Categories
мэдээ цаг-үе

Э.Жигмэддорж: Ц.Дамдинсүрэн гуайд Ш.Гаадамба гуай Ловон ширээтийн эрдэм чадлын талаар өөрт тохиолдсон явдлыг дурссан байдаг

Монгол Улсын Их сургуулийн Түүхийн тэнхимийн багш, түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Э.Жигмэддоржтой ярилцлаа.


-Наймдугаар Богд гэгээнтнээ сунтаг айлтгаснаар Галсангийн Рэнцэндоржийг Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны ширээт ламын дөрөвдүгээр дүрээр тодруулсны 120 жилийн ой тохиог тэмдэглэн өнгөрүүлсэн юм байна. Ловон ширээт ламын үүх түүхээс яриагаа эхлэх үү. Та энэхүү ялгуусан эрдэм чадалтай хүний тухай ном бүтээл гаргажээ?

-Тэгсээн, ноднин “Хошуу даасан хувилгаан лам” (Ловон ширээт Рэнцэндоржийн намтрын балархайг тодруулахуй) нэртэй судалгааны ном гаргаж, нутгийн олны хүсэлт, дэмжлэг, Ловон ширээтийн удам судрын хүмүүс төрөл садныхны оролцоотойгоор Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны туурь дээр энэ алдарт ламын суваргыг босгосон. Судалгааны явцад бид Ловон ширээт судлалыг бас урагш ахиулж, тэр алдарт хүний төрсөн болоод тодруулсан, Ловон ширээтээр заларсан он зэргийг архивын баримт сэлтэд тулгуурлан зөв тогтоож, цаазлуулсан гэж үздэг байсныг залруулж хөдөө нутагтаа өөд болсныг нь тодруулсан юм.

-Ловон ширээт лам хошуу нутгаа даасан хосгүй эрдэм чадалтай хувилгаан байсан гэдэг. Энэ хүний тухай ярихаар мэдээж Бишрэлт гүн Сундуйн тухай, мөн цаашлаад Түшээт ханы тухай дурсаж таарах нь?

-Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны Хүрээ нь нэр эрдэм ном төгс, анагаах увдис чадварыг биедээ нэвт шингээсэн нэр алдар бүхий олон тооны маарамба нартай байснаараа онцлог юм. Хошууны хүрээ хийдэд шавилан сууж байсан С.Цэрэндагва лам Хүрээний маарамба нарын тухай “Манай нутаг олон сайхан маарамбатай байсан юм шүү. Сосоржав гуай бол Хүрээний толгой маарамба байлаа. Хүрээний мамба дацанг тэргүүлдэг байсан. Авзага хайрхны ар Уртын хүн. Миний мэдэх маарамбууд гэвэл Сосоржав, Балдан, Бат, Цэвэл, Жавзмаа гавж маарамба, Гэцлэн аймгийн хоёр Гомбожав буюу бор Гомбожав, бага Гомбажав, Цэдэвбазар, Чог, Раднаабазар, Пүрэв (шар), Далхжавын Сандагжав, Сэдэд, Гочоо, Х.Чимэд-Осор, тарган Банзар, халбага Дорж, Чойдорын Алтангэрэл нар юм. Одоо бол манай нутаг олон эмчтэй байгаа юу даа. Гол нь орон нутагтаа эмч нараа бэлтгэдэг байжээ” хэмээн бахархан ярьж байсан нь үүний нэгэн баталгаа билээ. Бишрэлт гүн Сундуйн хувьд ХХ зууны эхэн үеийн Монголын түүхэнд өөрийн гэсэн ул мөрийг үлдээсэн түүхэн зүтгэлтний нэг юм. Тэрбээр Чингис хааны алтан ургийн тайж гаралтай, албан бичигт өгүүлснээр “…төрөлхийн цэцэн ухаантай, монгол бичигт боловсорсон…” язгууртан байсан бөгөөд түүний намтар, үйл ажиллагаа өнөөг хүртэл судлаачдын анхаарлыг татсаар байна.

Ловон ширээт хувилгаан ламын тухай олон хууч яриа тархсан байдаг. Тэр бүхнээс түүхч Дамбын Доржсүрэн гуай олж сонссоноо эмхэтгэн “Ловон ширээт” гэдэг товхимол гаргаж байсан. Бид бас хэд хэдийг олж нэмсэн. Сонирхолтой нь Ц.Дамдинсүрэн гуайд Ш.Гаадамба гуай “Бохоодой Зундуй” гэж хүн Ловон ширээтийн эрдэм чадлыг өөрт тохиолдсон явдлаар дурсан өгүүлснийг Ц.Дамдинсүрэн гуай сийрүүлэн бичиж аваад дор нь Ш.Гаадамба ярив гэж бичсэн баримт олдсоныг дээрх номд оруулсан.

-Ширээт ламын эрдэм чадлын тухай домог түүх шиг л яригддаг. Хамбын ямба, ном билэгт гэдэг бол зүгээр ч нэг хүнд олгочихдог цол хэргэм биш байх. Энэ тухай та тодорхой ярихгүй юу?

-Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны хамбын ямба, номч билэгт, дөрөвдүгээр дүрийн Ловон ширээт Галсангийн Рэнцэндоржийн намтар, түүхэнд холбогдох баримт Монгол Улсын Үндэсний төв архив, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив болон “Монгол улсын шастир” зэрэг түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг юм. Сурвалжид тэмдэглэснээр Ловон ширээтийн хоёр, гурав, дөрөвдүгээр дүрийг хошууны ноёд, лам нараас Халхын шарын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтад сунтаг айлтгаж, Богд гэгээний лүндэнгээр тодруулж байжээ. Халхын шарын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагт бээр Бадаргуулт төрийн XXI (1895) оны хөхөгчин хонь жил Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны Галсангийн хөвгүүн Рэнцэндоржийг ловон ширээт ламын дөрөвдүгээр дүр мөн хэмээн айлдаж, тамгагүй хутагтаар өргөмжилсөн бөгөөд тухайн үед Рэнцэндорж хөвгүүн таван настай байжээ. Энэ тухай албан бичигт: “…хойд дүрийг Бадаргуулт төрийн хорин нэгэн (1895) онд Богд гэгээнээ сунтаг шүүсэнд нэг биш хэд хэдэн хүүхэд тохирсон тул тэдний нэрийг цаасанд алт буюу мөнгөн бумбанд хийж савхаар шового татсанд (сугалаа сугалах мэт) Галсангийн Ринчиндоржийг ловон ширээт мөн хэмээв. Дөрвөн үе залав” гэжээ.

Ловон ширээт хувилгаан 1902 онд Богд Жавзандамба хутагтад Халхын дөрвөн аймаг, шавь таван газар Бат-Оршил өргөхөд бараалхан мөргөсөнд Богдоос түүнд хамбын ямба, соном хадаг шагнасан ба мөн онд Гүмбүм хийдэд ном хуруулан буян үйлдэж, Гүмбүм сүмийн хамба ламаас шар шүхэр, дадар бэлгэнд авчээ. Баримтад бичсэнээр “…Бадаргуулт төрийн XVII онд Гүнбум хийдэд хурал хуруулж, буян үйлдсэн тухай Гүмбум хамбаас шар шүхэр, дадар, барсын сүүл хос дайгаар шагнан өгчээ. Мөн онд Очирдара Богд гэгээнтнээ дөрвөн аймаг, шавь таван газраар Бат-Оршил /21б/ өргөхөд бараалхан мөргөх тухайд Ринчиндоржид хамба ямба, соном хадаг шагнажээ”.

Архивын баримтаас үзвэл, Рэнцэндорж хувилгаан бээр хамбын ямба, номч билэгт цолтой, ловон тушаалтай, ширээт лам байв. Тухайлбал, Үндэсний Төв Архивт буй Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны 1918 оны хүн ам, мал хөрөнгийн тооллогын бүртгэлд “Манай хошууны хамбын ямба, номч билэгт ловон ширээт хувилгаан Рэнцэндорж” хэмээн бичсэн нь үүний баталгаа юм.

-Нэрт түүхч Д.Доржсүрэн “Ловон ширээт” ном бичиж, уг хүний тухай судлалыг эхлүүлжээ. Улсын төв архивын хөдөлшгүй баримт, Богд хааны бадаргуулт төрийн зарлиг зэргийг тодорхой гаргасан байна лээ. Энэ тухайд ярихгүй юу.

-Ловон ширээтийн талаарх судалгааны явцад бид түүхч Д.Доржсүрэн гуайн өөрийн гараар хийсэн Бишрэлт гүний хүрээний тойм зургийг хувийн архиваас нь олсон. Доржсүрэн гуай өөрөө багадаа хүрээндээ цөөн жил шавилан сууж байсан юм билээ. Уг зурагт Сундуй гүн, Ловон ширээтийн өргөө ойролцоо байсныг дүрсэлсэн байдаг. Энэ бол Хошуу ноён, Ловон ширээт хоёр ойр дотно харилцаатай байсныг гэрчлэх наад захын баримт.

Ширээт ламын хоёрдугаар дүр Гончигийн Лувсандэндэв, гуравдугаар дүр Жаргалын Ёндондорж, дөрөвдүгээр дүр даруй Галсангийн Рэнцэндорж юм. Энэ тухай “Монгол улсын шастир”-т “Жанч халсны хойно хоёрдугаар үеийн хувилгааныг VII Очирдара Богд гэгээнтнээ сунтаг айлтгасанд Гончигийн хөвгүүн Лувсандэндэв мөн хэмээн зааж айлтгаснаар мөн сүмд залж шашин амьтнаа ихэл тустай явж жанч халсны хойно гуравдугаар үеийн хувилгааныг VIII Очирдара Богд гэгээнтнээ сунтаг айлтгасанд Жаргалын хөвгүүн Ёндондоржийг (21а) мөн хэмээн зааж айлтгаснаар мөн сүмд залжээ. Жанч халсны хойно дөрөвдүгээр үеийн хувилгааныг Очирдара Богд гэгээнтнээ сунтаг айлтгасанд Галсангийн хөвгүүн Ринчиндоржийг Лонбумба ширээт мөн хэмээн зааж айлтгаснаар харьяат сүмд залж шашин хурлыг дэлгэрүүлэн суулгажээ” гэсэн байна. Эндээс Бишрэлт гүний Хүрээний үе үеийн ловон ширээт хувилгаан нь “шашин амьтнаа тустай”, “шашин хурлыг дэлгэрүүлэн явж”, сүсэгтэн олон түмнийг буян номын үйлээр тэтгэж байсныг харж болно. Нутгийн ард олны дунд ловон ширээт хувилгааныг “өндөр дүр”, “номч дүр”, “догшин дүр”, “тарган дүр”, “хайлдаг дүр” хэмээн цээрлэн нэрлэж байсэн гэдэг.

-Ловон ширээт ламын судлал амжилттай үргэлжилж байгаа юу?

-Ловон ширээт хувилгаан бол сүм дуганы дотор тусгайлан зассан арслант ширээнд залран хурал номын үйлийг удирдаж, Хүрээ хийд, ард олны дунд үлэмж нэр хүндтэй, хошуу даасан хувилгаан лам, мэргэч төлгөч, үзмэрч хүн байжээ.

Нутгийн ард олны дунд ам дамжин ирсэн хууч яриа, домог зэргээс үзэхэд хувилгаан бээр анх тодорсон үеэс жанч халах хүртлээ номын хүчээр олон түмэнд буян үйлдэж, хүмүүний итгэл бишрэлийг хүлээж, шавь нартаа дотоод сэтгэлийн ариусал, гэгээрэл, амар амгаланг мэдрүүлж, өвчин зовлон, гай түйтгэрээс авран хамгаалж байсныг олон жишээгээр өгүүлж болно.

Ловон ширээт өргөөндөө заларч байгаа сургаар хошууны сүсэгтнүүд ном хуруулах, сан тавиулах, сэржим өргүүлэх, уул овоо тахих, мэргэ төлгө тавиулах зэрэг олон зүйлийн арга засал хийлгэхээр хувилгаанд бараалхан адис хүртэх бөгөөд үргэлжид хөл ихтэй байсан тухай нутгийн буурлууд хуучилдаг юм.

Монголын буддын шашны түүхээс үзэхэд, сүсэгтэн олон буян хураахын тухайтад арван хар нүглийг цээрлэхийн сацуу бурхан шүтээнд өргөл, лам хуврагт өглөг өргөж, бурхан маанийн хүрд, номын бар, суварга бүтээж байжээ. Энэ лугаа адил Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний Хүрээний туурин дээр сүсэгтэн олны дэмжлэгээр хошуу даасан хувилгаан лам ловон ширээтийн суварга босгосон, цаашид шашин соёлын дурсгалт газар, цэцэрлэгт хүрээлэн болгож өргөжүүлэхэд нутаг орныхон анхаарч байгаа. Ловон ширээт судлалын тухайд цаашид Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошуу төдийгүй Эрдэнэ дайчин вангийн хошуу, Жонон гүний хошуу, Үйзэн гүний хошуу, Хатанбаатар вангийн хошууны үүх түүхийг судлах замаар судалгааны хүрээг улам өргөжүүлэх бололцоотой гэж бодож байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *