Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Идээ будааны элбэг цагт…

Image result for Цагаан сарын идээ шүүсШинэ сар гарахын өмнөх Битүүний өдөр өнөөдөр билээ. Цагаан сарын өмнөх энэ өдөр айл бүр идээ будаагаар бялхаж, хүмүүс шинэ сайхан хувцас хунараа өмсөж, гэр орон, орчин тойрон нь цэвэр цэмцгэр байгаа. Битүүн гэж бүтэн, битүү байхын бэлгэдэл учраас өлсөж цангах, уранхай ноорхой хувцастай байхыг цээрлэдэг ёстой. Гэхдээ цагаан сарын энэ өдрүүдэд хоолны хордлого авсан дуудлага эмнэлэгт хамгийн олон ирдэг учраас идэж уухдаа учиртай байхыг мэргэжлийн эмч нар анхааруулж байна.

Хордлого амархан авчихдаг өндөг орсон салатнаас идэхгүй байх, аль болох бага идэх нь зөв. Хэт олон төрлийн зүйл хольж идэхгүй байх нь хордлогоос сэргийлэх бас нэг арга юм. Сүүтэй цай, бууз, хоёр гурван төрлийн салат, ундаа, айраг, мах, хиам, чихэр, жимс идчихээд дээр нь архи уувал ходоод гэдэс хямрах нь аргагүй. Яг ийм байдлаар гурав дөрвөн айлд идэж уувал таны ходоод идсэн бүхнээ шингээж чадахгүй. Тийм болохоор хэт олон төрлийн зүйл хольж идэхээс татгалзаарай. Зарим айл ах дүү, хамаатан садандаа буузныхаа хажуугаар шинэ ногоотой шөл хийж өгдөг. Энэ нь хоол шингээх, ходоод гэдсийг амрааж хүнд хоолноос нэг удаа ч болов амсхийх сайн талтайгаас гадна буузнаас уйдсан хүмүүс уухайн тас иддэг. Мөн зарим айл буузнаас татгалзсан зочиддоо сайхан амттай сүүтэй будаа, цагаа буцалгаж өгдөг нь шингүүртэй бөгөөд сонирхолтой байдаг.

Их бэлгэшээлт Цагаан сарын баяр, идээ будааны элбэг дэлбэг энэ цагт идэж уух нь зайлшгүй ч идээгээ ихдүүлж, биеэ хордуулалгүй учир начиртай байгаарай гэсэн эмч нарын анхааруулгыг дахин сануулъя. Юмыг яаж мэдэхэв, ходоод гэдэс хямрах шинжтэй бол хамгийн түрүүнд хоросол уугаарай, бага зэргийн хямралыг дарчихна. Бүүр болохгүй бол эмчид хандах нь зөв шүү.

Д.ОЮУ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *