг оны сар шинийн бичлэг ч бий. Сүхбат баруун хөлийг нь хонгодоод дайрахад Сумъяабазар дагуулаад тонгордог. Хоёулаа л тархиараа газар шаагаад унадаг. Гэвч Сумъяагийн толгой түрүүлж хүрсэн гэж үзсэн. Харин 2002, 2003 оны сар шинийн барилдаанд Долгорсүрэнгийн Сумъяабазар дараалж түрүүлсэн. Эхний жил уран барилдаанч начин Мижиддоржийн Жамънпүрэвээр тав, Өсөхбаяр, Сүхбат нараар тунаж зургаа, долоо даван түрүү, үзүүрт Ишдоржийн Доржсамбуу заан (одоогийн гарьд)-тай үлдэж түрүүлсэн бол дараа жил нь Гантогтохоор тунаж зургаа, Одгэрэлээр тунаж долоо даван Сүхбат аваргатай даагаа нэхэж барилдаад давж түрүүлсэн юм. Тэр жил Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат уран барилдаант начин Наранцэцэгийн Бүрэнбаатар Батзориг заанаар тунаж тав, Бат-Эрдэнэ аваргаар зургаа давж их шөвөгт шалгарч байсан удаатай. Тухайн үед зургаан залуу заанаас гадна Дамирангийн Бумбаяр, Ишдоржийн Доржсамбуу, Очирын Одгэрэл, Чогсомын Батзориг, Цэдэвийн Мягмарсүрэн нарын хүчтэй заанууд, мөн Жамъянпүрэв начин ид үздэг байлаа. Энэ хэдийн дундаас шинэ залуу бөх дээшээ гарч ирнэ гэдэг үнэндээ амаргүй байсан. Тэдний хооронд хоёр мянгаад оны үеийн бөхийн барилдаан өрнөдөг байв.
2004, 2005, 2007 онын сар шинийн барилдаанд Гэлэгжамцын Өсөхбаяр аварга түрүүлсэн байдаг. Эхний жилээ түрүүлэхдээ Ганбат заан (арслан)-аар зургаа, Мягмарсүрэн заанаар долоо, Доржсамбуу гарьдаар найм давсан бол хоёр дахь жилээ мөн л Ганбатаар долоо, Сумьяабазараар найм давж түрүүлсэн нь бий. 2005 оны их шөвөгт Өсөхбаяр, Сумъяабазар, Ганбат, Чогсомын Батзориг энэ хэд үлдсэн бол 2007 онд мөн Өсөхөө, Сумъяа, Ганбат гуравтай Цэдэвийн Мягмарсүрэн заан шалгарч байх жишээний. Тэгээд л төрийн наадамд олонтаа үлдсэн жишгээрээ Сумъяа, Өсөхөө аваргууд түрүү үзүүр булаалдаж Өсөхөө аварга түрүүлж байсан. Хоёр мянга найман онд Ишдоржийн Доржсамбуу гарьд сар шинийн барилдаанд анх удаагаа түрүүлсэн бол Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат Дугардоржийн Батбаяр начин үзүүрлэв. Тэр жил түрүү үзүүрт баттай хүрнэ гэж ард түмний итгэл хүлээлгэж байсан Сумъяабазар аваргыг Завхан аймгийн Идэр сумын харьяат залуу бөх Жаргалсайхан (одоогийн гарьд) дотуур хутгаж, ар бөгсөөр нь суулган шуугиулж байсан удаатай. Ингээд хоёр мянга есөн онд Батжаргалын Ганбат мөн л анх удаагаа түрүүлж, бөхөд хайртай түмнээ баярлуулсан. Хоёр жилийн дараа тэрээр төрийн наадмын түрүү бөх болж Монгол Улсын арслан цол хүртсэн билээ. Ганбат арслан цагаан сарын барилдаанд ч, төрийн наадмын түрүү үзүүрт ч хоёуланд нь Өсөхөө аваргатай үлдэж давж байсан юм.
Ганбатыг улсын наадамд түрүүлэх Сүхбат аварга дээс тоглож байгаа охин шиг жигтэйхэн дээр үсэрч баярлаж буй нь тод харагддаг. Зургаан залуу заанаас ганцаархнаа бууриа сахин цолтойгоо хоцорсон түүнийг арслан боллоо хэмээн ард түмний баяр бахдалын нэгэн дүр зураг тэр болов уу. Ганбат арслангаас монгол бөхөд бас нэгэн шинэ үе орж ирсэн нь хоёр арван оны цагаан сараар хэмжигддэг. Тэр жил Санжаадамба гэх залуу До.Ганхуяг арслан, Өсөхөө аварга нарыг бараг л гарынхаа үзүүрээр нударчихаад салхилчихсан. Цэргийн арслан цолтой залуу тийнхүү сар шинийн барилдаанд түрүүлж нэгэн амжилт тогтоосон бол удаа ч үгүй Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Шарын Мөнгөнбаатар гэж залуу мөн л аймгийн арслан цолтойдоо түрүүлсэн юм.
Ингэж наяад оны дундуур эхээс мэндэлсэн Санжаадамба, Мөнгөнбаатар хоёр сар шинийн барилдаанд улсын цолгүй байхдаа түрүүлж байлаа. Санжаа нь өнөөдөр аварга цолтой, харин Мөнгөө нь аанай л аймгийн арслан хэвээр байх шив дээ. Эрхэмбаяр аварга, Рагчаа гарьд хоёрыг эс тооцвол хоёр мянга арван оноос хойших сар шинийн барилдаанд Сүхбаатарын Мөнхбат, Чимэдрэгзэнгийн Санжаадамба, Цэдэвийн Содномдорж гээд үе чацуутан буюу наяад оны залуучууд түрүүлээд байгаа. Рагчаа гарьдын түрүүлэх жил онгодтой сайхан барилдсан бөх бол Оргихын Хангай юм. Ховд аймгийн Буянт сумын уугуул, ээжийнхээ талаас Засагт ханы хөх харчуудын нэгэн алдарт Шаравын Батсуурь аваргын удамд хамаардаг тэрээр Мөнхбат аварга гээд бүгдийг дараалуулж орхиод түрүү үзүүрт гараад ирсэн. Яг Рагчаатай гардгийн даваан дээр Мягаа заан, Батзориг заан гээд нутгийн ах, багш нар нь очиж нэгийг зөвлөсөн. Рагчаад унаад өгчих өө, ийм залуудаа түрүүлбэл улсын өндөр цолонд хүрч чадахгүй гэх ухааны сургаал хэлсэн байж магадгүй. Дараа нь тийм таамаг бөх сонирхогчдын дунд байсан. Батзориг, Мягаа нар тэгж хэлсэн нь бас учиртай.
Тухайн цагт Санжаадамба заалны бүхий л барилдаанд түрүүлдэг хэрнээ улсын наадмын дөрвийн даваанд унадаг байв. Ямар сайндаа Давааням зааны хүү Лхагвадорж начинг “Санжаадамбын эрлэг” гэж байхав. Мөн Мөнгөнбаатар цолгүй бөх түрүүлээд улсад бас л хоёр, гурваас дээш давахгүй байсан. Энэ бүхнийг бодолцож Хангайг унаж өг гэж хэлсэн байж болох талтай. Цагаан сарын барилдаан ийм л яриа хөөрөөтэй болж тухайн жилийнхээ онцлогийг хадгалдаг. Харин хоёрхон хоногийн дараа болох “Алтан унжлагат” хэмээх тахиа жилийн сар шинийн барилдаан хэрхэн болох бол. Архангай аймгийн Булган сумын харьяат Рэнцэнбямбын Пүрэвдагва, Увс аймгийн Давст сумын харьяат Пүрэвийн Бүрэнтөгс гээд хоёр идэрхэн арслан байна. Өнгөрөгч жилийн наадмаас хойш, хэдхэн хоногийн өмнө болсон “Их Монгол” Шаравжамц аваргын нэрэмжит цагаан сарын сорилго барилдаан хүртэлх томоохон барилдаануудад ихэвчлэн түрүүлсэн. Тухайлбал, Пүрэвдагва наадмын дараахан болсон даншиг наадамд түрүүлж, даншгийн аварга цол, эзэн хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрийн шилдэг бөхчүүдийн барилдаан, мөн Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх чансаа өндөр бөхчүүдийн барилдаан, Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний ой зэрэг барилдаануудад түрүүлсэн бол Бүрэнтөгс Юмжаагийн Цэдэнбалын 100 насны ой, Их Монгол аваргын наадам зэрэгт түрүүлээд байна. Ер нь Пүрэвдагва бол Даш начинг өмсөж шидээд, Санжаа аваргыг дунгуйлдаж татаад гойд байгаа л даа.
Энэ хоёр арслангийн цаана өнгөрөгч жилийн наадмын 1024 бөхийг магнайлсан Санжаадамба аварга, хийгүй нягт барилдаантай Ховдын Пүрэвсайхан заан, сүүлийн зургаан жил төрийн наадамд тасралтгүй шөвгөрсөн амжилт үзүүлээд буй Гончигдамба гарьд, түрүү жилийн цагаан сарын тэргүүн бөх Содномдорж харцага, үймээн бужигнаан тарьж мэдэх Баасанхүү харцага, Эрдэнэбатын Даш начин гээд олон бөхчүүдийн нэр дурдагдана. Хорин хоёр насандаа төрийн наадамд түрүүлж халхын их хүчтэн Мөөеө аваргын түүхэн амжилтыг давтсан Энхтөгсийн Оюунболд арслан ч дээгүүр барилдаж таараа. Ингээд тааварлаад үзэхээр өнгөө жилийн цагаан сарын барилдаан үзүүштэй сайхан болох нь дамжиггүй юм.