Categories
мэдээ цаг-үе

​Монгол бөхийн амьд домог “Хоёр Мөнх” сар шинийн барилдаанд анх хүч үзсэн түүхтэй

Зүүн гараас Баянаа, Мөөеө, Цэрэнтогтох аваргууд

“Билгийн улирлын арвандолдугаар жарны…” гээд цагаан сарын бөх эхлэх бахтай сайхан. Битүүний өдрийн үдээс хойшхон айл бүхний хөглөрсөн их ажил нэг л мэдэхэд цэгцэрчихсэн, бүх зүйл эрэмбэ дараатай, хүн бүхэн монгол ёс төрөө дээдэлсэн тийм л цаг дор хаврын тэргүүн сарын шинийн нэгний бөхийн барилдааны гурвын даваа эхэлдэг сэн. Аварга, арслангуудын цолыг ээлж дараалан дуудахад, монгол хүн болж төрсний ид хав эрхгүй мэдрэгдэж, ямар чиг л эрийн цээж тэвхийгээд ирнэ. Уртын дууны шуранхай хадаад, цэнхэр дэлгэцээр домогт хүчтэнүүдийн алдар сууг бахдан өгүүлээд сар шинийн барилдаан ид дундаа өрнөнө. Хөдөө, төв суурин Монгол нутгийн аль чиг газар бүрийд цагаан сарын бөхийн хууч, таавар таамаг хөвөрч буй нь мэдээж. Жил жилийн наадам сайхан гэдэг шиг, бөхчүүдийн тухайн жилийн жилийн өнгө жавхааг шинжиж, хийморь лундааг нь бадраадаг сар шинийн барилдаан цаанаа л үзүүштэй сайхан. Монгол бөхийн амьд домог болсон “Хоёр Мөнх” тэртээ жараад оны цагаан сарын баярт анх удаа учраа таарсан нь бий. Мөн халхын их хүчтэн Дашдоржийн Цэрэнтогтох аварга жавхгар бор залуу анх цагаар сараар л үймээн шуугиан тарьж, Хадаатайгаа зэрэгцэн гарч ирсэн түүхтэй.

Төрийн наадамд арав гаруй жил босоо байж, ард түмэн Бат-Эрдэнээс өөр нэр мэдэхгүй, ямар сайндаа л монголчууд түрүүлсэн бөхдөө БатЭрдэнэ гэдэг нэр өгдөг гэх онигоо хүртэл гарч байсан тэр л цагт жижиг Сүхбат гэж шоволзсон залуу тэр жилийн цагаан сараар цагийн эзэлсэн их аваргыг унагаж, бөхөд хайртай ард түмнээ цэнгүүлж байсан удаатай. Сар шинийн барилдаан ийм л гойд онцлогтой байдаг юм. Хэдхэн хоногийн дараа болох “Алтан унжлагат” хэмээх тахиа жилийн сар шинийн барилдаан бахтай сайхан болноо. Нэг үеэ бодоход монгол бөхөд олон сайхан хүчтэнүүд зэрэг зэрэг төрж байна. БатЭрдэнээс өөр аваргагүй, МөнхЭрдэнээс өөр арслангүй байсан цаг саяхан. Тэгвэл өнөө жилийн цагаан сараар ГунАажавын Эрхэмбаяр, Чимидрэгзэнгийн Санжаадамба, Сүхбаатарын Мөнхбат нарын аваргууд, Пүрэвийн Бүрэнтөгс, Намсрайжавын Батсуурь, Энхтөгсийн Оюунболд, Рэнцэнбямбын Пүрэвдагва нарын арслангууд, Батнасангийн Гончигдамба гарьд, Батжаргалын Батмөнх, Баатархүүгийн Пүрэвсайхан нарын заанууд болоод өнгөрөгч жилийн түрүү бөх Цэдэвийн Содномдорж харцага нар зодоглоно. Энэ хэдэн хүчтэний дунд л сар шинийн барилдааны бөхийн таавар эргэлдэх нь мэдээж. Дээрээс нь уран барилдаант харцага Төрөөгийн Баасанхүү, сүүлийн үеийн барилдаануудад өнгөлж байгаа, бөх сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж буй Эрдэнэбатын Даш гэж эвгүй начин бий. Их шөвгийн дөрөвт гозойгоод зогсож байхыг үгүйсгэх аргагүй ээ.
Ингээд бөхөө дээдэлдэг, сар шинийн барилдаанаа тэсэн ядан хүлээж суугаа уншигч олондоо жил жилийн хууч, сонин сайхнаас хүргэе. Цагаан сарын бөхийн барилдаан жаран гурван оноос эхэлсэн түүхтэй. Нэгдэлч малчдын баяр гэх тодотголтой анхны барилдаанд жаран дөрвөн бөх хүч үзсэнээс дархан аварга Мөнхбат зургаа даван түрүүлжээ. Үзүүрт нь Хөвсгөл аймгийн Цагаан үүр сумын Уйлган голоос төрсөн гурван аваргын нэг уран барилдаант Чойжилын Бээжин аварга үлдсэн байна. Их шөвөгт Өлзийсайханы Эрдэнэ-Очир, Лувсанчимэдийн Сосорбарам нарын хүчит арслангууд үлдсэн байна. Тэр жилийн барилдаанд “хоёр Мөнх” анх удаа учраа таарсан тухай дээр өгүүлсэн. Баянаа аварга тэгэхэд аймгийн начин цолтой залуу зодоглон дунд шөвөгт шалгарч Мөөеө аваргыг заан цолтой байхад нь тахимаа өгч байж. Жаран гурван оны улсын наадамд Мөнхбат аварга Сосорбарам, Мижиддорж нарын арслангуудыг найм, есийн даваанд цувуулан орхиж түрүүлсэн юм. Цагаан сарын барилдаанд сайн барилдсан бөх тэр жилийнхээ наадмаар өнгөлж барилддагийн жишгийг тийнхүү Мөөеө аварга тогтоож байсан удаатай.
Залуу бөх Баянмөнх мөн л тэр жилийн наадмаар улсын арслан Гялдангийн Цоодолоор тав давж улсын цолны босго алхаж байв. Жараад оны дунд үеийн цагаан сарын барилдаан арван хэдэн бөхийн хооронд өрнөдөг байсныг ахмад бөхчүүд болоод бөх судлаачид хэлдэг юм. Арван хэдэн бөх гэдэг нь Дамдин аварга, хоёр Мөнх, Бээжин, Цэрэн аваргууд, Чойжилсүрэн, Мижиддорж, ЭрдэнэОчир, Сосорбарам, Дагвасүрэн нарын арслангууд, Зундуй, Өвгөнхүү, Дашдаваа нарын начингуудыг хэлж байгаа хэрэг. Эдгээр бөхчүүдтэй Өмнөговийн Дэмүүл, Булганы тэмээ өргөдөг Жамьяандорж, Дорнодын Түвшин нарын бөхчүүд хөдөөнөөс ирж хүч сорино. Энэ хэд дундаа мэдээж хоёр Мөнх нь онцгой байж таарна. Мөөеө, Баянаа аваргууд цагаан сарын барилдаанд тус тусдаа долоо, найман удаа түрүүлсэн түүхтэй. Жаран зургаан онд Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Ж.Мөнхбат, С.Цэрэн нарын таван аварга манлайлж боссон барилдаанд залуу заан Х.Баянмөнх анх удаа түрүүлжээ. Тэрээр их шөвөгт Дамдин аваргыг, үзүүр түрүүнд тухайн он жилүүдэд төрийн наадамд босоо байсан Мөнхбат аваргыг орхиж түрүүлсэн байна. Тэр жилийн сар шинийн барилдаанд Архангайн Чулуутын Түзэлийн Зундуй заан их шөвөгт шалгарсан удаатай. Таван аварга зүүн баруун жигүүрийг манлайлсан баярт Пагмын Аюуш арслан Баянхонгор аймгийн Богд сумаасаа ирж барилдсан нь бөх сонирхогч олныг баярлуулжээ. Аюуш арслан дөчин есөн оны улсын наадамд Батсуурь аваргатай үлдэж түрүүлсэн. Гэвч түүнд арслан цолыг нь өгөлгүй, худлаа барилдаж нам засгаа доромжилсон хэмээн наадмын комиссоос шийтгэл хүлээлгэж байсан удаа бий. Сар шинийн барилдаанд улсын начин цолтойдоо түрүүлсэн бөх цөөн. Түүний анхдагч нь Чойдорын Өвгөнхүү (одоогийн харцага) юм. Тэрээр жаран есөн оны сар шинийн барилдаанд Чойжилын Бээжин аваргатай үлдэж түрүүлсэн байдаг. Өвөө харцага тухайн наадмаа дурсахдаа бас нэг инээдэм хавчуулсан хууч дэлгэдэг юм. Тэр жилийн цагаан сарын өмнөхөн мань хүн өсгийгөө гэмтээжээ. Тэгээд Догоо (Долгорсүрэн заан)-гоо дагуулаад битүүний урьд өдөр гэртээ иржээ. Түүндээ учраа хэлээд “маргааш хоёулаа аягүй л бол тунана шүү. Тэгэхээр чи давах юм шүү. Найз нь хөл гэмтэлтэй учир цаашаа олигтой барилдаж чадахгүй байх. Хоёр Мөнх эзгүй байна, цаана чинь. Цэрэн аварга, Бээжин хоёрын нэр л яригдаад байна. Гэхдээ чамд тун боломж байгаа” хэмээн баахан авч өгч л дээ. Ингээд барилдаан эхэлдгээрээ эхэлж, дөрвийн даваанд өнөө хоёр чинь баараггүй тунажээ. Гарцаагүй давах байсан Долгорсүрэн Өвгөнхүүгээ дүүгүүрдэж хаяна гэж зүтгээд өөрөө ойчсон гэдэг. “Олны өмнө яалт ч үгүй суун тусаад ойчсон Долгорсүрэнгээ давсан гэлтэй нь биш. Би өөрөө л туг тойрсон доо” гэж Өвгөнхүү харцага дурссан нь бий. Долгорсүрэндээ бууж өгнө гэж байсан Өвгөнхүү тэр жилээ шууд түрүүлсэн нь бас сонин шүү. Юм гэдэг учиртай л байдаг хойно.
Далаад оны цагаан сарын барилдаанд Мөөеө, Баянаа аваргууд болон Жамбалын Хайдав, Пүрэвийн Дагвасүрэн, Мядагийн Мөнгөн нарын арслангууд, Дасрангийн Мягмар, Доноровын Долгорсүрэн нарын заанууд, ГовьАлтайн Дүгэрийн Цэрэндаш, Увсын Дамирангийн Баатаржав, Төмөрийн Артаг, Булганы Чимэдийн Лундаа, Дамдингийн Галдандагва нарын хүчтэй начингууд шуугиулж байжээ. Далан нэгэн онд өндөр ойн одтой бөх гэдгээрээ зартай Сэрээтэрийн Цэрэн аварга, Дамдин аваргатай үлдэж түрүүлж байсан.
Спортын ордонд цугласан олон “Ойн одтойгоороо Цэрэн түүрүүлнэ биз” гэцгээж байсан гэнэ. Үнэхээр ч монгол бөхийн гучин хоёр шинжийг хадгалж төрсөн гэгддэг Цэрэн аварга түрүүлсэн байна. Далан хоёр оны сар шинээр ГовьАлтайн Хөх морьтын Ундрахын Пүрэв заан Дашдоржийн Цэрэнтогтох аваргыг начин цолтой байхад нь гурвын даваанд, Сосорбарам, Дагвасүрэн нарын арслангуудыг дөрөв, тавын даваанд дараалуулан өвдөг шороодуулж их шөвөгт Дамдин аваргыг давснаар Баянаатай үзүүр түрүүнд үлдэж байжээ. Тэр жилийн цагаан сарын шуугианы эзэн нь Пүрвээ заан байсан байна. Хөх морьт гэхээр л сэтгэл сэрхийдэг нэртэй дипломатч Дагвын Цахилгаан гуай тэр жил Пүрвээгээ үзүүрлэхэд жигтэйхэн баярласан гэдэг юм. Архи уудаггүй хүн чинь давах бүрт нь уугаад бараг л түрүү үзүүрт үлдэхэд нь “больчихсон” байсан гэдэг. Сар шинийн барилдаанд шуугиан тарьж гарч ирж буй бөх ус нутгийн олноо ямар их баярлуулдаг гэж санана. Хэдэн жилийн өмнө дөө, Мөнгөнбаатарыг түрүүлэхэд наран ургах зүг Сүхбаатар нутгийнхан мөн ч их баярлацгааж байлаа. Тэр жил Доржсамбуу гарьдаа түрүүлэхэд Булган хангай нутгийнхан аанай л баярлалдаж, ус нутагтаа очин шинэлж байхад хүн бүхэн нэг л их баяр хөөртэй, бүгд л түрүүлчихсэн мэт ид хавтай байж билээ. “Хоёр Мөнхийн хэн нь түрүүлэх бол, Данигай (Дамдин) аварга ч хариагүй ид л байгаа шүү дээ, за тэгээд Чойжилсүрэн, “тэмээ өргөдөг” Жамъяндорж, Эрдэнэ-Очир, Сосорбарам, Мижиддорж, Өмнөговийн Дэмүүл гээд аатай хэдэн арслан байна. Цэрэн, Бээжин аваргууд ч баллана даа” гэх яриа далаад оны эхэн үед газар авч байсан цаг. Тухайн он жилүүдэд эдгээр хүчтэнүүдээс гадна Дагвасүрэн, Хайдав, Долгорсүрэн, Лундаа, Өвгөнхүү гээд мөн л аварга амьтад ар араасаа төрөн гарч ирж байсан.
Далан зургаан онд Мөнхбат аварга тав дахиа түрүүлж Сосорбарам арслан үзүүрлэж байсан. Төв аймгийн хоёр хүчтэнтэй их шөвгийн гуравт Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын заан Дасрангийн Мягмар начин цолтой үлдэж байлаа. Мягмар заан Ёндонгийн Ишгэнээр дөрөв, Дүгэрийн Цэрэндашаар тав, Жамбалын Хайдаваар зургаа давж шөвгөрөөд Мөөеө аваргад тахимаа өгч байсан. Төв аймгийн хүчтэнүүд түрүү үзүүр булаалдсан наадамд “Бүрэнгийн бүдүүн гуят” гэгддэг Мөнхийн Загдсүрэн начин Хэнтийн Барамсай заанаар гурав, Сэрээтэрийн Цэрэн аваргаар дөрөв давж байсан удаатай. Далаад оны сүүл үеэс хоёр Мөнхийн халааг “Алдар”-ын тамирчид болор Цэрэнтогтох, Хадаа нар залгаж авсан байна. Тухайлбал, далан найман оны сар шинээр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Дашдоржийн Цэрэнтогтох аварга заан цолтойдоо хоёр Мөнхийг дараалуулж өвдөглүүлээд түрүүлж байсан түүхтэй.
Цэрэнтогтох аварга тэр жилийнхээ наадамд Дамдин, Баянмөнх, Мөнхбат аваргуудыг 7-9 даваанд дараалуулж орхин түрүүлж Улсын арслан цол хүртэж байсан юм. Тэр жилийн гурвын давааны төгсгөлд Ё.Ишгэн Дундговийн “харлаг” хэмээх Жавзмаа начинтай, Д.ЦэндАюуш Архангайн Гүсэмийн Жалаа начинтай, З.Дүвчин Цэвээнжавын Ванчигцэрэн начинтай тус тус хүч үзсэн байна. Ишгэн, Цэнд-Аюуш, Дүвчин нарын заанууд начин цолтой байсан үе юм. Далаад оны төгсгөл наяад оны эхээр Булганы Дэндэвийн Амгаа, ГовьАлтайн Рэгжийбуугийн Давааням, Өвөрхангайн Ёндонгийн Ишгэн, Зэвэгийн Дүвчин, Увсын Өлзийн Тулгаа нарын хүчтэй заануудтай БаянӨлгийн Однойн Бахыт, Ховдын Адуучийн Баатархүү, Булганы Жамцын Бор, Дундговийн Цэгмидийн Улаанхүү, Өмнөговийн Дашдуламын Багахүү, Өвөрхангайн Довдонгийн Дашжамц, Сүхбаатарын Жанцангийн Чулуун гээд ёстой л нөгөө “боодогны чулуу” шиг барихад халгамаар нөхдүүд ихэвчлэн тунадаг байсан. Дээр нь Бандийн Ганбаатар арслан, Дамдингийн Баяраа гарьд нар нэмэгдэж таарна.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *